- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт, шалгалт хийх үйл ажиллагааны дэс дараалал тогтооход энэ журмын зорилго оршино.
МУГЕГ-ын даргын 2006 оны 50 дугаар тушаалын Нэгдүгээр хавсралт
Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт, шалгалт хийх үйл ажиллагааны дэс дараалал тогтооход энэ журмын зорилго оршино.
Хоёр. Бараа тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад авах
2.1. Гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгсэл улсын хилээр орсон үеэс хилийн гаалийн хяналтад байна. Тээвэрлэгч гаалийн хилээр оруулж буй бараа, тээврийн хэрэгслийг гаалийн замаар тээвэрлэж, хилийн гаалийн байгууллагын хяналтын талбайд оруулна.
2.2. Тээвэрлэгч, бараа, эзэмшигч бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын талбайд оруулснаас хойш 30 минутын дотор, тогтоосон цагийн хуваарьтай тээврийн хэрэгслийг гаалийн хилээр оруулах буюу гаргахаас 1 цагийн өмнө гаалийн байгууллагад мэдэгдэнэ.
2.3. Гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгслийн лац, ломбо гэмтсэн, бичиг баримтын битүүмжлэл алдагдсан тохиолдолд тээврийн байгууллагыг байлцуулан акт үйлдэж, зөрчлийг арилгах талаар холбогдох арга хэмжээ авна.
2.4. Хилийн гаалийн байгууллага бараа, тээврийн хэрэгслийн лац, ломбо, задгай тээврийн хэрэгсэлд ачсан тохиолдолд барааны байрны тоог дагалдах бичиг баримттай тулган шалгаж, бүртгэлээр гаалийн хяналтад авч, дор дурдсан дагалдах баримтад "гаалийн хяналтад байгаа" тэмдэг дарж огноог бичин, гаалийн улсын байцаагч гарын үсэг зурж, хувийн дугаар бүхий тэмдэгээр баталгаажуулна. Үүнд:
а/ ачааны манифест;
б/ төмөр зам, агаарын болон авто тээврийн баримт;
в/ барааны үнийн нэхэмжлэх;
г/ барааны баглаа боодлын жагсаалт;
д/ барааны чанарын гэрчилгээ;
е/ гаалийн хилээр оруулахад гаалийн хууль тогтоомжийн дагуу шаардагдах бусад баримт бичиг.
2.5. Хилийн гаалийн байгууллага, гүний гаалийн байгууллагад хүрэх бараа, тээврийн хэрэгслийн дагалдах баримтыг дугаарлан, ачааны манифест дээр дагалдах бичиг баримтын тоогбичин битүүмжлэл тавьж гаалийн хяналт дор илгээнэ.
2.6. Хилийн гаалийн байгууллага гаалийн хяналт дор явуулсан бараа, тээврийн хэрэгслийн мэдээг тухай бүр МУГЕГазрын Бараа, тээврийн хэрэгслийн гаалийн хяналтын алба болон бараа, тээврийн хэрэгсэл очих гүний гаалийн байгууллагад сүлжээгээр дамжуулна.
2.7. Гаалийн хилээр орох бараа, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн дагалдах бичиг баримтыг хилийн гаалийн байгууллага гаалийн хяналтад авсан үеэс гүний гаалийн байгууллагын хяналтад орох хүртэл хилийн гаалийн байгууллага хяналт тавина.
2.8. Гүний гаалийн байгууллага хилийн мэдээ болон тэээврийн байгууллагаас өгсөн мэдээллийг үндэслэн бараа, тээврийн хэрэгслийг гүний гаалийн байгууллагын гаалийн хяналтын талбайд ирмэгц тээврийн байгууллагатай хамтран бараа, тээврийн хэрэгслийн дугаар, илгээгчийн лац, ломбо, чингэлэгийн тоон ба үсгэн тэмдэглэгээг шалгаж, тээврийн байгууллагаас шилжүүлсэн баримтын хувь тус бүрийг дугаарлан бүртгэл хөтөлнө. Бараа, тээврийн хэрэгсэл энэ үеэс гүний гаалийн байгууллагын хяналтад орно.
2.9. Гаалийн хяналтын талбай хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч ГАМАС-ын "Терминал манифестийн программ" дээр тухайн барааны бичлэгт 1 дүгээр хаалт хийж, эрсдлийн үзүүлэлтийг тооцон манифестийн В хүснэгтэд "гаалийн хяналтад байгаа" тэмдэг дарж, огноог бичин, гарын үсэг зурж, хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулна.
Битүүмжлэл гэмтсэн болон ачааны манифестэд бичигдсэн дагалдах бичиг баримт алга болсон, солигдсон, засварлагдсан тохиолдол бүрт хяналтын талбай хариуцсан гаалийн улсын байцаагч холбогдох арга хэмжээг авч, эрсдэл тооцох системд гарсан зөрчлийн талаар тэмдэглэл хийж, мэдээг тухай бүр МУГЕГазрын Бараа, тээврийн хэрэгслийн гаалийн хяналын албанд хүргүүлж байна.
2.10. Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын талбайд 3 хоног хадгалж болох бөгөөд энэ хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бол гаалийн түр агуулахад шилжүүлнэ.
Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн түр агуулахад шилжүүлэхдээ тээврийн байгууллагын ахлах төлөөлөгч, агуулахын нярав, 2 ба түүнээс дээш гаалийн улсын байцаагчийг байлцуулан гаалийн хяналтын талбай хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч гаалийн түр агуулахын бүртгэлд бүртгэнэ. Ачааны манифест дээр "гаалийн түр агуулахад шилжүүлэв" хяналтын тэмдэг дарж, огноог бичин, гарын үсэг зурж, хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулна.
2.11. Гаалийн хилээр гаргах бараа, тээврийн хэрэгсэл нь гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн хяналтад байна.
2.12. Гаалийн хяналтын талбайд оруулсан гаалийн хилээр гарах бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын талбай хариуцсан гаалийн ахлах улсын байцаагч бүртгэлд авна.
Гурав. Бараа, тээврийн хэрэгслийг мэдлүүлэх
3.1. Бараа, тээврийн хэрэгслийг гаалийг бүрдүүлэлтийн аль нэг горимд хамааруулж, гаалийн байгууллагад мэдүүлэхээс өмнө гаалийн хяналтад хамааруулах зорилгоор товч мэдүүлгийг хэрэглэнэ.
Ачааны манифест нь гаалийн товч мэдүүлэг болно.
3.2. Мэдүүлэх гэдэг нь гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн талаархи шаардлагатай бүх мэдээллийг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу гаргаж, холбогдох бичиг баримтын хамт гаалийн байгууллагад өгөхийг ойлгоно.
3.3. Мэдүүлэх хэлбэр:
а/ бичгээр /худалдааны бараа эргэлт, зорчигчийн харилцаанд батлагдсан маягтын дагуу/;
б/ амаар /зорчигч, улс хоорондын илгээлтэд/;
в/ электрон сүлжээ /худалдааны бараа эргэлтэд/ ;
г/ үйлдлээр /зорчигч ногоон гарцыг сонгох/.
3.4. Мэдүүлэгч гаалийн мэдүүлгийгн маягтыг батлагдсан зааврын дагуу нөхөн бичиж электрон сүлжээгээр гаалийн байгууллагад мэдүүлнэ. Энэхүү мэдүүлгийн бичлэгийг гаалийн байгууллага хүлээн авч ГАМАС-ын "Мэдүүлгийн бүртгэл, үнэлгээний программ"-д бүртгэсэн үеэс мэдүүлгийг гаалийн байгууллага хүлээн авсан гэж үзнэ.
Дөрөв. Гаалийн бичиг баримтын шалгалт
4.1. Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч гаалийн мэдүүлгийг холбогдох баримт бичгийн хамт хүлээн авч, бичиг баримтын бүрдэл бүрэн эсэхийг хянах бөгөөд бичиг баримт бүрэн бол мэдүүлэг хүлээн авсан тухай дардас дарж, холбогдох бичиг баримтыг дугаарлан огноог бичиж, мэдүүлэгчийн мэдүүлсэн үнийг хянана.
4.2. Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч энэ журмын 2.4-д заасан бичиг баримт гаалийн хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, бүрдэлт бүрэн эсэхийг дараах байдлаар шалгана:
а/ мэдүүлэгчийн сонгосон бүрдүүлэлтийн горимд шаардагдах бичиг баримт бүрэн эсэх, түүнд байгаа мэдээлэл нь үнэн зөв эсэх, тэдгээр нь хүчин төгөлдөр эсэх, тамга, тэмдэг, гарын үсэг хүчинтэй эсэх, засвар өөрчлөлт орсон эсэх;
б/ гаалийн бүрдүүлэлтэд өгсөн бичиг баримтуудад буй мэдээллүүдийг хооронд нь тулган шалгаж зөрчилтэй эсэхийг тогтоох;
в/ гаалийн мэдүүлгийн үнэн зөвийг хүснэгт тус бүрээр холбогдох бичиг баримттай нь тулган шалгах.
4.3. Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч барааны үнэ, бичиг баримтын бүрдэлт, гаалийн мэдүүлгийн үнэн зөвийг шалгаж, мэдээллийн сан үүсгэх хариуцлагыг хүлээн, гаалийн мэдүүлгийн 54 дүгээр хүснэгтэд хувийн дугаар бүхий тэмдэгээ дарна.
4.4. Гаалийн болон бусад албан татвар, хураамжийн ногдуулалт, барагдуулалтыг татварын тооцоо хариуцсан гаалийн улсын байцаагч нягтлан шалгаж, мэдүүлэгт дугаар олгож, мэдүүлгийн татвар хураамжийн дүнгийн хэсэгт хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулна.
4.5. гаалийн болон бусад албан татвараас чөлөөлсөн, гаалийн болон бусад татварын төлбөрийг хойшлуулсан, хорогдуулан тооцохтухай гаалийн мэдүүлгийн 50 дугаар хүснэгтэд татварын тооцоо хариуцсан гаалийн улсын байцаагч тэмдэглэнэ.
Тав. Бараа, тээврийн хэрэгслийн шалгалт
А/ Гаалийн хилээр оруулах
5.1. гаалийн бичиг баримтын шалгалт дуусахад гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч бараа, тээврийн хэрэгслийг шалгах 2-оос доошгүй гаалийн улсын байцаагчийг томилно.
5.2. Бараа, тээврийн хэрэгсэлд шалгалт хийхээр томилогдсон гаалийн улсын байцаагч гаалийн мэдүүлгийг бусад бичиг баримттай нь хүснэгт бүрээр тулгаж шалгана. Бичиг баримтын бүрдүүлэлт дутуу, алдаатай засвартай байх тохиолдолд шалгалт хийхээс татгалзаж, энэ тухайгаа гаалийн улсын ахлах байцаагчид мэдэгдэн бичиг баримтын шалгалт хийсэн гаалийн улсын байцаагчид буцаана. Бичиг баримтыг хангалттай гэж үзвэл ГАМАС-т орж эрсдлийн түвшинд хамрагдсан тооцог харна.
5.3. Бараа, тээврийн хэрэгслийн шалгалтыг гаалийн хяналтын талбайд хийнэ. Тодорхой шалтгааны /эвдэрч гэмтэх, түргэн муудах, аюултай бараа гэх мэт/ улмаас гаалийн хяналтын талбайд шалгалт хийх боломжгүй тохолдолд мэдүүлэгчээс гаргасан хүсэлтээр зохих журмын дагуу шийдвэрлэж болно.
5.4. Гаалийн шалгалт эхлэхээс өмнө гаалийн шалгалт хийхээр томилогдсон гаалийн улсын байцаагч тээврийн байгууллагын төлөөлөгч, мэдүүлэгчийг байлцуулан гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгсэлд болон тэдгээрийн хадгалагдаж буй агуулахад тавьсан битүүмжлэлийн бүрэн бүтэн байдлыг шалгана.
Битүүмжлэл гэмтэлтэй байвал гаалийн улсын ахлах байцаагчид мэдэгдэн, тээврийн байгууллагын төлөөлөгч, мэдүүлэгчийг байлцуулан тэмдэглэл үйлдэж, тээврийн байгууллагын актыг хавсаргана.
5.5. Бараанд гаалийн шалгалт хийхээс өмнө мэдүүлэгчийн тээврийн хэрэгслийг нуувч болгон ашиглаж болзошгүй эд анги, зай хөндийг шалгана.
Шаардлагатай бол тээврийн хэрэгслийн эд ангийг задлуулж шалгана.
5.6. Гаалийн шалгалтын эрсдэл тооцох системийн түвшинд тохируулж эсвэл өөрийн мэдрэмж, өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу хийнэ.
5.7. Гаалийн хилээр оруулах бараа нь гаалийн мэдүүлэгтэй тохирч байгаа эсэх түүний дотроос барааны нэр төрөл, ангилал, зориулалт, жин, тоо хэмжээг нарийвчлан шалгана. Эрсдэлтэй гэж тооцсон бараа, тээврийн хэрэгсэл болон шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд гаалийн улсын ахлах байцаагч гаалийн шалгалтад оролцоно.
5.8. Барааг шалгахдаа түүний хайрцаг, сав, баглаа, боодлыг онгойлгох, задлах мөн гаалийн хяналт, шалгалтын техник, багаж хэрэгсэл, эрэлч нохой ашиглана.
5.9. Бараа, тээврийн хэрэгсэлд хийх гаалийн шалгалтыг ажлын өдөрт багтаан дуусгах бөгөөд тухайн өдөрт багтахгүй бол энэ тухай гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид мэдэгдэ, шийдвэрлүүлнэ.
5.10. Шалгалтаар гаалийн хууль тогтоомжийн зөрчил илрээгүй бол гаалийн улсын байцаагч гаалийн мэдүүлгийн 1 дүгээр хүснэгтэд заасан гаалийн бүрдүүлэлтийн горимын кодод хамаарах хяналтын тэмдгийг гаалийн мэдүүлэгт дарж, огноог бичин, гарын үсэг зурж, хяналтын тэмдгийн баруун болон зүүн доод буланд хувийн дугаар бүхий тэмдгийг тод дарж баталгаажуулж, гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн ахлах улсын байцаагчид мэдэгдэнэ.
5.11. Гаалийн хяналт, шалгалт хийсэн болон илэрсэн зөрчлийн талаар эрсдэл тооцох системд дүгнэлт хийнэ.
5.12. Гаалийн хяналтын талбай хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч гаалийн эцсийн бүрдүүлэлт хийгдсэн тухай холбогдох бүртгэлд тэмдэглэл хийж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын талбайгаас гаргах зөвшөөрөл олгоно.
5.13. Бараа, тээврийн хэрэгсэлд шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч нь гаалийн мэдүүлгийг холбогдох бичиг баримтын хамт бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид ажлын 3 хоногт багтаан өгч мэдүүлгийн хаалтыг хийлгэнэ.
Б/ Гаалийн хилээр гаргах
5.14. Гаалийн хилээр гарах бараа, тээврийн хэрэгслийг энэ журмын 5.1.-5.12-д заасны дагуу шалгана.
5.15. Гаалийн шалгалт хийж, гаалийн хууль тогтоомжийн зөрчил илрээгүй тохиолдолд бараа, тээврийн хэрэгслийн онцлогоос шалтгаалан лац, ломбоны аль тохирохыг сонгон хэрэглэж, мэдүүлгийн Д хүснэгтэд дугаарыг бичнэ.
5.16. Бараа, тээврийн хэрэгслийг шалгасан гаалийн улсын байцаагч гаалийн мэдүүлэгт "гаалийн хяналтад байгаа" тэмдэг дарж, гаалийн бүрдүүлэлт хийсэн огноо бичин гарын үсэг зурж, хувийн дугаар бүхий тэмдгийг хяналтын тэмдгийн баруун болон зүүн доод буланд тод дарна.
5.17. Бараа, тээврийн хэрэгслийг шалгасан гаалийн улсын байцаагч дагалдах бичиг баримтад хаалт хийж, дугаарлан хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулах бөгөөд гаалийн мэдүүлэгт дагалдах бичиг баримтын тоо, дугаарыг тэмдэглэн бараа, тээврийн хэрэгслийг гаалийн мэдүүлэг, дагалдах бичиг баримтын хамт гаалийн хяналтад илгээнэ.
5.18. Бараа, тээврийн хэрэгсэлд шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч нь гаалийн мэдүүлгийг холбогдох бичиг баримтын хамт бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан ахлах байцаагчид өгч мэдүүлгийн хаалтыг хийлгэнэ.
5.19. Улсын хилээр гарах бараа, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн дагалдах бичиг баримт нь хилийн гаалийн байгууллагын хяналтад орох хүртэл гаалийн бүрдүүлэлт хийсэн гүний гаалийн байгууллагын хяналтад байна.
5.20. Хилийн гаалийн байгууллага бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын талбайд ирмэгц тээвэрлэгчтэй хамтран гүний гаалийн байгууллагын лац, ломбыг тулган шалгаж, бараа, тээврийн хэрэгслийн дагалдах баримтыг бүртгэлд авна. Энэ үеэс бараа, тээврийн хэрэгсэл хилийн гаалийн байгууллагын хяналтад орно.
Гаалийн битүүмжлэл гэмтсэн тохиолдолд тээврийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан тэмдэглэл үйлдэж, тээврийн байгууллагын актыг хавсаргана.
5.21. Бараа, тээврийн хэрэгслийн гаалийн битүүмжлэл гэмтсэн, шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хилийн гаалийн байгууллага бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн шалгалт хийнэ.
5.22. Гаалийн шалгалтаар гаалийн хууль тогтоомжийн зөрчил илрээгүй, гүний гаалийн байгууллагын битүүмжлэл гэмтээгүй, хилийн гаалийн байгууллага бараа, тээврийн хэрэгслийг шалгах шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд гаалийн мэдүүлгийн 1 дүгээр хүснэгтэд заасан гаалийн бүрдүүлэлтийн горимд хамаарах хяналтын тэмдгийг гаалийн мэдүүлгийн холбогдох хүснэгтэд дарж, огноо бичн, гарын үсэг зурах бөгөөд хяналтын тэмдгийн баруун болон зүүн доод буланд хувийн дугаар бүхий тэмдгийг тод дарна.
5.23. Гаалийн улсын байцаагчид гаалийн бүрдүүлэлт хийж дууссан талаар гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид мэдэгдэнэ. Гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч дахин шалгалт хийх болон бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр гаргах эсэх шийдвэрийг гаргаж зөвшөөрлийг олгоно.
5.24. Хилийн гаалийн байгууллага бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрээс гаргасан талаар бүртгэлд бүртгэнэ.
5.25. Гаалийн хилээр хоосон чингэлэг гаргах тохиолдолд тээврийн баримтад бичигдсэн чингэлэгийн дугаарыг тулгах, чингэлэгийг онгойлгон шалгах, ломбо тавьж битүүмжлэх үүргийг гаалийн хяналтын талбай хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч хүлээнэ.
5.26.Хилээр гаргах хоосон чингэлэгт хилийн гаалийн байгууллага энэ журмын 5.20-5.24-т заасны дагуу хяналт тавьнаЗургаа. Хүний биед үзлэг хийх
6.1. Гаалийн хилээр нэвтрэх этгээд барааг биедээ нуусан гэх тодорхой сэжиг байгаа бол биед үзлэг хийнэ. Хүний биед үзлэг хийхэд хөндлөнгийн гэрчийг байлцуулна. Хүний биед үзлэг хийж буй гаалийн улсын байцаагч, хөндлөнгийн гэрч нь тухайн этгээдтэй ижил хүйсний хүн байвал зохино. Боломжгүй тохиолдолд холбогдох хуулийн дагуу эмч урьж үзлэг хийлгэж болно. Биед үзлэг хийсэн тохиолдол бүрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл хөтлөн, эрсдэл тооцох санд оруулна.
Долоо. Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах
7.1. гаалийн хилээр бараа, тээврийн хэрэгсэлд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах, шинжилгээ хийлгэх, мэргэжлийн байгууллагаас мэдээлэл, лавлагаа авах, холбогдох байгууллага, албан тушаалтныг оролцуулах зэргээр нягтлан шалгах шаардлагатай бол саатулна.
7.2. Бараа, тээврийн хэрэгслийг саатуулсан гаалийн улсын байцаагч энэ тухай гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн ахлах улсын байцаагчид мэдэгдэнэ.
7.3. Бараа, тээврийн хэрэгслийг саатуулахдаа Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах хуудсыг бичиж, гаалийн түр агуулахад оруулах бөгөөд бараа, тээврийн хэрэгслийг гаалийн түр агуулахад хадгалах хугацаа саатуулсан бараанд хамаарахгүй.
7.4. Зарим онцлог /хадгалалтын тусгай нөхцөл шаарддаг, амархан муудаж гэмтэх аюулүтай бараа гэх мэт/ бараа, тээврийн хэрэгслийг эзэмшигчийн агуулах саванд хадгалуулж болно. Энэ тохиолдолд тухайн агуулах, байр, сав, эсхүл бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллага битүүмжилнэ.
7.5. Бараа, тээврийн хэрэгслийг саатуулсан улсын байцаагч өөрөө хариуцан мэргэжлийн байгууллагын дүгнэлт, мэдээлэл, лавлагаа гаргуулах, холбогдох байгууллага, албан тушаалтныг гаалийн шалгалтад оролцуулах зэрэг нягтлан шалгах ажиллагааг нэн даруй эхэлнэ.
7.6. Саатуулсан бараа, тээврийн хэрэгслийг нягтлан шалгах ажиллагаанд тухайн гаалийн газар, хорооны гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч хяналт тавина.
7.7. Саатуулсан бараа, тээврийн хэрэгслийг нягтлан шалгах ажиллагааг 1 сараас дээшгүй хугацаанд багтаан хийж, холбогдох шийдвэр гаргасан байна.
7.8. Энэ журмын 7.7-д заасан хугацаанд нягтлан шалгах ажиллагаа хийж дуусаагүй бол бараа, тээврийн хэрэгслийг саатуулсан гаалийн улсын байцаагч энэ тухай бичгээр тайлбар гаргаж, гаалийн газар, хорооны даргад танилцуулна.
7.9. Нягтлан шалгах ажиллагаа дуусмагц саатуулсан гаалийн улсын байцаагч шалгалтын дүнг гаалийн байгууллагынхаа гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид танилцуулна.
7.10. Гаалийн гаазр, хорооны гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч шалгалтын материалтай танилцсаны үндсэн дээр бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хууль тогтоомжийн дагуу хэрхэн шийдвэрлэх талаар чиглэл өгнө.
7.11. Нягтлан шалгах ажиллагаа дуусмагц мэдүүлэгчид мэдэгдэнэ.
7.12. Гаалийн байгууллага нягтлан шалгаж, гаалийн хууль тогтоомжийн зөрчил илрээгүй тохиолдолд мэдүүлэгчид мэдэгдснээс хойш 2 сарын хугацаанд бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийлгэж, шийдвэрлүүлээгүй бол Гаалийн тухай хуулийн 88 дугаар зүйлд заасны дагуу гаалийн байгууллага худалдан борлуулна.
7.13. Бараа, тээврийн хэрэгслийг саатуулсантай холбогдох зардал, хохирлыг мэдүүлэгч хариуцана.
Найм. Гаалийн баталгаат болон тусгай бүс, татваргүй барааны дэлгүүр
8.1. гаалийн байгууллага нь өөрийн хариуцах нутаг дэвсгэрт байгуулагдсан гаалийн баталгаат бүс, татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт тавина.
Тусгай бүсэд гаалийн хяналт тавих ажлыг Тусгай бүсийн гаалийн салбар удирдан зохион байгуулна. Тусгай бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагын бараа, ажил үйлчилгээ нь гаалийн хяналтад байна.
Гаалийн хяналт, шалгалтын зорилгоор гаалийн баталгаат бүс, татваргүй барааны дэлгүүр хариуцсан гаалийн улсын байцаагчийг тусгайлан томилон ажиллуулна.
8.2. баталгаат болон тусгай бүсэд барааны гаалийн мэдүүлэг, бүртгэл нь гаалийн хяналт тавихүндсэн баримт болно. Гаалийн байгууллага бараа, тээврийн хэрэгслийн бүртгэлийг холбогдох программын дагуу хийх бөгөөд баталгаат болон тусгай бүсэд тооллого, шалгалт хийхдээ тулган шалгаж баталгаажуулна.
8.3. Гаалийн байгууллага гаалийн баталгаат агуулахад 2 жил тутамд аттестатчилал явуулна.
8.4. гаалийн байгууллага нь баталгаат агуулах эзэмшигчтэй тохиролцсоны үндсэн дээр агуулахад барьцааны болон улсын орлогын бараа хадгалуулж болно.
8.5. Гаалийн баталгаат агуулахад хадгалах хугацаа дууссан барааг холбогдох журмын дагуу улсын орлого болгоно.
8.6. Татваргүй барааны дэлгүүрт гаалийн хяналт тавихдаа улсын хилээр нэвтрэх зорчигч, олон улсын тээврийн мэдээ үйлчилгээ хийж буй тээврийн хэрэгслийн багийн гишүүдийн нэр, аялал, паспорт, тийзийн дугаарыг кассын талонтай тулган шалгана.
8.7. Дэлгүүрийн ажиллах цаг дуусах үед дэлгүүрийн танхим, байр, агуулах, туслах байгууламжид гаалийн байгууллага лац, тэмдэг тавьж битүүмжлэн, нээхэд нь лац, тэмдэгээ шалгаж, ажиллах зөвшөөрөл олгоно.
8.8. Гаалийн баталгаат болон тусгай бүс, татваргүй барааны дэлгүүрт оруулах, гаргах бараа, тээврийн хэрэгсэлд энэ журмын дагуу гаалийн хяналт шалгалт хийнэ.
8.9. Баталгаат болон тусгай бүс, татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагааг түдгэлзүүлсэн тохиолдолд үлдэгдэл барааг тоолж, гаалийн хяналтад хадгална.
8.10. гаалийн баталгаат бүс, татваргүй барааны дэлгүүр ажиллуулах зөвшөөрлийн хугацаа дуусан, хүчингүй болгосон тохиолдолд үлдэгдэл барааг тоолж, бүсийн болон дэлгүүрийн байр, агуулахад гаалийн хяналтад хадгалан, 7хоногийн дотор гаалийн хууль тогтоомжийн дагуу холбогдох горимд шилжүүлнэ.
Ес. Дамжуулан өнгөрүүлэх
9.1. Гаалийн байгууллага дамжуулан өнгөрүүлэх бараанд илгээгч улсын гаалийн байгууллагын тавьсан битүүмжлэл, онцлох таних тэмдгийг дор дурдсанаас бусад тохиолдолд хүлээн зөвшөөрнө:
-гаалийн битүүмжлэлийг хангалттай биш гэж үзсэн;
-гаалийн байгууллагад бараа, тээврийн хэрэгслийг нягтлан шалгах тодорхой үндэслэл байсан.
9.2. Дамжуулан өнгөрүүлэх барааг зориулалтын, битүүмжлэх боломжтой тээврийн хэрэгслээр тээвэрлэх бөгөөд тээврийн хэрэгсэл сэлгүүлэн ачих үйл ажиллагааг гаалийн хяналтан дор гүйцэтгэнэ.
9.3. Дамжуулан өнгөрүүлэх барааг дагалдах бичиг баримтаар гарцаагүй онцлон таних боломжтой бол тухайн барааг ерөнхийд нь гаалийн битүүмжлэлгүй тээвэрлэх шийдвэрийг гаалийн байгууллага гаргаж болно.
9.4. Шаардлагатай тохиолдолд онцгой татвартай барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэхэд тухайн бараа, тээврийн хэрэгслийг хилийн гаалийн байгууллагын хяналтад орсон үеэс нөгөө гаалийн байгууллагын хяналтад орох хүртэл, эсвэл гаалийн хилээр буцаан гарах хүртэлх хугацаанд гаалийн улсын байцаагчийг дагалдуулж болох бөгөөд энэ тохиолдолд "гаалийн хяналтын бус талбайд захиалгаар бүрдүүлэлт хийх журам"-ыг баримтлана.
9.5. Дамжуулан өнгөрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл, тэдгээрийг дагалдах бичиг баримт нь хилийн гаалийн нэг байгууллага хяналтад авсан үеэс гүний гаалийн байгууллага эсвэл нөгөө хилийн гаалийн байгууллагын хяналтад орох хүртэл эхний бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллагын хяналтад байна.
А.Улс хооронд дамжуулан өнгөрүүлэх
9.6. Улсын хилээр орох боомтын гаалийн байгууллага, төмөр замаар тээврийн хэрэгсэл солихгүйгээр шууд дамжуулан өнгөрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг замын хүснэгтээр гаалийн хяналтад авч, бүртгэл хөтөлнө.
9.7. Бараа, тээврийн хэрэгслийг улсын хилээр орох үед, хилийн гаалийн байгууллага тээврийн хэрэгслийн дугаар, илгээгч орны гаалийн бхйгууллагын битүүмжлэл, лац, ломбо, чингэлэгийн тоон болон үсгэн тэмдэглэлээ, задгай ачааны байрны тоо, тээврийн болон дагалдах бичиг баримтыг мэдүүлэгч байгууллагаас сүлжээгээр мэдүүлсэн электрон манифестийн бичлэгтэй тулган шалгаж, зөрчил илрээгүй тохиолдолд тухайн бичлэгийг бүртгэх ба замын хүснэгтийн хувиуд дээр "Гаалийн хяналтад байгаа" тэмдэг дарж, огноо бичин гарын үсэг зурж, байцаагчийн хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулна.
9.8. Эхний бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллага, дамжуулан өнгөрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн электрон манифестийн бичлэгийг гарах хилийн байгууллага болон Гаалийн ерөнхий газрын Бараа, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний гаалийн хяналтын албанд тухай бүр онлайн сүлжээгээр дамжуулна.
9.9. Энэ журмын 7.1-д заасан үндэслэлээр дамжуулан өнгөрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг саатуулан нягтлан шалгаж болно. Энэ тохиолдолд тээвэрлэгч, зуучлагч байгууллагын төлөөлөгчийг заавал оролцуулах ба шаардлагатай гэж үзвэл хөндлөнгийн экспертизийн болон хууль хяналтын байгууллагаас төлөөлөгч байлцуулна.
9.10. Гарах хилийн боомтын гаалийн байгууллага тухайн барааны электрон манифестийн бичлэгийг бараа, тээврийн хэрэгсэл, дагалдах бичиг баримттай тулган шалгаж, зөрчил илрээгүй тохиолдолд улсын хилээр гаргахыг зөвшөөрч, замын хүснэгтэд "Гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргахыг зөвшөөрөв" хяналтын дардас дарж бүрдүүлэлт хийх ба "Терминаль манифестийн программ"-д огноо, ГУБ-ын хувийн дугаарыг оруулан бичлэгт хаалт хийж улсын хилээр гаргана.
Б.Дотоодын дамжуулан өнгөрүүлэх
9.11. Бараа, тээврийн хэрэгслийг улсын хилээр орох үед, хилийн гаалийн байгууллага, бараа, тээврийн хэрэгслийн дугаар, илгээгч орны гаалийн байгууллагын битүүмжлэл лац, ломбо, чингэлэгийн тоон болон үсгэн тэмдэглэгээ, задгай ачааны байрны тоог тээврийн болон дагалдах бичиг баримт, мэдүүлэгч байгууллагаас сүлжээгээр мэдүүлсэн ачааны манифестийн бичлэгтэй тулган шалгаж, зөрчил илрээгүй тохиолдолд тухайн бичлэгийг бүртгэх ба ачааны манифестийн А хүснэгтэд "Гаалийн хяналтад байгаа" тэмдэг дарж огноо бичин гарын үсэг зурж, байцаагчийн хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулна.
9.12. Дамжуулан өнгөрүлэх горимд код 810 бүхий ачааны манифестийн, А хүснэгтэд эхний бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллага, В хүснэгтэд хүрэх өртөөний гаалийн байгууллага, дамжуулан өнгөрүүлэх 811 кодоор бүрдүүлэлт хийсэн ачааны манифестий бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллага, С хүснэгтэд хүрэх өртөөний гүний гаалийн байгууллага, дамжуулан өнгөрүүлэх 812 кодоор бүрдүүлэлт хийсэн ачааны манифестийн С хүснэгтэд эхний бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллага, Д хүснэгтэд эцсийн хүснэгтэд эцсийн бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллага тус тус хяналтын холбогдох дардас дарж бүрдүүлэлт хийх бөгөөд ачааны манифестийн 13 дугаар хүснэгтэд мэдүүлгийн дугаар эсвэл шинээр бичсэн манифестийн дугаарыг тэмдэглэнэ.
9.13. Гарах хилийн боомтын гаалийн байгууллага, ачааны манифестийг бараа, тээврийн хэрэгсэл, дагалдах бичиг баримттай тулган шалгаж зөрчил илрээгүй тохиолдолд улсын хилээр гаргахыг зөвшөөрч ачааны манифестийн Д хүснэгтэд "ГНД-ээс буцаан гаргахыг зөвшөөрөв" хяналтын тэмдэг дарж бүрдүүлэлт хийнэ.
Арав. Бусад
10.1. Гаалийн хилээр орох барааг төмөр замаар тээвэрлэж байгаа боловч бараа, тээврийн хэрэгслийн хүрэх өртөө нь хилийн гаалийн байгууллагын хариуцах нутаг дэвсгэрт орших, эсхүл барааг автомашин, агаарын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаа тохиолдолд эцсийн бүрдүүлэлтийг хилийн байгууллагад хийх бөгөөд гаалийн бүрдүүлэлт хийхдээ энэ журмын 2.10, 3.4-5.13-д заасныг мөрдөнө.
10.2.Гаалийн хилээр гарах бараа, тээврийн хэрэгслийг хилийн гаалийн байгууллагад мэдүүлсэн тохиолдолд гаалийн бүрдүүлэлтийг энэ журмын 4.1-4.6, 5.14-5.15, 5.23-5.24-д заасны дагуу хилийн гаалийн байгууллага хийнэ.
10.3. Гаалийн хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгсэлд дахин шалгалт хийх эсэх асуудлыг тухайн гаалийн байгууллагын хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч, шаардлагатай тохиолдолд удирдах албан тушаалтантай хамтран шийдвэрлэж, дахин шалгалт хийх гаалийн улсын байцаагчийг томилно.
10.4. Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд дахин шалгалт хийсэн тохиолдолд тухайн албан тушаалтан гаалийн мэдүүлгийн G хүснэгтэд огноо бичиж, гарын үсэг зуран хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулан, эрсдэл тооцох системд холбогдох тэмдэглээг хийнэ.
10.5. Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд бүрдүүлэлт хийх явцад гаалийн хууль тогтоомжийн зөрчил илэрсэн тохиолдолд бүрдүүлэлт хийсэн гаалийн улсын байцаагч зөрчлийн тухай тэмдэглэлийг тодорхой үйлдэж, гэм буруутай этгээдэд гаалийн хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулна.
10.6. Гаалийн байгууллагад мэдүүлж, гаалийн хяналтын талбайд орсон бараа, тээврийн хэрэгслийг шалгах явцад мэдүүлэгчийн хүсэлтээр гаалийн хяналтын талбайгаас буцаан гаргахыг хориглоно.
10.7. Гаалийн бүрдүүлэлтийн явцад илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байвал зөрчил илрүүлсэн гаалийн улсын байцаагч үзлэг хийсэн тухай тэмдэглэл үйлдэж, холбогдох материалыг хамт хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.
10.8. Гаалийн шалгалтаар гаалийн мэдүүлэгт мэдүүлээгүй бараа илэрсэн зөрчил нь гаалийн тухай хуулийн 71, 72, 73 дугаар зүйлд зааснаас бусад зөрчлийн бүрэлдэхүүнтэй байвал Гаалийн хуулийн тухайн зүйлд заасан хариуцлагыг ногдуулж, мэдүүлээгүй бараанд гаалийн мэдүүлэг бичүүлж, гаалийн бүрдүүлэлт хийнэ.
10.9. Гаалийн шалгалтаар барааны тоо хэмжээ дутсан, хагарч гэмтсэн болох нь тогтоогдвол гаалийн хяналтын талбай хариуцсан гаалийн ахлах улсын байцаагчид мэдэгдэж, гаалийн мэдүүлэгт экспертизийн актыг хавсаргаж мэдүүлгийн F хүснэгтэд дутсан буюу хасагдах тоо хэмжээг шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч бичиж, хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулна.
Татварын тоо хариуцсан гаалийн улсын байцаагч гаалийн мэдүүлгийн 52 дугаар хүснэгтэд хорогдуулах татварын дүн, 53 дугаар хүснэгтэд төлбөл зохих татварын дүнг бичиж, хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулна.
10.10. Бараа гэмтэж, муудсан, чанарын шаардлага хангахгүйн улмаас эрүүл ахуй, эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөлтай байж болох барааг устгах шаардлагатай нь холбогдох мэргэжлийн албадын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд бараа устгах горимыг хэрэгжүүлэх журмын дагуу устгана.
10.11. Гаалийн мэдүүлэгт гаалийн хяналтын тэмдэг болон хувийн дугаар бүхий тэмдгийг тод дараагүй тохиолдолд гаалийн бүрдүүлэлтийг баталгаажаагүйд тооцож тухайн гаалийн улсын байцаагчид хариуцлага хүлээлгэнэ.
10.12. Гаалийн бичиг баримтын бүрдүүлэлт, татварын тооцоо, гаалийн шалгалт хийснээс үүдэн гарах хариуцлагыг тухайн асуудал хариуцан гаалийн мэдүүлгийн холбогдох хүснэгтэд хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулсан гаалийн улсын байцаагч хүлээнэ.
10.13. Гаалийн бүрдүүлэлтийг баталгаажуулж байгаа хяналтын дардсыг өөрчлөх, огноог засварлахыг хориглоно.
10.14. Гаалийн түр агуулах, хадгалах хугацаа дууссан барааг Гаалийн тухай хуулийн 88 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.
10.15. Энэ журмаар зохицуулагдаагүй асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Текст томруулах
A
A
A