A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МОНГОЛ УЛСААС ГАДААД УЛСАД СУУГАА ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН АЖИЛТАН НАРТ ОЛГОХ ЗАРИМ ЗАРДАЛ ХАНГАМЖИЙН ТАЛААР МӨРДӨХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Гадаад хэргийн сайд, Санхүү эдийн засгийн сайдын хамтарсан 2001 оны 07/24 дүгээр тушаалын хавсралт


МОНГОЛ УЛСААС ГАДААД УЛСАД СУУГАА ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН АЖИЛТАН НАРТ ОЛГОХ ЗАРИМ ЗАРДАЛ ХАНГАМЖИЙН ТАЛААР МӨРДӨХ ЖУРАМ
Нэг. Томилолт, амралттай холбогдсон зардлын талаар
1. ДТГ-т ажиллахаар томилогдон явах, бүрмөсөн буцах ажилтан, түүний эхнэр /нөхөр/, сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдэд Улаанбаатараас суух хот хүртэл, мөн суугаа хотоос Улаанбаатарт буцах хүртэлх уналгын зардлыг /хавсралт 2/ нисэх онгоц буюу галт тэрэгний энгийн суудлын тарифаар олгоно. Суугаа орондоо ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхдийг эх орондоо буцахад нь нас харгалзахгүйгээр нэг удаа галт тэрэгний энгийн суудал, зам хоногийн зардал олгоно.
Элчин сайд, байнгын төлөөлөгч нарыг томилогдож явах, бүрмөсөн буцаж ирэхэд эхнэр /нөхөр/-ийн хамт онгоц буюу галт тэрэгний нэгдүгээр зэргийн суудлын тарифаар зардал олгоно.
2. ДТГ-т ажиллахаар томилогдсон ажилтанд 200 кг ачааны тээврийн хөлсийг хэрэглэх уналгын ердийн тарифаар бодож үндсэн баримтын дагуу улсаас төлнө. Бүрмөсөн буцахад дээрх ачааны хэмжээг 50 хувиар нэмэгдүүлж болно. Хэрэв ачааг хөнгөлөлттэй хөлсөөр явуулбал ачааны хэмжээ дээрх нормоос их байж болох боловч олгох хөлсний хэмжээ нь нормт ачааны ердийн тарифаар бодсон зардлын хэмжээнээс хэтэрч болохгүй. Галт тэрэгний тээшийн вагон явдаггүй оронд ачааны зардалдаа багтаж байвал суудлын тийз нэгийг олгож болно.
3. Улаанбаатараас суух хотноо анх очих, эх орондоо бүрмөсөн буцаж буй ажилтан, түүний эхнэр /нөхөр/, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдэд уналга, байр, зам хоногийн зардлыг дайран өнгөрөх хотод байх хугацааг /хавсралт 2/ баримтлан тухайн ДТГ-ын төсвөөс олгоно.
4. Суугаа орныхоо эрүүл мэндийн даатгалд хамаарагдаагүй ДТГ-ын ажилтан эх орондоо ирж эмчлүүлбэл тэр хугацаанд "Нийгмийн даатгалын тухай хууль"-д заасны дагуу тэтгэмж олгоно. Тэтгэмж бодохдоо эмнэлгийн хуудсыг үндэслэн авч байсан цалингаас нь олгоно.
5. ДТГ-ын ажилтан нарыг албан ажлаар хавсран суугаа улсад явах зардлын төсвийг ДБҮААГ-ын Санхүү, эдийн засгийн хэлтэс хянаж батална.
Төлбөртэй нэмэлт үйлчилгээний зардлыг хувиасаа гаргана.
6. ДТГ-ын  тэргүүн хавсран суугаа улсад эхнэр /нөхөр/-ээ улсын зардлаар /уналга, байр, зам хоног/ хавсран суугаа хугацаандаа нэг удаа авч явж болно.
7. ДТГ-ын ажилтнууд эх орондоо албан томилолтоор түр ирэхэд уналгын зардлыг нисэх онгоц, галт тэрэгний энгийн суудлын тарифаар ДТГ олгож, эх орондоо байсан хугацааны байр, зам хоногийн болон буцах уналгын зардлыг уг ажилтныг дуудаж ирүүлсэн байгууллага нь олгоно.
8. ДТГ-ын ажилтан нар суугаа орны дотор албан томилолтоор явах зам хоногийн зардлыг "Тус улсаас гадаадад албан томилолтоор явагчдын зардлын тухай" Монгол Улсын Сангийн сайдын 1999 оны 226 дугаар тушаалаар баталсан хэмжээний 80 хувиар тооцож олгоно. Байрны зардлыг зочид буудлын энгийн өрөөгөөр бодож үндсэн баримтаар олгоно. Харин томилолтоор очсон хотын дотор уналга, холбооны зардал гарсан бол ДТГ-ын тэргүүний зөвшөөрлөөр олгож болно.
9. Суугаа орны байгууллагаас гадаадын дипломатуудад зориулан албан ёсоор зохиосон аялалд оролцоход зардлаа өөрсдөө хариуцах бол холбогдох зардлыг суугаа орны дотор албан томилолтоор явагчдын журмаар олгоно.
10. ДТГ-ын тэргүүн болон дипломат ажилтан нарт суугаа улсын ёслолын журмын дагуу ИЖБ барих зэрэг ёслолын арга хэмжээнд тусгай хувцас зайлшгүй шаардагдах бол түүнийг худалдан авах, түрээсээр хэрэглэх зардлыг төсвөөсөө гаргаж болно.
11. ДТГ-т ажиллаж байгаа хүмүүсийн ээлжийн амралтыг Хөдөлмөрийн хуулийн заалтыг үндэслэн олгоно. Томилолтын хугацаа дуусч эх орондоо бүрмөсөн буцахад ээлжийн амралтын тооцоог ажилласан хугацаанд ногдох хоногоор тооцно.
12. ДТГ-ын ажилтан эх орондоо амрахаар ирэх, буцах зардлыг /гэр бүл, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хамт/ 2 жилд нэг удаа төрөөс олгоно. Цаг уурын хүнд нөхцөлтэй Вьетнам, Лаос, Энэтхэг, Бангкок, Египет, Кубад суугаа ЭСЯ-ны ажилтнуудыг жил бүр улсын зардлаар эх орондоо ирж амрахыг зөвшөөрнө. Ээлжийн амралтаар явагчдад уналгын зардлыг нисэх онгоц, галт тэрэгний ердийн тарифаар олгох бөгөөд байр, зам хоногийн зардал олгохгүй. Хэрэв галт тэрэг явдаг боловч зардлын хувьд нисэх онгоцоор явах зардал хямд байвал зохих зардлыг олгож болно.
13. Эх орондоо улсын зардлаар ирж амрах ээлжит жилдээ суугаа орондоо болон зэргэлдээ оронд амарсан бол эх орондоо ирээд буцах уналгын зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээгээр урамшил олгож болно.
14. Эх орондоо бүрмөсөн буцах дуудлага аваад 2 сарын дотор буцаагүй төвийн томилолттой албан хаагч, түүний гэр бүлийн гишүүдэд замын зардал олгохгүй. Хэрвээ зардал аваад бүрмөсөн буцаагүй тохиолдолд эгүүлэн авах арга хэмжээ авна.
15. Дипломат цол бүхий ДТГ-ын тэргүүн болон дипломат ажилтнуудын цолны нэмэгдлийг гадаадад ажиллах хугацаанд нь "адилтгах албан тушаалын цалин"-гийн хувь хэмжээгээр тооцож төгрөгөөр олгоно.
 
Хоёр. Орон сууц, эд хогшил, уналга, бусад зардал,
хангамжийн талаар
 
16. ДТГ-ын тэргүүн нарт орон сууц /өргөө/, унтлагын болон зочны тасалгаа, ажлын өрөөнд тавих мебель, дэвсгэр, хөшиг, гал тогооны тавилга, телевизор, радио, гэрлийн бүрхүүл, ёслолын зориулалтаар ашиглах /12 хүртэл хүний/ хоол, цайны бүрэн хэрэглэлийг төлбөргүй хэрэглүүлнэ.
17. ДТГ-ын ажилтан нарт өөрийн болон түрээсээр авсан орон сууцыг албан тушаал, ам бүлийн байдлыг харгалзан ДТГ-ын тэргүүн хуваарилна. Ажилтан нарт төрөөс зардлыг нь хариуцах орон сууцны талбайн хэмжээг ам бүлийн нэг хүнд  10м2-аар баримжаалан 30-60м2 байхаар тогтооно. Түүнээс илүү талбайн хөлсийг суугаа орны тарифын дагуу эзэмшигч төлнө.
18. Ажилтан нарын сууцанд улсын зардлаар бэлтгэж, хөлсөөр хэрэглүүлэх зайлшгүй шаардлагатай эд хогшлыг тухайн ажилтны ам бүлийн тоо, суугаа орны нөхцөл зэргийг харгалзан ДТГ-ын тэргүүн шийдвэрлэж байна. Ажилтнуудад хэрэглүүлэх эд хогшлын бүртгэлийн үнээс сар тутам эхний 5 жилд 2.0 хувиар, 6 дахь жилээс 11 жилд 1.0 хувиар бодож түрээсийн хөлс хураана. 12 жил ашигласан эд хогшлыг хэрэгцээ хангахгүй гэж үзэх үндэстэй бол ДТГ-ын тэргүүний шийдвэрээр хөрөнгийн түрээсийн төлбөрөөс чөлөөлж, тэдгээр эд хогшлыг ажилтан нар хүсэлтээрээ сэлбэж ашиглавал хураамж авахгүй.
19. Шинэ тутам байгуулагдсан буюу хөрөнгө оруулалтаар шинэ эд хогшил авсан тохиолдолд түрээсийн хураамж нь албан хаагчдын амьжиргааны түвшинд нөлөөлөхөөр байвал хураамж авах хувийг ГХЯ тогтоож өгнө. Анх томилогдон очсон ажилтнууд өөрсдөө хүсвэл орон сууцандаа тавих эд хогшил бэлтгэхэд нь зориулж нэг жилийн дотор эгүүлэн төлөх нөхцлөөр 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урьдчилгаа олгож болно. Хэрэв нэг жилийн хугацаанаас хэтэрвэл урьдчилгааны үлдэгдлийн дүнгээс сар тутам 10 хувийн алданги тооцож авна.
20. ДТГ-ын төвийн томилолттой ажилтан орон сууцандаа телефон утас тавиулсан зардал, үйлчилгээний хураамжийг эзэмшигч өөрсдөө төлнө. Хот болон улс хоорондын албаны яриаг зөвхөн ЭСЯ-ны телефон утсаар ярьж хөлсийг ЭСЯ төлнө. Гэрийн утсаар албаны асуудал ярьсан бол төлбөрийг ДТГ-ын тэргүүний шийдвэрээр зохицуулна.
21. Ажилтан, ажилчдын орон сууцны талбай, халаалт, сэрүүцүүлгийн хөлс, усны зардлыг ЭСЯ хариуцан төлнө. Хэрэв төвийн томилолттой гэр бүлийн гишүүнд хамаарахгүй хүн нэг сараас илүү хугацаагаар байрлуулбал зардлыг нь байлгасан айл төлнө. Шатдаг хий, хог, цахилгааны зардлыг суугаа орны үнэлгээгээр ажилтан нар өөрсдөө хариуцна.
22. ДТГ-ын тэргүүн албан тушаалын автомашинаа өөрөө хэрэглэнэ. ДТГ-ны ажилтан, ажилчдын хувийн хэрэгцээнд автомашин хэрэглүүлэх журам, төлбөртэй үйлчлэх үнийг ДТГ-ын тэргүүний тушаалаар зохицуулна.
23. ДТГ-ын ажилтнууд автомашин барьж албан үүргээ гүйцэтгэх болон түүнийг урамшуулах журмыг ДТГ-ын тэргүүний тушаалаар зохицуулна.
24. Өөрийн буюу түрээсийн байрны урсгал засварыг ДТГ-ын ажилтан, ажилчдын хүчээр чанартай хийсэн нөхцөлд ДТГ-ын тэргүүний тушаалаар урамшуулж болно.
25. Эмнэлгийн төлбөрт үйлчилгээтэй оронд суугаа ДТГ-уудын ажилтнууд, тэдний гэр бүлийн хүмүүсийн эмчилгээний зардлыг ДТГ-ын төсвөөс олгоно. Шүд зэрэг хиймэл эрхтэн хийлгэх болон эм авах зардлыг төрөөс олгохгүй.
26. ДТГ-ын ажилтнуудын суугаа орны ерөнхий боловсролын сургууль  төлбөртэй бол сургалтын төлбөрийг суугаа орны үндэсний сургуулийн сургалтын зардлын дундаж жишгээр тооцож ДТГ-ын төсвөөс олгоно. Хэрэв суугаа орны үндэсний сургуульд хамаарахгүй өндөр төлбөртэй сургуульд суралцуулбал төлбөрийн 50 хувийг эцэг эх нь хариуцна.
27. ДТГ-уудын ажилтнууд, тэдний гэр бүлийн хүмүүсийг суугаа орны эрүүл мэндийн даатгалд хамруулах асуудлыг санхүүгийн боломжоос хамаарч Гадаад хэргийн яам тухайн үед нь шийдвэрлэнэ.
28.                Ажилтнуудын ахуй хангамжтай холбогдуулан угаалгын машин, оёдлын машин ЭСЯ-ны төсвөөр худалдан авч ашиглахтай холбогдсон үйлчилгээний хөлсийг ДТГ-ын тэргүүн тогтоож мөрдөнө.