- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- Үндэсний статистикийн газар, Үндэсний татварын ерөнхий газрын даргын 1999 оны 57/60 тушаалын хавсралт
Үндэсний статистикийн газар, Үндэсний татварын ерөнхий газрын даргын 1999 оны 57/60 тушаалын хавсралт
БИЗНЕСИЙН РЕГИСТРИЙН САНД БАЯЖИЛТ, ХӨДӨЛГӨӨН ХИЙХ, МЭДЭЭЛЭХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1. Энэ журмын зорилго нь "Статистикийн тухай" Монгол улсын хуулийн 9 дүгээр зүйлийн 8 дугаар заалтыг хэрэгжүүлэх, судалгааны ажлын үндэслэлийг сайжруулахын тулд аж ахуйн нэгж, байгууллагын бизнесийн регистрийн санг Үндэсний статистикийн газарт төвлөрүүлж, бизнесийн регистрийн санг шинэчлэх, баяжилт хөдөлгөөн хийх, мэдээлэх, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2. Аж ахуйн нэгжийг улсын бүртгэлд бүртгэж, бизнесийн регистрийн дугаар давхардуулахгүй хуваарилах, олгох асуудлыг Үндэсний татварын ерөнхий газар хариуцан гүйцэтгэж байгаа тул төв, орон нутгийн татварын албад бизнесийн регистрийн баяжилт, хөдөлгөөний мэдээг Үндэсний статистикийн газрын харьяа нутаг дэвсгэрийн албадад улирал бүр гаргаж өгнө.
3. Бизнесийн регистрийн дугаар тухайн аж ахуйн нэгж, байгууллагын эдийн засгийн үйл ажиллагаанд оролцохдоо хэрэглэх хамгийн гол бүртгэлийн дугаар байна.
Хоёр. Бизнесийн регистрийн санд баяжилт, хөдөлгөөн хийх
Бизнесийн регистрийн санд дараахь үндэслэлээр баяжилт, хөдөлгөөн хийнэ.
Үүнд: 1. Тус улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллагын тоог мэдэж, статистикийн мэдээлэл, судалгааны хүрээг үнэн зөв тогтооно.
2. Аж ахуйн нэгж, байгууллагын тоо, үйл ажиллагааны чиглэлийг байршлаар нь зөв тогтоож түүн дээр түшиглэн түүвэрлэлт болон нийгэм, эдийн засгийн тооцоо судалгаа хийнэ.
3. Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, удирдах хөтөлбөр, бодлого боловсруулна.
Гурав. Бизнесийн регистрт оруулах баяжилт, хөдөлгөөнийг мэдээлэх
1. Аж ахуйн нэгж, байгууллагын тоо, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлд гарсан өөрчлөлтийг Үндэсний татварын ерөнхий гарын болон аймаг нийслэл, дүүргийн татварын албаны улсын бүртгэл хариуцсан ажилтнууд /албад/ улирал бүрийн дараа сарын 15-ны дотор улсын бүртгэлийн дэвтрээс үндэслэн татвар төлөгчийн бүртгэлийн баазын үзүүлэлтээр Маягт № БР-1, Маягт № БР-2-оор гаргаж тухайн нутаг дэвсгэрийн статистикийн албадад өгч байна.
2. Аймаг, нийслэл, дүүргийн Статистикийн хэлтэс, тасгууд нь улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн буюу шилжиж ирсэн аж ахуйн нэгж, байгууллагын мэдээ Маягт БР-1 ба татан буугдсан дампуурсан буюу шилжсэн аж ахуйн нэгж, байгууллагын мэдээ Маягт БР-2-ыг үндэслэж аймаг, нийслэл, дүүрэгт бизнесийн регистрийн санд улирал тутам баяжилт, хөдөлгөөн хийж албан ёсны мэдээллийн хамралтын хүрээгээ тогтоож байна.
3. Аймаг, нийслэл, дүүргийн Статистикийн хэлтэс, тасгууд регистрийн баяжилт, хөдөлгөөний мэдээг Маягт № БР-1, Маягт № 2-ын үзүүлэлтийн дагуу гаргаж улирлын дараа сарын 21-ний теле холбоогоор Үндэсний статистикийн газрын Бизнесийн регистр, хяналтын хэлтэст ирүүлж байна.
4. Бизнесийн регистр, хяналтын хэлтсийн мэргэжилтнүүд бизнесийн регистрийн төв санд баяжилт, хөдөлгөөн хийж, захиалгатай мэдээллээр хэрэглэгчдэд үйлчилнэ.
5. Бизнесийн регистрийн баяжилт, хөдөлгөөний мэдээлэл нь Улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийн Маягт № ТМ-02,05, Улсын бүртгэлийн дэвтэр зэрэг албан ёсны материал дээр үндэслэгдсэн байна.
6. Аж ахуйн нэгжийн тоо, үйл ажиллагааны чиглэлд гарсан баяжилт, хөдөлгөөний мэдээг хүлээн авахад регистрийн дугаар давхардсан эсэх, эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны ангилалын код, байгууллагын нэр, хаяг зөв хийгдсэн эсэхийг нарийвчлан шалгаж үзсэн байна.
Дөрөв. Бизнесийн регистрийн сан
1. Аймаг, нийслэл, дүүргийн статистикийн хэлтэс, тасгууд нь бизнесийн регистрийн санг аж ахуйн нэгж, төсөвт, төрийн бус болон бусад байгууллага гэж гурав ялгаж тусгай бие даасан файл болгон компьютерын үндсэн санах байгууламжийн зэрэгцээ тусгайлан бэлтгэсэн дискэнд хадгална. Компьютерт эвдрэл гэмтэл тохиолдсон үед дискэнд хадгалсан хувиасаа дахиж компьютерт суулгахаар тооцож хийнэ.
2. Төв, орон нутгийн статистикийн албадын бизнесийн регистрийн сангийн гол үзүүлэлт:
1.Аймаг, нийслэлийн нэр,код
2. Сум, дүүргийн нэр, код
3. Баг,хорооны нэр /дугаар/ код
4.Байгууллагын нэр
5. Регистрийн дугаар
6. Анх байгуулагдсан он,сар, өдөр
7. Утас,факс,Е-mail-ийн дугаар
Оршин байгаа хаяг
8. Харьяалах дээд байгууллага /толгой компани/-ын нэр
9. Регистрийн дугаар
10. Утас,факс,Е-mail-ийн дугаар
11. Оршин байгаа хаяг
12. Хариуцлагын хэлбэр
13. Өмчийн хэлбэр
14. Одоо явуулж байгаа үндсэн үйл ажиллагаа /бусад үйл ажиллагаа, ажиллагчдын тоог жич тодруулна/
15. Нийт ажиллагчдын тоо
16. Үндсэн хөрөнгө /сая төг/
17. Салбар нэгж, охин компаний нэр, регистрийн дугаар
18. Салбар нэгж, охин компаний байршил
19. Салбар нэгж, охин компаний гол үйл ажиллагаа, ажиллагчдын тоо
3. Бизнесийн регистрийн санд улирал тутам хийгдсэн хөдөлгөөнийг ҮТЕГ-ын мэдээтэй тулган шалгаж баталгаажуулж байна.
Тав. Мэдээллийг нөхөн хөтлөх заавар
I.Улсын бүртгэлд шинээр бүртгэгдсэн буюу
өөрчлөгдсөн аж ахуйн нэгж,
байгууллагын улирлын мэдээ Маягт БР-1
Тайлангийн хугацаанд шинээр бүртгэгдсэн, шилжиж ирсэн аж ахуйн нэгж болон үйл ажиллагааны чиглэл, толгой, охин компанид орсон өөрчлөлтийг маягт Бр-1-ээр мэдээлнэ. Энэ мэдээг бизнесийн регистрийн санд баяжилт, хөдөлгөөн хийлгэж байх зорилгоор төв, орон нутгийн татварын хэлтэс улирал бүрийн дараа сарын 15-ны дотор тухайн нутаг дэвсгэрийн статистикийн хэлтэс, тасгуудад гарган өгч байна. Мэдээг улсын бүртгэлийн дэвтрээс үндэслэн асуултын дагуу нөхөж хөтлөхийн хамт үйл ажиллагааны чиглэлийг одоо эрхэлж байгаа гол үйл ажиллагаагаар 9-р багананд Үндэсний статистикийн газрын зөвлөлийн 1998 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж баталсан эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилалаас кодыг авч бичнэ. Аж ахуйн нэгж, байгууллагын хаяг, байршлын нэрийг улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэнээр татлаагүй, цэвэр гаргацтай бичиж, мэдээ гаргасан татварын байцаагч гарын үсгээ зурж статистикийн хэлтэс, тасагт графикт хугацаанд нь хүлээлгэн өгч байна.
II. Татан буугдсан буюу шилжсэн аж ахуйн нэгж, байгууллагын улирлын мэдээ Маягт БР-2
Энэ мэдээг бизнесийн регистрийн санд баяжилт, хөдөлгөөн хийлгэж байх зорилгоор төв, орон нутгийн татварын хэлтэс улирал бүрийн дараа сарын 15-ны дотор нутаг дэвсгэрийн статистикийн хэлтэс, тасгуудад БР-2 маягтаар гарган өгч байна. Мэдээг улсын бүртгэлийн дэвтрээс үндэслэн асуултын дагуу нөхөж хөтлөнө. Аж ахуйн нэгж, байгууллагын хаяг, нэрийг аж ахуйн нэгжийн гэрчилгээнд бичигдсэнээр татлалгүй, цэвэр гаргацтай бичиж мэдээ гаргасан татварын байцаагч гарын үсгээ зурж тухайн нутаг дэвсгэрийнхээ статистикийн хэлтэс, тасагт графикт хугацаанд нь хүлээлгэн өгч байвал зохино.
Шилжиж очсон аж ахуйн нэгж, байгууллагын байршил, хаягийг мэдээний маягтын 8-11 дүгээр багананд бичнэ. Татан буугдсан дампуурсан тухай тайлбар /шүүхийн шийдвэр, хуулийн заалт/-ыг 12 дугаар багананд тодорхой бичнэ. Энд бичигдсэн үндэслэлийг харгалзан статистикийн албаны мэргэжилтнүүд тухайн аж ахуйн нэгж, байгууллагыг бизнесийн регистрийн сангаас хасаж нийтэд зарлаж байна. Текст томруулах
A
A
A