A

A

A

Бүлэг: 1979
Гаалийн ерөнхий газрын даргын 2004 оны
                                       105 дугаар тушаалын хавсралт
 
 
БАНКНЫ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛБӨРИЙН БАТАЛГААГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ЖУРАМ
 
 
Аж ахуйн нэгж, байгууллага нь гаалийн байгууллагаас экспорт, импортын бараанд ногдуулсан гаалийн болон бусад татварыг барагдуулах үүрэг биелэгдэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гаргасан банкны байгууллагын төлбөрийн баталгааг хүлээн зөвшөөрөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
 
 
 
 
Нэг. Ерөнхий зүйл
 
1.1.Гаалийн байгууллагад татварын өргүй, гаалийн хууль тогтоомжийн зөрчил гаргаж байгаагүй аж ахуйн нэгж, байгууллага нь гаалийн болон бусад татварыг барагдуулах зорилгоор банкны төлбөрийн баталгаа гаргуулж болно.
            1.2. Банкны төлбөрийн баталгааг Монголбанкны төлбөрийн баталгаа гаргах үйл ажиллагааны зөвшөөрөлтэй гаалийн нутаг дэвсгэр дээр байгуулагдсан банк гаргана.
 
Хоёр. Банкны төлбөрийн баталгаа, түүний хэмжээ, хугацаа
 
2.1. Банкны төлбөрийн баталгаа нь энэхүү журмын хавсралтаар батлагдсан маягтын дагуу хийгдсэн байна.
2.2. Банкны төлбөрийн баталгааны хэмжээ нь гаалийн байгууллагаас ногдуулсан татварын дүн дээр гарч болзошгүй эрдлээс хамгаалах зорилгоор 20%-иар тооцсон хэмжээний үнийн дүнг нэмсэнтэй тэнцүү байна.
2.3. Банкны төлбөрийн баталгааны хугацаа нь уг баталгаагаар гаалийн бичиг баримтын бүрдүүлэлт хийсэн өдрөөс хойш 30 хоногоос хэтрэхгүй байна.
 2.4. Төлбөрийн баталгааны үнийн дүнгээс хоногийн 0.05 хувийн шимтгэлийг төлбөрийн баталааг гаргасан өдрөөс төлж дууссан өдөр хүртэлх хугацаанд ногдуулан ГЕГ-ийн холбогдох дансанд шилжүүлнэ.
2.5. Төлбөрийн баталгааны зөвшөөрөгдсөн хугацааны дотор аж ахуйн нэгж, байгууллага нь төлбөл зохих гаалийн болон бусад татвар, шимтгэлийг төлсөн бол тухайн төлбөрийн баталгааг дуусгавар болгон хаах бөгөөд өөр гаалийн бүрдүүлэлтийн зорилгоор уг төлбөрийн баталгааны хугацааг дахин сунгахгүй.
2.6. Аж ахуйн нэгж, байгууллага нь банкны төлбөрийн баталгааг өөр аж ахуйн нэгж, байгууллагад шилжүүлэхийг зөвшөөрөхгүй.
2.7. Банкны төлбөрийн баталгаа нь нотариатаар баталгаажуулагдсан байна.
 
Гурав. Банкны байгууллагын гүйцэтгэх үүрэг
 
3.1. Татвар төлөгчийн өмнөөс гаалийн болон бусад татварын төлбөрийг гүйцэтгэх банкны төлбөрийн баталгааг холбогдогч банк нь гаалийн удирдах төв байгууллагад энэхүү журмын хавсралтаар баталсан маягтын дагуу хүргүүлнэ.
3.2. Банкны төлбөрийн баталгааны зөвшөөрөгдсөн хугацаанд татвар төлөгч нь татварын төлбөрийг гүйцэтгээгүй бол банк нь гаалийн байгууллагад гаргасан төлбөрийн баталгаагаар хүлээсэн үүргээ үл маргах журмаар гүйцэтгэнэ.
3.3. Банк нь төлбөрийн баталгаагаар хүлээсэн үүргээ гүйцэтгэхдээ уг баталгааны үндсэн дээр гаалийн эцсийн бүрдүүлэлт хийсэн гаалийн мэдүүлгээр ногдуулсан татварууд болон баталгаат хугацааны шимтгэл, торгуулийг төлнө.
 
Дөрөв. Банкны төлбөрийн баталгааг хүлээн
зөвшөөрөх, гаалийн бүрдүүлэлт хийх
 
4.1. Гаалийн удирдах төв байгууллага банкнаас гаргасан төлбөрийн баталгааг татварын төлбөрийн эрсдэл, зөвшөөрөгдсөн хугацаанд төлөгдөх магадлал, төлбөрийн баталгаа гаргуулсан аж ахуйн нэгж, байгууллага нь гаалийн байгууллагад татварын өртэй эсэх, гаалийн хууль тогтоомжийн зөрчил гаргаж байсан эсэх талаар нягтлан шалгасны үндсэн дээр уг төлбөрийн баталгаагаар гаалийн бүрдүүлэлт хийх зөвшөөрлийг гаалийн бүрдүүлэлт хийж буй  гаалийн байгууллагад албан бичгээр өгнө.
 4.2. Гаалийн бүрдүүлэлт хийж буй гаалийн байгууллага нь дээрх зөвшөөрлийг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийсэн тухай бүр гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн маягтын 5, 50 дугаар хүснэгтийг холбогдох зааврын дагуу нөхөн бичиж авлага үүсгэнэ.
4.3. Гаалийн бичиг баримтын бүрдүүлэлт хийгдэж дууссан өдрөөс тухайн банкны төлбөрийн баталгааг хүчин төгөлдөрөөр тооцож, холбогдох татвар, шимтгэл болон торгуулийг төлснөөр дуусгавар болгоно.
4.4. Банкны төлбөрийн баталгаагаар гаалийн бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллага нь сар бүр төлбөрийн баталгааны үнийн дүн, төлөлтийн явц, дуусах хугацааг тусгасан тайланг ГЕГ-ын Татварын асуудал хариуцсан хэлтэст хүргүүлнэ.
4.5. Төлбөрийн баталгааны зөвшөөрөгдсөн хугацаанд аж ахуйн нэгж, байгууллага нь гаалийн болон бусад татварын төлбөрийг гүйцэтгээгүй бол гаалийн байгууллага төлбөрийн гүйцэтгэлийг төлбөрийн баталгаа гаргагч банкнаас үл маргах журмаар данснаас нь суутгана.
 4.6. Төлбөрийн баталгаагаар гаалийн байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй банкийг тухай бүр Монголбанкинд мэдэгдэх ба энэ нь дараагийн удаад төлбөрийн баталгааг нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзах үндэслэл болно.
 
Тав. Хариуцлага
 
5.1. Төлбөрийн баталгааны зөвшөөрөгдсөн хугацаанд баталгаа гаргуулсан аж ахуйн нэгж, байгууллага болон төлбөрийн баталгаа гаргасан банк гүйцэтгээгүй бол төлөгдөөгүй татварын үнийн дүнгээс бодож хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.
5.2. Банкны төлбөрийн баталгаа гаргуулсан аж ахуйн нэгж, байгууллагын бараанд гаалийн бүрдүүлэлт хийх үед гаалийн хууль тогтоомжийн зөрчил илэрвэл гаалийн хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
5.3. Банкны төлбөрийн баталгаатай холбоотой энэхүү журмаар зохицуулагдаагүй бусад асуудлыг Банкны тухай хууль, Иргэний хууль, Гаалийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
 
 
] ] ]
 
/Журмын хавсралт 1/
 
БАНКНЫ ТӨЛБӨРИЙН БАТАЛГАА
 
200. . оны  . . дугаар                              Дугаар . . .                        Улаанбаатар
сарын . . –ны  өдөр                                                                                 хот
 
1.Төлбөрийн Баталгаа гаргагч банкны нэр:______________________________
2. Банкны улсын бүртгэлийн регистрийн дугаар:________________________
3. Монголбанкнаас зөвшөөрөл олгосон:________________ ¹_____________
                                                                    (он, сар, өдөр)                   (дугаар)
4. Банкны төлбөрийн баталгаа гаргах Монголбанкны Ерөнхийлөгчийн тусгай зөвшөөрөл олгосон :________________ __________¹___________________
                                                   (он, сар, өдөр)                            (дугаар)
5. Өөрийн хөрөнгийн хэмжээ ________________________________________
________________________________банк нь __________________________
                    (банкны нэр)                                             (татвар төлөгчийн нэр)
/регистрийн дугаар:__________________________/-с гаалийн байгууллагаас
______________________________________________________________________________________________________________________________-нд
                                                    (барааны нэр)
ногдуулсан гаалийн болон бусад татварыг төлөх үүрэг биелэгдэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор татвар төлөгчийн нэрийн өмнөөс __________________
                                                                                                (тоогоор)
(_______________________________________________________________)
(үсгээр)
 
төгрөгийг гаалийн байгууллагад төлөх үүрэг хүлээж энэхүү төлбөрийн баталгааг гаргаж байна.
Банкны төлбөрийн баталгааны хугацаа дуусмагц төлбөрийн баталгааны үнийн дүнг, хоногийн 0.05 хувийн шимтгэл болон хугацаа хожимдуулсан хоногийн 0.3 хувийн торгуулийн хамт үл маргах журмаар суутган авахыг зөвшөөрч байна. 
 
                   ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ _______________________/Овог, нэр/
                   ЕРӨНХИЙ НЯГТЛАН
                   БОДОГЧ__________________________________/Овог, нэр/