A

A

A

Бүлэг: 1979
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын
2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/12 дугаар
 тушаалын хавсралт
 
 
ЯЛТАНД ШАГНАЛЫН ХОНОГ ОЛГОХ, ЯЛ ЭДЛЭХЭЭС ХУГАЦААНЫ ӨМНӨ ТЭНСЭН СУЛЛАХ, ЯЛ ЭДЛЭХ  ДЭГЛЭМИЙГ ӨӨРЧЛӨХӨД МӨРДӨХ ЖУРАМ
 
 
            Нэг. Нийтлэг үндэслэл
 
            1.1.Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 332, 334 дүгээр зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.2, 126.1.3, 126.2, 126.3 дахь хэсгүүдийг үндэслэн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах, ялаас хугацааны өмнө тэнсэн суллах, ялтанд шагналын хоног олгох, ял эдлэх дэглэмийг өөрчлөх, ялтанд оногдуулсан сахилгын шийтгэлийг хугацаанаас нь өмнө арилгах асуудлыг хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дэргэдэх Арга зүйн зөвлөлөөр хэлэлцэх, шүүхэд тодорхойлоход энэхүү журмыг мөрдөнө.
 
            1.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалыг үндэслэн Арга зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг хорих анги, албаны бүтэц, онцлогийг харгалзан хорих анги, зөвлөлийн бүрэлдэхүүнийг хорих анги, албаны бүтэц, онцлогийг харгалзан хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын тушаалаар томилно.
 
            1.3.Арга зүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга нь хурлын бэлтгэл ажлыг хангуулах, хурлын тэмдэглэлийг хүн нэг бүрээр бүрэн хөтөлж, түүнд гишүүдийн өгсөн санал дүгнэлтийг дэлгэрэнгүй тусгах, түүнийг хадгалах, архивлах, хурлын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг хариуцан ажиллана.
 
            1.4.Арга зүйн зөвлөлийн хурлыг хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга биечлэн удирдаж явуулах бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаар /ээлжийн амралт эдэлсэн, 30 хоногоос дээш хугацаагаар хэвтэж эмчлүүлсэн/ удирдах боломжгүй  бол харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга удирдан явуулж энэ тухай хурлын тэмдэглэлд тодорхой тусгасан байвал зохино.
 
            1.5.Хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дарга Арга зүйн зөвлөлийн хурлыг улиралд нэгээс доошгүй удаа хийх ба шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурлыг тухай бүр нь зарлан хуралдуулна. Хурлын товыг зарлахдаа хурлаар хэлэлцэх асуудлын бэлтгэл ажлыг хангах хугацааг тооцсон байна.
 
            Хоёр. Ялтанд шагналын хоног олгох
 
            2.1.Тухайн сар, улиралд хөдөлмөрт хамрагдсан ялтны цагийн бүртгэл, хөдөлмөрийн бүтээмж, зан байдал, сургалт хүмүүжлийн ажилд оролцсон байдал, засрал хүмүүжлийг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.3, 134 дүгээр зүйлийн 134.2.5-д заасны дагуу шагналын хоногийг олгоно.
 
            2.2.Арга зүйн зөвлөлийн хурлаар ялтанд шагналын хоног олгох тухай асуудлыг хэлэлцэхээр тов зарлагдсан хугацаанд хөдөлмөрийн даамал, нийгмийн ажилтан, тоо бүртгэлийн байцаагч, цалин хөлс хариуцсан нягтлан бодогч нар холбогдох материалуудыг гаргаж бэлтгэсэн байна.
 
            2.3.Ялтныг хариуцан хэсэг, салбарт ажиллуулсан албан хаагч ялтанд шагналын хоног олгуулах тухай саналаа урьдчилан нийгмийн ажилтанд өгч болно. Ирүүлсэн саналыг хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэнэ.
 
            2.4.Энэ зүйлийн 2.1-т заасан шаардлагыг хангасан ялтанд 30 хүртэл шагналын хоног олгох саналыг хариуцсан нийгмийн ажилтан Арга зүйн зөвлөлийн хуралд танилцуулах ба хуралд оролцсон гишүүдийн санал, дүгнэлтийг харгалзан хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын тушаалаар олгоно.
 
            2.5.Шагналын хоног олгох тухай тушаал батлагдсанаас хойш 14 хоногт багтаан шагналын хоног олгосон тухай лавлагааг хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргаар хянуулж, гарын үсэг зуруулан ялтны хувийн хэрэгт хавсаргах ажлыг тоо бүртгэлийн байцаагч хариуцан зохион байгуулна.
 
            2.6.Шагналын хоног олгох асуудлыг тухайн сар, улиралд нь багтаан шийдвэрлэвэл зохино.
 
            2.7.Арга зүйн зөвлөлийн нэг удаагийн хурлаар ялтанд шагналын хоног олгох, сахилгын шийтгэлийг хугацаанаас нь өмнө арилгах урамшууллыг давхардуулан хэрэглэх сахилгын шийтгэлтэй ялтанд шагналын хоног олгох, түүнчлэн шагналын хоногийг нөхөж олгохыг тус тус хориглоно.
 
            Гурав. Ялаас хугацааны өмнө тэнсэн суллах
 
            3.1.Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т заасан шаардлагыг бүрэн хангасан ялтны нэрсийн жагсаалтыг тоо бүртгэлийн байцаагч урьдчилан гаргаж хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргаар батлуулсаны үндсэн дээр ялаас хугацааны өмнө тэнсэн суллуулах саналыг хэлэлцүүлнэ.
 
            3.2.Ялаас хугацааны өмнө тэнсэн суллуулах тухай асуудлыг хэлэлцэхэд тухайн ялтан гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсэх, сахилгын шийтгэлийн болон засрал хүмүүжлийн талаарх мэдээллийг энэ журмын 2 дугаар зүйлийн 2.2.-т заасан холбогдох албан тушаалтнууд бэлтгэсэн байна.
 
            3.3.Тухайн ялтантай холбогдуулан Арга зүйн зөвлөлийн гишүүд санал, дүгнэлт гаргах ба энэ тухай тэмдэглэлд дэлгэрэнгүй тусгана. Ялтныг ялаас хугацааны өмнө тэнсэн суллахаас татгалзсан тохиолдолд энэ тухай үндэслэлийг хариуцсан нийгмийн ажилтан уг ялтанд танилцуулна.
 
            3.4.Ялаас хугацааны өмнө тэнсэн суллах шаардлагыг хангаж тэнцсэн ялтны зан байдал, засрал хүмүүжлийн тодорхойлолт, саналыг хариуцсан нийгмийн ажилтан бичих бөгөөд хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргаар гарын үсэг зуруулж баталгаажуулна. Бүрдүүлсэн материалыг ялтны хувийн хэргийн хамт албан бичгээр аймаг, нийслэл, дүүргийн прокурорт  хүргүүлэхийг тоо бүртгэлийн ажилтан хариуцна.
 
            3.5.Ялтныг ялаас хугацааны өмнө тэнсэн суллах асуудлыг хэлэлцэхдээ хурлын товыг зарласан өдрөөр ялын тооцоог тасалбар болгон бодно. Тухайн хурлаар олгохоор хэлэлцэн шийдвэрлэсэн шагналын хоногийг ялын тооцоонд оруулахгүй.
 
            Дөрөв. Ял эдлэх дэглэмийг өөрчлөх
 
            4.1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334, 335 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.3, 127 дугаар зүйлийн 127.6, 134 дүгээр зүйлийн 2.2-т заасан шаардлагыг хангасан ялтны нэрсийн жагсаалтыг тоо бүртгэлийн байцаагч урьдчилан гаргаж хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргаар батлуулсаны үндсэн дээр ялтны ял эдлэх дэглэмийг өөрчлөх / ял эдлэх дэглэмийг бууруулах буюу дээшлүүлэх / саналыг хэлэлцүүлнэ.
 
            4.2.Тухайн ялтны ял эдлэх дэглэмийг бууруулах буюу дээшлүүлэх үндэслэлийг хариуцсан нийгмийн ажилтан хуралд танилцуулан гишүүд санал, дүгнэлт гаргаж энэ тухай тэмдэглэлд дэлгэрэнгүй тусгана.
 
            4.3.Ял эдлэх дэглэмийг бууруулах буюу дээшлүүлэх ялтны зан байдал, засрал хүмүүжлийн тодорхойлолт, саналыг хариуцсан нийгмийн ажилтан бичих бөгөөд хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргаар гарын үсэг зуруулж баталгаажуулна.Бүрдүүлсэн материалыг ялтны хувийн хэргийн хамт албан бичгээр аймаг, нийслэл, дүүргийн прокурорт хүргүүлж шүүхээр шийдвэрлүүлнэ.
 
            4.4.Ял эдлэх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн, удаа дараа зөрчил гаргаж сахилгын шийтгэл хүлээж байсан, түүнчлэн ял эдлэх дэглэмийг нь дээшлүүлсэн ялтны ял эдлэх дэглэмийг бууруулахгүй.
 
            Тав: Сахилгын шийтгэлийг хугацаанаас нь өмнө арилгах
 
            5.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.2-т заасан үндэслэлээр ялтны нэрсийн жагсаалтыг тоо бүртгэлийн байцаагч урьдчилан гаргаж хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргаар батлуулсаны үндсэн дээр нийгмийн ажилтан нь урьд оногдуулсан сахилгын шийтгэлийг хугацаанаас нь өмнө арилгах Арга зүйн зөвлөлөөр хэлэлцүүлнэ.
 
            5.2.Ялтны гаргасан зөрчил, өнгөрсөн хугацаанд хөдөлмөрт оролцсон байдал, засрал хүмүүжил, сургалт хүмүүжлийн ажилд орлцсон болон хаит олны дотор бие авч яваа байдлын талаарх тодорхойлолт, зөвлөлийн гишүүдийн санал, дүгнэлтийг үндэслэн хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын тушаалаар урьд оногдуулсан сахилгын шийтгэлийг хугацаанаас нь өмнө арилгана.
 
            5.3.Сахилгын шийтгэлийг хугацаанаас нь өмнө арилгах тухай тушаал батлагдсанаас хойш 14 хоногт багтаан урьд оногдуулсан сахилгын шийтгэлийг хугацаанаас нь өмнө арилгасан тухай лавлагааг хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргаар хянуулж, гарын үсэг зуруулан ялтны хувийн хэрэгт хавсаргах ажлыг тоо бүртгэлийн байцаагч хариуцна.
 
            5.4.Ялтан сахилгын зөрчил гаргаж шийтгэлээ эдэлснээс хойш 6 сарын дотор сахилгын шийтгэлийг хугацаанаас нь өмнө арилгах асуудлыг авч хэлэлцэхгүй. Сахилгын зөрчил давтан гаргасан тохиолдолд сүүлчийн зөрчил гаргаж сахилгын шийтгэл эдэлснээс хойш 6 сарын хугацааг тоолно.
 
            5.5.Өргөдлөөр буюу ажлын шаардлагаар хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хооронд шилжүүлсэн ялтан сахилгын шийтгэлтэй бол /нэгдсэн эмнэлэгт эмчлүүлэх, дамжин өнгөрүүлэх байранд байх хугацаандаа зөрчил гаргасан бол нэгэн адил хамаарна/ тухайн хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дарга энэ журамд заасан хугацааны дагуу сахилгын шийтгэлийг хугацаанаас нь өмнө арилгах эсэхийг шийдвэрлэнэ.
 
---------оОо----------