- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- БАРИВЧЛАХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ БАЙРНЫ ТҮР ЖУРАМ
БАРИВЧЛАХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ БАЙРНЫ ТҮР ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Шүүхийн шийтгэх тогтоолоор баривчлах ялаар шийтгүүлсэн ялтны ялыг биечлэн эдлүүлэхэд "Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль", "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль", түүнтэй холбогдон гарсан бусад журам, заавар болон энэхүү журмыг дагаж мөрдөнө.
1.2. "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль" болон хорих ангийн дотоод журмын жирийн дэглэмтэй ялтанд холбогдох заалтууд нь энэ төрлийн ял эдлэгсдэд нэгэн адил хамаарна.
Хоёр. Баривчлах ял эдлүүлэх байранд ялтныг хүлээн авах
2.1. Баривчлах ял эдлүүлэх байранд шинээр ирж байгаа ялтныг даргын тушаалаар томилогдсон комисс хүлээн авна. Комиссын бүрэлдэхүүнд дэд дарга, харуул хамгаалалтын ажилтан, тоо бүртгэлийн байцаагч, нийгмийн ажилтан /ахуй дэглэмийн байцаагч/, эмч нар орно.
2.2. Ялтныг ажлын цагаар хүлээн бөгөөд энэхүү ажиллагаа нь дотоод журамд заасны дагуу явагдана.
2.3. Шинээр ирж байгаа ялтныг хүлээн авч тэдний бие, эд зүйлд нь үзлэг, нэгжийг хийж зөвшөөрөгдсөнөөс бусад эд зүйлийг акт үйлдэн хураан авч хууль, дотоод журмын дагуу шийдвэрлэнэ.
2.4. Шинээр ирсэн ялтныг эмчийн үзлэгт оруулж тухайн ялтны биеийн эрүүл мэндийн байдал, нас, хүйс, өндөр, болон гэтэл, сорви,шивээс, мэнгэ, архаг хууч өвчтэй эсэх, ямар нэгэн халдварт өвчнөөр өвчилж байсан зэргийг тогтоож энэ тухай хувийн хэрэгт тэмдэглэл хийнэ.
2.5. Хүлээн авсан ялтныг холбогдох хууль тогтоомж, дотоод журам, заавартай танилцуулах, сургалтанд хамруулахын зэрэгцээ өөрт нь эрх зүйн хувьд дэмжлэг, туслалцаа шаардлагатай байгаа, хамт олны дунд бие хэрхэн авч явах, бусадтай харьцах харилцаа, тэдний эрх үүрэг, байгууллагын онцлог, цагийн хуваарь зэргийг таниулах ажиллагааг нийгмийн ажилтан хариуцан зохион байгуулж уг ялтныг хүмүүжүүлэхэд анхаарч ажиллах тусгай төлөвлөгөө гаргаж ажиллана.
2.6. Баривчлах ял эдлүүлэх байранд ялтныг хүлээн авсан тухай харьяалах шүүхийн байгууллагад 72 цаг, ялтны ар гэрт нь 7 хоногийн дотор зохих журмын дагуу мэдэгдэнэ. Мэдэгдэх хуудсанд байгууллагын нэр хаяг, байршил, ялтны захидал харилцаа, эргэлт уулзалт, илгээмж авах журмыг тухай тайлбарласан байна.
Гурав. Байрны нөхцөл, дотоод дэг
3.1. Баривчлах ял эдлүүлэх байранд мөрдөх цагийн хуваарийг ангийн онцлог байдалд зохицуулан гаргаж ангийн даргын тушаалаар батлана.
3.2. Баривчлах ял эдлүүлэх байранд ялтныг ганцаарчлан байрлуулна.
3.3. Баривчлах ял эдлүүлэх байрны өрөө тасалгаа нь өдрийн цагт байгалийн гэрэл тусах ердийн цонхтой, оройн цагаар хяналт тавих бүрэн боломж бүхий гэрэлтүүлэгтэй байхаас гадна тасалгааны халаалт, нэг хүнд ногдох агааржуулалтыг талбайн хэмжээ нь эрх бүхий байгууллагаас тогтоосон шаардлага хангасан байвал зохино.
3.4. Ялтан нэг бүрийн орны нүүрэн талд 8х5-ийн хэмжээ бүхий үндсэн захиргаа, овог нэр, ял хэргийн байдал зэргийг бичсэн хаяг байхаас гадна байр тус бүрт байрлаж байгаа ялтны нэрсийг бичиж гадна талд ил байрлуулсан байна. Ялтны хөдөлгөөнийг тухай бүр нь хийж шинэчилнэ.
3.5. Баривчлах байранд хүмүүжлийн ажлын тасалгаа, ялтны өдөр тутмын хэрэгцээт зүйлээс бусад хувцас хэрэглэл, эд зүйлийг хадгалах өрөө, ариун
цэврийн өрөө байна.
3.6. Ялтны нэн тэргүүний хэрэгцээт зүйлийг худалдан авах хүнс, барааны цэгийг жижүүрийн хяналтанд ажиллуулж болно. Ялтан нь нэрийн данс нээлгэн бэлэн мөнгө хадгалуулах ба нэрийн данснаасаа зөвшөөрөгдсөн үйлчилгээ хийлгэх ба суллагдахдаа нэрийн дансний үлдэгдлийг тооцож авна.
3.7. Ялтан нь байгууллагаас тавьж олгосон эд зүйлсийг картаар хүлээн авч, суллагдах үедээ буцаан хураалгах бөгөөд алдаж үрэгдүүлсэн, эвдэж гэмтээсэн, ашиглалтгүй болгосон тохиолдолд нөхөн төлнө.
3.8. Ялтан нь ахуйн хэрэгцээний зайлшгүй шаардлагатай нэмэгдэл зүйл авч хэрэглэх тохиолдолд нийгмийн ажилтнаар дамжуулан ангийн захиргаанд хүсэлтээ бичгээр гаргаж, өөрийн нэрийн дансаар үйлчлүүлж болно.
3.9.Ялтныг эрх бүхий байгууллагаас тогтоосон илчлэгтэй халуун хоолоор өдөрт 2 удаа хангах ба нэгдсэн гал тогоонд бэлтгэн боловсруулж, цагийн хуваарийн дагуу тус тусад нь хооллоно.
3.10. Ялтан ажлын цагаар өөрийн зардлаар таксафон ашиглах, сонин хэвлэл захиалах эрхтэй бөгөөд энэ ажлыг нийгмийн ажилтан хариуцан зохион байгуулна.
3.11. Ялтан нь нийтийн хоолноос гадна албан хаагчдын цайны газарт захиалга өгч өдөрт нэг удаа хоол, цайгаар үйлчлүүлж болох бөгөөд төлбөрийг өөрөө хариуцна.
3.12. Ялтан өвчний учир зайлшгүй гадны эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх асуудлыг өвчтөний биеийн байдал, онош, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийн дүгнэлт, эмчлэгч эмчийн саналыг харгалзан баривчлах ял эдлүүлэх байрны дарга шийдвэрлэнэ.
3.13. Нийслэл дэх баривчлах ял эдлүүлэх ангид ял эдэлж байгаа ялтан мэс заслын болон хүнд өвчний улмаас харьяа Нэгдсэн эмнэлэгт, бусад ялтан орон нутгийн нэгдсэн эмнэлэгт зохих харуул хамгаалалтын хяналтанд хэвтэж эмчлүүлнэ. Бусад тохиолдолд өөрийн эмнэлгээр үйлчлүүлнэ.
3.14. Ялтны төрсөн болон үрчилж авсан эцэг эх, эхнэр, нөхөр, хүүхэд, хадам эцэг, эх, төрсөн ах,и эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх нас барсан буюу хүндээр өвчилсөн тохиолдолд энэхүү нөхцөл байдал байрыг сум, дүүргийн засаг даргын болон эмнэлгийн байгууллагын албан ёсны тодорхойлолтыг үндэслэн баривчлах ял эдлүүлэх байрны даргын тушаалаар 5 хүртэл хоног чөлөө олгож болно.
Дөрөв. Ялтны дунд зохиох хүмүүжлийн ажлын
хэлбэр, зохион байгуулалт
4.1. Ялтны дунд зохиогдох хүмүүжлийн ажлыг нийтийн болон ганцаарчилсан хэлбэрээр зохионо.
4.2. Шинээр ирж буй ялтныг тухайн байгууллагын дарга, эсвэл дэд дарга, нийгмийн ажилтан, эмч, тоо бүртгэлийн байцаагч нар өөрсдийн ажил мэргэжлийн онцлогт тохируулан ганцаарчлан уулзаж авир араншин ял хэргийн болон биеийн эрүүл мэндийн байдлын талаар өөрсдийн санал дүгнэлтийн байгууллагын арга зүйн зөвлөлд сард 1 удаа танилцуулж тухайн ялтныг хүмүүжүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөө гаргаж, түүнийг хэрэгжүүлэхээр ялтан, байгууллага, нийгмийн ажилтан нарын 2 талаас хамтран зөвшилцсөн гэрээ хийж үр дүнг тооцож ажиллана.
4.3. Хүмүүжлийн ажлын хэлбэр нь хууль эрх зүйн мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, хууль, эрх зүйг сурталчлах, урьд ажиллаж байсан хөдөлмөрийн хамт олонтой нь харилцаа холбоо тогтоож, суллагдсаны дараа ажилд нь буцаан авах талаар дэмжлэг үзүүлэх, суллагдсаны ажил, амьдралын тогтвор суурьшилтай болох талаар өөрт нь сэтгэл зүйн хувьд дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд оршино.
4.4. Албан хаагчаас ялтантай харьцах нь хүнийг хүмүүжүүлэх, хүмүүжлийн зөв төлөвшил олгоход бүрэн чиглэсэн байна.
4.5. Албан хаагчдаас ялтнууд болон тэдний төрөл садангийн хүмүүстэй хувийн эрх ашиг сонирхлын үүднээс харьцаа тогтоох, үйлдэхийг хориглоно.
4.6. Хүмүүжлийн ажилд төрийн ба төрийн бус байгууллага, тухайн орон нутгийн засаг захиргаа, олон нийтийн бусад байгууллага, иргэд, шашны байгууллагыг өргөнөөр оролцуулна.
Тав. Ялтанд хориглох зүйл
5.1. Өрөө тасалгаагаар сэлгүүцэх, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, сэтгэл, санааны дарамт, шахалт үзүүлэх, эд зүйлсийг зөвшөөрөлгүй авах, өрөө тасалгааны хэлбэрийг өөрчлөх, өрөө тасалгаандаа үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах;
5.2. Зэвсгийн чанартайгаар хэрэглэж болох эд зүйлийг бие болон өрөө тасалгаанд авч орох, байлгах, нуун далдлах, хорих ангийн дотоод журам болон энэхүү журмаар хориглосон үйлдэл, эс үйлдэл хийх.
Зургаа. Ялтны эргэлт, уулзалт
6.1. Байгууллагын дарга, дэд даргын бичгээр өгсөн зөвшөөрлийн дагуу харуул хамгаалалтын ажилтны хяналтын дор уулзалтыг зохион байгуулна.
6.2. Түр уулзалтын тоог хязгаарлахгүй бөгөөд үргэлжлэх хугацаа 3 цагаас илүүгүй, даан хугацааны уулзалтыг 2 сард нэг удаа хийх ба үргэлжлэх хугацаа 24 цагаас илүүгүй байна.
6.3. Уулзалтын байр, өрөө тасалгаа, ахуйн хэрэгцээний нөхцлийг тухайн анги, байрны захиргаа, уулзалттай холбогдсон бусад зардлыг уулзагсад хариуцаж байгууллагатай тооцоо хийнэ.
6.4. Шалгалтаар хориглосон эд зүйл илэрсэн бол түр хураан авч уулзалт дууссан үед эзэнд нь буцааж өгнө.
Найм. Ялтныг сайшааж урамшуулах
8.1. Баривчлах байрны дотоод дэг журмыг чанд сахин, байгууллагаас зохиосон үйл ажиллагаанд идэвхтэй сайн оролцсон ялтныг байгууллагын даргын тушаалаар дараахь хэлбэрээр урамшуулна. Үүнд:
8.1.1. баяр хүргэх
8.1.2. удаан хугацааны уулзалтын тоог нэмэх.
Ес. Ялтанд хүлээлгэх сахилгын шийтгэл
9.1. Гаргасан зөрчил нь гэмт хэргийн шинжгүй, дотоод цагийн хуваарь, дэг журмыг зөрчсөн тохиолдолд ялтанд сахилгын шийтгэлийг оногдуулахдаа " Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль"-ийн 127 дугаар зүйл, "Хорих ангийн дотоод журам"-ын 23 дугаар зүйлийг тус тус баримтална.
Арав. Ялтныг суллах ажиллагаанд бэлтгэх, суллах журам
Текст томруулах
A
A
A