A

A

A

Бүлэг: 1979
Төрийн өмчийн хорооны 1996 оны 50 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮНДСЭН ХӨРӨНГИЙГ ДАНСНААС ХАСАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.         Төрийн өмчит хуулийн этгээдийн тайлан тэнцэлд бүртгэлтэй байгаа илүүдэл буюу ашиглалтын шаардлага хангахгүй болсон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгө (цаашид үндсэн хөрөнгө гэх)-ийг худалдах, шилжүүлэх, акталж устгах зорилгоор данснаас хасахад энэ журмыг мөрдөнө.
2.         Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг дараах тохиолдолд Төрийн өмчийн хорооны шийдвэрээр данснаас хасна:
а/ илүүдэлтэй эд хөрөнгө;
б/ элэгдэл хорогдлын шимтгэлээр анхны үнийг нь нөхсөн буюу ашиглалтын хугацаа дуусаж, цаашид ашиглагдах боломжгүй болсон эд хөрөнгө;
в/ техник, технологийн болон хэрэглээний хоцрогдолд орж, зайлшгүй шинэчлэх шаардлагатай болсон эд хөрөнгө;
г/ анхны өртгөө бүрэн нөхөөгүй боловч байгалийн гэнэтийн аюул, техникийн осолд өртсөнөөс цаашид ашиглагдах боломжгүй болсон эд хөрөнгө;
д/ ашиглалтын явцад эвдэрч гэмтсэнээс засвар шинэтгэл хийж ашиглахад эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон эд хөрөнгө.
3.        Данснаас хассан үндсэн хөрөнгийг данс бүртгэлд тусгахдаа Сангийн сайдын 1995 оны 40 дүгээр тушаалаар батлагдсан "Аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн дансны үлгэрчилсэн заавар"-ыг үндэс болгоно.
Хоёр. Үндсэн хөрөнгийг данснаас хасах санал ирүүлэх
4.        Төрийн өмчит хуулийн этгээдийн дарга (захирал) нь өмч хамгаалах Байнгын зөвлөлийн гаргасан үндсэн хөрөнгө данснаас хасах тухай дүгнэлтийг үндэслэн Төрийн өмчийн хорооны Төрийн байгууллагуудын хангамжийн газарт саналаа ирүүлнэ.
5.        Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит хуулийн этгээд нь үндсэн хөрөнгө данснаас хасах саналаа аймгийн Төрийн өмчийн төлөөлөгчийн газарт ирүүлнэ.
6.        Өмч хамгаалах Байнгын зөвлөлийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу байгуулна.
7.        Саналд дараах зүйлсийг тусгана;
а/ данснаас хасах эд хөрөнгийн тодорхойлолт, тоо, хэмжээ;
б/ балансын анхны өртөг;
в/ ашиглагдсан хугацаа;
г/ ашиглалтын хугацаанд байгуулсан элэгдэл;
д/ үлдэгдэл өртөг;
е/ байгалийн гэнэтийн аюул, техникийн осолд өртсөн эд хөрөнгийн шалтгааны тухай холбогдох байгууллагын акт, дүгнэлт;
ж/ тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, компьютер болон бусад техникийн хэрэгслүүдийн хувийн хэрэг, ашиглалтын хугацаанд гарсан нэмэгдэл зардал (сэлбэг агрегатуудыг шинээр тавьсан он, cap, өдөртэй нь гаргасан жагсаалт);
з/ данснаас хасах болсон шалтгаан;
и/ уг эд хөрөнгийг акталж устгах, шилжүүлэх, худалдах эсэх тухай санал;
к/ үнийн санал.
8.     Төрийн өмчийн хорооны Төрийн байгууллагуудын хангамжийн газар уг саналыг хүлээн авч, эд хөрөнгийг газар дээр нь нягтлан шалгаад, зохих шийдвэр гарах хүртэл эд хөрөнгийг байгууллагын удирдлагад хариуцуулж, энэ тухай протокол үйлдэн гарын үсэг зуралцана. Хариуцуулж өгсөн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал алдагдвал хариуцлагыг байгууллагын дарга (захирал) хүлээнэ.
9.     Төрийн өмчийн хороо нь үндсэн хөрөнгийг данснаас хасах шийдвэр гаргахдаа дараах зүйлсийг хамтатган шийдвэрлэнэ:
а/ эд хөрөнгийг худалдах;
б/ бусад төрийн өмчит хуулийн этгээдэд шилжүүлэх;
в/ сэлбэг, материал, хоёрдогч түүхий эд болгон ашиглах буюу худалдах;
г/ шууд устгах.
Гурав. Үндсэн хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдах
10.        Төрийн өмчит хуулийн этгээдийн данснаас хасах үндсэн хөрөнгийг худалдах шийдвэр гарсан бол Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу гагцхүү дуудлагаар худалдана.
11.        Дуудлагын худалдаанд оруулах эд хөрөнгийн анхны үнийг Төрийн өмчийн хороо тогтооно.
12.        Төрийн өмчийн хорооны шийдвэрийг үндэслэн Төрийн байгууллагуудын хангамжийн газраас дуудлагын худалдааг явуулах өдөр, газар, хэлбэрийг тогтоож, товлосон өдрөөс 30-с доошгүй /ТӨХ-ны 1998.01.9-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/ хоногийн өмнө нийтэд зарлана.
13.        Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтэй этгээд зарлалын дагуу бүртгүүлэх бөгөөд эд хөрөнгийг худалдах анхны үнийн 10 хувьтай тэнцэх хэмжээний дэнчинг тавьж дуудлагын худалдаанд оролцох эрх олж авна.
14.        Дуудлагын худалдаа явагдаагүй буюу эсхүл оролцсон боловч ялаагүй этгээдэд дэнчинг буцааж олгоно.
15.        Дуудлагын худалдааг явуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан дуудлагын худалдаа явуулах нийтлэг журмыг баримтална.
16.        Төрийн өмчит хуулийн этгээд нь эзэмшилдээ байгаа ашиглах хугацаа нь дууссан буюу эсхүл ашиглах хугацаа дуусаагүй боловч осол гэмтлийн улмаас, ашиглах боломжгүй болсон, хоцрогдолд орсон зэрэг дуудлага худалдаанд оруулах шаардлага хангахгүй болсон үндсэн хөрөнгийг Төрийн өмчийн хорооны Төрийн байгууллагуудын хангамжийн газрын зөвшөөрлөөр худалдаж авах хүсэлтээ гаргасан байгууллага, хүмүүст худалдаж болно.
17.        Төрийн байгууллага, албан газар болон улсын төсөвт үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгө худалдсанаас орох орлогын 50 хувийг, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын хувьд 10 хувийг тус тус улсын төвлөрсөн төсвийн дансанд оруулж, үлдсэн хувийг үндсэн хөрөнгө худалдаж авах буюу сэргээн засварлах зорилгоор байгууллагын мэдэлд үлдээнэ. Шаардлагатай гэж үзвэл Төрийн өмчийн хорооны шийдвэрээр байгууллагын мэдэлд 100 хувь үлдээж болно.
Дөрөв. Үндсэн хөрөнгийг шилжүүлэх
18.        Төрийн байгууллага, албан газрын данснаас хасах үндсэн хөрөнгийг Төрийн өмчийн хорооны Төрийн байгууллагуудын хангамжийн газрын шийдвэрээр бусад төрийн өмчит хуулийн этгээдэд балансаас баланст шилжүүлж болно.
19.        Үндсэн хөрөнгө шилжүүлэхтэй холбогдон гарах зардлыг шилжүүлж авсан тал хариуцна.
Тав. Үндсэн хөрөнгийг акталж устгах
20.        Үндсэн хөрөнгийг акталж сэлбэг, материал, хоёрдогч түүхий эд болгон ашиглах буюу худалдах шийдвэр гарсан бол төрийн өмчит хуулийн этгээдийн өмч хамгаалах Байнгын зөвлөл энэ тухай акт үйлдэн эд ангийг тоо ширхгээр нь гаргаж, өөрийн орлогод аван данс бүртгэлд тусгана.
21.   Данснаас хасах үндсэн хөрөнгийг цаашид ашиглах боломжгүй болсныг нь тогтоон шууд устгах шийдвэр гарсан бол өмч хамгаалах Байнгын зөвлөл уг шийдвэрийн биелэлтийг ханган хэрэгжүүлнэ.
Зургаа. Бусад зүйл
22.        Данснаас хасах үндсэн хөрөнгийн талаар Төрийн өмчийн хорооноос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг төрийн өмчит хуулийн этгээдийн дарга (захирал) өмч хамгаалах Байнгын зөвлөлтэй хамтран байгууллага дээрээ зохион байгуулах бөгөөд Төрийн өмчийн хорооны Төрийн байгууллагуудын хангамжийн газраас хяналт тавина.
23.        Үндсэн хөрөнгө үрэгдэж алга болсон, техникийн осолд өртөж цаашид ашиглагдах боломжгүй болсон, ашиглалтын явцад эвдэрч гэмтсэн нь тодорхой этгээдийн буруутай үйлдлээс болсон нь тогтоогдвол уг этгээдээр хохирлыг арилгуулж, энэ тухай акт, дүгнэлт, шийдвэрийг саналд хавсаргасан байна.
24.        Төрийн өмчит хуулийн этгээд нь үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн үндсэн хөрөнгийг Төрийн өмчийн хорооны Төрийн байгууллагуудын хангамжийн газрын зөвшөөрөлтэй арилжиж болно. Арилжих үндсэн хөрөнгийг Төрийн байгууллагуудын хангамжийн газраас нягтлан шалгаж, үнийг шинэчлэн тогтооно
25.        Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 82 дугаар зүйлд зааснаар хариуцлага тооцно. /ТӨХ-ны 1998.01.9-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/