A

A

A

Бүлэг: 1979
Төрийн өмчийн хорооны 1997 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 462 тоот тогтоолын хавсралт
 
ТӨРИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТОЙ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ КОМПАНИЙН ХЭЛБЭРТ ОРУУЛАН ХУВЬЧЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.        Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хувьчлагдах төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг Нөхөрлөл, компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэлбэрээр өөрчлөн зохион байгуулахад энэхүү журмыг баримтална.
2.        Өөрчлөн зохион байгуулах талаар Төрийн өмчийн хорооноос баталсан шийдвэрийг тухайн Улсын үйлдвэрийн газарт Төрийн өмчийн хорооноос томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэрэгжүүлнэ.
'Хоёр. Өөрчлөн зохион байгуулах
1.        Шинээр үүсгэн байгуулах компанийн дүрмийн төслийг Нөхөрлөл, компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд нийцүүлэн Төрийн өмчийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч боловсруулна. /Энэ дүрмийн төслийг зохион байгуулах хурлаар хэлэлцэж батлах тул компанийн оноосон нэр, удирдлага, хяналтын бүтэц, тэдгээрийн эрх хэмжээ зэрэг асуудлыг зохион байгуулах хурлаар шийдвэрлэхээр төсөлд дурьдахгүйгээр үлдээж болно./
2.        ТӨХ-ны 1999.03.04-ний өдрийн 128 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.
3.        Дүрмийн сангийн хэмжээ нь 30 сая төгрөгт хүрэхгүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компани, нийт хөрөнгө нь 4,25 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө бүхий томоохон аж ахуйн нэгжийг хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулна. /ТӨХ-ны 1999.03.04-ний өдрийн 128 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан./ Хувьцаат компанийн нэгж хувьцааны нэрлэсэн үнэ 5000 төгрөг байна. Нийт хувьцааны тоог тодорхойлохдоо дүрмийн сангийн хэмжээг нэрлэсэн үнэд хувааж тогтооно. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийн сан 100 ширхэг ногдол хувиас бүрдэнэ.
Гурав. Үнэлгээ
1.       Хувьцаат компанийн нэгж хувьцааны доод үнийг тогтоохдоо 1996 оны жилийн эцсийн цэвэр ашгийг гаргасан хувьцааны тоонд хувааж тодорхойлно.
2.       Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэгж ногдол хувийн доод үнийг тогтоохдоо 1996 оны жилийн эцсийн цэвэр ашгийг 100-д хувааж тодорхойлно.
3.       Бусад тохиолдолд нэгж хувьцааны доод үнийг тогтоохдоо Засгийн Газрын 1997 оны 160 дугаар тогтоолын 5-р журмын 13-т заасныг баримтална. /160-13: ААН-ийн төрийн өмчийг худалдсанаар олох орлогын дээд хэмжээг дараах журмаар тодорхойлно…../
Дөрөв. Хувьчлах ажил
1.        Өөрчлөлтөд хамрагдсан төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын /цаашид "үйлдвэрийн газар" гэх/ хувьцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу Төрийн өмчийн хорооны шийдвэрээр битүүмжилсэн дуудлага худалдаагаар хувьчилна.
2.        Үйлдвэрийн газрын хувьцааг нэг удаагийн арилжаагаар хувьчлах зарчмыг баримтлах бөгөөд хувьцааг худалдан авсан этгээд хувьцаа эзэмшигч буюу хувь нийлүүлэгч гэж тооцогдоно. Уг этгээдтэй Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулна.
3.        Хувьцааг арилжаалж дууссанаас хойш хуульд заасан хугацаанд худалдан авсан хувьцааныхаа үнийг төлсөн этгээдэд өмчлөх эрхийг шилжүүлэх бөгөөд түүний үндсэн дээр уг этгээд нь Нөхөрлөл, компанийн тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу зохион байгуулах хуралд оролцох эрхтэй болно.
Харин худалдан авсан хувьцааныхаа үнийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд Төрийн өмчийн хороо хувьцаа /ногдол хувь/-ны тодорхой хувийг худалдан авсан хуулийн этгээдтэй хамтран төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийг зохион байгуулах хурлыг зарлан хуралдуулж болно.
Тав. Зохион байгуулах хурал
1.        Төрийн өмчийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үйлдвэрийн газрын хувьцааг өмчлөх эрхийг шилжүүлснээс хойш 7 xoногийн дотор зохион байгуулах хурлыг зарлана.
2.        Дуудлага худалдаагаар хувьцааг худалдан авч үнийг тогтоосон хугацаанд төлсөн этгээдэд зохион байгуулах хурлаас гарах шийдвэрийн төсөл, бусад холбогдох баримт бичгийг тарааж өгнө.
3.        Нөхөрлөл, компанийн тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан журмын дагуу хурлыг зохион байгуулж явуулна.
4.        Зохион байгуулах хурлаар Нөхөрлөл, компанийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлүүлнэ.
1/      компанийг байгуулах тухай шийдвэр гаргаж, дүрмийн сангийн хэмжээг батлах;
2/      компанийн дүрэм батлах;
3/      Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, тэдгээрийн хөлс, урамшууллын хэмжээг тогтоох;
4/      хянан шалгагч /хянан шалгагчдын зөвлөл/-ийг сонгох, тэдгээрийн хөлс, урамшууллын хэмжээг тогтоох;
Зургаа. Бусад
1.        Зохион байгуулах хурал хийснээс хойш 7 хоногийн дотор итгэмжлэгдсэн төлөөлөгч /ТӨХ/ нь шинээр байгуулагдсан аж ахуйн нэгжийн удирдлагад үйлдвэрийн газрын эд хөрөнгийг шилжүүлэн өгнө.
2.        Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг шинээр бий болсон компанид шилжүүлснээр төрийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан хувьчлах ажил дуусгавар болох бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 65 дугаар зүйлд заасны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хувьчлалын тайланг бичиж, Төрийн өмчийн хорооны хурлаар хэлэлцүүлж батлуулна.
3.        Нөхөрлөл, компанийн тухай хуулийн 33 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу зохион байгуулах хурал хийж дүрэм баталснаас хойш 14 хоногийн дотор шинээр бий болсон компанийг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсний дараа төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг улсын бүртгэлээс хасуулна.
 
Журмын "Гурав"-ын 3, "Дөрөв"-ийн 1, 2, 3, "Тав"-ын 1, 2 дах заалтуудаас /ногдол хувь/ гэснийг ТӨХ-ны 1999.03.04-ний өдрийн 128 дугаар тогтоолоор хасав.