A

A

A

Бүлэг: 1979
АМГТХЭГ-ын даргын 2008 оны  5 дугаар сарын 30-ны өдрийн 253  дугаар тушаалын 2 дугаар                                                                                                                           хавсралт
 
Бичил уурхайн аюулгүй ажиллагааны ерөнхий заавар
 
1. Ерөнхий зүйл
1.1 Бичил уурхайд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажлыг зохион байгуулах, ажлын байрны эрүүл ахуйн шаардлагыг хангуулах, ажилтанд сургалт, зааварчилгаа өгөх болон дотоодын хяналт тавих ажилд "Бичил уурхайн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм" болон Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 33 дугаар тушаалаар батлагдсан "Аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажлыг зохион байгуулах журам"-ыг мөрдөн ажиллана.
1.2. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах ажлыг зохион байгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтэнд  хяналт тавих асуудлыг бичил уурхай эрхлэгч шууд хариуцна.
 
2. Бичил уурхай эрхлэгчийн үүрэг
2.1. Бичил уурхай ажиллуулах явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх техник, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллана.
2.2. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөн болон хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг, аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд тэдгээрийг нэн даруй арилгана.
2.3. Ажилтанд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар мэдлэг олгох сургалт явуулах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгч, биелэлтэнд хяналт тавина.
2.4. Ажилтныг шинээр ажилд ороход эмнэлгийн үзлэгт оруулж, эрүүл мэндийн хувьд тэнцэх эсэхийг тодорхойлуулсан байх ба тэдгээрийг мэргэжлийн өвчин, архаг хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн цаг үеийн үзлэгт зохих журмаар хамруулна.
2.5. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг хангуулах арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг төсөвтөө тусгаж, зориулалтаар нь зарцуулна.
2.6. Ажилтныг эрхлэн гүйцэтгэдэг ажлын онцлогийг харгалзан ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл, ариутгах, цэвэрлэх, угаах бодисоор үнэгүй хангахын хамт хамгаалах хэрэгсэл, ажлын хувцасны жагсаалтыг баримталж мөрдөнө.
2.7. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний тухай тогтоосон журмын дагуу мэдээлэх, судлан бүртгүүлэх, осол, хордлого гарсан тохиолдолд анхны тусламж үзүүлэх хойшлуулшгүй арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
2.8. Ажилтныг хөдөлмөрийн хэвийн нөхцөлийг хангасан ажлын болон ахуйн байр, найдвартай, аюулгүй тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах, өргөх, тээвэрлэх механизм, даралтат сав, шугам хоолойн баталгаажуулалтыг цаг хугацаанд нь хийлгэж байна.
2.9. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдад хууль тогтоомжид заасан нөхөн олговор хөнгөлөлт үзүүлж байна.
 
3. Бичил уурхай эрхлэгчийн эрх
3.1. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал хариуцсан ахлагчийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх, орон тоо, ажиллах журмыг баталж мөрдүүлнэ.
3.2. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүний төсөв, зардлыг бүрдүүлж хэрэгжилтэнд хяналт тавина.
3.3. Аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, горимыг зөрчсөн ажилтнуудад хөдөлмөрийн хууль, бичил уурхайн дотоод журамд заасан хариуцлага хүлээлгэнэ.
 
4. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал
хариуцсан ажилтны үүрэг
4.1. Бичил уурхайн ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хууль, дүрэм, заавар, журмын биелэлтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулна.
4.2. Бичил уурхайн ажлын байр, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл, эрүүл ахуйн шаардлагыг хангуулж дүрэм, журам, заавар, стандартыг мөрдүүлнэ.
4.3. Аюулгүй ажиллагааны зааврыг шинээр буюу шинэчлэн боловсруулж батлуулна.
4.3. Ажилтныг нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, ажлын хувцсаар хангуулна.
4.4. Ажлын болон амралтын цагийн тохиромжтой горим тогтоох, завсарлах, хооллох, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлөөр хангуулна.
4.5. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалт, зааварчлага зохион байгуулна.
4.6. Бичил уурхайд гарсан осол, хурц хордлогыг тогтоосон журмын дагуу судалж бүртгүүлэх, акт тогтоолгох, холбогдох газарт мэдээлэх үүрэг хүлээнэ.
 
5. Бичил уурхайн ажилтны хүлээх үүрэг
5.1. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар, технологийн горимыг чанд мөрдөнө.
5.2. Ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмшихийн хамт осол, гэмтэл, мэргэжлийн хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул ослын үед анхны тусламж үзүүлэх чадвартай байна.
5.3. Бичил уурхайн техник, тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагаа алдагдах, ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, заавар зөрчигдсөн тухай бүр ахлагч, бичил уурхай эрхлэгчид яаралтай мэдээлэх үүрэгтэй.
5.4. Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэдээ сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй ажиллагааны заавар, дүрэмд заасны дагуу шуурхай арга хэмжээг авна.
5.5. Зохион байгуулалттай хийгдэж байгаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд орж эрүүл мэндээ хамгаална.
5.6. Бичил уурхай эрхлэгчээс олгосон ажлын хувцас, бие хамгаалах хэрэгслийг бүрэн хэрэглэнэ.
 
6. Бичил уурхайн ажилтны эрх
6.1. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг хангах талаар бичил уурхай эрхлэгч хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд бичил уурхайн захиргаанд шаардлага тавих, ажил гүйцэтгэхээс татгалзах, холбогдох байгууллагад мэдээлэх эрхтэй.
6.2. Ажлын онцлогт тохирсон ажлын хувцас, ахуйн байр, хамгаалах хэрэгслээр хангуулах, хуулиар олгогдсон хөнгөлөлт эдлэх эрхтэй.
 
 
-------- o O o --------