- Нүүр
- Сайдын тушаал
- ЭНГИЙН ГАДААД ПАСПОРТ ОЛГОХ, ХУГАЦАА СУНГАХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ, БҮРТГЭЛ ХӨТЛӨХ ТУХАЙ ЗААВАР
Хууль зүйн сайд, Гадаад харилцааны сайдын хамтарсан 2000 оны 136/24 дугаар тушаалын хавсралт
ЭНГИЙН ГАДААД ПАСПОРТ ОЛГОХ, ХУГАЦАА СУНГАХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ, БҮРТГЭЛ ХӨТЛӨХ ТУХАЙ ЗААВАР
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Монгол Улсаас гадаад оронд суугаа дипломат болон консулын төлөөлөгчийн газар нь Монгол Улсын иргэнд үндэсний энгийн гадаад паспорт олгох, хугацааг сунгах, хүчингүй болгох болон бүртгэл хөтлөхдөө Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 109 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам", энэхүү зааврыг удирдлага болгон ажиллана.
2.Монгол Улсаас гадаад оронд суугаа дипломат болон консулын төлөөлөгчийн газар нь гадаадад зорчин явах үедээ паспортаа үрэгдүүлсэн, гэмтээсэн, паспортынх нь хуудас ашиглагдаж дууссан зэрэг тохиолдолд Монгол Улсын иргэнд тухайн улсын цагдаагийн байгууллагын тодорхойлолт, өөрийнх нь гаргасан өргөдлийг үндэслэн үндэсний гадаад паспорт, буцах үнэмлэх, хүүхдийн үнэмлэхийн аль шаардлагатайг олгоно.
З.Гадаад оронд байнга оршин сууж байгаа Монгол Улсын иргэн хүүхэддээ үндэсний энгийн гадаад паспорт олгуулахыг хүсвэл энэ зааврын 5-д заасны дагуу материал бүрдүүлэн үндэсний энгийн гадаад паспорт авч болно.
4.Гадаад оронд яваа Монгол Улсын зарим иргэнд гадаад паспорт олгох зайлшгүй тохиолдолд тухайн Элчин сайдын яам, консулын газарт энгийн гадаад паспортын нөөц дууссан бол уг асуудлын талаар холбогдох материалыг ИБМУТ-д ирүүлж Монгол Улсад суугаа эцэг, эх, үр хүүхэд паспортыг тухайн иргэний нэрийг зааж Элчин сайдын яам, консулын газарт хүргүүлж болно.
Хоёр.Үндэсний энгийн гадаад паспорт шинээр
авахад шаардагдах бичиг баримт,
тэдгээрийг хянаж шалгах
5.Үндэсний энгийн гадаад паспорт шинээр авах Монгол Улсын иргэн дор дурдсан материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
а/гадаад паспорт авах тухай хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл;
б/паспортаа үрэгдүүлсэн, гэмтээсэн тухай тайлбар, тухайн орны цагдаагийн байгууллагын тодорхойлолт /анх удаа паспорт авч буй болон паспортын хуудас нь ашиглагдаж дууссан иргэнд хамаарахгүй/;
в/иргэний үнэмлэх, эсвэл төрсний гэрчилгээ;
г/эгц урдаасаа авахуулсан 4x6 хэмжээтэй хоёр хувь цээж зураг /хар болон туяатай нүдний шилгүй/;
д/паспорт захиалах хуудас;
е/паспортын хураамж төлсөн баримт;
ж/ИБМУТ-ийн лавлагаа.
6. Монгол Улсын иргэн үндэсний энгийн гадаад паспортынхаа хугацааг сунгуулахдаа энэ зааврын 5 дахь заалтын а, в, д, е, ж-д дурдагдсан материалуудыг бүрдүүлнэ.
7.Гадаадад хувийн хэргээр зорчин явахдаа паспортаа гэмтээсэн, хуудас нь ашиглагдаж дууссан асуудлаар гадаад паспортаа солиулж шинээр паспорт авах хүсэлт гаргасан иргэний тухайн паспортыг нь цоолж хүчингүй болгон энэ тухай дипломат болон консулын төлөөлөгчийн газрын эрх бүхий албан тушаалтан тушаал гаргаж баталгаажуулна.
8.Гадаадад зорчин явж байхдаа үрэгдүүлсэн энгийн гадаад паспортын оронд шинэ энгийн гадаад паспорт олгуулах хүсэлт тавьсан иргэний хүсэлтэд анхааралтай хандаж хэрхэн, ямар нөхцөлд, ямар дугаартай паспорт үрэгдүүлсэн тухай тайлбар, тухайн орны цагдаагийн байгууллагад тэмдэглүүлж мэдэгдсэн тухай албан бичиг гаргуулан авч, тийм дугаарын паспорт тухайн хүнд олгогдож байсан нь үнэн эсэх болон бусад зөрчлийн талаар ИБМУТ-өөр шалгуулж хариу авсны дараа тухайн паспортыг хүчингүй болгож шийдвэрлэнэ.
ИБМУТ факсаар ирсэн мэдээг хүлээн авч 24 цагийн дотор лавлагаа гаргаж өгнө.
9.Паспортынх нь хуудас ашиглагдаж дууссан, паспортаа гэмтээсэн эсвэл үрэгдүүлсэн иргэнээс Монгол Улсын Хууль зүйн сайдын 1997 оны 68 дугаар тушаалаар баталсан журмын заалтын дагуу хүчингүй болгосон тухай хураамж авна.
Хураамжийн мөнгийг Гадаад харилцааны яамаар дамжуулан ИБМУТ-ийн холбогдох дансанд шилжүүлнэ.
10.Паспортаа гэмтээсэн, үрэгдүүлсэн иргэний паспортыг хүчингүй болгохын өмнө Захиргааны хариуцлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн заалтыг үндэслэн эрх бүхий ажилтан торгууль хүлээлгэнэ.
11.Гадаад паспорт олгох, хугацааг сунгахдаа хүсэлт гаргасан иргэний бүрдүүлсэн. материалын дараах зүйлүүдийг хянаж үзнэ. Үүнд:
а/иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэн эцэг, эхийн нэр, сери, регистрийн дугаар зэргийг паспорт авах захиалгын хуудсанд зөв бичигдсэн эсэх;
б/ иргэний үнэмлэхийн болон эзэмшиж байсан гадаад паспортын зураг тухайн иргэний өөрийн дүр төрхтэй таарч байгаа эсэх;
в/хэрэв тухайн иргэн 16 нас хүрээгүйгээс иргэний үнэмлэх аваагүй бол төрсний гэрчилгээ эсвэл Монгол Улсын эрх бүхий байгууллагаас олгосон хүүхдийн хавсралт үнэмлэх байгаа эсэх;
г/тухайн хүний цээж зураг нь үндэсний гадаад паспортанд наах шаардлага хангаж байгаа эсэх;
д/гадаад паспорт авах тухай бичсэн өргөдөлд тухайн хүний овог, нэр, оршин суугаа хаяг зөв бичигдсэн эсэх;-
е/урьд нь эзэмшиж байсан гадаад паспортаа хүчингүй болгуулсан эсэх. Гурав.Гадаад паспортанд бичилт хийх, түүнийг бүртгэх
12.Үндэсний гадаад паспорт, түүнийг орлох баримт бичигт бичигдэх бүх үсгэн бичилтийг эхлээд монгол /кирилл үсгээр/ хэлээр, дараа нь англи /латин үсгээр/ хэлээр, бүх тоон бичилтийг араб цифрээр бичиж, дараах үйлдлүүдийг хийн тамга, тэмдгээр баталгаажуулна. Үүнд:
а/паспортын арын хавтасны дотор талд дараах бичилтүүдийг хийнэ. Үүнд:
-паспортын дугаар гэдэгт паспортын сери, дугаарыг;
-эзэмшигчийн нэр гэдэгт паспорт эзэмшигчийн нэрийг;
-овог гэдэгт паспорт эзэмшигчийн эцэг, эхийн нэрийг;
-төрсөн он сар өдөр гэдэгт уг хүний төрсөн он, сар, өдрийг /өдөр, сар он
гэсэн дарааллаар/;
-дуусах хугацаа гэдэгт энэ паспортын хүчинтэй байх хугацаа дуусах он,
сар, өдрийг/өдөр, сар, он гэсэн дарааллаар/ тус тус бичнэ;
б/паспорт эзэмшигчийн зургийн доод тал нь өлзий хээнд орж байхаар зориулалтын зайд тохируулж наагаад ЭСЯ, дипломат болон консулын төлөөлөгчийн газрын дөрвөлжин тэмдгээр зургийн баруун доод өнцөгт дарж баталгаажуулна;
в/гадаад паспорт олгож байгаа ажилтан паспорт хүсэгчийн захиалгын хуудсан дээр цээж зургийн нэг хувийг наана;
г/бүх бичилт, зургийг дахин шалгаж зөв хийгдсэн бол хавтасны дотор талд бичсэн бичилт, зургийг хамгаалах зориулалт бүхий наалдамхай гялгар бүрхүүлийн доод хэсгийн хамгаалалт цаасыг авч наасны дараа дээд хэсгийг наана;
д/паспортын 32 дугаар хуудасны бичлэг хөндлөн хийгдэх бөгөөд хуудасны дунд хэсэгт олгосон байгууллага, олгосон газар гэдэгт олгож байгаа байгууллага нэрээ бичиж, эрх бүхий этгээд гарын үсгээ зуран тамга дарна;
е/паспортын 30 дугаар хуудсанд хамт авч явах хүүхдийн овог, нэрийг, төрсөн он, хүйс зэргийг бичин зургийг нэрний дор нааж, жижиг дөрвөлжин тэмдгээр баталгаажуулна;
ж/паспортын 29 дүгээр хуудсанд сунгалтыг эзэмшигчийн хүсэлтийн дагуу хийж том дөрвөлжин тамга дарж, түүний доод хэсэгт батлах эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурна /визийн жижиг тэмдгээр баталгаажуулахыг хориглоно/;
Тайлбар: паспортыг жилээр сунгадаг болсонтой холбогдуулж сунгалтыг 4-өөс доошгүй удаа тамга дарж хийхээр бодож бичилт, үйлдлийг хийнэ;
з/хүүхдийн хавсралт үнэмлэхийн зүүн дээд хэсэгт уг хүүхдийг гадаад паспортандаа хавсаргаж хамт авч явах хүний овог, нэр, паспортын сери, дугаарыг бичиж түүний доорх хэмжээ бүхий зайнд хүүхдийн зургийг нааж баруун доод өнцөгт дөрвөлжин тэмдэг дарна.
Түүний доор үнэмлэхийн хүчинтэй байх он, сар, өдрийг; үнэмлэхний хуудасны дунд хэсэгт үнэмлэх авч байгаа хүүхдийн овог, нэр, төрсөн өдөр, сар, он, хүйсийг, Монгол Улсын харъяат болох зэргийг бичнэ. Үнэмлэхний хуудасны баруун гар талын хэсэгт олгосон байгууллага, газар, олгосон өдөр, сар, он зэргийг бичин эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулна.
13.Гадаад паспорт, түүнийг орлох баримт бичгийг олгосон тухай дараах үзүүлэлтээр бүртгэл хөтлөнө. Үүнд:
а/бүртгэлийн дугаар;
б/эзэмшигчийн овог, нэр;
в/регистрийн дугаар;
г/иргэний үнэмлэхийн сери, дугаар;
д/олгосон паспортын сери, дугаар, хүүхдийн хавсралтын дугаар;
е/олгосон Элчин сайдын яам, консулын газрын нэр.
14.Хүчингүй болгосон гадаад паспортад тусад нь дээрхийн нэгэн адил бүртгэл хөтлөнө.
15.Олгосон гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримт, хүчингүй болгосон паспортын бүртгэлийн бүх үзүүлэлтээр комьпютерт оруулахаар материалыг улирал бүр ИБМУТ-д ирүүлнэ.
16.ИБМУТ нь үндэсний гадаад паспорт, холбогдох үнэт цаасны төлбөр хийсний дараа Гадаад харилцааны яамаар дамжуулан дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан хэрэгцээнд урьдчилан хүргүүлэх бөгөөд холбогдох тооцоог улирлаар хийж байна.
17.Иргэдээс бүрдүүлж ирүүлсэн гадаад паспорт, хүүхдийн хавсралт паспортын материалыг тус тусад нь үдэж дугаарлан бүртгэлийн дэвтрийн хуулбарын хамт ИБМУТ-ийн архивт хадгална.
-----оОо-------
Текст томруулах
A
A
A