- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ГААЛИЙН ХЯНАЛТЫН БУС ТАЛБАЙД ЗАХИАЛГААР ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ ХИЙХ ЖУРАМ
Монгол Улсын гаалийн ерөнхий газрын даргын 1998 оны 316 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
ГААЛИЙН ХЯНАЛТЫН БУС ТАЛБАЙД ЗАХИАЛГААР ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ ХИЙХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллага (цаашид ²захиалагч² гэнэ)-ын гадаадад илгээх буюу хилийн чанадаас ирүүлсэн түргэн муудах, хагарч гэмтэх, хадгалалт, тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардагдах, улсын нууцын зэрэглэлд орох, түүнчлэн түүх соёлын дурсгалт зүйлс, валют ба валютын үнэт зүйлс зэрэг бараа болон Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ажиллаж буй гадаадын дипломат төлөөлөгчдийн газар, гадаадын болон олон улсын байгууллагын бараа, тэнд ажиллагсдын хувийн ачаа тээшинд гаалийн хяналтын бус зам, талбай, байр тасалгаа, агуулах (цаашид ²гаалийн хяналтын бус талбай² гэнэ)-д гаалийн хяналт, шалгалт хийхэд энэ журмын зорилго оршино.
1.2.Захиалгаар гаалийн бүрдүүлэлт хийсэн гаалийн улсын байцаагчийн ажилласан хугацааг тооцохдоо эхэлсэн цагийг гаалийн байгууллагаас гарсан цагаар, дууссан цагийг гаалийн бүрдүүлэлт хийгдсэн тухай баримт үйлдэж төлбөр хийгдсэн, эсвэл нэхэмжлэл бичсэн цагаар тогтооно.
1.3.Захиалгаар гаалийн бүрдүүлэлт хийсний хураамжийг 60 минут бүрээр бодож дараагийн 60 минут нэгэнт эхэлсэн бол бүтэн цагаар тооцно.
Хоёр.Захиалагчийн хүлээх үүрэг, хариуцлага
2.1.Захиалагч бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт, шалгалт хийлгэхээс 1-3 хоногийн өмнө харьяа гаалийн газар, хороо, салбар (цаашид ²гаалийн байгууллага² гэнэ)-т захиалгыг гаалийн хяналт шалгалтад шаардлагатай бичиг баримтыг бүрэн бүрдүүлсний эцэст тухай бүр захиалгын хуудсаар өгнө.
2.2.Захиалагч гаалийн хяналт, шалгалтыг хийх ажлын байр, нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ гаалийн улсын байцаагчийг унаагаар хангах бөгөөд ажлын өдрийн үргэлжлэл Хөдөлмөрийн хуулинд заасан цагаас илүүгүй байна. Зайлшгүй тохиолдолд зөвхөн томилсон албан тушаалтны зөвшөөрлөөр илүү цагаар ажиллана.
2.3.Захиалагч албан үүргээ биелүүлэхтэй холбогдсон гаалийн улсын байцаагчийн тавьж буй шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Үүргээ хангалтгүй биелүүлсэн буюу удаа дараа зөрчиж байгаа захиалагчид гаалийн байгууллага захиалгаар үйлчлэхээс татгалзаж болно.
2.4.Захиалагч нь гаалийн улсын байцаагчийн албан үүрэгтэйгээ холбогдолгүй тавьсан хүсэлт, шаардлагын тухай гаалийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.
2.5.Гаалийн битүүмжлэлийн бүрэн бүтэн байдлыг захиалагч хариуцна.
2.6.Захиалагч зөрчил гаргасан тохиолдолд гаалийн хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
Гурав.Гаалийн хяналт, шалгалт хийх
3.1.Гаалийн байгууллага захиалагчаас захиалгаар төлбөртэй ажиллуулах дуудлага хүлээн авахдаа тухайн бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлтийг гаалийн хяналтын бус талбайд хийх шаардлагатай эсэхийг сайтар магадлан шалгасны эцэст захиалга дуудлагыг захиалгын хуудсаар хүлээн авна. Төлбөрийг МУГЕГ-ын даргын тушаалаар батлагдсан хураамжийн дагуу тооцно.
3.2.Гаалийн газар, хороо, салбарын дарга, эрхлэгч нар ажлын ачаалал, үргэлжлэх хугацаа, гаалийн хяналт шалгалтын арга хэлбэр, онцлогийг харгалзан 2-оос доошгүй гаалийн улсын байцаагчийг томилж, ажлын заавар, чиглэл өгнө.
3.3.Гаалийн улсын байцаагч нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн буюу зөрчил гаргасан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
3.4.Гаалийн улсын байцаагчийн тавьсан ломбо тасарсан буюу ямар нэгэн өөрчлөлт орсон тохиолдолд дахин нарийвчилсан үзлэг хийх бөгөөд анх гаалийн бүрдүүлэлт хийсэн гаалийн улсын байцаагчийг заавал байлцуулна.
3.5.Гаалийн улсын байцаагч захиалгаар гаалийн бүрдүүлэлт хийсэн тухайгаа томилж явуулсан албан тушаалтанд 24 цагийн дотор мэдэгдэж, захиалгын хуудсаа хаалгана. Захиалгын хуудсыг ²Төлбөрт үйлчилгээний хураамжийн хуудас² (Маягт ¹1)-тай хамт үдэж хавсаргана.
3.6.Гаалийн улсын байцаагч нь албан үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор өөр хүсэлт, шаардлага захиалагчид тавихыг хориглоно.
Текст томруулах
A
A
A