- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЧӨЛӨӨТ БҮСЭД ГААЛИЙН ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Гаалийн ерөнхий газрын даргын 2003 оны
594 дүгээр тушаалын хавсралт
ЧӨЛӨӨТ БҮСЭД ГААЛИЙН ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэр дээр байгуулагдсан чөлөөт бүсэд гаалийн хяналт тавих, тус бүсэд үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж, байгууллага болон худалдаанд оролцогчдод бизнесийн нэн таатай орчин бүрдүүлэх зорилгоор гаалийн байгууллага тухайн үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2. Чөлөөт бүсэд хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг оруулж, гаргахын үл зөвшөөрнө.
1.3. Чөлөөт бүсэд зорчигч болон бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналт бүхий гарцаар нэвтрүүлнэ.
1.4. Хилийн чанадаас Чөлөөт бүсэд, тэндээс гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулалгүйгээр хилийн чанадад гаргахад гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийж нэвтрүүлнэ.
Хоёр. Чөлөөт бүсэд тавих шаардлага
2.1. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага нь гаалийн байгууллагатай компьютерийн мэдээллийн сүлжээнд холбогдсон байх бөгөөд гаалийн байгууллагад шаардагдах мэдээ, тайланг гаргаж өгнө.
2.2. Чөлөөт бүсэд оруулсан барааны хадгалах хугацааг онцгой тохиолдлоос бусад үед хязгаарлахгүй бөгөөд хадгалагдаж буй бараанд ангилалт хийх, савлах, баглаа боодлыг өөрчлөх, барааны марк, тэмдэглэгээг наах зэрэг үйл ажиллагааг явуулж болно.
Гурав. Гаалийн хяналт шалгалт, бүрдүүлэлт
3.1. Чөлөөт бүсэд гаалийн хяналт тавих ажлыг Чөлөөт бүсийн Гаалийн салбар удирдан зохион байгуулна.
3.2. Чөлөөт бүсэд оруулж, гаргах бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн удирдах төв байгууллагаас баталсан журмын дагуу тогтоосон горимоор гаалийн мэдүүлэг болон бусад холбогдох бичиг баримт, эсхүл энгийн маягтыг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийнэ.
3.3. Гаалийн салбар чөлөөт бүсэд нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд бүртгэлээр хяналт тавина.
3.4. Чөлөөт бүсэд нэвтрүүлэх бараанд Гаалийн тарифын тухай хуульд заасны дагуу татварын хувь хэмжээ, үнэ, валютын ханшийг үндэслэж гаалийн бүрдүүлэлт хийнэ.
3.5. Чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт ажиллаж буй гаалийн баталгаат агуулах, барилгын талбай, үйлдвэрийн болон үзэсгэлэнгийн газар, татваргүй барааны дэлгүүрт хилийн чанадаас бараа оруулахад холбогдох горимоор гаалийн бүрдүүлэлт хийж оруулна.
3.6. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын бараа, ажил үйлчилгээ нь гаалийн хяналтад байна.
3.7. Чөлөөт бүсэд оруулсан барааны чанар, аюулгүй байдалд тухайн бүсэд ажиллаж буй бусад мэргэжлийн хяналтын албатай хамтарч хяналт тавина.
3.8. Хилийн чанадаас чөлөөт бүсэд оруулах, чөлөөт бүсээс хилийн чанадад гаргах бараанд тарифын бус хязгаарлалт тогтоохгүй.
3.9. Хилийн чанадаас чөлөөт бүсэд, чөлөөт бүсээс хилийн чанадад гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулалгүй оруулж, гаргах, эсхүл чөлөөт бүсэд шилжүүлэх бараанд гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийнэ.
Дөрөв. Бусад
4.1. Гаалийн хууль тогтоомж болон энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу гаалийн байгууллага хариуцлага хүлээлгэнэ.
4.2. Энэ журамд зохицуулагдаагүй бусад асуудлыг Гаалийн тухай болон Гаалийн тарифын тухай, Чөлөөт бүсийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Текст томруулах
A
A
A