- Нүүр
- Сайдын тушаал
- БАЙЦААГЧИЙН ЭРХ ОЛГОХ ЖУРАМ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2001 оны 48 дугаар тушаалын 1-р хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
1.Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Улсын ерөнхий байцаагч, ахлах байцаагч, байцаагч /цаашид "байцаагч" гэх/-ийн эрх олгох журам, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмыг баримтална.
2.Байцаагч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн явцад илэрсэн аливаа зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллана.
З.Байцаагч шийтгэл ногдуулсан эрх зүйн үндэслэлээ дүгнэлтэндээ тодорхой бичиж холбогдох бичиг баримтад хавсаргана.
Хоёр. Байцаагчийн эрх олгох
1.Байцаагчийн эрх олгох сонгон шалгаруулалтыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар томилогдсон "Мэргэжлийн комисс"-ын бүрэлдэхүүн эрхлэн явуулна.
2.Мэргэжлийн комиссын шалгаруулалтад тэнцсэн улсын бүртгэгчид Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар "Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн улсын байцаагч"-ийн эрх олгоно.
З.Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын даргад "Үл хөдлөх эд хөрөнгийн улсын ерөнхий байцаагч"-ийн эрхийг Засгийн газраас олгоно.
4.Байцаагчийн эрх олгох сонгон шалгаруулалтад төрийн захиргааны албанд тэнцсэн, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан улсын бүртгэгчид хамрагдана.
5.Байцаагчийн үнэмлэх, торгуулийн хуудасны загварыг Хууль зүй, дотоод хэргийн сайд батална.
6.Торгуулийн хуудсыг дугаарлан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын тэмдэг дарсны дараа тус газрын Дэд дарга байцаагч нарт хуваарилан олгоно.
7.Аль байцаагчид хэдээс хэд хүртлэх дугаартай торгуулийн хуудас олгогдсоныг бүртгэлд авсан байна.
8.Байцаагчийн эрх бүхий улсын бүртгэгч 3 жилд нэг удаа давтан сургалтад хамрагдаж байцаагчийн эрхээ баталгаажуулна.
Гурав. Байцаагчийн эрх
1.Байцаагч нь бүртгэлийн явцад илэрсэн аливаа зөрчил, дутагдлыг арилгахыг холбогдох этгээдээс шаардах эрхтэй.
2.Байцаагч нь бүртгүүлбэл зохих үл хөдлөх эд хөрөнгөө бүртгэлээс нуун дарагдуулсан, өмчлөх эрхтэй холбогдол бүхий хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, өмчлөх эрхийн гэрчилгээг санаатайгаар хууран мэхэлж дахин авахыг завдсан, буруу мэдүүлэг гаргасан, түүний тоо хэмжээг өсгөсөн, бууруулсан зэрэг гэм буруутай этгээдэд "Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль"-ийн 23 дугаар зүйлд заасан захиргааны шийтгэл ногдуулна.
З.Байцаагч нь торгуулийн хуудсаа олгосноос хойш 15 хоногийн дотор торгуулийн мөнгийг хураан авах бөгөөд хугацаа хэтэрвэл "Захиргааны хариуцлагын тухай хууль"-ийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу торгуулийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулна.
Дөрөв. Байцаагчийн үйл ажиллагаанд тавих хяналт
1 .Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын дарга, улсын ерөнхий байцаагч нь байцаагчийн талаар гарсан аливаа гомдол, маргааныг хянан шийдвэрлэнэ.
2.Байцаагчийн үйл ажиллагаа буруутай нь тогтоогдвол Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын дарга /Улсын ерөнхий байцаагч/-ын тушаалаар сануулах, сарын үндсэн цалингийн 20 хувийг 3 сар хүртэл хугацаагаар бууруулах хариуцлага хүлээлгэхээс гадна буруутай үйлдлээ удаа дараа давтсан байцаагчийн эрхийг хүчингүй болгуулах саналаа Хууль зүй, дотоод хэргийн сайдад оруулж шийдвэрлүүлнэ.
-------оОо-----
Текст томруулах
A
A
A