A

A

A

Бүлэг: 1979
Онцгой байдлын ерөнхий газрын даргын
2008 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн
                  13 дугаар тушаалын хавсралт
 
 
 
  ГЭРЭЭТ  ГАЛ УНТРААХ АНГИ, ХЭСЭГ, ГАЛ ТҮЙМРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ
АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ                                                 
 
 
Нэг. Нийтлэг зүйл:
 
1.1 Байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь өөрийн эд хөрөнгөө гал түймрийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор гал унтраах анги, хэсэг, гал түймрийн улсын хяналтын байцаагч ажиллуулах талаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагатай гэрээ байгуулан ажиллахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.
1.2 "Галын аюулгүй байдлын тухай" Монгол Улсын хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичгийг өөрсдийн байгууллага, аж ахуйн нэгжийн онцлогт зохицуулан хэрэгжүүлэхэд  энэхүү журмын зорилго оршино.
1.3 Тухайн орон нутагт амьдарч буй 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн, үйл ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгж  энэ журмын дагуу тодорхой хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр гэрээт гал унтраах анги, хэсэг, гал түймрийн улсын хяналтын байцаагч ажиллуулах эрх эдэлнэ.
1.4 Байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь гал унтраах анги, хэсэг, гал түймрийн улсын хяналтын байцаагч ажиллуулах саналаа Онцгой байдлын ерөнхий газарт тавьж зөвшилцсөний үндсэн дээр Нийслэл, аймгийн Онцгой байдлын газар, хэлтсийн даргатай "Галын аюулгүй байдлын тухай" Монгол Улсын хуулийн 16 дугаар зүйлийн 2 дугаар зүйл, 17 дугаар зүйлийг тус тус үндэслэн гэрээ байгуулж ажиллана.
            1.5 Гэрээт гал унтраах анги, хэсэг, гал түймрийн улсын хяналтын байцаагч нь тухайн байгууллага, аж ахуйн нэгж, иргэнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр санхүүжинэ.
 
Хоёр. Гэрээ байгуулахад бүрдүүлэх бичиг баримт:
   
           2.1. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь гэрээт гал унтраах анги, хэсэг, гал түймрийн улсын хяналтын байцаагч ажиллуулахыг хүссэн албан ёсны хүсэлт
           2.2. Байгууллага, аж ахуйн нэгжийн гэрчилгээ лиценз, иргэний бичиг баримтын ноториатоор батлуулсан хуулбар.
            2.3. Гэрээт гал унтраах анги, хэсэг, гал түймрийн улсын хяналтын байцаагч ажиллуулах тухай хоёр талын хамтын бичгээр хийгдсэн гэрээ.
           
Гурав. Гэрээнд заавал тусгагдах нөхцлүүд:
 
3.1.  Гэрээ байгуулагч талуудын харилцан хүлээх үүрэг, эрх.
3.2.  Гэрээний эхлэх дуусгавар болгох хугацаа, нөхцөл, дүгнэх журам.
3.3. Гэрээт гал унтраах анги, хэсэг, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн орон тоо, цалин хангамж, галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зарцуулах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлсэн төсөв.
3.4. "Галын аюулгүй байдлын тухай" Монгол Улсын хуулийн 9 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлэх баталгаа, 11 дүгээр зүйлийн 1 дүгээрт заасан заавал даатгал , 17 дугаар  зүйлийн 7 дугаар зүйлд заасан дүрэмт хувцасны зардал.
3.5. "Хөдөлмөрийн хууль" болон "Төрийн албаны тухай", "Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай" Монгол Улсын  хуулиуд, гал унтраах дүрэм бусад хууль тогтоомжийн холбогдох заалтын дагуу тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт эдлүүлэхийг зөвшөөрсөн зөвшөөрөл.
3.6. Гэрээт гал унтраах анги, хэсэг, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн нийгмийн асуудлыг өөрийн ажилтны нэгэн адил авч үзэхийг дэмжсэн санал.
3.7. Гэрээт гал унтраах анги, хэсэг, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн ажлын байр, гал унтраах техник хэрэгсэл, хөдөлмөрийн нөхцөл нь ажил үүрэг хэвийн гүйцэтгэх бололцоог хангах талаархи санал
3.8. Гэрээний хариуцлага
3.9. Гэрээ байгуулагч талуудын эрх бүхий албан ёсны төлөөлөгчийн албан тушаал, овог нэр, харилцах дансны дугаар.
       
Дөрөв. Гэрээний үүргээр хүлээх хариуцлага.
 
4.1. Талууд гэрээнд заасан үүргээ бие биеэ хүндэтгэх үүднээс хариуцлагатай биелүүлнэ.
4.2  Гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
4.3 Гэрээний үүргээ биелүүлж чадаагүйгээс учирсан хохирлыг аль буруутай тал хариуцна.
 
Тав. Гэрээг дуусгавар болгох.
                            
5.1. Гэрээт гал унтраах анги, хэсэг, гал түймрийн улсын хяналтын байцаагч ажиллуулах гэрээг дараах тохиолдолд  дуусгавар болгоно.
5.2. Гэрээний хугацаа дууссан.
5.3. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн тохиолдолд гэрээ цуцлах саналаа нэг сарын өмнө албан ёсоор мэдэгдэнэ.
 
Зургаа. Бусад зүйл
      
6.1 Гэрээг хэрэгжүүлэх явцад гэрээний нөхцөлийг өөрчлөх шаардлага гарвал талууд харилцан зөвшилцсөний үндсэн дээр албан ёсоор бичгээр баримт үйлдэн баталгаажуулж гэрээнд өөрчлөлт оруулж болно. Гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт нь үндсэн гэрээний салшгүй хэсэг мөн.
6.2 Талууд гэрээнд тусгагдаагүй асуудлыг мөрдөж буй хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
6.3. Гэрээг 3 хувь үйлдэж, талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө.
 
Долоо. Гэрээтэй холбоотой үүссэн маргааныг
хянан шийдвэрлэх.
 
7.1. Гэрээнд оролцогч талууд, гэрээний үүргийн биелэлттэй холбогдон гарсан маргааныг хамтран шийдвэрлэх буюу энэ талаар тохиролцоонд хүрээгүй тохиолдолд шүүхийн байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
 
 
 
 
                                                   -----о0о-----