- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- Бичил уурхайн агаар дахь хүчилтөрөгч, метаны хэмжээг энгийн аргаар хянах заавар
АМГТХЭГ-ын даргын 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 253 дугаар тушаалын 8 дугаар
хавсралт
Бичил уурхайн агаар дахь хүчилтөрөгч, метаны хэмжээг энгийн аргаар хянах заавар
1. Бичил уурхайн агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээг хянах
1.1. Байгалийн цэвэр агаарт хүчилтөрөгч 20.95%, нүүрсхүчлийн хий 0.03%, азот 78.08 %, аргон 0.93 %, зэрэг бусад хий 0.01% байдаг ба ба бичил уурхайн, ялангуяа бичил далд уурхайн үйл ажиллагаанаас хүчилтөрөгчийн хэмжээ багасаж, дутагдсанаас хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх, амь үрэгдэх аюултай байдаг учир бичил уурхайн агаар дахь хүчилтөрөгчийн зөвшөөрөгдөх доод хэмжээг 19.5% гэж "Бичил уурхайн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм"-ээр тогтоожээ.
1.2. Бичил уурхайн агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээг хянах энгийн арга нь дэн, лааны дөлний хэлбэр, байдал бөгөөд агаар дахь хүчилтөрөгчийн агуулга 19 % болоход дөлний хэмжээ цэвэр агаартай үеийнхээсээ 2 дахин бага болох ба цаашид хүчилтөрөгч багасахад дөл мөн багасаж хүчилтөрөгчийн агуулга 16% болоход бөхдөг. Мөн хүний биеийн байдал агаар дахь хүчилтөрөгч 19 % болоход амьсгаа давхцаж амьсгал түргэсэх, 17 % болоход толгой эргэж, зүрх дэлсэж, бие сулрах, 16 % болоход баримжаагаа алдаж ухаан балартах байдалд ордог. Ийм учраас ажлын байранд байгаа дэн, лааны тусламжтайгаар агаар дахь хүчилтөрөгчийн багасалт, аминд аюултай хэмжээг дээрх төлөв байдлаар баримжаалан хянаж болно.
2. Бичил уурхайн агаар дахь метаны хэмжээг хянах
2.1. Байгалийн цэвэр агаарт метан байдаггүй ба бичил уурхайн, ялангуяа нүүрсний бичил далд уурхайн агаарт метан ялгарч хуримталдаг. Метан нь хүний организмд бараг хоргүй боловч агаарын найрлагад 5-15 % байвал тэсрэх аюултай учраас бичил уурхайн агаарт 2 %-иас их байхыг хориглодог.
2.2. Бичил уурхайн агаар дахь метаны хэмжээг хянах энгийн арга нь дэн, өнгө хэлбэр, байдал бөгөөд агаар дахь метаны агуулга 1 % болоход дөлний өнгө нь хөх туяатай, цаашид метан нэмэгдэхэд дөлний өнгө нь цэнхэр өнгөнд шилжих ба 5 % орчим болоход цайвар цэнхэр өнгөтэй болдог. Ийм учраас бичил уурхайн ажлын байрны агаар дахь метаны өсөлт, тэсрэх аюултай хэмжээг дэн, лааны дөлний өнгөний тусламжтайгаар дээрх байдлаар баримжаалан хянаж болно. Дөлний өнгө цайвар болох үед уурхайгаас хүмүүсийг яаралтай гаргаж агааржуулалт хийнэ. Бичил уурхайд дөлний хамгаалалтгүй дэн, лаа хэрэглэхийг хориглоно.
-------- o O o --------
Текст томруулах
A
A
A