A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Төрийн Өмчийн Хорооны 1996 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 31 тоот тогтоолын хавсралт
ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ БОЛОН ҮНДСЭН ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЭЭР ЭЗЭМШҮҮЛЭХ ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг зүйл
Төрийн өөрийн өмчийн барилга байгууламж, тэдгээрийн тодорхой хэсэг, үндсэн хөрөнгийг /цаашид үндсэн хөрөнгө гэнэ/ түрээсээр эзэмшүүлэх төсөл шалгаруулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.
Хоёр. Төсөл шалгаруулалтыг зарлах
1. Төрийн өмчийн үндсэн хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэх төсөл шалгаруулах тухай зар мэдээг Төрийн Өмчийн Байрны Ашиглалт Зохицуулалтын Газар /цаашид зохион байгуулагч гэнэ/ уг үйл ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 14 -өөс доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлнэ.
2. Төсөл шалгаруулах тухай зар мэдээнд дараах зүйлийг тусгасан байвал зохино.
а/ Түрээслэх үндсэн хөрөнгийн одоогийн байдал, цаашдын ашиглалт, захиран зарцуулалтад тавих нэмэлт болзол, шаардлага;
б/ Төсөл шалгаруулах үндсэн үзүүлэлтүүд;
в/ Шалгаруулалтад оролцогчдын материалыг хүлээн авах эцсийн хугацаа;
г/ 1 м.кв талбайн түрээслэх үнийн доод хэмжээ; д/ Үндсэн хөрөнгө түрээслэх доод үнийн жишиг;
Гурав. Төсөл шалгаруулалтад оролцогчдод тавих шаардлага
1. Төсөл шалгаруулалтад аж ахуйн нэгж, хувь хүмүүс /цаашид оролцогчид гэнэ/ оролцож болох бөгөөд тэдгээр нь дор дурьдсан шаардлагыг хангасан байвал зохино.
а/ Үндсэн хөрөнгийг түрээсээр эзэмших зориулалт, ажил үйлчилгээний чиглэл;
б/ Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвар;
в/ Төслийг зарласан нөхцөлийн хэмжээнд, холбогдох мэргэжлийн түвшинд хийсэн байх;
г/ Төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх;
2. Төрийн өмчийн байрны ашиглалт, зохицуулалтын газар түрээслэх үндсэн хөрөнгийн онцлог, шинж чанарт нийцүүлэн нэмэлт шаардлага тавьж болно.
Нэмэлт шаардлагыг төсөл шалгаруулах зар мэдээнд заавал тусгаж мэдээлнэ.
3. Төсөл шалгаруулалтад оролцогчдоос гаргасан хөрөнгийн баталгаа нь банк болон бусад аж ахуйн нэгж байгууллагад барьцаалсан хөрөнгө байж болохгүй.
Дөрөв. Оролцогч нь дараах эрх, үүрэгтэй
1. Оролцогчид нь төслөө битүүмжилж, Төрийн өмчийн байрны ашиглалт, зохицуулалтын газарт өөрөө өгөх буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хүргүүлэх, хэрэв ийнхүү хүргэх боломжгүй бол зар мэдээнд заасан хугацаанд баталгаат шуудангаар ирүүлж болно.
2. Төсөл сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүний талаар татгалзах, түүний үйл ажиллагааны талаар томилсон байгууллагад гомдол гаргах.
3. Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвар болон төсөл үнэн зөвийг бүрэн хариуцах.
Тав. Комисс, түүний эрх үүрэг
1. Төсөл шалгаруулах комиссыг Төрийн өмчийн байрны ашиглалт, зохицуулалтын газрын дарга төсөл шалгаруулах өдөр томилно.
2. Комиссын бүрэлдэхүүн дараах үүрэгтэй.
а/ Шалгаруулалтад ирүүлсэн төслийн талаар нэмэгдэл мэдээлэл шаардан авах;
б/ Шалгаруулах арга хэлбэрийг хэлэлцэж тодорхойлох;
в/ Шалгаруулалтыг мэргэжлийн өндөр түвшинд, хууль тогтоомжид нийцүүлэн явуулах;
г/ Үйл ажиллагааныхаа явцад хүлээн авсан бичиг баримтаас мэдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулахгүй байх;
д/ Төсөл шалгаруулах эд хөрөнгийн талаар ямар нэг хувийн сонирхолгүй байх;
е/ Комиссын бүрэлдэхүүнд оролцсон гишүүн нь тусгай саналтай бол тэмдэглэлд саналынхаа үндэслэлийг бичиж татгалзах;
Зургаа. Төслийг хүлээн авах, нээх журам
1. Төрийн өмчийн байрны ашиглалт, зохицуулалтын газар зар мэдээнд заасан хугацаанд ирсэн бүх төслийг ирүүлсэн дарааллаар нь бичиг хэргийн зааварт тодорхойлсноор бүртгэж, тусгай тэмдэглэл хийж, тус тусад нь хадгална.
2. Төрийн өмчийн байрны ашиглалт, зохицуулалтын газар өөрсдийн холбогдох мэргэжилтнийг байлцуулан хүлээж авсан төслүүдэд гарын үсэг зурж, төсөл тус бүрт албан тэмдэг дарж баталгаажуулна.
Төсөлтэй холбогдох нууцыг хамгаалах явдлыг зохион байгуулагч хариуцна.
3. Төсөл шалгаруулах өдөр зохион байгуулагч нь ирсэн бүх төслийг тэмдэглэлийн хамт комисст хүлээлгэн өгнө.
4. Комисс нь төсөл шалгаруулалтад ирүүлсэн төсөл бүрийн бүрэн бүтэн байдлыг шалгаж хүлээн авах бөгөөд энэ тухай актад гарын үсэг зурна.
5. Төсөл тус бүрийг задалж, түүнд байгаа бүх баримтыг бүрэн ирүүлсэн эсэхийг шалгана.
6. Хэрэв баримт бичиг дутуу байвал комисс энэ тухай оролцогчид мэдээлж, тухайн үзүүлэлтээр үнэлгээ өгөхгүй байх, эсвэл төслийг шалгаруулалтаас хасаж буцаах шийдвэр гаргана.
Долоо. Төслийг дүгнэх журам
1. Төслийг 2 үе шаттайгаар дүгнэнэ.
- Эхний шатанд уралдаанд оролцогчид зар мэдээнд заасны дагуу төслийн болзлыг хангасан эсэх;
- Хоёр дахь шатанд ойролцоо буюу адил хангасан нөхцөлд илүү үнэ өгсөн этгээдийг шалгаруулах;
2. Төсөл шалгаруулахын өмнө, түүнийг хэрхэн явуулах, журмын талаар комисс урьдчилан тохиролцсон байна.
3. Комиссын дүгнэлт гаргах ажиллагааны талаар тэмдэглэл хөтөлнө.
4. Комисс гаргасан дүгнэлтээ Төрийн өмчийн байрны ашиглалт, зохицуулалтын газрын зөвлөлөөр хэлэлцүүлнэ.
Зөвлөл нь дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл батлах, үндэслэлгүй болон хууль зөрчсөн гэж үзвэл буцаах шийдвэрийн аль.нэгийг гаргана