A

A

A

Бүлэг: 1979
МУГЕГ-ын даргын 1995 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 176 дугаар тушаалын хавсралт
 
 
МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭР ДЭЭРХ ГАДААДЫН БОЛОН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН АЛБАН ХЭРЭГЦЭЭНИЙ БАРАА, ТЭДГЭЭРИЙН АЖИЛТАН НАРЫН ХУВИЙН АЧАА, ТЭЭШИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХЭД ГААЛИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙХ ЖУРАМ
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.                  Монгол улсын нутаг дэвсгэр дээрх гадаадын болон олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар /цаашид "Төлөөлөгчийн газар" гэж нэрлэгдэх/-ын албан хэрэгцээний бараа болон тэдгээрийн ажилтан нарын хувийн ачаа, тээшийг улсын хилээр нэвтрүүлэхэд энэхүү журам болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу гаалийн хяналт, шалгалт хийнэ.
2.                  Энэ журмын зорилгоор, Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх Төлөөлөгчийн газрыг "дипломат эрх ямба, дархан эрх эдлэх Төлөөлөгчийн газар" болон "дипломат эрх ямба, дархан эрх үл эдлэх Төлөөлөгчийн газар", тэдгээрийн ажилтан нарыг "дипломат эрх ямба, дархан эрх бүхий албан тушаалтан" болон "дипломат эрх ямба, дархан эрх үл эдлэх албан тушаалтан" гэж тус тус ангилан үзнэ.
 
Хоёр. Дипломат эрх ямба, дархан эрх эдлэх Төлөөлөгчийн газрын албан хэрэгцээний бараанд гаалийн хяналт шалгалт хийх
 
3.                  "Дипломат эрх ямба, дархан эрх эдлэх Төлөөлөгчийн газар"-т дараах байгууллага хамаарна. Үүнд:
а/ гадаад улсаас Монгол улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар,
б/ Засгийн газраа төлөөлөн сууж байгаа худалдааны төлөөлөгчийн газар,
в/ НҮБ болон түүний төрөлжсөн олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газар
 
            Дипломат эрх ямба, дархан эрх эдлэх бусад Төлөөлөгчийн газрын жагсаалтыг Монгол улсын Гадаад харилцааны яамны дэргэдэх ДБҮААГ-аас тухай бүр гаргаж Монгол Улсын Гаалийн ерөнхий газарт өгнө.
 
4.                  Энэ журмын 3-т дурдсан Төлөөлөгчийн газрын албан хэрэгцээний барааг тухайн газрын нот бичиг, барааны жагсаалтыг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийж улсын хилээр нэвтрүүлнэ.
 
Барааны жагсаалтад барааны нэр, уялдуулсан системийн код, тоо ширхэг, нэг бүрийн болон нийт үнэ, улсын хилээр оруулсан он, сар, өдөр зэргийг тусгасан байвал зохино. Энэ жагсаалтыг гаалийн холбогдох байгууллага авч үлдэх бөгөөд тусгай бүртгэл хөтлөх замаар тухайн бараанд хяналт тавина.
 
5.                  Энэ журмын 3-т дурдсан Төлөөлөгчийн газрын албан хэрэгцээний барааг улсын хилээр нэвтрүүлэхэд түүнийг гаалийн агуулахад хадгалах, захиалга-дуудлагаар гаалийн бүрдүүлэлт хийсний хураамжаас бусад гаалийн хураамж, албан татвар ногдуулахгүй.
6.                  Дипломат эрх ямба, дархан эрх эдлэх Төлөөлөгчийн газар өөрийн албан хэрэгцээнд зориулан улсын хилээр оруулсан барааг энэ журмын 3-т зааснаас бусад Монгол улсын нутаг дэвсгэр дээрх байгууллага, иргэдэд худалдах буюу үнэ төлбөргүй шилжүүлэх тохиолдолд энэ тухай гаалийн холбогдох байгууллагад урьдчилан мэдэгдэж, энэ журмын 4-т заасан жагсаалтаас хасуулж, гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн болон бусад албан татвар, хураамжийг нөхөн ногдуулна.
 
Гурав. Дипломат эрх ямба, дархан эрх үл эдлэх Төлөөлөгчийн газрын албан хэрэгцээний бараанд гаалийн хяналт, шалгалт хийх.
 
7.                  "Дипломат эрх ямба, дархан эрх үл эдлэх Төлөөлөгчийн газар" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ажиллаж байгаа бөгөөд энэ журмын 3-т зааснаас бусад гадаадын болон олон улсын худалдаа, эдийн засаг, тээвэр, хэвлэл мэдээлэл, соёл урлаг, шашны байгууллага, мөн түүнчлэн сайн дурын байгууллагуудын төлөөлөгчийн газрыг ойлгоно.
8.                  Энэ журмын 7-д заасан Төлөөлөгчийн газрын албан хэрэгцээний бараанд Гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн бүрдүүлэлт хийж улсын хилээр нэвтрүүлнэ.
9.                  Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ журмын 7-д заасан Төлөөлөгчийн газрын албан хэрэгцээний бараанд гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн болон бусад албан татвар, хураамж ногдуулна.
10.             Энэ журмын 7-д заасан төлөөлөгчийн газар болон Монгол улсын олон улсын гэрээгээр дипломат эрх ямба, дархан эрх эдлэх Төлөөлөгчийн газартай адил хөнгөлөлт эдлэх байгууллага гаалийн болон холбогдох бусад албан татвар төлөөгүй оруулсан барааг энэ журмын 3-т зааснаас бусад байгууллага, иргэдэд худалдах буюу үнэ төлбөргүй шилжүүлэх тохиолдолд энэ тухай гаалийн байгууллагад бичгээр урьдчилан мэдэгдэж, зохих албан татвар, хураамжийг нөхөн төлнө.
 
Дөрөв. Дипломат эрх ямба, дархан эрх бүхий албан тушаалтны хувийн ачаа, тээшинд гаалийн хяналт, шалгалт хийх
 
11.             "Дипломат эрх ямба, дархан эрх бүхий албан тушаалтан" гэдэгт Төлөөлөгчийн газрын дипломат паспорт бүхий гадаадын иргэдийг ойлгоно.
12.             Энэ журмын 11-т хамрагдах албан тушаалтны шилжин суурьшихад шаардагдах эд хөрөнгө болон хувийн бусад ачаа, тээшийг улсын хилээр нэвтрүүлэхэд гаалийн агуулахад хадгалах, захиалга-дуудлагаар гаалийн бүрдүүлэлт хийсний хураамжаас бусад хураамж, албан татвар ногдуулахгүй.
Энэ журмын 11-т дурдсан албан тушаалтны улсын хилээр оруулах хувийн авто тээврийн хэрэгсэлд гаалийн болон бусад албан татвар ногдуулахгүй бөгөөд ийм хөнгөлөлтийг Төлөөлөгчийн газар ажиллаж байх хугацаанд нь гагцхүү нэг удаа эдлүүлнэ.
 
13.             Монгол улсын Гаалийн ерөнхий газарт холбогдох асуудал хариуцсан гаалийн улсын байцаагч нь энэ журмын 11-т хамрагдах албан тушаалтнаас түүний хувийн ачаа, тээшинд Монгол улсын хууль тогтоомжоор улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон буюу хязгаарласан болон арилжааны шинж чанартай эд зүйл байгаа эсэхийг асууж лавлан, энэ тухай ачаа, тээшийн жагсаалт дээр бичүүлж, гарын үсгийг нь зуруулж баталгаажуулна.
 
Хэрэв тий зүйл бий гэж үзэх лавтай үндэслэл байхгүй бол тэдгээр ачаа, тээшинд гаалийн нарийвчилсан үзлэг хийлгүйгээр олгох буюу гаалийн битүүмжлэл /лац, ломбо г.м/-ийг зохих журмын дагуу хийнэ.
 
Үзлэг хийх тохиолдолд дипломат эрх ямба, дархан эрх бүхий албан тушаалтан буюу түүний бие төлөөлөгчийг байлцуулан гүйцэтгэнэ.
 
14.             Дипломат эрх ямба, дархан эрх бүхий албан тушаалтан энэ журмын 12-т заасны дагуу улсын хилээр оруулсан хувийн ачаа, тээшийг энэ журмын 11-т зааснаас бусад хүмүүст худалдах буюу үнэ төлбөргүй шилжүүлэхэд гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн болон бусад албан татвар, хураамжийг нөхөн ногдуулна.
15.             Энэ журмын 11-т заасан албан тушаалтан хувийн ашиг сонирхлын үүднээс Монгол Улсын нутаг дэвсгэр дээр мэргэжлийн буюу худалдаа наймааны үйл ажиллагаа явуулж болохгүй.
 
Тав. Дипломат эрх ямба, дархан эрх үлд эдлэх албан тушаалтны хувийн ачаа, тээшинд гаалийн хяналт, шалгалт хийх.
 
16.             "Дипломат эрх ямба, дархан эрх үл эдлэх албан тушаалтан" гэдэгт энэ журмын 11-т зааснаас бусад гадаадын иргэдийг ойлгоно.
17.             Энэ журмын 16-д заасан албан тушаалтны хувийн ачаа, тээшийг гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн бүрдүүлэлт хийж улсын хилээр нэвтрүүлнэ.
18.             Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ журмын 16-д заасан хүмүүсийн хувийн ачаа, тээшинд гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн болон бусад албан татвар, хураамж ногдуулна.
 
Зургаа. Бусад заалт
 
19.             Энэ журмын 6, 10, 14-д заасан барааны гаалийн үнийг тухайн барааг тийнхүү худалдах буюу шилжүүлэх үеийн үнэ, ханшийг баримтлан гаалийн үнэлгээний аргачлалын дагуу тогтооно.
20.             Төлөөлөгчийн газрын албан хэрэгцээний бараа нь зөвхөн тухайн байгууллагын хэрэгцээнд зориулагдсан байх бөгөөд түүнээс Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах хэмжээгээр хязгаарлагдана.
21.             Энэхүү журмыг зөрчсөн байгууллага, иргэдэд гаалийн холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.