A

A

A

Бүлэг: 1979
Төрийн өмчийн хорооны даргын 1996 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 30 тоот тогтоолын хавсралт
 
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ БОЛОН ТӨРИЙН ӨМЧ ДАВАМГАЙЛСАН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛД НЭР ДЭВШИГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
Монгол Улсын Их Хурлын 1996 оны 40 дүгээр тогтоолын 5, 7 дугаар зүйлийг үндэслэн төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал болон төрийн өмч давамгайлсан хувьцаат компанийн гүйцэтгэх захиралд /цаашид "захирал" гэнэ/ нэр дэвшигчийг шалгаруулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.
Хоёр. Захиралд нэр дэвшигчид тавих шаардлага
Захиралд нэр дэвшигч нь доорхи шаардлагыг хангасан байна:
1.      Аль нэг хуулийн этгээд буюу түүний салбар нэгжийн удирдах ажлыг хоёроос доошгүй жил гүйцэтгэсэн, дээд боловсролтой, удирдлагын зохих мэдлэг, дадлага туршлагатай байх.
2.      Удирдлагын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэг
3.      Захиралд нэр дэвшигчийг доорхи нөхцөлд шалгаруулалтад оруулахгүй:
3.1.    Тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн, удирдаж байсан хуулийн этгээдээ дампууруулсан, эсвэл удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өөрчлөгдсөн этгээдийг таван жилийн дотор;
3.2.    Төрийн, хувийн өмчийн, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлд ордог, тэдгээрийн захиргаанд буюу олон нийтийн болон шашны байгууллага, сангийн удирдах ажлыг хавсран гүйцэтгэдэг хүмүүс ажлаасаа түр түдгэлзээгүй бол;
3.3.    Гадаадын иргэн, харъяалалгүй хүн.
Гурав. Захиралд нэр дэвшигчийн бүрдүүлэх материал
Захиралд нэр дэвшигч нь дараах баримт бичиг бүрдүүлж Төрийн өмчийн агентлагт өөрийн биеэр буюу өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хүргүүлэх, хэрэв ийнхүү хүргэх боломжгүй бол зар мэдээнд заасан хугацаанд баталгаат шуудангаар илгээж болно. Үүнд:
1.      Шалгаруулалтад оролцуулахыг хүссэн өргөдөл.
2.      Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /анкет, маягтын дагуу/.
3.      Мэргэжлийн байдлыг тодорхойлсон баримт бичгийн хуулбар /Диплом, үнэмлэх г.м хуулбарыг нотариатаар батлуулсан/.
4.      Өөрийн харъяалагдах орон нутгийн татвар, цагдаа шүүхийн байгууллага болон Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн тодорхойлолт. Үүнд:
-    аж ахуйн нэгж байгуулж байсан эсэх,
-    өмчийн болон эрүүгийн гэмт хэрэгт холбогдож байсан эсэх,
-    зээл авч байсан эсэх, түүнээс хугацаа хэтэрсэн үлдэгдэл байгаа эсэх.
5.        Тухайн үйлдвэрийн газрыг удирдах үйл ажиллагааны хөтөлбөр. Хөтөлбөрт доорхи зүйлийг тусгасан байвал зохино:
а/ Тухайн үйлдвэрийн газрын сүүлийн жилийн үйл ажиллагаанд өгсөн дүгнэлт;
б/ Менежментийн өөрчлөн байгуулалтын төсөл;
в/ Үйлдвэрийн газрын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх талаарх санал /ямар шинэ арга барил/ технологи нэвтрүүлснээр дээшлүүлэх/, хүргэх түвшин;
Дөрөв. Захиралд нэр дэвшигчийг шалгаруулах журам
1.        Захиралд нэр дэвшигчийг шалгаруулах ажлыг Төрийн өмчийн агентлаг эрхлэн гүйцэтгэнэ.
Төрийн өмчийн агентлаг нь шалгаруулалт явуулахдаа 14 хоногийн өмнө нийтэд зарлах ба захирлыг шалгаруулах тухай зар мэдээнд дараах зүйлийг заавал тусгана:
1.1.      Шалгаруулалтад оролцогчдод тавих тусгайлсан болзол, шаардлага;
2.2.      Шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх хугацаа;
2.        Шалгаруулалтад оролцох нэр дэвшигч нь дараах эрх үүрэгтэй:
2.1.      Шалгаруулалтад оролцох хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамт Төрийн өмчийн агентлагт ирүүлэх;
2.2.      Тухайн үйлдвэрийн газрын талаар сонирхож буй мэдээллийг агентлагаас авах;
3.        Төрийн өмчийн агентлаг нь дараах эрх үүрэгтэй:
1.1.      Шаардлагатай бол нэр дэвшигчийн талаар нэмэгдэл мэдээлэл авах;
2.2.      Нэр дэвшигчийн талаар холбогдох яамны саналыг албан ёсоор авах;
4.      Төрийн өмчийн агентлаг нь захиралд нэр дэвшигчдийг ерөнхий мэдлэг, мэргэжлийн төвшин, хөтөлбөрт өгөх үнэлгээ гэсэн чиглэлээр шалгаруулж дүгнэлт гаргана.
Дүгнэлтийг Төрийн өмчийн агентлагийн даргын томилсон комисс тогтооно.
5.      Нэр дэвшигчдээс шалгаруулалтад тэнцсэн эхний гурав хүртэлх хүний баримт бичгийг холбогдох яамдад хүргүүлэх ба яам уг. материалыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурав хоногийн дотор дээрх хүмүүсийн талаарх саналаа Төрийн өмчийн агентлагт ирүүлнэ. Энэ хугацаанд яам саналаа ирүүлээгүй бол зөвшилцсөнд тооцно.
6.      Төрийн өмчийн агентлаг гурав хүртэл нэр дэвшигчийг холбогдох материал, яамны санал дүгнэлтийн хамт Төрийн өмчийн хорооны хуралд оруулж шийдвэрлүүлнэ.