A

A

A

Бүлэг: 1979
ҮТЕГ-ын даргын 2002 оны 219 тоот
тушаалын 2 дугаар хавсралт
 
 
ТАТВАРЫН ӨРӨНД АВСАН ЭД ХӨРӨНГИЙГ ДУУДЛАГААР ХУДАЛДАХ ЖУРАМ
 
 Нэг. Нийтлэг зүйл
1.1 Энэ журмын зорилго нь Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу татварын өрөнд авсан эд хөрөнгийг дуудлагаар худалдан борлуулах ажиллагааг зохицуулахад оршино.
 
Хоёр. Дуудлагын худалдааг зарлан мэдээлэх
2.1 ҮТЕГ, орон нутгийн татварын албад дуудлагын худалдаа явуулах зар мэдээг товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө зарлана.
2.2 Дуудлага худалдааны зар мэдээнд дараахь зүйлийг тусгана.Үүнд:
а/ дуудлагын худалдаа эхлэх, дуусах, он, сар, өдөр, хугацаа;
б/ дуудлагаар худалдах эд хөрөнгийн санал болгосон анхны үнэ;
в/ худалдах зүйлийн нэр төрөл, тоо хэмжээ, тодорхойлолт;
г/ дуудлагын худалдаанд оролцогчдыг бүртгэх журам, хугацаа;
д/ худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл;
е/ дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ. Дэнчингийн хэмжээ нь дуудлагаар худалдах эд хөрөнгийн санал болгосон анхны үнийн 10 хувьтай тэнцүү байна                  
2.3 Сонирхогч этгээд дуудлагын худалдааны зарыг бүрэн хүргэхийн тулд радио, телевиз, сонин зэрэг хэвлэл, мэдээллийн боломжтой хэрэгслэлийг ашиглана
 
Гурав. Дуудлагын худалдаанд оролцогчдын эрх, үүрэг
 3.1 Дуудлагын худалдаанд оролцогч дараахь эрх эдлэнэ.
3.1.1 дуудлагын худалдаанд оролцогч этгээд эд хөрөнгийн талаархи мэдээллийг үнэ төлбөргүй олж авах;
3.1.2 худалдаанд өөрийн биеэр болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох;
3.1.3 дуудлагын худалдаанд оролцоод ялаагүй бол дэнчингээ буцаан авах;
3.1.4 дуудлагын худалдааны журам зөрчсөнтэй холбогдох гомдлоо дээд шатны татварын алба, шүүхэд гаргах;
3.2 Дуудлага худалдаанд оролцогчдын үүрэг:
3.2.1 оролцогчид дуудлагын худалдаа эхлэхээс 3 хоногийн өмнө бүртгүүлсэн байх;
3.2.2 зар мэдээнд заасан хугацаанд татварын албанаас тогтоосон дэнчинг холбогдох дансанд дуудлагын худалдаа эхлэхээс өмнө 24 цагийн дотор шилжүүлсэн байх;
3.2.3 өөрийн санхүүгийн байдал, төлбөрийн чадварын талаар дуудлагын худалдаа зохион байгуулагчдад үнэн зөв мэдээлэл өгөх;
3.2.4 дуудлагын худалдаанд ялбал авсан эд хөрөнгийн үнийг ажлын 3 хоногийн дотор төлөх;
3.2.5 худалдан авсан эд хөрөнгийг гэрээнд заасан хугацаанд хүлээн аваагүйгээс татварын албанд учирсан хохирол, гарсан зардлыг нөхөн төлөх.
 
Дөрөв. Дуудлагын худалдаа явуулах нийтлэг журам
4.1 Дуудлагын худалдааг "Татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах тухай журам"-ын дагуу томилогдсон комисс хөтлөн явуулна. Дуудлагын худалдааны хөтлөгчийг комиссын дарга комиссын гишүүдээс томилно.
4.2 Комисс дор дурдсан үүрэг хүлээнэ:
4.2.1 дуудлагын худалдааг явуулах зар мэдээллийг гаргах;
4.2.2 дуудлагын худалдаанд оролцогчдыг бүртгэх;
4.2.3 дуудлагын худалдааг товлон зарласан хугацаанд нь эхлэх;
4.2.4 үнэ хаялцуулах дэгийн дарааллыг тогтоон, хэрэгжилтийг нэг бүрчлэн тэмдэглэх;
4.2.5 дуудлагын худалдааны явцын тэмдэглэлийг үнэн зөв бүрэн хөтлөх,
4.3 Дуудлагын худалдаанд оролцохоор бүртгүүлсэн этгээдээс нэг нь ч ирээгүй бол дуудлагын худалдааг явуулаагүйд тооцож, уг дуудлагын худалдааг хааж тэмдэглэл үйлдэнэ.
4.4 Нийслэлд зохион байгуулах дуудлагын худалдаанд дуудлагын худалдааг эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд ҮТЕГ-ын төлөөлөгч байлцаж, хяналт тавина. Аймаг, суманд аймгийн татварын хэлтсийн төлөөлөгч байлцаж, хяналт тавина. Төлөөлөгч нь дуудлагын худалдааны явцад хяналт тавьж, хууль буюу энэ журмыг зөрчиж явуулсан гэж үзвэл дуудлагын худалдааг зогсооно.
4.5 Дуудлага худалдааны үнэ хэлэх дараалал, журмыг эмх цэгцтэй болгохын тулд тусгай таних тэмдэг бүхий пайзыг дуудлагын худалдаанд оролцогчдод олгоно.
4.6 Дуудлага худалдааг нийтэд товлон зарласан газар, хугацаанд нь эхэлж дуудлагын анхны үнийг мэдээлж оролцогчдоор үнэ хаялцуулан, оролцогчдоос дахин үнэ хэлэхгүй болсон үед эцсийн үнэ болсны дохио өгөх буюу 1, 2, 3 гэж тоолсны эцэст өөр санал гараагүй бол хаасныг зарлана.
4.7 Дуудлагын худалдаанд комиссын гишүүд нь өөрөө болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан худалдан авагчаар оролцох, бусдад нөлөөлөхийг хориглоно.
 
Тав. Дуудлага худалдааг хууль зөрчин явуулсанд тооцох
5.1 Дор дурдсан үндэслэлийн аль нэг нь гарсан бол дуудлагын худалдааг хууль зөрчсөнд тооцно. Үүнд:
5.1.1 товлон зарласнаас өөр газар явуулах;
5.1.2 үнийн санал хэлж дуусаагүй байхад буюу дохио өгөхгүйгээр үнэ хаялцах үйл ажиллагааг хаасан;
5.1.3 үнэ хаялцуулахад хөтлөгч, төлөөлөгч болон бүртгэгдээгүй этгээд оролцсон;
5.1.4 зарлалд заасан бусад болзлыг зөрчсөн.
 
Зургаа. Дуудлагын худалдааг дуусгавар болгох
6.1 Үнэ хаялцуулж дууссаны дараа дохио өгч хааснаар дуудлагын худалдааг дуусгавар болсонд тооцно.
6.2 Дуудлагын худалдаанд хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч нь худалдахаар зарласан эд хөрөнгийн өмчлөгч болно. Үнэ хаялцуулахад ялсан этгээд болон худалдааг зохион байгуулсан комиссын дарга нь дуудлагын худалдааны явцын тухай тэмдэглэлд гарын үсэг зурж, энэ журмын 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу гэрээ байгуулна.
6.3 Дуудлагын худалдаа зохион байгуулах комисс нь дуудлагын худалдаанд ялсан этгээдтэй иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэрээ /хавсралт №1/ байгуулна. Гэрээнд доорхи зүйлийг заавал тусгана. Үүнд:
6.3.1 худалдан авсан эд хөрөнгийн нэр төрөл;
6.3.2 худалдан авсан үнэ;
6.3.3 тавьсан дэнчингийн хэмжээ;
6.3.4 үнэ төлөх хэлбэр;
6.3.5 эд хөрөнгө шилжүүлэх нөхцөл, хугацаа;
6.3.6 гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй буюу цаг хугацаанд нь биелүүлээгүйгээс үүсэх хохирлыг нөхөн төлөх үндэслэл, журам, хэмжээ;
6.3.7 гэрээний үүргийн талаар үүссэн маргааныг хянан шийдвэрлэх журам.
 
 
 
 
ҮТЕГ-ын даргын 2002 оны 219 тоот тушаалын
2 дугаар хавсралтаар батлагдсан "Татварын
өрөнд авсан эд хөрөнгийг дуудлага худалдаагаар
худалдаалах журам"-ын нэгдүгээр хавсралт
 
ДУУДЛАГААР ХУДАЛДСАН ЭД ХӨРӨНГИЙН
ТӨЛБӨРИЙГ ХИЙЖ ӨМЧЛӨХ ТУХАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭ
 
 
200...  он .... сар ..... өдөр                     №                  ........................................
/аймаг, хот, сум/
 
Нэг. Ерөнхий зүйл
Нэг талаас _____________________________________________________
_____________________________ татварын албанаас зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцож ______________________________________ эд хөрөнгийг хамгийн өндөр үнэ өгсөн худалдан авагч ________________ ______________________________________________ нөгөө талаас дуудлага худалдааг зохион байгуулахаар томилогдсон комиссын дарга __________ ________________________ нар дуудлагаар авсан хөрөнгийн төлбөр, тооцоог дуусгах талаар хэлэлцэн тохирч доорхи үүргийг хүлээв.
 
Хоёр. Худалдан авагчийн хүлээх үүрэг
1. Дуудлагаар худалдан авсан хөрөнгийн үнийг 200... оны ....... дүгээр сарын .....-ний дотор  _____________________________________ дансанд төлнө /шилжүүлгээр, бэлнээр/.
2. Хөрөнгийн үнийг бүрэн төлтөл эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх эдлэхгүй.
3. Дуудлагын худалдаанд оролцож эд хөрөнгө худалдан авахын тулд тавьсан дэнчинг Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 19-д заасны дагуу шийдвэрлүүлнэ.
 
Гурав. Татварын албаны хүлээх үүрэг
1.         Худалдан авагчид шилжүүлэх эд хөрөнгийг төлбөр хийж авах хүртэлх хугацаанд найдвартай хадгалах;
2.         Үнэ бүрэн төлөгдсөний дараа эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэн өгөх.
 
Дөрөв. Бусад зүйл
1.      Худалдан авагч дуудлага худалдаанд ялсан боловч тухайн эд хөрөнгийг аваагүй, төлбөрийг гэрээнд дурдсан хугацаанд төлөөгүй бол худалдан авагчийн тавьсан дэнчинг буцаан олгохгүй.
2.      Хөрөнгийн төлбөр бүрэн хийгдсэний дараа дуудлагаар худалдсан эд хөрөнгийг шилжүүлэх акт үйлдсэнээр уг хөрөнгийг худалдан авагч өмчлөх эрхтэй болно.
 
 
 
Гэрээ байгуулсан:
                                                  
                                                  Комиссын дарга _________________
                                                  Худалдан авагч  _________________