A

A

A

Бүлэг: 1979
Төрийн өмчийн хорооны дарга, Хөрөнгийн биржийн захирлын 1999 оны 223/880 дугаар хамтарсан тушаалын хавсралт
 
 
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ДАМЖУУЛАН ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ҮНЭТ ЦААСЫГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭРХИЙН БИЧГИЙН БАТАЛГААЖУУЛСАН ЦЭНХЭР ТАСАЛБАР БОЛОН БЭЛЭН МӨНГӨӨР АРИЛЖААЛАХ ТУХАЙ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.          Хувьцаат компанийн хэлбэрээр зохион байгуулагдсан улсын үйлдвэрийн газар болон Монголын хөрөнгийн биржид /цаашид "МХБ" гэх/ бүртгэлтэй хувьцаат компанийн /цаашид "компани" гэх/ төрийн эзэмшлийн үнэт цаасыг хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн баталгаажуулсан цэнхэр тасалбар /цаашид "ХОЭБ" гэх/ болон бэлэн мөнгөөр МХБ-ээр арилжихад үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
 
2.          Төрийн өмчийн хороо компанийн үнэт цаасыг МХБ-ээр арилжих тухай тогтоол гаргана. Тогтоолд худалдах үнэт цаасны тоо ширхэг, нэгж үнэт цаасыг худалдах доод үнийг тодорхой тусгана.
 
3.          ХОЭБ-ийн нэрлэсэн үнийн дүнг ХОЭБ-ийн бичилт хийх тухайн өдрийн МХБ-ийн ТОР-75 индексийг бэлэн мөнгөний арилжаа эхлэх үеийн индекстэй харьцуулсан дүнгээр индексжүүлнэ.
 
4.          ХОЭБ-ийг өв залгамжлуулах, эрх шилжүүлэхэд үүсэх харилцааг Монгол Улсын холбогдох хуулийн дагуу зохицуулна.
 
5.          Харилцагчдын захиалга хүлээн авах, арилжаа явуулах, төлбөр тооцоо хийхэд үүсэх харилцааг энэ журамд өөрөөр заагаагүй бол холбогдох бусад хууль эрхийн актаар зохицуулна.
 
6.          Арилжааны мэдээллийг арилжаа эхлэхээс 30-аас доошгүй хоногийн өмнө олон нийтэд Төрийн өмчийн хороо мэдээлнэ. Мэдээлэлд тухайн компанийн дэлгэрэнгүй танилцуулга, худалдах үнэт цаасны тоо, нэгж үнэт цаасыг худалдах доод үнэ, ХОЭБ-ээр үнэт цаас худалдан авах захиалга авч эхлэх, дуусах хугацаа, бичилт хийх өдөр, арилжаа эхлэх болон дуусах хугацаа, арилжааны хэлбэрийг тодорхой тусгасан байна.
 
Хоёр. Үнэт цаасыг бүртгэх, захиалга авах
7.          .Улсын үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан өөрчлөн зохион байгуулах тухай Төрийн өмчийн хорооны тогтоол, компанийн хувьцааг үнэт цааст тооцох тухай Үнэт цаасны хорооны тогтоолуудыг үндэслэн үнэт цаасыг МХБ бүртгэн авна.
8.          Төрийн өмчийн хороо МХБ-ийн төвлөрсөн хадгаламжид данстай байх бөгөөд төрийн эзэмшлийн үнэт цаасыг Төрийн өмчийн дансанд хадгална.
9.          Төрийн өмчийн хорооны тогтоолд заагдсан үнэт цаасны тоо ширхэг, доод үнэ нь үнэт цаасыг зарах захиалга болно.
10.     Харилцагчид арилжаанд оролцохын тулд МХБ-ийн төвлөрсөн хадгаламжид данс нээлгэсэн байна.
11.     ХОЭБ-ийн индексжүүлсэн үнийн дүнг тусгай кодоор бүртгэн харилцагч тус бүрээр төвлөрсөн хадгаламжид хадгална.
12.     Харилцагч үнэт цаас худалдан авах тухай захиалгаа анх зуучлуулсан МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниар дамжуулан өгнө. Холболтын данс нээлгүүлж арилжаанд оролцохгүй.
 
Гурав. Үнэт цаасны арилжаа, түүний төлбөр тооцоо
 
13.     Харилцагчдаас ирүүлсэн захиалгыг үндэслэн МХБ-ийн Төлбөр тооцоо хадгаламжийн алба ХОЭБ-ийн индексжсэн үнийн дүнтэй тэнцэх үнэт цаасыг нэрлэсэн үнээр тооцон бичилт хийнэ. Бичилтээр ХОЭБ-ийн үнийн дүн төрийн өмчийн дансанд, үнэт цаас харилцагчдын дансанд тус тус шилжинэ.
 
14.     Харилцагчийн дансанд ХОЭБ-ийн үнийн дүнгээс үлдсэн, хувьцаа худалдан авч хүрэхгүй үлдэгдэл нэгж дээр харилцагч мөнгө нэмж хувьцаа худалдан авч болно. Энэ тохиолдолд бэлэн мөнгө, ХОЭБ-ийн дүн нь тус бүртээ өөрийн кодоор төрийн өмчийн дансанд шилжинэ.
 
15.     Төрийн өмчийн дансан дахь ХОЭБ-ийн дүнг устгаж, бэлэн мөнгийг Хорооны харилцах дансанд шилжүүлнэ.
 
16.     Бичилтийг програмын тусламжтай гүйцэтгэж, гүйлгээ хийгдсэн бүх дансны хуулгыг гаргана.
 
Дөрөв. Бусад зүйл
 
17.      Арилжааны тухай мэдээлэл, дансны хуулга, холбогдох судалгааг МХБ, Төрийн өмчийн хороонд ажлын 2 өдрийн дотор гаргаж өгнө.
 
18.      ХОЭБ-ээр хувьцаа худалдан авсан харилцагчаас арилжааны шимтгэл авахгүй.
 
19.      ХОЭБ-ээр хувьцаа арилжсан үнийн дүнгийн 0.3%-тай тэнцэх шимтгэлийг Төрийн өмчийн хороо, МХБ-д төлнө.
 
20.      Бэлэн мөнгөөр арилжсан хувьцааны үнийн дүнгийн 1%-тай тэнцэх шимтгэлийг МХБ нь үйл ажиллагааны зардалд тооцон Төрийн өмчийн дансанд суутган авна.
 
21.      Төрийн өмчийн хорооноос ХОЭБ-ээр болон бэлэн мөнгөөр арилжаа явуулах хугацаа, нийлүүлэх үнэт цаасны тоо хэмжээний талаар биржтэй тусгай гэрээ байгуулан ажиллаж болно.
 
22.      Төрийн өмчийн хувьцааг бэлэн мөнгөөр худалдан авах харилцагч нийтэд зарласан арилжааны мэдээлэлд заасан МХБ-ийн банкууд дахь харилцах дансанд мөнгөө төвлөрүүлнэ.
 
23.      МХБ нь бэлэн мөнгөөр арилжсан хувьцааны 7 хоног тутмын орлогыг дараагийн долоо хоногийн ажлын 2 хоногт багтаан Төрийн өмчийн хорооны банкин дахь харилцах дансанд шилжүүлнэ.