- Нүүр
- Сайдын тушаал
- ӨМГӨӨЛӨГЧ ЦАГДАН ХОРИХ, БАРИВЧЛАХ, АЛБАДАН СААТУУЛАХ, ХОРИХ АНГИД НЭВТЭРЧ СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧ, ШҮҮГДЭГЧ, ХОРИГДОЛ БОЛОН БАРИВЧЛАГДСАН ХҮНТЭЙ УУЛЗАЖ ХУУЛЬ ЗҮЙНТУСЛАЛЦАА.ҮЗҮҮЛЭХЭД МӨРДӨХ ЖУРАМ
Хууль зүйн сайдын 1998 оны 83 тоот тушаалын хавсралт
ӨМГӨӨЛӨГЧ ЦАГДАН ХОРИХ, БАРИВЧЛАХ, АЛБАДАН СААТУУЛАХ, ХОРИХ АНГИД НЭВТЭРЧ СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧ, ШҮҮГДЭГЧ, ХОРИГДОЛ БОЛОН БАРИВЧЛАГДСАН ХҮНТЭЙ УУЛЗАЖ ХУУЛЬ ЗҮЙНТУСЛАЛЦАА.ҮЗҮҮЛЭХЭД МӨРДӨХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 20, 45, 49, 50 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай Монгол Улсын хуулийн 78 дугаар зүйлийн 3, Өмгөөллийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалтад заасны дагуу өмгөөлөгчөөс сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдол болон баривчлагдсан хүний өмгөөлүүлэх эрхийг хангах, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор цагдан хорих, баривчлах, албадан саатуулах, эрүүлжүүлэх байр болон хорих анги (гяндан тэдгээртэй адил дэглэм бүхий хорихын нэгдсэн эмнэлэг, хугацаагүй хорих тусгай салбар, дамжин өнгөрүүлэх анги зэрэг)-д нэвтэрч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдол болон баривчлагдсан хүнтэй уулзахад энэ журмыг мөрдөнө.
Хоёр. Өмгөөлөгч болон цагдан хорих, баривчлах, албадан саатуулах, эрүүлжүүлэх, хорих анги, тэдгээртэй адилтгах бусад байгууллагын эрх, үүрэг
2.Өмгөөлөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдол болон баривчлагдсан хүнтэй тэдгээрийн байгаа газарт нэвтрэн орж уулзахдаа дараахь эрх, үүрэгтэй байна:
2.1.тусгай тасалгаанд гуравдагч этгээд сонсохгүй нөхцөлд ажлын цагт багтаан, цагийн хязгаарлалтгүйгээр ганцаарчлан уулзах;
2.2.өмгөөлөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдол болон баривчлагдсан хүнтэй уулзсан тухай тэмдэглэл үйлдэж, тэднээр гарын үсэг зуруулах;
2.3.уулзалт дууссан тухайгаа эрх бүхий холбогдох албан тушаалтанд мэдэгдэж, уулзсан хүнээ хүлээлгэж өгөх;
2.4.цагдан хорих, баривчлах, албадан саатуулах, эрүүлжүүлэх байр, хорих ангийн дотоод журмыг хүндэтгэн сахин биелүүлэх;
2.5.өмгөөлөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдол болон баривчлагдсан хүнээс итгэмжлэн мэдээлсэн зүйлийг задруулахгүй байх;
2.6.энэ зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх явцад өмгөөлөгчийн эрхийг хязгаарлах буюу зөрчвөл энэ талаар тухайн байгууллагыг харьяалж буй дээд байгууллага, албан тушаалтанд амаар буюу бичгээр мэдэгдэх.
З.Өмгөөлөгч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдол болон баривчлагдсан хүнтэй уулзахдаа өөрөө болон тэдний ар гэр, бусад хүмүүсээс мөнгө болон хэргийн бодит байдлыг будлиантуулахад чиглэсэн, түүнчлэн зэвсгийн чанартай ашиглаж болох зүйлсийг өгөх, дамжуулахыг хориглоно.
4.Цагдан хорих, баривчлах, албадан саатуулах, эрүүлжүүлэх байр, хорих анги, тэдгээртэй адилтгах бусад газар нь дараахь эрх, үүрэгтэй байна:
4.1.Өмгөөлөгчөөс сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдол болон баривчлагдсан хүнтэй тэдгээрийн байгаа газарт нэвтрэн орж уулзахад аймаг, нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлөөс олгосон томилолтын хуудас, өмгөөлөгчийн хувийн үнэмлэхийг үндэслэн зөвшөөрөл олгох;
Томилолтын хуудасны загварыг Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч батална.
4.2.өмгөөлөгчөөс сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдол болон баривчлагдсан хүнтэй тусгайлан уулзах, чөлөөтэй ярилцах боломж бүрдүүлэх, уулзалтын тусгай өрөө гаргаж өгөх;
4.3.уулзалтын үед дэргэд нь хүн байлгах, ямар нэг байдлаар хяналт тавих, зураг авах, видео болон магнитофоны бичлэг хийх, хөндлөнгөөс сонсох зэрэг үйлдлийг гаргахгүй байх;
4.4.хэрэгтэн этгээд оргон зайлахаас урьдчилан сэргийлж, өмгөөлөгчийн аюулгүй байдлыг хангахад бэлэн байх;
4.5.өмгөөлөгчөөс энэ журмын 4.1-д зааснаас өөр бичиг баримтыг шаардахгүй байх.
5.Хэрэв өмгөөлөгч хууль тогтоомж болон энэ журмаар тогтоосон журмыг зөрчвөл эрх бүхий албан тушаалтан уулзалтыг таслан зогсоож тэр тухайгаа өөрийн харьяа дээд байгууллага, албан тушаалтанд амаар буюу бичгээр нэн даруй мэдэгдэнэ.
Шаардлагатай гэж үзвэл энэ тухай өмгөөлөгчийн харьяалах байгууллагад бичгээр мэдэгдэнэ.
6.Энэ журмын 4-т заасан байгууллага, түүний ажилтнууд өмгөөлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзвэл энэ тухай гомдлоо өмгөөлөгч шүүхэд гаргаж болно.
7.Цаазаар авах ял шийтгэгдсэн этгээдтэй өмгөөлөгч уулзаж хууль зүйн туслалцаа үзүүлэхэд энэ журмыг нэгэн адил баримтална.
-------оОо------
Текст томруулах
A
A
A