A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын гаалийн ерөнхий газрын даргын 1996 оны 210 дугаар тушаалын хавсралт
 
ГААЛИЙН ХЯНАЛТЫН ТАЛБАЙ БАЙГУУЛАХ,  ТҮҮНИЙ ХИЛ, ДЭГЛЭМ ТОГТООХ ЖУРАМ
 
            Гаалийн хяналтын талбай байгуулах, түүний хил, дэглэм тогтооход энэхүү журмыг мөрдөнө.
 
Нэг.Гаалийн хяналтын талбай, түүний хил
 
            1.Гаалийн газар, хороо, алба, салбар (цаашид ²Гаалийн байгууллага² гэнэ) бүр гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх зориулалт бүхий гаалийн хяналтын талбайг өөрийн хариуцах нутаг дэвсгэрт байгуулна.
            2.Гаалийн хяналтын талбай байгуулахад дараах нөхцөл, шаардлага хангагдсан байна:
                        а/гаалийн хяналтын талбайд орох, гарах хаалганаас бусад газраар бараа, тээврийн хэрэгсэл, бие хүн нэвтрэх боломжийг хаасан хашаа, тор татсан байх;
                        б/гаалийн хяналтын талбайд ачаа зөөвөрлөх тэргэнцэр /погрушик/ 3-н ширхэгээс доошгүй, бараа ачих, буулгах тоног төхөөрөмж, ачаа жигнэх пүү, гаалийн хяналт, шалгалт хийх зориулалтын саравч, цахилгаан, ус суваг, холбооны шугам сүлжээ, өрөө танхим зэрэг гаалийн бүрдүүлэлт, хяналт, шалгалтын үйл ажиллагааг хэвийн явуулахад зайлшгүй шаардлагатай зүйлс байх,
                        в/чингэлгээр тээвэрлэгдсэн бараа, тээврийн хэрэгслийг шалгах хяналтын талбайн хэмжээ нь гаалийн хяналт, шалгалт явуулах шаардлага хангасан байх,
                        г/гаалийн түр агуулахтай байх,
                        д/гаалийн хяналтын талбайд жилд буух бараа, тээврийн хэрэгслийн тоог Гаалийн хяналт, шалгалтын хэлтэст жилийн эхэнд урьдчилсан байдлаар гарган өгч, улирлаар тодотгол хийж байх.
            3.Гаалийн шалгалтыг Гаалийн хяналтын талбайд хийнэ. Шаардлагатай бол гаалийн шалгалтыг энэхүү журмын 2-т заасан нөхцөл хангагдсан тохиолдолд, гаалийн холбогдох байгууллагын зөвшөөрлөөр, мэдүүлэгчийн  зардлаар, албаны болон ахуйн байранд хийж болох бөгөөд энэ үед тэр нь Гаалийн хяналтын талбайн үүргийг  түр гүйцэтгэнэ.
            4.Хадгалалт, тээвэрлэлтийн онцгой нөхцөл шаардах бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх зориулалт бүхий Гаалийн хяналтын талбайг гаалийн байгууллага өөрийн хариуцах нутаг дэвсгэрт тусгайлан байгуулж болно.
            5.Гаалийн бичиг баримтын шалгалт, гаалийн хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгслийн шалгалт зэрэг нь өөр өөр газар хийгддэг бол тэдгээрийг гаалийн нэг хяналтын талбай гэж тооцно.
            6.Гаалийн шалгалтыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөн дунд хийх тохиолдолд тухайн тээврийн хэрэгсэл нь Гаалийн хяналтын талбай болно.
            7.Гаалийн хяналтын талбайн хилийг гаалийн байгууллага өөрөө тогтооно. Шаардлагатай бол Гаалийн хяналтын талбайн хилийг хилийн хяналтын холбогдох албад, эсвэл аж ахуйн нэгж, байгууллагатай тохиролцон тогтоож болно.
            8.Гаалийн хяналтын талбайн хилийг тогтоохдоо дараах зүйлсийг багтаан хамааруулж болно:
                        а/шалган нэвтрүүлэх боомт болон хилийн хяналтын бусад албадын ажлын байр;
                        б/тээвэр, зуучлалын болон холбогдох бусад аж ахуйн нэгж, байгууллагын бараа, тээврийн хэрэгсэл хадгалах, ачих, буулгах, бараа ялгах, ангилах талбай, агуулах;
                        в/гаалийн хилээр нэвтрэх тээврийн хэрэгсэл;
                        г/шаардлагатай бол аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн талбай, банкны салбар, бусад байгууламж.
            9.Гаалийн байгууллага Гаалийн хяналтын талбайн бүдүүвч зургийг гаргаж, тухайн гаалийн байгууллагын дээд шатны байгууллагад танилцуулсан байна.
            10.Гаалийн хяналтын талбай нь олон нийтэд мэдэгдхүйц таних тэмдэгтэй байна. Гаалийн хяналтын талбайн таних тэмдэг нь тэгш өнцөгт хэлбэртэй, 1,0х0,60 метрийн харьцаатай, цагаан дэвсгэртэй самбар дээр хар хөх өнгөөр ²Гаалийн хяналтын талбай² гэсэн бичээстэй байна.
            Таних тэмдэгийн зүүн дээд өнцөгт Монгол Улсын гаалийн байгууллагын бэлгэ тэмдэг байна.
            11.Гаалийн хяналтын талбайд болон гадна талд нь улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараатай холбогдол бүхий хууль тогтоомж, талбайн дэглэмийг олон нийтэд урьдчилан анхааруулсан байна.
 
Хоёр.Гаалийн хяналтын талбайн дэглэм
 
            12.Гаалийн хяналтын талбайд орж, гарахдаа гаалийн, эсхүл холбогдох байгууллагын зөвшөөрлийг үндэслэнэ. Уг зөвшөөрөл нь байнгын болон түр хугацааны байна:
      а/Байнгын зөвшөөрөл нь тухайн хяналтын талбайд тогтмол ажил үүрэг гүйцэтгэдэг хүмүүст олгогдоно. Тухайн гаалийн байгууллагатай  зөвшөөрөлцсөний үндсэн дээр дээрх зөвшөөрлийг эрх бүхий байгууллагын үнэмлэх орлож болно.
                        б/Түр хугацааны зөвшөөрлийг шаардлагатай бол доорх хүмүүст олгоно:
                        -тухайн талбайд ажиллаж байгаа хүмүүсийг ажил үүргийн зааварчилгаар хангах, хянах зорилго бүхий албан тушаалтанд;
      -засвар үйлчилгээ-техникийн ажилтан;
                        -нийгмийн дэг журам сахиулах ажилтан;
                        -хүн эмнэлгийн ажилтан;
            -           гал командын ажилтан.
                        в/Зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг эзэмшигчийг гаалийн бүрдүүлэлт хийлгэх зорилгоор хяналтын талбайд нэвтрүүлэхдээ биеийн байцаалтын баримт бичиг (үнэмлэх, паспорт), зорчигчийн тийзийг үндэслэн нэвтрүүлнэ.
            13.Бараа эзэмшигч, тээвэрлэгч Гаалийн хяналтын талбайд бараа, тээврийн хэрэгслийг оруулснаас хойш 30 минутын дотор гаалийн шалгалт хийлгэхээр гаалийн байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй.
            14.Гаалийн хяналтын талбайд барааг ирсэн өдрөөс хойш 3 хүртэл хоног хадгалах бөгөөд энэ хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бол гаалийн түр агуулах руу шилжүүлнэ. Бараа ийнхүү шилжүүлэх болон гаалийн түр агуулахад хадгалахтай холбогдон гарах зардлыг мэдүүлэгч хариуцна.
            15.Гаалийн хяналтын талбайд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
      а/Гаалийн хяналтын талбайд зөвшөөрөгдсөнөөс бусад газраар нэвтрэх, бараа, тээврийн хэрэгсэл, хүн нэвтрүүлэх;
                        б/Гаалийн хяналтын талбайд гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй бараа, тээврийн хэрэгсэл, хүн нэвтрүүлэх;
                        в/Гаалийн байгууллагаас зөвшөөрснөөс бусад үйл ажиллагааг явуулах;
                        г/Гаалийн хяналтын талбайн бүс, гаалийн хилийг тодорхойлсон анхааруулга, тэмдгийг эвдэх, гэмтээх, өөрчлөх, тэнд танхайрах.
 
Гурав. Бусад заалт
 
            16.Тээврийн байгууллага нь Гаалийн хяналтын талбайд нэвтэрсэн бараа, тээврийн хэрэгслийн тайланг улирал бүрийн дараа сарын 15-ны дотор гаалийн байгууллагад энэ журмын хавсралтын дагуу гаргаж өгнө.
            17.Энэхүү журмаар зохицуулагдаагүй бусад асуудлыг гаалийн холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
            18.Гаалийн хяналтын талбайн дэглэм зөрчсөн тохиолдолд гаалийн хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.