A

A

A

Бүлэг: 1979
МУГЕГ-ын даргын 2002 оны 07 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
 
                       
ГААЛИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧ АЖИЛЛУУЛАХ  ЖУРАМ
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Гаалийн байгууллага өөрийн хариуцах нутаг дэвсгэрт болон тухайн нутаг дэвсгэрт орших аж ахуйн нэгж, байгууллагын дэргэд гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  ажиллуулахтай холбогдон гаалийн байгууллага, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.
 
Хоёр. Гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
ажиллуулах
           
            2.1. Гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг дараах газарт ажиллуулж болно. Үүнд:
            а/ гаалийн байгууллагагүй хилийн дамжин өнгөрөх боомт,
            б/ гаалийн байгууллагагүй аймгуудын шуудан тасаг,
            в/ экспортын чиглэлийн томоохон үйлдвэрийн газар болон захиалагчийн материалаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуй нэгж, байгууллагын дэргэд,
            г/ гаалийн байгууллагаас байнга хяналт тавих, захиалгаар үйлчлэх бололцоогүй төмөр замын өртөөдөд,
            д/ гаалийн удирдах төв байгууллагаас шаардлагатай гэж үзсэн газарт.
            2.2. Гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн орон тооны ажилтан байна.
            2.3. Гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаалаар томилно.
            2.4. Гаалийн удирдах төв байгууллага, итгэмжлэгдсэн төлөөлөгч  ажиллуулах талаар тохиролцсон буюу шийдвэрлэсэн тухайн байгууллагатай нэг жилээс илүүгүй хугацаагаар гэрээ байгуулна.
            2.5. Гэрээнд гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцах гаалийн нутаг дэвсгэр, гаалийн бүрдүүлэлтийн горим, ажиллах хугацаа, гэрээ байгуулагч талуудын хүлээх үүрэг, хариуцлага, гэрээ цуцлах нөхцөл, түүнд олгох цалин хөлс зэргийг тусгана.
            2.6. Гэрээнд гаалийн удирдах төв байгууллагын эрх бүхий албан тушаалтан, итгэмжлэгдсэн төлөөлөгч  ажиллуулах тухайн аж ахуйн нэгж,  байгууллагын удирдлага, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно.
            2.7. Гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гаалийн удирдах төв байгууллагын дэргэдэх Сургалт, судалгааны төвөөс зохион явуулах сургалтад хамрагдсан байна.
            2.8. МУГЕГ-аас гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажиллах нутаг дэвсгэр, үйл ажиллагаанд хяналт тавих гаалийн байгууллагын нэр зааж өгнө.
            2.9. Нутаг дэвсгэрийн харъяаллын дагуу хяналт тавих гаалийн байгууллагаас итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлыг улирлаар дүгнэж, чиглэл, зааварчилга өгнө.
 
Гурав. Гаалийн бүрдүүлэлт
 
            3.1. Гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зөвхөн гэрээнд заасан боомт, гаалийн бүрдүүлэлтийн горимоор гаалийн бүрдүүлэлт хийх бөгөөд үйл ажиллагаандаа Монгол улсын гаалийн хууль тогтоомжийг удирдлага болгоно.
            3.2. Гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бүрдүүлэлт хийсэн бараа, тээврийн хэрэгслийг шаардлагатай гэж үзвэл хилийн болон гүний аль нэгэн гаалийн байгууллага дахин шалгаж болно.
            3.3. Гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гаалийн бүрдүүлэлтэд хяналтын тэмдэг, хувийн дугаар бүхий ²гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч² гэсэн тэмдэг хэрэглэнэ.
            3.4. Гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гаалийн бүрдүүлэлт хийсэн тухай болон татвар, хураамж ногдуулалт, барагдуулалтын  тухай мэдээ, тайланг зохих журмын дагуу тухайн гаалийн байгууллага, удирдах төв байгууллагад хүргүүлнэ.
 
Дөрөв. Бусад
 
            4.1. Гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гаалийн бүрдүүлэлттэй холбоотой зөрчил гаргасан тохиолдолд гаалийн хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
            4.2. Дараах тохиолдолд гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажиллуулах гэрээг цуцална:
            1/ гаалийн хууль тогтоомж зөрчсөн,
            2/ хоёр тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй,
            3/ гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажлаасаа халагдсан,
            4/ тухайн аж ахуйн нэгж татан буугдсан,
            5/ хоёр тал хэлэлцэн тохирсон,
            6/ бусад.
            4.3. Энэ журмаар зохицуулаагүй бусад асуудлыг гаалийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.