- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- БИЧИЛ УУРХАЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ДҮРЭМ
АМГТХЭГ-ын даргын 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт
БИЧИЛ УУРХАЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ДҮРЭМ
1. Нийтлэг шаардлага
1. Энэ дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ашигт малтмалын ордыг ил болон далд аргаар ашиглаж байгаа бичил уурхай,түүний эрхлэгч болон тэнд ажиллаж байгаа бүх ажилтан дагаж мөрдөнө.
2. Бичил уурхай бүрд дараах бичиг баримт байна. Үүнд:
а. Ашигт малтмал олборлох тухай сум, дүүргийн Засаг даргатай байгуулсан гэрээ
б. Ашигт малтмалын ордыг ашиглах тооцоо
в. Геологи, маркшейдерийн баримт бичиг
г. Уулын ажлын төлөвлөгөө.
Тайлбар: Энэ дүрмээс гадна "Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм", "Хүдэр, хүдрийн бус, шороон ордыг далд аргаар ашиглах аюулгүй ажиллагааны дүрэм", "Нүүрсний далд уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм", "Тэсэлгээний аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм"-ийг мөрдөж ажиллах бөгөөд тэдгээр дүрмүүдийг энэ дүрэм орлохгүй.
3. Бичил уурхай эрхлэгч нь:
а. Ашигт малтмал олборлох тухай сум, дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулсан байна.
б. Бичил уурхайд шаардагдах багаж хэрэгсэл, машин, тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл, хөрөнгийн эх үүсвэрээр хангаж аюулгүй ажиллах нөхцөл бүрдүүлнэ.
в. Ажилтан бүрд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар хүлээх үүрэг, хариуцлагыг ойлгуулсан сургалт, зааварчлага өгнө.
г. Бичил уурхайд гүйцэтгэх ажил, ажлын байрны онцлог, нийт ажилтны тоонд тохируулан хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дотоод хяналт бий болгож хэрэгжүүлнэ. Шаардлагатай бол уурхайн ажил, аюулгүй байдалд хяналт тавьж тогтмол үзлэг шалгалт хийх үүрэгтэй мэргэжлийн ажилтан томилон ажиллуулна.
д. Ажил эхлэхийн өмнө ажлын байр бүрийг шалгаж аюулгүй байдлыг хангасны дараа ажилтныг ажилд нь оруулна.
4. Бичил уурхайн ажилтан нь:
а. Бичил уурхайн аюулгүй ажиллагааны энэ дүрэм болон бусад холбогдох дүрэм, журам, зааврыг бүрэн мэддэг байхын зэрэгцээ ямагт биелүүлж ажиллана.
б. Бичил уурхайд тохиолдож болох аливаа аюулыг ойлгож мэддэг, өөрийн болон бусад ажилтан хүмүүсийн аюулгүй байдлыг хангахад байнга анхаарч сонор сэрэмжтэй ажиллана.
в. Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зохих журмын дагуу бүрэн зөв хэрэглэнэ.
г. Аюултай нөхцөл байдал бий болсон үед түүнийг тэр дор нь арилгах боломжгүй бол бусад ажилтан, хүмүүс, ахлагчдаа яаралтай мэдэгдэж сэрэмжлүүлэх ба аюулын бүсээс хурдан зайлна.
д. Бичил уурхайн алслагдсан хэсэг болон далд малталтад ганцаараа ажиллахыг хориглоно.
е. Ажил эхлэхийн өмнө ажлын байр, машин, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, ажилд хэрэглэх багаж хэрэгсэл, дохиолол, холбоо, гэрэлтүүлгийн болон хамгаалах хэрэгсэл, тоноглолын бүрэн бүтэн байдлыг шалгаж зөрчил илэрвэл шуурхай арилгана. Арилгах боломжгүй байвал ахлагч, бичил уурхай эрхлэгчид мэдэгдэж арилгуулах арга хэмжээ авна.
5. Ажилд шинээр орж байгаа хүмүүс эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт орсон байна. Нийт ажилтныг эрүүл мэндийн давтан үзлэгт жилд нэгээс доошгүй удаа оруулна.
6. Өвчтэй буюу эрүүл мэндийн байдлаар ажиллах чадваргүй ажилтанг ажилд гаргахыг хориглоно.
7. Бичил уурхайн ажилд шинээр орж байгаа ажилтан бүрт нэг өдрийн хугацаатай урьдчилсан зааварчилга өгнө.
8. Ажилд шинээр орж байгаа буюу шилжин ирж, урьдчилсан зааварчилга авсан хүмүүст ажлын байрны анхан шатны зааварчилга өгнө.
9. Нийт ажилтанд улиралд нэгээс доошгүй удаа ажлын байрны давтан зааварчилга өгнө.
10. Урьдчилсан, ажлын байрны анхан шатны болон давтан зааварчилга авч тухайн зааварчилгын журналд бүртгэгдэж гарын үсэг зураагүй ажилтан ажиллуулахыг хориглоно.
11. Бичил уурхайн талбайд хүн явах чиглэлүүдийг тодорхой болгож зориулалтын зассан замтай байна.
12. Машин тоног төхөөрөмжийн ажлын бүсэд, догол, мөрөгцөгийн доор, далд уурхайн малталтад болон тээврийн хэрэгслийн зам дээр амарч саатахыг хориглоно.
13. Хүн, машин, механизм унаж болох аюул бүхий догол, мөрөгцөгийн ирмэг, уулын малталт, шурф, нурал руу орох замыг хашаа, хаалт, далангаар хааж шөнийн цагт гэрэлтүүлсэн байна. Тэсэлгээний цооног, ус зайлуулах суваг, шуудуу, малталт, цооног, усан сан зэрэг нь таглаа, хаалт, хамгаалалттай байна.
14. Бичил уурхайг үерийн усны аюулаас хамгаалах далан байгуулах, үерийн ус зайлуулах суваг татах ажлыг урьдчилан хэрэгжүүлсэн байна
15. Даралтат сав, уурын болон усан халаалтын зуух, ачаа өргөх кран, цахилгаан болон дулааны тоног төхөөрөмж байрлуулах, тоноглох, ашиглах үед "Даралтат савыг төхөөрөмжлөх аюулгүй ажиллагааны дүрэм", "Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх аюулгүй ажиллагааны дүрэм", "Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм"-ийн шаардлагыг баримтална. Дээрх чиглэлүүдээр мэргэжлийн бус хүн ажиллуулахыг хориглоно.
16. Бичил уурхайд гарсан ослыг "Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн дагуу судлан бүртгэнэ.
2. Бичил уурхайн ажил
2.1. Бичил уурхай
17. Бичил ил уурхайд өндөр, огцом босоо хажуу гаргахыг хориглох бөгөөд ашиглалтын нөхцөл, аюулгүй байдлыг хангах зорилгоор ажлын хэд хэдэн догол гаргаж ашиглалт явуулна.
18. Бичил ил уурхайн доголын өндрийг чулуулгийн шинж чанар, оршиц, тогтоцын байдлыг үндэслэн тогтоох бөгөөд гар ажиллагаагаар ашиглах тогтворжилт муутай чулуулгаас бүрдэх догол 2.5 м-ээс илүүгүй, тогтворжилт сайтай, цул, бат бөх чулуулаг бүхий догол 6 м-ээс илүүгүй өндөртэй байна.
19. Бичил ил уурхайн ажлын доголын налуугийн өнцөг нь гар ажиллагаатай үед нуранги ,бутармаг чулуулагтай бол нурах налуугийн өнцгөөс ихгүй, зөөлөн боловч тогтвортой чулуулагт 50 градусаас ихгүй, хадархаг чулуулагт 80 градусаас ихгүй байна.
20. Бичил ил уурхайн ажлын бус хажуу ба доголын налуугийн өнцгийг ашиглалтын явцад чулуулгийн шинж чанараас хамааруулан тодотгож тогтооно.
21. Бичил ил уурхайн ажлын талбайн өргөн нь уул, тээврийн төхөөрөмж, зам байгууламж, цахилгаан шугам зэрэг шаардлагатай төхөөрөмж ашиглах боломжийн талбайтай, хүмүүс ажиллахад чөлөөтэй, аюулгүй байдлыг хангасан байна.
22. Ажлын доголд бэхэлгээгүй саравч гаргаж ухахыг хориглох бөгөөд зайлшгүй нөхцөлд багана, тулгуураар найдвартай бэхэлнэ.
23. Бичил ил уурхайн хажуу, догол, траншей, овоолгын байдалд байнга хяналт тавьж чулуулгийн шилжилт хөдөлгөөн (гулсалт, суулт, нуралт г.м.) үүсэх шинж тэмдэг илэрвэл ажлыг яаралтай зогсоож, энэ тухай ахлагч, уурхай эрхлэгчид мэдэгдэж аюулыг арилгах шуурхай арга хэмжээ авна.
24. Ашиглалтын доголд саравч үүссэн, ан цав гарсан үед тэдгээрийг яаралтай арилгаж аюулгүй болгох арга хэмжээ авна. Энэ ажлыг ажилтан өөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаж доголын дээд талаас гүйцэтгэнэ. Бусад хүмүүсийг аюулын бүсээс гаргасан байна.
25. Дээд, доод доголууд дахь ажлын байрууд (ажлын мөргөцгүүд) нэг босоо шугам дээр давхцаж болохгүй.
26. Догол дээр уулын ажлыг гар ажиллагаагаар гүйцэтгэхдээ зөвхөн дээрээс доош чиглэлтэй явуулах ба доголын хажуугийн өнцгийг өөрчилж болохгүй.
27. 1.5 м-ээс дээш өндөртэй, 35 градусаас их өнцөгтэй доголын хажуу дээр ажил гүйцэтгэх ажилтан бат бөх, найдвартай хамгаалах бүс, оосор хэрэглэнэ.
28. Ус ашиглаж доголоос шороо, чулуулгийг зайлуулж байгаа бол усны хоолой, усан бууг тулгуур дээр бэхэлсэн байна.
29. Уурхайн нэг доголоос нөгөөд шилжихэд зориулсан 0.8 м-ээс багагүй өргөнтэй бат бөх шат ашиглах буюу 45 градусаас ихгүй налуутай гарц гаргасан байна.
30. Ил ба далд ашиглалтын арга хослон явуулж байгаа үед уулын ба тэсэлгээний ажлыг нурал, гулсалт, цөмрөл гарах аюулаас сэргийлж хоорондын харилцан уялдаатай гүйцэтгэнэ.
31. Газрын доорхи хоосон орон зайн цөмрөл болон далд малталт бүхий талбайд ажиллахдаа аюулгүй байдлыг онцгой анхаарч илэрсэн аюултай нөхцөл байдлыг ажлын ахлагч, бичил уурхай эрхлэгчид мэдэгдэж дор бүрд нь арилгаж байна.
2.2 Бичил далд уурхай
32. Ашиглах гэж байгаа ордын шинж чанар, байрлал, чулуулгийн хатуулгаас хамааран бичил далд уурхайд босоо, налуу, хэвтээ ам гаргана. Уурхайн амыг гаргахдаа аль болох бат бөх, ан цавгүй, хатуу чулуулагтай, эгц босоо буюу огцом налуу биш, нуралт, гулсалт үүсэхээргүй, хөрсний болон үерийн ус орохооргүй газрыг сонгоно.
33. Бичил далд уурхайгаас ажилтнуудыг газрын гадаргуу дээр гаргахад зориулсан, ашигт малтмалын биед хүрч хоорондоо холбогдсон хоёроос доошгүй гарц гаргасны дараа олборлолт явуулна. Бичил далд уурхайг газрын гадаргуу дээр гарах нэг амтайгаар олборлолт явуулахыг хориглоно.
34. Бичил далд уурхайн амуудад нуралт, гулсалтаас хамгаалсан найдвартай бэхэлгээ хийнэ. Уг бэхэлгээг шуудайлж савласан элс, шороо, чулуу, мод, бетоноор хийнэ.
35. Бичил далд уурхайн налуу амны налуугийн өнцөг нь тогтвортой хатуу чулуулагтай газар 45 градусаас, маш сул буюу тогтворгүй чулуулагтай бол 10 градусаас тус тус ихгүй байна.
36. Бичил далд уурхайн амыг гадаргуугийн болон борооны ус урсаж орохоос бүрэн хамгаалж ус зайлуулах суваг татсан байна.
37. Бичил далд уурхайн босоо, налуу амыг тойруулан хаалт, хашаа барьж "Аюултай" гэсэн үг бүхий анхааруулах тэмдэг тавьсан байна.
38. Бичил далд уурхайн босоо амныг бат бөх модоор хашиж бэхлэх ба амсрыг тойрсон хамгаалалт хүрээ хийнэ.
39. Бичил далд уурхайн малталтын өндөр нь 2 м, улны өргөн нь 1.8 м, таазны өргөн нь 1.3 м, хөндлөн огтлолын талбай нь 3.1 м2-аас тус тус багагүй байна.
40. Бичил далд уурхайн малталтаар ажилтан явахад зориулж малталтын налуу нь 7-15 градус бол малталтын бэхэлгээнд бэхэлсэн бариулан хашлага, 15-30 градус бол баиулан хашлагатай хөдөлгөөнгүй бэхэлсэн гишгүүр, 30-45 градус бол бариулан хашлагатай шатаар тус тус тоноглоно.
41. Бичил далд уурхайн гүн нь 5 м, түүнээс их байвал гараар ажилладаг эргүүлэг, цахилгаан, хий, шатахуунаар ажилладаг хөдөлгүүр бүхий механикжсан эргүүлэг, өргүүр ашиглана. Газар доор хүмүүс ажиллаж байгаа үед уг эргүүлэг, өргүүрийг ажиллуулах хүнгүй орхихыг хориглоно.
42. Бичил далд уурхайн газрын доорх мөнх цэвдэг, тогтвортой хатуу чулуулаг дундуур нэвтэрсэн хэвтээ ба налуу малталтыг бэхлэхгүй байж болох бөгөөд нурал, уулын их даралт үүсэх нөхцөл бүрдэхүйц хэт их орон зай гаргаж малтахыг хориглоно.
43. Бичил далд уурхайн газрын доор нуранги чулуулаг дундуур нэвтэрсэн хэвтээ ба налуу малталыг тухайн нөхцөл байдлыг газар дээр нь үнэлж үзээд дараах байдлаар бэхэлнэ:
А. Уулын цулдаа байгаа хүдрийн биет, хоосон чулуулгаар багана үүсгэж үлдээх;
Б. Модоор тулгуур, багана хийх;
В. Элс, шороог шуудайд савлаж өрсөн багана тавих;
Г. Модон рам зангидаж чулуугаар дүүргэсэн багана тавих;
Д. Малталтаа нийтэд нь модоор бэхлэх.
44. Бичил далд уурхайн малталтын аюулгүй байдлыг ажил эхлэхийн өмнө, тэсэлгээний ажлын дараа, мөн ямар нэгэн сэжигтэй шинж байдал ажиглагдсан үед анхааралтай шалгаж аюултай байдал илэрвэл ажлын удирдагч, бичил уурхай эрхлэгч нарт яаралтай мэдэгдэж уг аюулыг яаралтай арилгах арга хэмжээ авна. Аюулыг арилгах ажилд холбогдолгүй бусад хүмүүсийг уурхайгаас гаргасан байна.
45. Ашиглахгүй болсон, цаашид хүндрэл бэрхшээл учруулж болзошгүй далд малталтыг устгаж аюулгүй болгох арга хэмжээ авна.
46. Газрын доорхи малталт 6 м-ээс урт байвал байгалийн, эсвэл зохиомол агааржуулалтын систем ашиглан цэвэр агаараар хангана.
47. Байгалийн агааржуулалт зөв хийгддэг байхын тулд бичил далд уурхайн амууд газрын гадаргуу дээр өөр түвшинд байх шаардлагатай. Энэ шаардлагыг хангах боломжгүй бол агаарын даралт, температурын ялгаа гаргах энгийн хоолой (яндан) гаргаж агааржуулна.
48. Бичил далд уурхайн малталтын урт нь 20 м, түүнээс их байвал зохиомол агааржуулалт хийнэ. Зохиомол агааржуулалтыг хийхдээ даралтат хий, цахилгаан эрчим хүчээр ажилладаг төвөөс зугтах хүчний сэнс ашиглана. Агаарын урсгалыг мөрөгцөгт аль болох ойртуулж өгөхийн тулд агаарын эсэргүүцэл багатай (гялгар) материалаар хийсэн хоолой ашиглана.
49. Ашиглахаа больж орхисон болон агааржуулалтыг зогсоосон бичил далд уурхайн малталтыг торон хаалт, хашилтаар хааж анхааруулах тэмдэг тавьсан байна.
2.3. Тэсэлгээний ажил
50. Бичил уурхайд тэсэлгээний ажил явуулах эрх, зөвшөөрлийг Монгол Улсын хуульд заасны дагуу мэргэжлийн хяналт эрхэлсэн байгууллагаас авна. Тусгайлан олгосон эрх, зөвшөөрөлгүйгээр тэсэлгээний ажил явуулахыг хориглоно.
51. Эрх бүхий байгууллагаас ашиглах зөвшөөрөл авч бичил уурхай эрхлэгчийн олгосон тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг ашиглана. Бусад төрлийн зөвшөөрөл аваагүй тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглахыг хориглоно.
52. Бичил уурхайн тэсэлгээний ажлыг тусгай сургалтанд хамрагдаж уурхайн тэсэлгээний ажил гүйцэтгэх эрхийн үнэмлэх авсан мэргэжлийн ажилтан гүйцэтгэнэ.
53. Тэсрэх материалыг аюулгүй ажиллагааны дараах шаардлагыг хангасан зориулалтын тусгай агуулахад хадгална. Үүнд:
а. Бат бөх, галд тэсвэртэй, үл шатах материалаар хийгдсэн байна.
б. Гал үл авалцах материалаар доторлосон байна.
в. Чийг авах болон хэт халахаас сэргийлсэн агааржуулалттай байна.
г. Зөвхөн тэсрэх материал хадгалахад зориулагдсан байна.
д. Бат бөх цоож, түгжээтэй байна.
е. Аянга ниргэхээс хамгаалах газардуулгатай байна.
54. Тэсрэх материалын агуулахаас 10 м хүртэл зайд мод, өвс зэрэг шатах зүйл, 20 м хүртэл зайд шатах, тослох зэрэг шатамхай материал байлгахыг хориглоно.
55. Тэсрэх бодис, тэслэх хэрэгслүүдийг агуулахад тусд нь байрлуулж хаягжуулсан байна.
56. Тэсрэх материалыг тээвэрлэхдээ зөвшөөрөгдөж батлагдсан чиглэлийн дагуу тусгайлан тоноглосон тээврийн хэрэгслээр аюулгүй байдлыг хангаж, харуул хамгаалалттай тээвэрлэнэ.
57. Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тус тусын чингэлэгт хийж тээвэрлэнэ. Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн чингэлэг нь түүний зориулалтыг харуулсан анхааруулах тэмдэгтэй байна.
58. Бичил уурхайн тэсэлгээний цооног, шпурыг өрөмдөж бэлэн болсны дараа тэсрэх материалыг авчирна.
59. Тэсэлгээний цооног, шпурыг цэвэрлэхдээ зориулалтын хусуур, цэнэглэж чигжихдээ урт модон саваа ашиглах ба хоёроос доошгүй хүн ажиллана. Тэсрэх бодисыг цооног, шпурт албаар шахаж доргиож оруулахыг хориглоно.
60. Тэсэлгээний цооног, шпур цэнэглэж байх үед ил гал гаргах, тамхи татах, оч үсэргэхийг хориглоно. Мөн тэсэлгээний ажилд хамааралгүй бусад хүмүүс байхыг хориглоно.
61. Бичил уурхайд тэсэлгээ хийхийн өмнө уг талбайг хамгаалалтанд авч, анхааруулах дохио өгөх ба тэслэх хэрэглийн холболтын бүрэн бүтэн байдлыг сайтар шалгасны дараа тэсэлгээ хийнэ.
62. Тэсэлгээ хийсний дараа агааржуулалт хийж тэсэлгээний утаа, тоосыг зайлуулсны тэсэлгээ хийсэн тэсэлгээчин аюулгүй байдлыг шалгана. Хэрэв баарсан цэнэг илэрвэл саатлын шалтгааныг тогтоон хэрхэн арилгах талаар шийдвэр гаргаж уг цэнэгийг устгана. Баарсан цэнэгийг ухах, өрөмдөхийг хориглоно.
63. Тэсэлгээний ажил бүрэн дуусч аюулгүй болсны дараа дохио өгч хамгаалалтыг буулгана. Тэлгээний ажил дууссан дохио өгөөгүй байхад уурхайд орох, ажил эхлэхийг хориглоно.
2.4. Овоолгын ажил
64. Овоолго байгуулах газрыг сонгохдоо байгаль орчинд нөлөөлөх байдал, аюулгүй ажллагаа, эрүүл ахуйн шаардлагыг харгалзан үзнэ.
65. Овоолгыг гол, мөрөн, газрын гадаргын бусад ил усны үйлчлэлийн хүрээнээс гадагш байрлуулна.
66. Овоолго байгуулах газрын шимт хөрсийг хуулж, шимт хөрсний тусгай агуулах байгуулж овоолно. Уурхайн овоолгыг зөвшөөрсөн хил хязгаараас гадагш байгуулахыг хориглоно.
67. Хур тундас ихтэй байгалийн бүсэд байгаа овоолгод суулт, гулсалт үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. Овоолгод цас, мөс овоолох, гадаргын ба уурхайн ус асгаж юүлэхийг хориглоно.
68. Ашигт малтмалын нөөц бүхий газарт овоолго байгуулахыг хориглоно.
69. Овоолгын өндөр, хажуугийн налуу, нурлын бүс, фронтын ахилтын хурдыг овоолох чулуулгийн физик, механикийн шинж чанар, суурь талбайн газарзүйн байрлал, овоолго байгуулах арга технологиос хамааруулж тогтооно.
70. Газраас ухаж гаргасан чулуу, шороогоор байгуулсан овоолгын доод хормой нь малталтын амсар, ирмэгээс 3 м-ээс багагүй зайтай байх бөгөөд овоолгын хажуугийн налуу нь нурах налуугийн өнцгөөс ихгүй байна.
71. Ашиглалт явуулж байгаа газрын доорх малталт бүхий гадаргуу, ил уурхайн ашигласан талбай, нурал, цөмрөлт, гадаргын эвдрэл, намаг бүхий газар, уулын хажуу, налуу газар овоолго байгуулахдаа гулсах, нурах зэрэг учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
3. Бичил уурхайн тоног төхөөрөмж
72. Бичил уурхайн ашиглаж байгаа багаж хэрэгсэл, машин, тоног төхөөрөмж нь уурхайн зориулалтын бат бөх хийцтэй, хаалт хамгаалалт нь бүрэн бүтэн байна. Ямар нэгэн эвдрэл, сааталтай, бүрэн бус багаж хэрэгсэл, машин, тоног төхөөрөмж ашиглахыг хориглоно.
73. Даралттай хийгээр ажилладаг тоног төхөөрөмж нь мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгүүлсэн, ашиглахыг зөвшөөрсөн эрхийн гэрчилгээтэй байх бөгөөд уг төхөөрөмжийг мэргэжлийн хүн ажиллуулна.
74. Даралттай хийгээр ажилладаг хийн алх, өрмийг ажиллуулахын өмнө сайтар шалгаж байна. Цэвэрлэгээ, тосолгоо, үйлчилгээг тогтмол хугацаанд нь хийж байна.
75. Хийн алх, өрмийг өөр гөзөр шилжүүлэн ажиллуулахын өмнө компрессорыг унтрааж хоолойноос хийг гаргасан байна.
76. Хийн алх, өрөм ажиллуулах үед бутарч үсэрсэн чулуулгаас ажилтан өөрийгөө болон бусад ажилтныг хамгаалах арга хэмжээ авна. Хийн алх, өрөм ажиллуулах үед нүдний хамгаалах шил хэрэглэнэ.
77. Хийн алх, өрөм ажиллуулахдаа бат бөх, тогтвортой, хөдөлгөөнгүй газар зогсоно. Тохиромжгүй гишгүүр, тоног төхөөрөмж дээр зогсож ажиллахыг хориглоно.
78. Тэсрэх бодис, баарсан цэнэг үлдсэн байж болзошгүй газарт хийн алх, өрөм ажиллуулахыг хориглоно.
79. Даралтат хийгээр ажилладаг тоног төхөөрөмж нь ажлын даралтаас 5 дахин өндөр даралтыг тэсвэрлэх чадвартай байна. Мөн даралтат хийгээр ажилладаг тоног төхөөрөмж манометр, термометр, аваарийн хавхлага зэрэг хянах хэмжих хэрэгсэл, хамгаалах төхөөрөмж, арматураар тоноглогдсон байна.
80. Хий хуримтлуулах компрессорын тосны асах температур 200 градусаас их, хийн температур нь 160 градусаас бага байна.
81. Компрессорын агаар сорох хоолой агаар шүүгчээр тоноглогдсон, хуурай ,цэвэр байна.
82. Цахилгаан багаж хэрэгсэл, мотор, тоног төхөөрөмж нь уурхайн цахилгааны аюулгүй ажиллагааны стандартын шаардлага хангасан, зориулалтын хийцтэй, бүрэн ажиллагаатай хамгаалалт, хориг түгжээ, хаалтаар тоноглогдсон байна.
83. Хувьсах ба тогтмол хүчдэлийн 220 В-оос дээш хүчдэлтэй цахилгаан тоног төхөөрөмжийг хамгаалах газардуулгаар тоноглоно.
84. Гараар барьж ажиллуулдаг цахилгаан багаж хэрэгсэл нь цахилгаан гүйдлийн аюулаас хамгаалах давхар тусгаарлалтай байна.
85. Хий тоосны тэсрэх аюултай (нүүрсний) уурхайд очны аюулгүй байдлыг хангасан цахилгаан багаж, хэрэгсэл, машин, тоног төхөөрөмж ашиглана.
86. Уурхайд ашиглаж байгаа цахилгаан багаж, хэрэгсэл, машин, тоног төхөөрөмжийн тэжээлийг цахилгаанаар хангахдаа ачааллын тооцоогоор зөв сонгогдсон хөндлөн огтлолын талбай, урттай, уурхайн зориулалтын утас, кабель хэрэглэнэ.
4. Бичил уурхайн хөдөлмөрийн эрүүл ахуй
4.1. Бичил уурхайн тоосны хортой нөлөөнөөс хамгаалах
87. Бичил уурхайд чийгтэй өрөмдлөг хийх, шороо, чулуулгийг ухаж авах, ачих, буулгах, тээвэр хийх, замын тоос босох, тэсэлгээ явуулах үед ус, эсвэл бусад төрлийн бодис ашиглан тоос үүсч босох явдлыг аль болох багасгана.
88. Бичил уурхайн ажлын байрны агаар дахь тоосны хэмжээ 1-р хүснэгтэд зааснаас ихгүй байна.
1-р хүснэгт
Бичил уурхайн ажлын байрны агаар дахь тоосны зөвшөөрөх дээд хэмжээ
¹
|
Тоосны шинж чанар
|
Зөвшөөрөх дээд
Хэмжээ, мг/м3
|
1
|
Цахиурын давхар ислийн агуулга 70 %-иас их (кварц, динас г.м.)
|
1
|
2
|
Цахиурын давхар ислийн агуулга 10-70 % (гранит, шамот,слюда г.м.)
|
2
|
3
|
Цахиурын давхар ислийн агуулга 2-10 % (шатамхай занар, зэс сульфидийн хүдэр,нүүрс, шавар г.м.)
|
4
|
4
|
Цахиурын давхар ислийн агуулга 2 %-иас бага ( г.м.)
|
10
|
89. Тоостой нөхцөлд ажиллаж байгаа ажилтан ам, хамрын хаалт, хушуувч, баг (респиратор) зэрэг тоосноос хамгаалах нэг бүрийн хэрэгсэл байнга хэрэглэнэ.
90. Уурхайн талбай, овоолго, зам болон орчны бусад газар салхины нөлөөгөөр үүссэн тоосыг дарахын тулд тоос барьцалдуулах бодис, шингэн цацах, ургамалжуулах, зүлэгжүүлэх арга хэмжээ авна.
4.2. Бичил уурхайн хортой хий, бодисын нөлөөнөөс хамгаалах
91. Бичил уурхайн ажлын бүсийн орчинд ажиллаж байгаа дотоод шаталттай хөдөлгүүр, компрессор, тэсэлгээний ажил, мөн мод, нүүрс, резин зэргийг шатааснаас агаарт янз бүрийн хортой бодис, хий хуримтлагдаж ажилтанд аюултай, хортой нөхцөл байдал бий болохоос байнга сэрэмжилнэ.
92. Бичил уурхайн ажлын бүсийн агаарын бүтцэд байнга хяналт тавина. Бичил уурхайн нөхцөлд 100 мл эзлэхүүнтэй гар аспиратор, индикаторын гуурсууд, мөн дөлний хамгаалалттай дэн ашиглаглана.
93. Бичил уурхайн ажлын бүсийн агаар дахь зарим хортой хий, бодисын хэмжээ 2-р хүснэгтэд зааснаас ихгүй байна.
2-р хүснэгт
Бичил уурхайн ажлын бүсийн агаар дахь зарим хортой хий, бодисын зөвшөөрөх дээд хэмжээ
¹
|
Хортой хий, бодис
|
Эзлэхүүн, %
|
Концентраци, г/м3
|
1
|
Азотын исэлүүд
N2O5-д шилжүүлснээр
NO-т шилжүүлснээр
|
0.0001
0.0002
|
5
2
|
2
|
Нүүрстөрөгчийн дутуу исэл СО
|
0.0016
|
20
|
3
|
Хүхэрт устөрөгч H2S
|
0.00066
|
10
|
4
|
Хүхэрлэг ангидрид SO2
|
0.00035
|
10
|
5
|
Акролеин CH2=CHCHO
|
0.00009
|
0.2
|
6
|
Формальдегид CH2O
|
0.00004
|
0.5
|
7
|
Бензипрен 3.4
|
-
|
0.00015
|
94. Бичил уурхайн ажлын бүсийн агаарт хүчилтөрөгч (О2) 19.5 %-иас багагүй, нүүрсхүчлийн хий (СО2) 0.5 %-иас ихгүй байна.
95. Дотоод шаталттай хөдөлгүүр, компрессорыг агааржуулалтгүй, битүү орчинд ажиллуулахыг хориглоно.
96. Бичил уурхайд тэсэлгээ хийсний дараа агааржуулалт хийж хортой хий, бодис, тоосыг зайлуулах ба уурхайн агаар дахь хүчилтөрөгч болон бусад хортой хий, бодисын хэмжээг зориулалтын багажаар хэмжиж зөвшөөрөх хэмжээндээ байвал хүмүүсийг ажилд оруулж болно. Хэмжилт, шалгалт хийхгүйгээр хүн оруулахыг хориглоно.
97. Уурхайн хортой хий, бодисоор бохирдсон агаартай орчинд зайлшгүй орох шаардлага гарвал хортой хий, бодисоос хамгаалах тусгай баг (респиратор) хэрэглэнэ. Тоосноос хамгаалах хэрэгсэл нь хортой хий, бодисоос хамгаалахгүй.
4.3. Шуугиан, доргионы хортой нөлөөнөөс хамгаалах
98. Компрессор, агааржуулах сэнс, өрмийн машин, бутлуур, хийн алх, өрөм зэрэг шуугианы үүсгүүрүүдийг хүмүүсээс хол байрлуулах, шуугиан бууруулах хаалтаар хаах, шуугиан шингээх материал ашиглан үүсгүүрийг тусгаарлах зэрэг арга хэмжээ авна.
99. Бичил уурхайн ажлын бүсийн шуугианы ерөнхий түвшин 85 дБА-аас ихгүй байх ёстой бөгөөд шуугианы хортой нөлөөнөөс хамгаалахын тулд чихний бөглөө, чихэвч ашиглана.
100. Бичил уурхайд чулуулгийг гараар цохиж буулгах, бутлах, хийн алх, өрөм ашиглах үед доргионы хортой нөлөөнөөс хамгаалахын тулд доргионы хамгаалалттай бээлий, гутал ашиглана.
4.4. Ундааны ус хангамж, бичил уурхайн ус
101. Бичил уурхай эрхлэгч нь бүх ажилтнаа цэвэр ус, бусад ундааны зүйлээр хүрэлцээтэй хангах үүрэгтэй.
102. Газар доор ажилладаг ажилтан бүрд 0.75 л-ээс багагүй багтаамжтай зориудын мөрөвч оосортой дашмаг бэлтгэж, уурхайд ажиллахаар орох бүрд нь цэвэр ус, цайгаар дүүргэж олгоно.
103. Ундааны ус, хоол, хүнсний хангамжийн үйчилгээний хүмүүс нь мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтоосон журмын дагуу эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байна.
104. Бичил уурхайгаас газрын дээр шахан гаргаж байгаа болон өөрийн үйл ажиллагаанд хэрэглээд зайлуулж байгаа усанд физик-химийн болон нянгийн шинжилгээ тогтмол хийлгэж хортой хольц илэрвэл цэвэрлэж ариутгуулах арга хэмжээ авна.
105. Бичил уурхайн усыг зайлуулахдаа байгаль орчныг бохирдлоос хамгаалах хууль, дүрэм, журмын дагуу гүйцэтгэнэ.
4.5. Ариун цэвэр, ахуйн байр
106. Бичил уурхайн талбайд ажилтан дулаацах, сэрүүцэх байр байгуулна.
107. Бичил уурхай нь усанд орох, ажлын болон цэвэр хувцасаа хадгалах байртай байна.
108. Бичил уурхай нь мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрсөн газруудад хаагддаг хаалга бүхий бие засах байр бэлдэнэ. Суувчийн тоог ажилтны тооноос хамааруулж тогтооно. Суурин бие засах газраас хол алслагдсан 3-аас дээш ажилтан ажилладаг хэсэг, малталтад зөөврийн бие засах газар гаргана. Бие засах газрыг өдөр бүр тогтмол цэвэрлэж ариутгаж байна.
4.6. Бичил уурхайн гэрэлтүүлэг
109. Энэ дүрмийн 13 дугаар зүйлд дурдсан гэрэлтүүлэг нь 3-р хүснэгтэд заасан эрүүл ахуйн нормыг хангасан байна.
3-р хүснэгт
Бичил уурхайн гэрэлтүүлгийн норм
Д/д
|
Ажлын байр
|
Гэрэлтүүлгийн
|
Тайлбар
|
|
хамгийн бага хэмжээ, люкс
|
норм тогтоосон гадаргуу
|
|||
1
|
Уулын ажил явуулах хэсгийн дэвсгэр талбай
|
0,2
|
Гэрэлтүү-лэгдэж буй талбай
|
Гэрэлтүүлэх шаард-лагатай хэсгүүдийг бичил уурхай эрхлэгч батална
|
2
|
Уурхайн догол, мөрөгцөг, овоолгод уул тээврийн машин тоног төхөөрөмж ажиллах ажлын байрнууд
|
5
10
|
Хэвтээ
Босоо
|
Машин тоног төхөө-рөмжийн үйлчлэх хүрээний бүх талбай гэрэлтүүлэгдэнэ.
|
3
|
Гар ажиллагаатай ажлын байрнууд
|
5
10
|
Хэвтээ
Босоо
|
|
4
|
Автомашины ачаа буулгах ажлын байр, талбай, дамжуулан ачих, хүлээн авах цэгүүд
|
3
|
Хэвтээ
|
Гэрэлтүүлж буй бүх түвшинг жигд гэрэлтүүлнэ.
|
5
|
Бульдозер болон бусад тракторын төрлийн машин ажиллах талбай
|
10
|
Тракторын гинжний түвшинд
|
|
6
|
Усан буу ажиллах ажлын байр, талбай
|
5
10
|
Хэвтээ
Босоо
|
Ашиглалт явагдаж буй доголын хамгийн өндөр цэг болон даралттай усны үйлчлэх бүх хүрээнд жигд гэрэлтүүлэгдэнэ
|
7
|
Усан овоолгын шороо хүлээн авах талбай
|
5
|
Хэвтээ гадаргуу
|
|
8
|
Өрөмдлөгийн ажил явагдаж буй газар
|
10
|
Босоо
|
Өрмийн цамхагийн дээд цэг хүртэл гэрэлтүүлнэ.
|
9
|
Машин механизмын бүхээг
|
30
|
Хэвтээ
|
Шалнаас дээш 0,8 м
|
10
|
Сорох төхөөрөмж байрлаж буй байр, усан сангийн ойролцоох газрууд
|
10
|
Хэвтээ
|
Шалнаас дээш 0,8 м өндөрт
|
11
|
Уулын машин механизмыг засварлах талбай
|
20
25
|
Хэвтээ
Босоо
|
|
12
|
Тасралтгүй ажиллагаатай туузан конвейерийн шугам
|
5
|
Туузны гадаргуу
|
|
13
|
Туузан конвейерийн хүрдэнд үйлчилгээ хийх хэсэг
|
10
|
Хэвтээ
|
|
14
|
Туузан конвейерийн гараар ялгалт хийх хэсэг
|
50
|
Туузны гадаргуу дээр
|
Чулуу ялгаж байгаа ажилтнаас конвейерийн хөдөлгөөний эсрэг чигт 1,5 м-ээс доошгүй зайг гэрэлтүүлнэ.
|
15
|
Ажилтнуудын дулаацах байр
|
10
|
Хэвтээ
|
|
16
|
Догол хооронд тавигдсан шат, гарцууд
|
3
|
Хэвтээ
|
|
17
|
Ажилтан явах зам
|
1
|
Хэвтээ
|
|
18
|
Ил уурхайн доторх авто зам
|
0,5-3
|
Хэвтээ
|
Автомашины хөдөл-гөөний түвшинд гэрэлтүүлнэ.
|
110. Бичил далд уурхайн малталтын гэрэлтүүлэг 4-р хүснэгтэд заасан эрүүл ахуйн нормын хэмжээнээс багагүй байна.
4-р хүснэгт
Бичил далд уурхайн гэрэлтүүлгийн норм
д/д
|
Ажлын байр
|
Норм тогтоосон талбай, гадаргуу
|
Гэрэлтүүл-гийн норм, люкс
|
1
|
Бэлтгэл малталтын мөргөцөг ба олборлолтын мөргөцөг дэх хамуурын зам
|
Улны хэвтээ талбай
Босоо гадаргуу
|
15
10
|
2
|
Үндсэн малталтууд
|
Улны хэвтээ талбай
|
5
|
3
|
Ажилтан явах шаттай , босоо малталтууд
|
Улны хэвтээ талбай (шатны гишгүүрүүд)
|
3
|
4
|
Газрын дорх дэд станц, трансформатор ба машины камерууд
|
Хэвтээ малталтын улны талбай
Хяналт хэмжүүрийн самбарын босоо гадаргуу
|
75
150 (хосолсон гэрэлтүүлэг)
|
5
|
Тэсрэх материалын агуулах
|
Улны хэвтээ талбай
|
30
|
6
|
Газрын доорх эмнэлгийн байр
|
Улнаас 0.8 м өндөр дэх хэвтээ талбай
|
100
|
7
|
Уурхайн амны хүлээн авах талбай
|
Улны хэвтээ талбай Дохиоллын самбарын босоо гадаргуу
|
15
20
|
8
|
Уурхайн гол амны орчим дахь тэргэнцэр хөмрүүлэгч
|
Хэвтээ малталтын улнаас 0.8 м өндөр дэх талбай
|
15
|
111. Далд уурхайн ажилтанд зориулалтын хувийн гэрлийг нэг бүрчлэн дугаарлаж цэвэр бүрэн бүтэн байдалтайгаар оноож өгсөн байх ба сард нэгээс доошгүй удаа шалган. Ажилтнуудад тавьж олгох хувийн гэрэл нь 10 цагаас доошгүй хугацаагаар тасралтгүй хэвийн байдлаар асдаг, баталгаажсан лац, ломботой байна.
112. Бичил далд уурхайд ажилтан хувийн гэрэлгүй орох, уурхайн малталтанд гарлээ асаахгүй ажиллах, явах, амрах, унтахыг хориглоно.
5. Дүрэм зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
113. Энэ дүрмийн заалт, шаардлагыг зөрчсөн, мэргэжлийн хяналтын байгууллагаас зогсоосон ажлыг дур мэдэн явуулсан буруутай хүмүүс захиргааны, эсвэл эрүүгийн хариуцлага хүлээнэ.
-------- o O o --------
Текст томруулах
A
A
A