A

A

A

Бүлэг: 1979
УГЕГ,  ҮТЕГ -ын даргын 2003 оны 707/227 дугаар
                                  хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт
 
ТҮҮХИЙ ЭД, МАТЕРИАЛЫН ТАТВАРЫГ УРЬДЧИЛАН  ТӨЛҮҮЛЖ, СУУТГАН ТООЦОХ ТУХАЙ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт мал аж ахуйн гаралтай түүхий эд, байгалийн баялаг болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болох түүхий эд, материал (цаашид "түүхий эд, материал" гэнэ) бэлтгэн экспортлон гаргаж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн орлогод ногдох албан татварыг (цаашид "татварын урьдчилгаа" гэнэ) урьдчилан төлүүлэх, улирал, жилийн эцсийн татварын тооцоогоор суутган тооцохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2. Монгол Улсын нутаг дэвсгэрт түүхий эд бэлтгэн экспортолж  байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэд Татварын Ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Хүн амын орлогын албан татварын хуулийн 10 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсгийг  үндэслэн татварыг урьдчилан ногдуулж төсөвт төлүүлнэ.
3. Татварын урьдчилгааг аж ахуйн нэгж, байгууллага төлж байгаа бол аж ахуй нэгж, байгууллагын  орлогын албан татвар, иргэн төлж байгаа бол хүн амын орлогын албан татварын урьдчилгаа гэж үзнэ.
4.Экспортод гаргаж байгаа түүхий эд, материалд ногдуулж, суутган тооцох татварын хэмжээг УГЕГ, ҮТЕГ-ын даргын хамтарсан тушаалаар баталж мөрдүүлнэ.
 5. Түүхий эд, материал бэлтгэн экспортод гаргаж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд татвар төлөгчөөр бүртгэсэн тухай тусгай гэрчилгээг аймаг, нийслэлийн татварын хэлтэс (газар) олгоно. Гэрчилгээний загварыг УГЕГ, ҮТЕГ-ын даргын хамтарсан тушаалаар батална. Гэрчилгээнд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, удирдлагын овог, нэр, ажиллах хугацааг заасан байна.
6. Гаалийн байгууллага нь түүхий эд, материалын татварын урьдчилгааг төлөөгүй болон гэрчилгээгүй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн түүхий эд, материалыг хилийн боомтоор нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй.
Хоёр. Татвар төлөх, суутган тооцох
 
7. Түүхий эд, материал экспортлох аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь аймаг, сумын татварын албатай харилцдаг бол аймгийн татварын хэлтэстэй, ТТОХГ, нийслэл, дүүргийн татварын албатай харилцдаг бол Нийслэлийн татварын газартай татвар урьдчилан төлөх тооцоог хийнэ.
8. Аймгийн төвөөс алслагдсан, гадаадад түүхий эд гаргах хилийн боомтод ойр оршдог сумаас түүхий эд гаргах аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн татварын урьдчилгааг сумын татварын улсын байцаагч хураах зөвшөөрлийг тухайн аймгийн Татварын хэлтсийн дарга албан ёсоор олгоно.
9. Аймаг, нийслэлийн татварын хэлтэс (газар) нь тухайн нутаг дэвсгэртээ түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийн боловсруулсан болон зах зээлд нийлүүлэгдэж байгаа түүхий эдийн үнэ ханш, хөдөлгөөн, түүхий  эд худалдан авч, экспортод гаргах гэрээний биелэлтэд цогц байдлаар хяналт тавьж ажиллана.
10. Татварын урьдчилгаа төлсөн тооцоог Аймаг, нийслэлийн татварын хэлтэс (газар)-ийн татвар хураалтын ахлах байцаагч хийх бөгөөд үүнд хэлтсийн дарга хяналт тавьж ажиллана.
11. Аймаг, нийслэлийн татварын хэлтэс (газар) нь түүхий эд, материал экспортлох аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд татвар төлсөн тухай банкны шилжүүлэг, баримтыг үндэслэн «Урьдчилан төлүүлж, дараа нь суутган тооцохоор хураасан татварын тухай тодорхойлолт» гаргаж өгөх бөгөөд уг тодорхойлолтод татвар төлөгч, татварын албаны хэлтсийн дарга, ахлах байцаагч нар гарын үсгээ зурна.
12. «Урьдчилгаа төлүүлж, дараа нь суутган тооцохоор хураасан татварын тухай тодорхойлолт»-т гарын үсэг зурах эрх бүхий хэлтсийн дарга, татварын улсын ахлах байцаагчдын гарын үсгийн баталгаа, байцаагчийн тэмдгийн дугаарыг гаалийн байгууллагад албан ёсоор хүргүүлнэ.
13. Тодорхойлолтод эрх бүхий татварын ахлах байцаагчаас бусад байцаагч гарын үсэг зурах, тэмдэг дарахыг хориглоно.
14.«Урьдчилан төлүүлж, дараа нь суутган тооцохоор хураасан татварын тухай»  тодорхойлолтын загварыг МУГЕГ, ҮТЕГ-ын хамтарсан тушаалаар батална. Тодорхойлолтын маягт нь үнэт цаас байна.
15. Тодорхойлолтод түүхий эд, материал экспортлох аж ахуйн нэгж, байгууллага, иргэний нэр, хаяг, регистрийн дугаар, экспортлох улсын нэр, гэрээний дугаар, гэрээний үнийн дүн, түүхий эд, материалын нэр, тоо, хэмжээ, суутгасан татварын хэмжээ, гаалийн байгууллагаас хяналтын тооцоо хийсэн тэмдэглэл зэрэг үзүүлэлтүүдийг тусгасан байна.
16.Татварын албаны тодорхойлолтыг 2 хувь үйлдэх ба нэгдүгээр хувийг татварын албанд татвар төлсөн баримтын хуулбарын хамт үлдээж, хоёрдугаар хувийг татвар төлөгчид олгоно.
17. Гаалийн хяналтын улсын байцаагч нь хилийн боомтоор түүхий эд, материал экспортолж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн бараанд үзлэг хийж, татварын урьдчилгаа төлсөн тухай тодорхойлолтод тэмдэглэл хөтлөн гарын үсэг зурж, тэмдэг дарна. Татварын урьдчилгаа төлсөн тухай татварын албаны тодорхойлолт нь гаалийн бүрдүүлэлт хийхэд бүрдүүлэх бичиг баримтын нэг байна.
18.Гаалийн байгууллага нь гаалийн бүрдүүлэлт хийх үедээ татварын урьдчилгаа төлсөн тухай татварын албаны тодорхойлолтыг шаардах ба татвар төлсөн тухай тодорхойлолтгүй тохиолдолд гаалийн бүрдүүлэлт хийхгүй бөгөөд түүхий эд, материалыг экспортод гаргахгүй.
19. Нийслэлийн татварын газар нь түүхий эд, материал экспортлогч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй татварын урьдчилгаа тооцоо хийх тусгай харилцах данстай байна. Тус газар нь дүүргийн татварын хэлтсүүдтэй харилцагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн төлсөн татварын урьдчилгааг тухайн сард нь багтаан дүүргийн татварын орлогын дансанд шилжүүлж, тооцоо хийж байна.
20. Нийслэлийн татварын газар нь дүүргийн татварын хэлтсүүдтэй харилцагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн урьдчилан төлсөн татварын хэмжээ, төлсөн огноог аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бүрээр гаргаж, жагсаалтыг сар бүр холбогдох дүүргийн татварын хэлтэст хүргүүлнэ.
21. Аж ахуйн нэгж, байгууллага нь Монгол Улсын Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийг 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын дагуу татвараас бүрэн чөлөөлөгддөг бол татварын татварын урьдчилгаа төлөхгүй бөгөөд татварын алба энэ тухай тэмдэглэлийг татварын урьдчилгааг төлсөн тухай тодорхойлолтод тэмдэглэнэ. Энэ нь татварын хөнгөлөлт эдлэх аж ахуйн нэгж, байгууллагад хамаарахгүй.
 
Гурав. Татварын эцсийн тооцоо хийх
 
22. Экспортод түүхий эд, материал гаргасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь гаалийн байгууллага баталгаажуулсан «Урьдчилан төлүүлж, дараа нь суутган тооцохоор хураасан татварын тухай тодорхойлолт»-ыг харилцагч татварын албанд татварын тайлангийн хамт ирүүлж, тооцоо хийнэ.
23. Татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь татвараа урьдчилан төлсөн боловч түүхий эд, материалаа экспортолж чадаагүй тохиолдолд энэ тухай татварын албанд албан бичгээр мэдэгдэж, татварын тооцоо хийнэ.
24. Аймаг, нийслэлийн татварын хэлтэс (газар) нь гаалийн улсын байцаагчийн баталгаажуулсан татварын урьдчилгаа төлсөн тухай тодорхойлолт, гаалийн байгууллагаас авсан хөндлөнгийн мэдээлэл, татварын тайланг үндэслэн татварын эцсийн тооцоог хийж, татварын илүү, дутуу төлөлтийн тооцоог гаргана.
25. Татварын алба татварын урьдчилгааг төлөгч иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын илүү төлсөн орлогын албан татварыг Татварын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад «Татварын алба илүү төлсөн татварыг дараачийн сар, улирал, жилийн татварт суутган тооцох буюу татвар төлөгч хүсвэл тооцоо хийснээс хойш 30 хоногийн дотор эгүүлэн олгоно». Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт «Татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг төлбөл зохих татварт суутган тооцох, татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох, эгүүлэн олгох журмаар шийдвэрлэнэ» гэж заасны дагуу шийдвэрлэнэ.