- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ГААЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧСӨН БОЛОН ЗӨРЧИХӨӨР ЗАВДСАН ҮЙЛДЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМ
МУГЕГ-ын даргын 2000 оны 544 тоот тушаалын нэгдүгээр хавсралт
ГААЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧСӨН БОЛОН ЗӨРЧИХӨӨР ЗАВДСАН ҮЙЛДЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМ
НЭГ.Нийтлэг үндэслэл
1.1 Гаалийн хууль тогтоомж зөрчсөн болон зөрчихөөр завдсан үйлдлийн талаарх мэдээллийг /цаашид мэдээлэл гэх/ байгууллага, иргэдээс төлбөртэй эсхүл төлбөргүйгээр хүлээн авах, бүртгэх, нууцыг хадгалахтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
ХОЁР. Мэдээлэл хүлээн авах
2.1. Мэдээллийг МУГЕГ-ын Гаалийн хяналт шалгалт,бүрдүүлэлт,татвар хариуцсан Дэд дарга, Гаалийн хяналт, шалгалтын хэлтсийн дарга, харьяа гаалийн газар, хороо, салбарын дарга, эрхлэгч, тэдгээрийн эзгүйд ажлыг нь орлон гүйцэтгэж байгаа хүн хүлээж авна.
2.2. Гаалийн байгууллага мэдээллийг бичгээр, эсхүл амаар хүлээн авах бөгөөд тухай бүр мэдээлэл бүртгэх маягтыг 1 хувь бичиж мэдээлэл өгсөн этгээдээр гарын үсэг зуруулна. Мэдээллийг утсаар хүлээн авсан тохиолдолд маягтыг нөхөж бичнэ.
2.3. Мэдээллийн дагуу хийх гаалийн хяналт, шалгалтыг зохион байгуулах, илэрсэн зөрчлийг гаалийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх ажлыг энэ журмын 2.1-д заасан албан тушаалтан зохион байгуулна.
2.4. Шалгалтаар илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол хэрэг бүртгэгчид шилжүүлнэ.
2.5. Мэдээллийн дагуу зохион байгуулсан ажил, үр дүнгийн талаар илтгэх хуудсыг МУГЕГ-ын Гаалийн хяналт, шалгалтын хэлтсийн даргад тухай бүр ирүүлнэ.
2.6. Мэдээлэл, мэдээллийн бүртгэл нь "маш нууц"'-ын зэрэглэлтэй байх бөгөөд мэдээлэл бүрийг бүртгэсэн байна.
2.7. Гаалийн байгууллага мэдээлэгчийн талаарх нууцыг чанд хадгалах үүрэгтэй.
ГУРАВ. Төлбөр төлөх
3.1. Гаалийн хяналт, шалгалтаар мэдээлэл үнэн зөв болох нь тогтоогдсон тохиолдолд мэдээлэгчид төлбөр төлнө.
3.2. Төлбөрийн хэмжээг мэдээллийн дагуу илэрсэн зөрчилд холбогдон хураагдсан барааг борлуулсан үнийн дүнгийн 10 хүртэл хувиар тогтооно.
3.3. Мэдээлэгчийн оруулсан хувь нэмрийг харгалзан төлбөрийн хувийг МУГЕГ-ын Мэргэжлийн зөвлөл тодорхойлно.
3.4. Гаалийн хяналт, шалгалтын хэлтэс төлбөр олгох саналыг холбогдох материалын хамт МУГЕГ-ын Мэргэжлийн зөвлөлийн хуралд оруулж шийдвэрлүүлнэ.
3.5. МУГЕГ-ын Мэргэжлийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн МУГЕГ-ын даргын тушаалаар төлбөрийг олгоно.
3.6. Төлбөрийг мэдээлэгч өөрийн биеэр, эсхүл түүний итгэмжлэгдсэн этгээд хүлээн авна.
ДӨРӨВ. Бусад зүйл
4.1. Мэдээллийг шалгах явцад худал мэдээлэл өгсөн нь нотлогдвол төлбөр төлөхгүй.
4.2. Мэдээллийн нууцыг задруулсан этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A