- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- Бичил уурхайн аюулгүй ажиллагааны урьдчилсан зааварчилга өгөх үлгэрчилсэн заавар
АМГТХЭГ-ын даргын 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 253 дугаар тушаалын 3 дугаар
хавсралт
Бичил уурхайн аюулгүй ажиллагааны урьдчилсан зааварчилга өгөх үлгэрчилсэн заавар
1. Бичил уурхайд шинээр ажилд орохоор ирсэн ажилтанд түүний ажилласан жил, ажлын туршлагыг харгалзахгүйгээр урьдчилсан зааварчилга өгнө.
2. Урьчилсан зааварчилгын агуулга, сургалт явуулах хөтөлбөр, сэдэв, бусад холбогдох асуудлыг агуулсан "Аюулгүй ажиллагааны урьдчилсан зааварчилга өгөх заавар"-ыг бичил уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан эсвэл бичил уурхай эрхлэгч боловсруулж, бичил уурхай эрхлэгч батална.
3. Урьдчилсан зааварчилгын агуулга нь дараах асуудлуудаас бүрдэнэ:
· хөдөлмөрийн хууль, тогтоомж;
· бичил уурхайн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм;
· хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн бусад дүрэм, заавар, улсын стандарт;
· тухайн бичил уурхайн өвөрмөц онцлог, дотоод дүрэм;
· галын аюулгүй байдлаас урьчилан сэргийлэх ажил;
· нэг бүрийн хамгаалах хэрэгсэл хэрэглэх журам;
· үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлого үүсэх шалтгаан;
· осолдогчдод үзүүлэх анхны тусламж.
4. Урьдчилсан зааварчилгыг сургалтын техник хэрэгслээр тусгайлан тоноглосон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн анги, кабинет, танхимд уг асуудлыг хариуцсан ажилтан, эсвэл бичил уурхай эрхлэгч өгнө.
5. Урьдчилсан зааварчилга өгөх хугацаа нь ажилд шинээр орж буй ажилтанд нэг өдөр, өөр уурхайгаас шилжин ирж байгаа болон өөр мэргэжлээр уурхайдаа ажиллах гэж байгаа ажилтнуудад хагас өдөр байна.
6. Урьдчилсан зааварчилга өгсний дараа уг зааварчилгыг авсан хүнээс өгөгдсөн зааварчилгын агуулгын дагуу мэдлэгийн шалгалт авна.
7. Урьдчилсан зааварчилга өгч шалгасан тухай тусгай журналд зааварчилга өгсөн он сар өдөр, зааварчилгын утга, сэдэв, зааварчилга өгсөн ба авсан ажилтан, албан тушаалтны овог, нэрийг бичиж гарын үсэг зуруулсан байна.
8. Урьдчилсан зааварчилга өгөхгүйгээр ажилтан авч ажиллуулахыг хориглоно.
9. Урьдчилсан зааварчилгын журналыг бичил уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа бүх хугацааны туршид устгахгүй хадгална.
-------- o O o --------
Текст томруулах
A
A
A