- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ГААЛИЙН ЗУУЧЛАГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Улсын гаалийн ерөнхий газрын даргын
2008 оны 674 дугаар тушаалын хавсралт
ГААЛИЙН ЗУУЧЛАГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
ГААЛИЙН ЗУУЧЛАГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Гаалийн зуучлагч болон гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний үйл ажиллагаанд гаалийн байгууллага хяналт тавихад Монгол Улсын гаалийн хууль тогтоомж болон энэ журмыг баримтална.
1.2. Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг гаалийн зуучлагчаар төлөөлүүлэн хийлгэхтэй холбогдуулан гаалийн байгууллага, гаалийн зуучлагч /гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн/-ийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.
1.3. "Гаалийн зуучлагч" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гэрээний үндсэн дээр гаалийн байгууллагад мэдүүлэх, бүртгэгдсэн мэргэжилтнээрээ дамжуулан гаалийн үйл ажиллагаанд оролцох эрх бүхий Монгол Улсын хуулийн этгээдийг хэлнэ.
1.4 "Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн" гэж гаалийн удирдах төв байгууллагаас зохион байгуулсан сургалтад хамрагдан, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний эрх авсан Монгол Улсын иргэнийг хэлнэ.
1.5 Гаалийн зуучлагчийн үйл ажиллагааны зөвшөөрлийг хүсэгч Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, Гаалийн тухай хуулийн 70.2-т заасан бичиг баримтыг бүрдүүлж, Гаалийн тухай хуулийн 67.1-д заасан гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлагыг хангасаныг нотлох бичиг баримтыг өргөдлийн хамт гаалийн удирдах төв байгууллагад ирүүлнэ.
1.6 Гаалийн удирдах төв байгууллага нь өргөдөл, дээрх бичиг баримтуудыг хянан үзэж, зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд уламжилна.
1.7. Гаалийн зуучлагчийн үйл ажиллагааг тодорхой бүс нутаг болон тодорхой бараагаар хязгаарлаж болно.
1.8. Энэ журмаар зохицуулагдаагүй асуудлыг Гаалийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Хоёр. Гаалийн зуучлагчид тавих шаардлага
2.1 Гаалийн зуучлагч нь Гаалийн тухай хуулийн 67.1-д зааснаас гадна дараахь шаардлагыг хангаж ажиллана:
2.1.1. гаалийн бүрдүүлэлт хийх тухай гэрээг аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй байгуулсан байх;
2.1.2. гаалийн болон бусад татвар төлөх, эсхүл татвар төлөхөөр гаргасан баталгааг хангах, учирч болзошгүй алдагдлаас хамгаалах зорилгоор 50,0 сая төгрөгөөс доошгүй хөрөнгийн хэмжээ бүхий эрсдлийн сан байгуулсан байх;
2.1.3. эрсдлийн сан нь мөнгөн хөрөнгө, банкны баталгаа хэлбэртэй байх;
2.1.4. банкны баталгааг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 41.4-т заасан журмын дагуу гаргах;
2.1.5.гаалийн байгууллагаас явуулсан аттестатчилал, шалгалтад хангалттай үнэлгээ авсан байх;
2.1.6. гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнгүйгээр гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа явуулахгүй;
2.1.7. барааг гаалийн байгууллагад сүлжээгээр мэдүүлэх шаардлагыг хангах, гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээнд холбогдох.
Гурав. Гаалийн зуучлагчийн эрх
3.1. Гаалийн зуучлагч нь Гаалийн тухай хуулийн 57.1, 69.1-д зааснаас гадна дараахь эрх эдэлнэ:
3.1.1. гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний өмнөөс барааг гаалийн байгууллагад мэдүүлэх;
3.1.2. төлөөлөн зуучилж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэний гаалийн бүрдүүлэлт хийхэд шаардлагатай мэдээлэлтэй танилцах;
3.1.3. гаалийн байгууллага бараанд шалгалт хийх, дээж, сорьц, загвар авахад байлцах;
3.1.4. гаалийн байгууллагын зөвшөөрлөөр гаалийн хяналтад байгаа бараанаас дээж, сорьц, загвар авах, хэмжих;
3.1.5.төлөөлөн зуучилж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэний өмнөөс шинжилгээнд өгсөн барааны шинжилгээний дүгнэлттэй танилцах; 3.1.6.гаалийн мэдүүлэгт өгөгдсөн мэдээллийг гаалийн байгууллага хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Гаалийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргах;
3.1.7.Гаалийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу урьдчилан мэдүүлэх.
Дөрөв. Гаалийн зуучлагчийн үүрэг
4.1 Гаалийн зуучлагч Гаалийн тухай хуулийн 57.2, 69.2-т зааснаас гадна дараахь үүрэг хүлээнэ:
4.1.1. гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнгүй болсон тохиолдолд үйл ажиллагаагаа зогсоож, энэ тухай гаалийн байгууллагад нэн даруй мэдэгдэх;
4.1.2 .гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний эрх олгох анхан шатны сургалтад хамруулах ажилтныг 3 сараас доошгүй хугацаагаар дадлага хийлгэсэн байх;
4.1.3. бүртгэгдсэн мэргэжилтнийг энэ журмын 5.6-д заасан шалгалтад тухай бүр хамруулах;
4.1.4. гаалийн хууль тогтоомжийг сурталчилах;
4.1.5. гаалийн зуучлагчийн үйл ажиллагаатай холбоотой бүртгэл хөтлөх; 4.1.6. гаалийн мэдүүлгийн маягтыг гаалийн байгууллагад мэдэгдэхгүйгээр бусад зуучлагч, бүртгэгдсэн мэргэжилтэнд шилжүүлэхгүй байх;
4.1.7. гаалийн мэдүүлгийн зарцуулалтын тайланг сар бүр гаргаж гаалийн удирдах төв байгууллагад хүргүүлэх;
4.1.8. гаалийн байгууллагаас шаардсан бусад мэдээ, тайланг тухай бүр, үнэн зөв гаргаж өгөх;
4.1.9. тусгай зөвшөөрөл авах үед гаальд бүртгүүлсэн мэдээлэл /хаяг, орон тоо, бүтэц, харъяалал, өмчийн эрх гэх мэт/-д өөрчлөлт орсон тухай бүр гаалийн удирдах төв байгууллагын тухайн асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгжид албан бичгээр мэдэгдэх;
4.1.10. гаалийн зуучлал гүйцэтгэх хөлсний хэмжээг ил тод, олон нийтэд харагдахуйц газар байрлуулах;
4.1.11. гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг бусдад үл шилжүүлэх;
4.1.12. гаалийн зуучлагчийн үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтыг Монгол Улсын Архивын хуулийн дагуу хадгалах;
4.1.13. бараанд магадлан шинжилгээ хийхэд шаардлагатай мэдээлэл, бичиг баримтыг төлөөлөн зуучилж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэний өмнөөс гаргаж өгөх, төлбөр тооцоо хийж дуусгах.
Тав. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнд тавих шаардлага
5.1. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нь бакалавраас доошгүй боловсролын зэрэгтэй, гадаад хэлний мэдлэгтэй байхаас гадна гаалийн удирдах төв байгууллагаас зохион байгуулсан сургалтад хамрагдаж, энэ журмын 5.2-т дурьдсан шалгалтад хангалттай үнэлгээ авч тэнцсэн байна.
5.2. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний шалгалтыг гаалийн удирдах төв байгууллагаас дараахь хөтөлбөрөөр авна:
5.2.1.Гаалийн тухай болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж;
5.2.2.гаалийн бичиг баримт бүрдүүлэх, мэдүүлэг бичих, хянах чадвар;
5.2.3.бүрдүүлэлтийн горим, түүний код;
5.2.4.БТКУС-ын ерөнхий тайлбар, дүрмүүд;
5.2.5.гаалийн үнэ, татвар ногдуулалт;
5.2.6.олон улсын худалдаа;
5.2.7.шаардлагатай программ хангамжууд дээр ажиллах чадвар.
5.3. Энэ журмын 5.2.-т заасан шалгалтад хангалтгүй үнэлгээ авч тэнцээгүй сонсогч дахин 1 удаа шалгалт өгөх эрхтэй.
5.4. Шалгалтын дүнг үндэслэн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний эрх олгох асуудлыг гаалийн удирдах төв байгууллагын дарга шийдвэрлэнэ.
5.5. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний эрхийг 2 жилийн хугацаагаар олгох бөгөөд гаалийн удирдах төв байгууллагаас олгосон гэрчилгээ, үнэмлэхээр баталгаажна
5.6. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний эрхийг сунгах шалгалтыг энэ журмын 5.2.-т заасан хөтөлбөрөөр 2 жил тутам өгч, шалгалтад амжилттай дүн үзүүлсэн тохиолдолд гаалийн удирдах төв байгууллагын дарга эрхийг 2 жилийн хугацаагаар сунгана.
5.7. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний эрх олгох болон давтан сургалтыг гаалийн удирдах төв байгууллагаас төлбөртэй явуулах бөгөөд анхан шатны сургалтыг 45-аас доошгүй, давтан сургалтыг 21-ээс доошгүй хоногийн хугацаагаар явуулна.
Зургаа. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний үүрэг
6.1. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн дараахь үүрэг хүлээнэ:
6.1.1.гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нь гаалийн үйл ажиллагаанд оролцохдоо гаалийн хууль тогтоомжийг чанд мөрдөх;
6.1.2.гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээний аюулгүй байдлыг хангах, өөрийн нэвтрэх эрхийг бусдад дамжуулахгүй, гаалийн бус зорилгоор ашиглахгүй байх;
6.1.3.гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний эрхийг бусдад үл шилжүүлэх
6.1.4.зуучлагчийн үйл ажиллагааг бие даан явуулахгүй байх;
6.1.5.гаалийн байгууллагатай нягт уялдаа холбоотой ажиллах, тавьсан шаардлагыг биелүүлэх;
6.1.6.гаалийн удирдах төв байгууллагаас олгосон гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний үнэмлэхийг биедээ ил авч явах.
Долоо. Гаалийн байгууллагын хяналт
7.1. Гаалийн зуучлагч болон гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний үйл ажиллагаанд гаалийн байгууллага хяналт тавина.
7.2. Гаалийн газар, хороо гаалийн зуучлагчтай гэрээ байгуулж ажиллана.
7.3. Гаалийн газар, хороо өөрийн хариуцах нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гаалийн зуучлагчийн үйл ажиллагаанд хагас жил тутам үнэлэлт, дүгнэлт өгч холбогдох саналын хамт гаалийн удирдах төв байгууллагын тухайн асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгжид ирүүлнэ.
7.4. Гаалийн газар, хороо гаалийн зуучлагч, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний гаргасан алдаа, зөрчлийг тухай бүр бүртгэж, шаардлагатай арга хэмжээ авна.
7.5. Гаалийн байгууллага гаалийн зуучлагчийг 2 жил тутам аттестатчилна.
7.6. Гаалийн зуучлагчийн аттестатчилалыг гаалийн удирдах төв байгууллагын даргын баталсан удирдамжийн дагуу томилогдсон комисс явуулна.
7.7. Аттестатчилалаар гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа гаалийн хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхийг шалгаж, дүгнэнэ.
7.8. Аттестатчилалын дүнгээр гаалийн зуучлагчийн эрхийг сунгах, зөрчил дутагдал илэрсэн нөхцөлд арилгах талаар хугацаатай үүрэг даалгавар өгөх, шаардлагатай гэж үзвэл тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх буюу хүчингүй болгох саналыг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тавьж шийдвэрлүүлнэ.
Найм. Хариуцлага
8.1. Гаалийн тухай хууль болон энэ журамд заасан нөхцөл шаардлага, үүргээ биелүүлээгүй тохиолдолд гаалийн удирдах төв байгууллага гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх тухай саналаа гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тавьж шийдвэрлүүлнэ.
8.2. Гаалийн тухай хуулийн 70.5, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1-д заасан тохиолдолд гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай саналаа гаалийн удирдах төв байгууллага гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тавьж шийдвэрлүүлнэ.
8.3. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн сард нийт мэдүүлгийн таваас дээш хувийг алдаатай бичсэн, эсхүл нэг төрлийн алдааг удаа дараа гаргасан бол энэ журмын 5.2-т заасан шалгалтад хамруулах саналыг тухайн харъяалах гаалийн газар, хороо гаалийн удирдах төв байгууллагад тавина. Энэ шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн бүртгэгдсэн мэргэжилтний эрхийг гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаалаар 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.
8.4. Гаалийн тухай хууль болон энэ журамд заасан шаардлага, үүргээ биелүүлээгүй тохиолдолд гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаалаар гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний эрхийг харъяа гаалийн газар, хороодын саналыг үндэслэн хүчингүй болгоно.
8.5. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний гаргасан зөрчил нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бол шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A