A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Хууль зүйн сайдын 1997 оны
324 дүгээр тушаалын хавсралт
 
ХУГАЦААГҮЙ ХОРИХ ТУСГАЙ САЛБАР, ДАМЖИН ӨНГӨРҮҮЛЭХ
 АНГИД МӨРДӨХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
Цаазаар авах ял нь уучлагдаж, хугацаагүй хорих ялаар өөрчлөгдсөн хоригдлын ялыг дотоодын цэргийн хамгаалалттай хугацаагүй хорих тусгай салбарт эхний 5 жилийг чанга дэглэмтэй гяндангийн, үлдэх хугацааг онцгой дэглэмтэй хорих ангийн нөхцлөөр ганцаарчилсан тасалгаанд эдлүүлэхэд энэ журмыг мөрдөнө.
 
1.Хугацаагүй хорих тусгай салбарын мөрдөх журам нь Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай Монгол Улсын хуулийн 72 дугаар зүйлийн 3, 4, 76 дугаар зүйлийн 4, 7 дахь хэсэг, 86 дугаар зүйлийн заалтуудаар тодорхойлогдоно.
2.Хугацаагүй хорих тусгай салбарын харуул хамгаалалт нь хорих ялыг ялгамжтай эдлүүлж, тэдний зүгээс гарч болзошгүй зөрчил, гэмт хэрэг, халдлагаас урьдчилан сэргийлэх нөхцөл боломжийг хангахад чиглэгдэнэ.
3.Ганцаарчилсан тасалгаа нь эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан, таазны түвшинд 30x120 см-ийн хэмжээтэй, торолсон, давхар салхивчын цонхтой, 25x64 см—ийн тоосгон ханатай, бетонон таазтай, модон шалтай, хананд төмөр бэхэлгээнд гагнаж суулгасан төмөр сараалжин болон 5-8 см-ийн лист төмрөөр хийсэн давхар хаалгатай (хаалга нь 2—3 нугастай, хянах цонхтой), дотроо бие засах суултуур, угаагуур, цэвэр устай байна. Тасалгаа нь   халаалт, салхивчтай байхаас гадна 6-8 мм-ийн төмөр утсаар шалтай бэхэлсэн ор, сандалтай байна.
 
Хоёр. Дотоодын хяналт, харуул хамгаалалтын, үйл ажиллагаа
4.  Хяналт,   харуул   хамгаалалтын   өдөр   тутмын   үйл   ажиллагааг   эрэн сурвалжлах албаны ажилтан-ерөнхий жижүүрээр ахлуулсан ээлжийн харуулчид гүйцэтгэнэ.
5. Хугацаагүй хорих тусгай салбарын дарга,  дэд дарга,   тусгай хэсгийн ажилтан ээлжийн илтгэлтэй танилцаж, цагийн байдалтай холбогдуулан  ээлж хүлээн авах бүрэлдэхүүнд үүрэг тавьж, ажил хүлээлцэнэ.
6. Жижүүр хүлээлцэх хугацаанд шалган нэвтрүүлэх болон давхар хоорондын хөдөлгөөнийг түр зогсооно.      
7.Шалган нэвтрүүлэх, эмнэлэг,   гал тогоо, сахилгын байр, хонгил шатны талбай дахь тусгаарлагчийн цоожны түлхүүрийн нэг хувь нь  ангийн даргад хадгалагдана.
8.Хоригдолд цай, хоолыг хаалганы доторхи сараалжин тусгаарлагчаар өгнө.
9. Ажлын бус цагт хоригдол нэг гарын гинжин уяанд холбогдсон байна.
 
10.Хоригдлыг тусгай төхөөрөмжлөгдсөн газарт зохих хяналт, хамгаалалтын дор   өдрийн  10.00—17.30   цагийн   хооронд  1  цагаас   доошгүй   хугацаагаар гадаалуулна. Ийнхүү гадаалуулахдаа гяндангийн хоригдолтой хамт байлгахыг хориглоно.   Гадаалж   байхдаа   тогтоосон   журам   зөрчвөл   гадаалахыг   даруй зогсооно.
11.Үзлэг нэгжлэг хийх үүрэг бүхий ажилтнууд гадаалгын өмнө, хойно тухайн байр, нэг бүрийн өрөөг шалгана.
12.Хоригдлын байрлал, өрөө хоорондын сэлгээг дарга, дэд дарга, ахлах төлөөлөгч нарын саналыг үндэслэн зохих журмын дагуу шийдвэрлэнэ.
13. Хугацаагүй  хорих  тусгай  салбарын  аж   ахуйн   үйлчилгээнд  жирийн дэглэмийн хоригдол ажиллаж болох бөгөөд   тэдгээрийг тусгай салбарын дарга, дэд дарга, төлөөлөгч нар судалж авна.
14. Хорих ангийн дарга, хүний их эмч, төлөөлөгчийн   амьдрах байр (гэр) хугацаагүй хорих тусгай салбарын ойролцоо байна.
 
Гурав. Тур уулзалт, захидал харилцаа, илгээмж
 
15. Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай Монгол Улсын хуулийн 84, 85 дугаар
зүйлүүдийн 4, 86 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Тусгай салбарын дотоод журамд
заасны дагуу хугацаагүй хорих тусгай салбарт хорих ял эдэлж байгаа хоригдол
түр, удаан хугацааны уулзалт хийх, захидал, илгээмж явуулах, хүлээн авах эрх эдлэнэ.
16. Хугацаагүй хорих тусгай салбарын хоригдлын түр, удаан хугацааны уулзалт, захидал, илгээмж, тэдгээрт тавих хяналтыг тусгай салбарын дотоод журмаар нарийвчлан тогтооно.
Түр уулзалтын ажиллагаа өдрийн 10 -17 цагийн хооронд зөвшөөрөгдөнө.
17. Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай Монгол Улсын хуулийн 87 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны  дагуу төрөл садангийн хүмүүсээс насанд хүрсэн 1-2 хүнийг уулзуулах бөгөөд эдгээрээс гадна 16 хүртэлх насны хүүхэд байж болно.
18.Түр уулзалтын өрөө нь гэрэлтүүлэгтэй,  ширээ,  сандал нь шаландаа бэхлэгдсэн байна.   Уулзагчид хоорондоо тусгаарлагдсан байх   бөгөөд бие биеэ харж утсан холбоогоор ярихаар зохион байгуулагдсан байна. Хоригдол уулзалтад ирэх, буцахдаа хөлдөө гавтай байна.
19.Хоригдлын хүлээн авах, явуулах захидлыг тоо бүртгэлийн болон ахуй дэглэмийн байцаагч хянана.
 
Дөрөв. Хүмуүжлийн ажил
20. Хугацаагүй хорих тусгай салбарт хорих ял эдэлж байгаа хоригдолд радио ашиглуулж болно.
21. Ахуй дэглэмийн байцаагч хоригдлуудын дунд зохиох хүмүүжлийн ажлыг эрхлэн явуулна.
22. Хүмүүжлийн ажилд шашны болон төрийн бус байгууллага, иргэнийг оролцуулах эсэх асуудлыг Хорих ял эдлүүлэх газар шийдвэрлэнэ.
 
Тав. Эмнэлэг, эмчилгээ
                23. Ерөнхий жижүүрийн дуудлагаар хоригдлыг эмч өрөөнд нь үзнэ.  Шаардлагатай тохиолдолд хамгаалалтын дор эмнэлэгт үзлэг, шинжилгээ хийлгэнэ.
                24. Хугацаагүй  хорих тусгай салбар болон гяндангийн хоригдлыг шаардлагатай бол эмч өрөөнд нь эмчилж болно. Энэ тохиолдолд ямар хүч хамгаалалтын дор үзлэг, эм чилгээ хийхийг хорих байгууллага өөрийн дотоод журамдаа нарийвчлан тусгах бөгөөд тухайн цагийн байдалд тохируулан ерөнхий жижүүрт тодорхой үүрэг өгөгдсөн байна.
                25. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хоригдол нь хугацаагүй хорих, гяндангийн гэсэн дэглэм, өвчний төрлөөр ангилагдан тус бүрдээ бат бэх цоож, хамгаалалт, дохиолол бүхий өрөөнд эмчилгээ хийлгэнэ.
26. Сувилагч эмчлүүлэгч хоригдолд цагийн тариа хийхдээ ерөнхий жижүүрээс зөвшөөрөл авч 2-оос доошгүй хамгаалалтын ажилтныг байлцуулна.
27. Эмч,   даргын   шийдвэрийг   үндэслэн   Нэгдсэн   эмнэлэгт   шилжүүлэх хоригдлыг ахлах төлөөлөгчид танилцуулж нэг хоригдлыг 2-оос доошгүй хамгаалалтын ажилтнаар харгалзуулан өөрөө хүргэж өгнө. Эмнэлэгт хүргэхдээ тухайн хорихын гадна, дотно орчныг хоригдолд харах боломжгүйгээр зохион байгуулна.
28. Их эмчээс бусад эмнэлгийн ажилтан Нэгдсэн   эмнэлэгт өвчтөн хоригдол шилжүүлэх шийдвэр гаргахыг хориглох бөгөөд хоригдол шилжүүлэхэд Хорих ял
эдлүүлэх газрын зөвшөөрөл авсан байна.
29. Шөнийн 22 цагаас хойш камерын хаалга онгойлгохыг хориглоно.
 
Зургаа. Дамжин өнгөрүүлэх ангид мөрдөх журам
30. Дамжин өнгөрүүлэх ангийн хоригдол хүлээн авах, хоригдлыг хорих ял эдлүүлэх ангид хүргэх, шаардлагатай тохиолдолд түр хорих ажиллагаа болон хамгаалалтын онцлог зэрэг нь Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай Монгол Улсын хуулийн 72, 73 дугаар зүйлүүдийн 4, 76 дугаар зүйлийн 5, 6, 7, 77 дугаар зүйлийн 5, 80 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудаар тодорхойлогдоно.
31. Дамжин өнгөрүүлэх анги нь цагдаагийн байгууллагаас шилжин ирэгчид, эмнэлэг, эмчилгээний чиглэлээр болон хуулийн байгууллагын дуудлагаар дамжин өнгөрөгчид,   аймаг, нийслэл,   Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын харъяалалтай хорих ангиуд хооронд шилжигчидийг 14 хоногоос хэтрүүлэхгүйгээр түр хорих, хуяглан хүргэх үндсэн үүрэг хүлээнэ.
32. Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын Хорих 401-р ангийн дэд дарга нь Дамжин өнгөрүүлэх ангийг хариуцан ажиллана.
33.Дамжин өнгөрүүлэх байр нь хорих шаардлагыг хангахаар тоноглож тохижуулсан, байгалийн гамшиг, гал түймэр, үер, газар хөдлөлтийн үед уг голомтоос хоригдлыг шуурхай гаргах, туслалцаа үзүүлэх боломжтой байна.
34. Дамжин өнгөрүүлэх ангийн захиргаа нь урьдчилан цагдан хорих байрны үйлчилгээ, аж ахуйд үлдэж ажиллах хоригдлын хангалт, хуваарилалт, гэрээ, тоо бүртгэлийг хариуцна.
35. Дамжин өнгөрүүлэх ангид дараахь зүйлийг хориглоно:
1/дамжин өнгөрүүлэх байранд хоригдлыг 14 хоногоос илүү хугацаагаар хорих ;
2/ хорих ял эдлүүлэх газрын хуваарилалтаас хоригдлыг зөвшөөрөлгүй авч үлдэх, хуваарилах, эмнэлэг, цагдаа, хуулийн бусад байгууллагад зохих зөвшөөрөл, хяналтгүй шилжүүлэх.
 
 
 

-----о