A

A

A

Бүлэг: 1979
ҮТЕГ-ын даргын 2002 оны 219 тоот
тушаалын 4 дүгээр хавсралт
 
 ТАТВАР ТӨЛӨХ ХУГАЦААГ СУНГАХАД БАРИМТЛАХ ЖУРАМ
 
 Нэг. Нийтлэг зүйл
 
Энэхүү журмын зорилго нь татвар төлөгч хуулиар тогтоосон хугацаанд татвараа /албан татвар, төлбөр, хураамж/ төлөөгүй тохиолдолд төлөх хугацааг уг татвар төлөгчийн харъяалах татварын албанаас сунгах асуудлыг зохицуулахад оршино.
        
Хоёр. Татвар төлөх хугацаа
 
2.1 Татвар төлөх хугацааг дараахь байдлаар ерөнхийд нь гурав ангилна. Үүнд:
- татвар төлөх хуульд заасан хугацаа;
- хуульд заасан акт гардуулснаас хойш татварын өр төлөх хугацаа;
- нэмэгдэл буюу сунгасан хугацаа;
2.1.1 Татвар төлөх хуульд заасан хугацаа гэдэгт бүх төрлийн татварын хуулиудад заасан татвар төлөх, тайлан гаргах үндсэн хугацаанууд хамаарна. /жишээ нь ажил, үйлчилгээ, гүйлгээ явагдсанаас хойш 3, 10 хоног, сар бүрийн 25, дараа улирлын эхний сарын 20-ны өдөр, дараа оны 2 дугаар сарын 10-ны өдөр гэх мэт.
2.1.2 Хуульд заасан акт гардуулснаас хойш татварын өр төлөх хугацаа гэдэгт Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан татвар төлөгчид татварын ногдуулалтаар гарсан өр буюу дутуу төлөлтийг ногдол хийсэн акт гардуулсан өдрөөс хойш ажлын 15 хүртэл хоног, хяналт шалгалтаар илэрсэн нөхөн татвар, хүү, торгуулийг акт гардуулсан өдрөөс хойш ажлын 10 хүртэл хоногийн хугацааг хамааруулан ойлгоно.
2.1.3 Нэмэгдэл буюу сунгасан хугацаа гэдэгт Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын дагуу олгосон мэдэгдэх хуудас /10 хоног/ болон 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан /60 хүртэл хоног/ хугацааг хамааруулан ойлгоно.
 
Гурав. Татвар төлөх хугацааг сунгах
 
          3.1 Татвар төлөх хугацааг сунгахдаа дараахь баримт бичгүүдийг үйлдэнэ. Үүнд:
3.1.1 Татвар төлөгч хугацаандаа төлөөгүй татвар болон татварын хяналт шалгалтаар ногдуулсан нөхөн татвар, хүү, торгуулийг Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд эдгээр татварын төлбөрийг 10 хүртэл хоногийн дотор барагдуулах тухай мэдэгдэх хуудсыг Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 272 тоот тушаалаар баталсан "Татварын өрийг <<Мэдэгдэх хуудас>>-аар барагдуулах тухай журам"-д заасан ТА 20.1 маягтаар уг журамд заасны дагуу үйлдэж татвар төлөгчид өгнө.
3.1.2 Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу татвар төлөх хугацааг 60 хүртэл хоногоор сунгах тохиолдолд тухайн татвар төлөгчийн харъяалах татварын албаны дарга тушаал гаргана /загварыг хавсаргав/.
3.2 Энэхүү журмын 3.1.2-т заасны дагуу татвар төлөх хугацааг сунгахад дараахь дарааллыг баримтлана. Үүнд:
3.2.1 Татвар төлөх хугацааг сунгуулах тухай хүсэлтээ татвар төлөгч Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр татварын албанд тавих ба дараахь баримт бичгүүдийг хавсаргана:
-татвар төлөх хөрөнгийн эх үүсвэрийн тооцоо;
-хугацаа хожигдуулсан татварыг төлөх хуваарь;
3.2.2 Татварын алба /хэлтэс, тасгийн дарга, сумын татварын улсын байцаагч/ нь татвар төлөгчөөс татвар төлөх хугацааг сунгуулах тухай албан бичиг, түүнд хавсаргасан тооцоо судалгааг хүлээн авсны дараа уг асуудлыг судалж үзэн татвар төлөгчийн тавьсан асуудал үнэн бодитой, сунгасан хугацаанд татвар төлөгдөх бүрэн найдвартай гэж үзвэл уг татвар төлөгчийн татвар төлөх хугацааг сунгах тухай саналыг судалж тухайн татварын албаны дарга нь тушаал гаргаж татвар төлөх хугацааг 60 хүртэл хоногоор 1 удаа сунгана.
 
Дөрөв. Бусад зүйл
 
4.1 Татвар төлөх хугацааг сунгасан тохиолдолд татварын өрийг зохих хуваарийн дагуу бүрэн төлж байгаа эсэхэд татварын алба, хариуцсан татварын улсын байцаагч хяналт тавьж ажиллана.
4.2 Энэхүү журмын 3.1.1 болон 3.1.2 заалтын дагуу татварын өрийг барагдуулахдаа татварын алба нь татвар төлөгчид холбогдох шийдвэрийг /мэдэгдэх хуудас, татварын албаны даргын тушаал/ Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 272 тоот тушаалаар баталсан "Татварын өрийг /Мэдэгдэх хуудас/-аар барагдуулах тухай журам"-д заасан Татварын төлбөрийн даалгаврын хамт өгөх ба бүртгэл тооцоог уг журмын 3.6-д заасны дагуу гүйцэтгэнэ.
4.3 Энэхүү журмын дагуу татвар төлөх хугацааг сунгасан хугацаанд төлөгдөөгүй татварын өрийг Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 23 дугаар зүйлийн дагуу үл маргах журмаар төлүүлэх, мөн хуулийн 24, 25, 26 дугаар зүйлийн дагуу татвар төлөгчийн эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах арга хэлбэрийг хэрэглэх эрхийг татварын алба эдэлнэ.
4.4 Энэхүү журам зөрчсөн татварын улсын байцаагчид Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
 
 
 
ҮТЕГ-ын даргын 2002 оны 219 тоот тушаалын
4 дүгээр хавсралтаар батлагдсан "Татвар төлөх хугацааг
сунгахад баримтлах журам"-ын нэгдүгээр хавсралт
 
 
МАЯГТ.........                  ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН АЛБА
 
 
Татвар төлөх хугацааг сунгах тушаал
 
..........................................татварын газар,
хэлтсийн даргын тушаал
 
 
200... оны ...... дугаар                Дугаар......                        ................................
сарын ......-ний өдөр                                                                     хот
 
 
                                                                  Татвар төлөх хугацааг
сунгах тухай
 
          Татвар төлөх хугацааг сунгуулахыг хүссэн татвар төлөгч ............................. хүсэлтийг хянан үзээд Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:
 
          1. Татвар төлөгч .........................................-ны татвар төлөх хугацааг 200..... оны ....... дугаар сарын ........-ны өдрөөс 200...... оны ....... дугаар сарын ......-ний өдрийг хүртэл ........ хоногоор сунгасугай.
          2. Энэ тушаалын биелэлтэнд хяналт тавьж, татвар төлөгч ...........................................-тэй татварын тооцоо хавсралт хуваарийн дагуу хийхийг татварын хэлтсийн дарга, татварын улсын байцаагч /............................................/-д үүрэг болгосугай.
 
 
 
                                                  ДАРГА ..............................................................
                                                        ..........................................................................
                                                        ..........................................................................