A

A

A

Бүлэг: 1979
ГХГЗЗГ-ын даргын 2003 оны 165 дугаар
тушаалын 1 дүгээр  хавсралт
 
ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН  ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЖУРАМ
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Энэхүү журам нь эрх бүхий этгээдийн гаргасан газар эзэмших, ашиглах өргөдөл /цаашид "өргөдөл" гэх/-ийг хүлээн авах, нягтлан хянах, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ /цаашид "эрхийн гэрчилгээ" гэх/ олгох, улсын бүртгэлд бүртгэх, эрхийн гэрчилгээ хэвлүүлэх, хуваарилах, түүний зарцуулалтад хяналт тавих талаар Монгол Улсын "Газрын тухай хууль"-ийн холбогдох зүйл, заалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулахад оршино.
1.2. Эрхийн гэрчилгээ нь газар эзэмшигч, ашиглагчийн эрхийг төрөөс баталгаажуулсан үнэт цаасны зохих нууцлал бүхий хууль ёсны баримт бичиг мөн.
1.3. Эрхийн гэрчилгээг энэ журамд зааснаас өөрөөр хэвлүүлэх, олшруулах, түгээх, олгох, нөхөн олгохыг хориглоно.
1.4. Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй этгээдэд газар эзэмшүүлж, ашиглуулахгүй.
1.5. Газрыг дундаа эзэмшиж, ашиглахад нэг эрхийн гэрчилгээтэй байна.
1.6. Өргөдөл хүлээн авах, нягтлан хянах, эрхийн гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагааг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба эрхлэн гүйцэтгэнэ.
1.7. Энэ журамд хэрэглэсэн зарим нэр томъёог дор дурдсанаар ойлгоно:
1.7.1. "Нэгж талбар" гэж эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний үндсэн дээр тодорхой этгээдийн газар эзэмших, ашиглах эрх үүссэн, тодорхой хилийн зааг бүхий газрын нэгдмэл сангийн хэсгийг;
1.7.2. "Нэгж талбарын хувийн хэрэг" гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх, тэдгээртэй холбогдон үүссэн хууль зүйн нотлох баримтуудын нийлбэр цогцыг;
1.7.3."бичилт хийх" гэж газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, нэгж талбарын хувийн хэрэг, улсын бүртгэлийн дэвтэр, хүсэлт бүртгэх дэвтэрт шаардлагатай тэмдэглэгээ, өөрчлөлт хийх, ийнхүү хийсэн эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга, тэмдэг, огноо зэрэг лавлагаа-мэдээллийг бүрдүүлэх үйл ажиллагааг;
1.7.4. "баталгаажуулах" гэж хийсэн бичилтийг нотолгоожуулан аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны даргын гарын үсэг, тамга, сумын газрын даамлын тэмдэг, гарын үсэг, огноо тавих үйл ажиллагааг.
 
Хоёр. Газар эзэмших, ашиглахыг хүссэн өргөдлийг
хүлээн авах, нягтлан шалгах
 
2.1. Өргөдөл гаргахад дараахь ерөнхий шаардлага тавигдана:
2.1.1. газар эзэмшихийг хүссэн өргөдөл гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, хуулийн этгээд; газар ашиглахыг хүссэн өргөдөл гаргагч нь Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байна;
2.1.2. газар эзэмших, ашиглах эрх бүхий этгээд нь өргөдлөө газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллага болох Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар /цаашид "ГХГЗЗГ" гэж товчлох"/-аас баталсан маягтын дагуу гаргана;
2.1.3. өргөдөл гаргасан газрын байршил нь харьяалсан аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд эзэмшүүлж, ашиглуулж болохоор заагдсан байна;
2.1.4. эзэмшиж, ашиглахыг хүссэн газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг байдлаар давхцаагүй байна;
2.1.5. гадаадын иргэн, харъяалалгүй хүн өргөдөл гаргахдаа гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолтыг авсан байна;
2.2. Газар эзэмших, ашиглах эрх бүхий этгээд нь өргөдлөө дор дурдсан харъяалалын дагуу аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын даамлаар уламжлуулан эрх бүхий Засаг даргад гаргана.
2.2.1 газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон цаашид холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмших, ашиглах өргөдлийг тухайн аймгийн газрын алба хүлээн авч, аймгийн Засаг даргаар;
2.2.2  хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий буюу тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээтэй болон цаашид холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмших, ашиглах өргөдлийг нийслэлийн газрын алба хүлээн авч нийслэлийн Засаг даргаар;
2.2.3. тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудаас бусад газарт хувийн гэр, хашаа, орон сууц, ногоон бүсэд зуслангийн байшин барих, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, таримал ургамал тариалах зориулалтаар газар эзэмших, ашиглах өргөдлийг дүүргийн газрын алба, сумын газрын даамал хүлээн авч, сум, дүүргийн Засаг даргаар тус тус шийдвэрлүүлнэ.
2.3. Төрийн байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулахад энэ журмыг мөрдөнө.
2.4. Иргэн, хуулийн этгээдийн өргөдөл нь "Газрын тухай хууль"-ийн 32.2, 32.3-т заасан шаардлагыг хангасан байх бөгөөд түүнд холбогдох баримт бичгийг хавсаргасан байна;
2.4.1. Иргэний өргөдөлд дараахь зүйлийг тусгана. Үүнд:
а/ овог нэр,  байнга оршин суугаа хаяг, регистрийн болон иргэний үнэмлэхний дугаар;
б/ эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг;
в/ газар эзэмших зориулалт, хугацаа.
2.4.2. Хуулийн этгээдийн өргөдөлд дараахь зүйлийг тусгана.
Үүнд:
а/ Хуулийн этгээдийн оноосон нэр, харьяалал, хаяг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
б/ тухайн хуулийн этгээдийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг;
в/ газар эзэмших зориулалт, хугацаа.
2.5. Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал нь өргөдлийг хүлээн авч, ирүүлсэн огнооны дарааллаар дугаарлан, хүсэлт бүртгэх дэвтэрт хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар нь бүртгэж, бичилт хийнэ.
2.6. Ийнхүү өргөдлийг хүлээн авч, бүртгэсэн тухай тодорхойлолтыг ГХГЗЗГ-аас баталсан загварын дагуу тухайн шатны газрын алба, сумын газрын даамал өргөдөл гаргасан этгээдэд бичгээр өгнө.
2.7. Өргөдөл нь энэхүү журмын 2.1.1-2.1.5-д заасан шаардлага хангаагүй, уг өргөдөлд дурдагдсан газар эзэмших, ашиглах эрхийн талаар эрх зүйн маргаантай, эсхүл бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг байдлаар давхардсан зэрэг зөрчилтэй бол энэ талаарх үндэслэлийг ажлын 15 өдөрт багтаан ГХГЗЗГ-аас баталсан загварын дагуу мэдэгдлээр хариуг өгч, хүсэлт бүртгэх дэвтэрт холбогдох бичилтийг хийж, бүртгэлээс хасна.
2.8. Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал нь өргөдөлд дурдсан асуудал бүрд дүн шинжилгээ хийж, холбогдох этгээдээс магадлах, судалгаа, тодорхойлолт авах, харъяалах засаг захиргааны нэгжийн бүртгэл мэдээлэлтэй тулган үзэх, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд нийцэж буй эсэх талаар хянан үзэх зэргээр нэг бүрчлэн шалгана.
2.9. Тухайн шатны газрын алба, сумын газрын даамал нь шаардлагатай бол өргөдөлд дурдагдсан газарт биечлэн очиж танилцах бөгөөд өргөдлийг хуанлийн 30 хоногийн дотор нягтлан шалгаж, шийдвэр гаргуулахаар эрх бүхий Засаг даргад уламжилна.
2.10. Иргэн, хуулийн этгээдийн өргөдлийг аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал хүлээн авах, нягтлан шалгахаас үндэслэлгүйгээр татгалзах болон өөр байгууллага, албан тушаалтанд шилжүүлэхийг хориглоно.
 
Гурав. Газар эзэмших, ашиглах эрхийн
гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх
 
3.1. Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрх нь энэ талаар гарсан эрх бүхий Засаг даргын шийдвэрт үндэслэх бөгөөд тухайн шатны газрын алба, сумын газрын даамал ГХГЗЗГ-аас баталсан загварын дагуу газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгосноор баталгаажна.
3.2. Эрх бүхий Засаг даргын газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гарсны дараа тухайн газарт кадастрын зураг хийлгэсний үндсэн дээр эрхийн гэрчилгээ олгоно.
3.3. Газар эзэмших эрхийн гэрчилгээнд дараахь зүйлийг тусгана.
3.3.1. иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, регистрийн болон иргэний үнэмлэхний дугаар;
3.3.2. хуулийн этгээд бол оноосон нэр, улсын бүртгэлийн гэрчилгээний болон регистрийн дугаар;
3.3.3. хамтран эзэмшигчтэй бол түүний талаарх энэ зүйлийн 3.2.1.-д заасан мэдээлэл;
3.3.4. эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, нэгж талбарын дугаар;
3.3.5. эрхийн гэрчилгээ олгох үндэслэл;
3.3.6. эзэмших газрын зориулалт, хэмжээ, хугацаа;
3.3.7. эрхийн гэрчилгээ олгосон эрх бүхий Засаг даргын нэр, гарын үсэг, тамга олгосон огноо.
3.4. Эрхийн гэрчилгээнд аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны кадастр, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн, сумын газрын даамал бичилт хийж, түүнийг тухайн шатны газрын албаны дарга хянасны үндсэн дээр эрх бүхий Засаг дарга эцэслэн баталгаажуулна.
3.5. Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай эрх бүхий Засаг даргын шийдвэрийг үндэслэж, ажлын 15 хүртлэх өдөрт багтаан тухайн иргэн, хуулийн этгээдтэй аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал нь газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэнэ.
3.6. Улсын бүртгэлд эрхийн гэрчилгээ олгосон он, сар, өдөр, эзэмшигчийн нэр, олгогдсон газрын нэгж талбарын дугаар, хэмжээ, байршлыг заавал тусгана.
3.7. Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал нь ГХГЗЗГ-аас баталсан загвар бүхий бүртгэлийн нэгдсэн дэвтэртэй байна.
3.8. Эрхийн гэрчилгээг дараахь нөхцөлд шинээр олгоно;
3.8.1. эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлэх тохиолдолд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий Засаг даргын шийдвэр гарснаас хойш ажлын 15 хүртлэх өдөрт багтаан энэ журамд заасны дагуу эрхийн гэрчилгээ олгоно;
3.8.2. газар эзэмшигч газрынхаа зарим хэсгийг бусдад шилжүүлсэн, тухайн газрын хэмжээ, үндсэн зориулалт нь өөрчлөгдсөн тохиолдолд аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал нь газрыг эрх бүхий этгээдэд шилжүүлэх тухай Засаг даргын шийдвэр гарснаас хойш ажлын 15 хүртлэх өдөрт багтаан энэ журмын дагуу эрхийн гэрчилгээг мөн шинээр олгож, улсын бүртгэлд бүртгэнэ;
3.8.3. эрх бүхий Засаг даргын зохион байгуулсан эрхийн гэрчилгээний дуудлага худалдаанд ялсан болон төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан этгээдэд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох тухай, шийдвэрийг үндэслэн энэ журамд заасны дагуу эрхийн гэрчилгээ олгоно.
3.9. Газар эзэмших эрхийн гэрчилгээг дараахь нөхцөлд солих буюу нөхөн олгоно;
3.9.1. 2003 оны 1 дүгээр сарын 1-нээс өмнө газар эзэмшиж, ашиглаж байсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрх, гэрээ хүчин төгөлдөр байгаа эсэхийг нэг бүрчлэн шалгаж, цаашид газраа үргэлжлүүлэн эзэмших хүсэлт гаргасан бөгөөд эрхийн гэрчилгээ олгоход тавигдах шаардлагыг хангасан тохиолдолд хуучин гэрчилгээг хураан авч, эрх бүхий Засаг даргын шийдвэр гарснаас хойш, энэхүү журмын 3.17-д заасан материалыг бүрдүүлэн, ажлын 15 хүртлэх өдөрт багтаан шинэчлэн сольж олгоно;
3.9.2. газар эзэмшигч, ашиглагч эрхийн гэрчилгээгээ гэмтээх буюу аливаа хэлбэрээр үрэгдүүлсэн тохиолдолд энэ тухай хүсэлт, хүчингүйд тооцсон хэвлэл мэдээллийн зар, цагдаагийн байгууллагын тодорхойлолт, улсын бүртгэлийн анхдагч мэдээллийг үндэслэн "нөхөн олгов" гэсэн тэмдэглэгээ бүхий эрхийн гэрчилгээг хүсэлт гаргаснаас хойш ажлын 15 хүртлэх өдөрт багтаан олгон, энэ тухай холбогдох бичилтийг улсын бүртгэлд оруулж, баталгаажуулна.
3.10. Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ болон улсын бүртгэлийн аливаа бичилтийг аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны кадастр, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн, сумын газрын даамал хийж, улсын бүртгэлийн бичилтийг аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны дарга, харин эрхийн гэрчилгээний бичилтийг тухайн газрын албаны дарга хянан, эрх бүхий Засаг дарга эцэслэн баталгаажуулна.
3.11. Монгол Улсын иргэн, хуулийн этгээд нь эзэмшиж байгаа газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулах, эрхийн гэрчилгээгээ барьцаалах зэрэг тохиолдолд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан эрх бүхий Засаг даргын зөвшөөрлийг заавал авсан байна.
3.12. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө эзэмшигч нь хугацааг сунгуулах хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана. Ингэхдээ газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1.-37.1.3.-д заасан баримт бичгийг хавсаргана.
3.13. Тухайн шатны газрын алба, сумын газрын даамал нь иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн байдлыг харгалзан өргөдөл гаргаснаас хойш эрхийн гэрчилгээний хугацаа сунгах шийдвэрийг эрх бүхий Засаг даргаар ажлын 22 өдөрт багтаан гаргуулна.
3.14. Газар ашиглах эрхийн гэрчилгээг тухайн шатны газрын алба, сумын газрын даамал нь Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжтэй ГХГЗЗГ-аас баталсан загварын дагуу газар ашиглуулах гэрээг байгуулсны үндсэн дээр эрх бүхий Засаг дарга олгоно.
3.15. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглах эрхийн гэрчилгээг энэхүү журмын дагуу олгоно.
3.16. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасны дагуу газрын нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна.
3.17. Сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нь газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий Засаг даргын шийдвэрийг үндэслэн тухайн эрхийн гэрчилгээгээр олгогдсон нэгж талбарын дугаар бүхий нэгж талбар /газар/-ын хувийн хэргийг нээж дараахь материалыг хавсаргана;
3.17.1.  өргөдөл, түүнд хавсаргасан бичиг баримтууд;
3.17.2. эрхийн гэрчилгээний хуулбар;
3.17.3. эрх бүхий Засаг даргын шийдвэрийн хуулбар;
3.17.4. газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээ;
3.17.5. тухайн газрын нэгж талбарыг харуулсан зохих масштабын кадастрын зураг;
3.17.6. үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар олгосон газрын байгаль орчинд нөлөөлөх байдлын талаархи мэргэжлийн байгууллагын дүгнэлт;
3.17.7. бусад шаардлагатай зүйлс.
3.18. Нэгж талбарын хувийн хэрэгт газар эзэмших, ашиглах эрх, тэдгээртэй холбогдон үүссэн аливаа шилжилт хөдөлгөөний нэмэлт, өөрчлөлтийн холбогдох бичилтийг тухай бүр хийж баталгаажуулна.
3.19. Нэгж талбарын хувийн хэрэг, түүний дугаарыг үндэслэн эрхийн гэрчилгээгээр олгогдсон тухайн газрын талаарх мэдээллийг улсын мэдээллийн нэгдсэн санд оруулна.
3.20. Аймаг, нийслэл, сум, дүүрэг бүр газар эзэмшил, ашиглалтын "жижүүр"-ийн зургийг зохих заавар, аргачлалын дагуу хөтөлнө.
3.21. Эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах, газрын үндсэн зориулалт өөрчлөгдөх зэрэгт тухай бүр нэмэлт, өөрчлөлтийн бичилтийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны кадастр, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн хийх бөгөөд түүнийг тухайн шатны газрын албаны дарга баталгаажуулна.
3.22. Газар эзэмших, эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдын эзэмшилд шилжүүлэх тохиолдолд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий Засаг даргын шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба эрх шилжүүлэн авч байгаа этгээдэд газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгож, өмнөх гэрчилгээнд "хүчингүй" гэсэн тэмдэглэл хийж, тухайн нэгж талбарын хувийн хэрэгт хавсаргахын зэрэгцээ шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийн бичилтийг хийж баталгаажуулна.
3.23. Аймаг, нийслэл, сум, дүүрэг нь ГХГЗЗГ-аас баталсан улсын бүртгэлийн дэвтэртэй байна. Бүртгэлийн дэвтрийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны газрын кадастр, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн тус тус хөтөлж, зохих журмын дагуу архивт шилжүүлнэ.
  
Дөрөв. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хэвлүүлэх,
хүлээн авах, хуваарилах, зарцуулалтад хяналт тавих
 
4.1. Эрхийн гэрчилгээг ГХГЗЗГ-ын даргын тушаалаар батлагдсан загварын дагуу үнэт цаасны зохих нууцлалтай, хяналтын тоогоор, нэгдсэн дугаартайгаар хэвлүүлнэ.
4.2. Эрхийн гэрчилгээг хэвлүүлэх, хадгалах, хуваарилах, түгээх, бүртгэж тооцох, эрхийн гэрчилгээ устгах үйл ажиллагааг ГХГЗЗГ төвлөрүүлэн эрхэлнэ.
4.3. Эрхийн гэрчилгээ хэвлүүлэх гэрээг уралдаант шалгаруулалтад ялсан үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээдтэй байгуулах бөгөөд урьд нь хэвлэгдсэн эрхийн гэрчилгээний зарцуулалтын тайланг үндэслэн, шинээр  хэвлүүлэх эрхийн гэрчилгээний тоог хяналтын тооноос илүү эрхийн гэрчилгээ хэвлэхгүй байх нөхцлийг бүрдүүлнэ.
4.4. Энэ журмын 4.3-д заасны дагуу хэвлэгдсэн эрхийн гэрчилгээг бэлтгэн нийлүүлэгчийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хүлээн авч, энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.
4.5. Ажлын хэсэг зохих журмын дагуу хүлээн авсан эрхийн гэрчилгээг ГХГЗЗГ-ын мөнгөн кассын няравт тоо ёсоор нь тэмдэглэл үйлдэн хүлээлгэн өгнө.
4.6. ГХГЗЗГ-аас эрхийн гэрчилгээг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус бүрээр нэгтгэн ирүүлсэн захиалгыг үндэслэн аймаг, нийслэлийн газрын албанд, эдгээр нь сумын газрын даамал, дүүргийн газрын албанд хуваарилж, эрхийн гэрчилгээний зарцуулалтад тус тус хяналт тавина.
4.7. Сумын газрын даамал, дүүргийн газрын алба нь эрхийн гэрчилгээний зарцуулалтын тайланг аймаг, нийслэлийн газрын албанд гаргаж байх бөгөөд аймаг, нийслэлийн газрын алба нь түүнийг  ГХГЗЗГ-т хагас жил /7 дугаар сарын 01-ний дотор/, жилээр /01 дүгээр сарын 15-ны дотор/ тайлагнана.
4.8. Аймаг, нийслэлийн газрын албанаас ГХГЗЗГ-т ирүүлсэн эрхийн гэрчилгээний тайлан, үлдэгдлийн тооцоо болон энэ журмын 4.6-д дурдсан захиалгыг үндэслэн ГХГЗЗГ-аас аймаг, нийслэлийн газрын албадад эрхийн гэрчилгээний дахин хуваарилалтыг тухай бүр хийж байна.
4.9. Эрхийн гэрчилгээний зарцуулалтын улсын хэмжээний нэгдсэн тооцоог хагас жил, жилээр гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд ГХГЗЗГ-ын даргын шийдвэрээр аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамлын эрхийн гэрчилгээний зарцуулалтад гэнэтийн тооллого хийж болно.
4.10. Эрхийн гэрчилгээнд аливаа засвар, өөрчлөлт хийхийг хориглох бөгөөд бичилт хийх эрх бүхий албан тушаалтны буруугаас болон техникийн саатлын улмаас ашиглах боломжгүй болсон эрхийн гэрчилгээг устгах тухай саналын хамтаар эрхийн гэрчилгээний зориулалтын тайланд хавсаргаж, ГХГЗЗГ-т хүргүүлнэ.
4.11. Ашиглах боломжгүй болсон эрхийн гэрчилгээг ГХГЗЗГ-т төвлөрүүлэн, даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг нягтлан шалгаж тэмдэглэл үйлдэн, устгал хийнэ.
 
Тав. Бусад
 
5.1. Газрын улсын бүртгэлийн аливаа бичилт үнэн зөв, засваргүй, хар өнгийн бэхээр бичигдсэн байна.
5.2. Нэгж талбарын хувийн хэрэг болон улсын бүртгэлийн дэвтрийн бичилтэд засвар хийх, дур мэдэн хуудас нэмж, хасахыг хориглоно.
5.3. Эрхийн гэрчилгээнээс бусад улсын бүртгэлийн бичилтэд засвар хийх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд энэ тухай холбогдох бичилтэд заавал тэмдэглэх бөгөөд аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны дарга, сумын газрын даамал нь үндсэн бичилт болон засварын тэмдэглэлийг тус тус баталгаажуулна.
5.4. Сумын газрын даамал нь аймгийн газрын албанд, дүүргийн газрын алба нь газрын бүртгэлийн талаарх тайлан мэдээг холбогдох журам, зааврын дагуу нэгтгэж, ГХГЗЗГ-т тус тус хүргүүлнэ.
5.5. Газрын улсын бүртгэлийн аливаа мэдээлэл хуулиар тусгайлан нууцлаагүй бол нээлттэй байх бөгөөд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нь сонирхогч этгээдэд мэдээллээр үйлчилнэ.
5.6. Газрын улсын бүртгэлийг буруу хийсний улмаас хохирол учруулсан албан тушаалтанд Монгол улсын холбогдох  хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
5.7. Энэхүү журамд ГХГЗЗГ-ын даргын тушаалаар өөрчлөлт оруулж болно.
 
 
 
                                                           ---о0о---