A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АРХИВЫН БАЙГУУЛЛАГАД ДАГАЖ МӨРДӨХ ГАЛЫН АЮУЛГҮЙН ДҮРЭМ /ХЗС-ын 2015-10-09-ний А/224 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

 

/ХЗС-ын 2015-10-09-ний А/224 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

Хууль зүй, дотоод хэргийн сайдын

2001 оны 122 дугаар тушаалын хавсралт

 

 

АРХИВЫН БАЙГУУЛЛАГАД ДАГАЖ

МӨРДӨХ ГАЛЫН АЮУЛГҮЙН ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.Энэ дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр архивын үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгжид өмчийн хэлбэр харгалзахгүйгээр дагаж мөрдөнө.

2.Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын болон хамтарсан хөрөнгө оруулалттай байгууллага, аж ахуйн нэгжид нэгэн адил дагаж мөрдөнө.

3.Дүрмийн хэрэгжилтэд гал түймрийн улсын хяналтын байцаагч хяналт тавина.

Хоёр. Галын аюулгүйн ерөнхий шаардлагууд

4.Барилга байгууламж, ажлын өрөө тасалгаа, хадгаламжийн сан дараах үндсэн шаардлагыг биелүүлнэ:

а/архивын зориулалттай барилга байгууламжийн хийц, бүтээц нь гал тэсвэржилтийн II зэргээс доошгүй байх;

б/архивын барилга байгууламжийн дээврийн хөндий, таазны модон хийцүүдэд галд тэсвэртэй уусмалаар нэвчилгээ хийлгэсэн байх;

в/архивын барилга байгууламж уруу очих зам, гарц чөлөөтэй, усан хангамж, дотуур крантыг ажиллагаатай, ашиглах боломжтой байлгах ба засвар үйлчилгээ хийх болон бусад шалтгаанаар зам, гарцыг хаах тохиолдолд Гал түймэртэй тэмцэх байгууллагад урьдчилан мэдэгдсэн байх;

г/архивын барилга байгууламж аянга хамгаалагч, тоног төхөөрөмж нь газардуулгатай байх;

д/архивын ажлын өрөө тасалгаа, хадгаламжийн сан нь галын дохиоллын систем, гал унтраах тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, байнгын ажиллагаатай байх;

е/ажлын өрөө тасалгаа, хадгаламжийн сангийн хаалга нь гадагшаа гарах чигт онгойдог байх;

ж/хадгаламжийн сан нь аваарын хаалгатай байх;

з/хадгаламжийн сангийн хаалганы рам, хаалга нь төмрөөр хийгдсэн байх ба модон материалаар хийсэн тохиолдолд гадна дотно талаас нь төмөрлөсөн байх;

и/хадгаламжийн сангийн хоорондын зай 120 сантиметр, тавиур хоорондын зай 75 сантиметр, хананаас тавиур хүртэл 75 сантиметр, таазнаас хадгаламжийн нэгж хүртэл 30 сантиметрээс тус тус багагүй зайтай байх;

к/хадгаламжийн сангийн тавиуруудыг үл шатах материалаар хийх буюу мод болон шатамхай материалаар хийсэн тохиолдолд заавал галд тэсвэртэй уусмалаар нэвчилгээ хийлгэсэн байх;

л/архивын байрны агааржуулалт, халаалтын систем нь барилгын дүрэм, нормын шаардлагад нийцсэн байх;

м/агааржуулалтын системийг жилд 2-оос доошгүй удаа шалгаж цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хийсэн байх;

н/ажлын өрөө тасалгаа, хадгаламжийн сангууд тус тусдаа дугаартай байхаас гадна дугаар, үйлчилгээ явуулах зориулалтыг хаалганы гадна талд бичсэн байх;

о/ажлын өрөө тасалгаа, хадгаламжийн сангуудад гагнуур хийх, ил гал гарах зайлшгүй шаардлага гарвал галын аюулгүйн шаардлагыг бүрэн хангасан нөхцөлд хийх;

п/ажлын өрөө тасалгаа, хадгаламжийн сангийн халаалтын систем хөлдсөн үед зөвхөн халуун ус, уур, элсээр гэсгээх;

р/архивын ажил үйлчилгээ явуулдаг бүх өрөө тасалгаа, хадгаламжийн санд галын аюулаас урьдчилан сэргийлэх санамж, анхааруулга бичиж, нормативын дагуу гал унтраах анхан шатны багаж, хэрэгслийг авч ашиглах боломжтой нүдэнд харагдахуйц газар байрлуулсан байх;

с/ажлын өрөө тасалгаанаас гарсан хог хаягдлыг таглаатай саванд хадгалж, ажлын цаг дуусмагц Архивын барилгаас гадна байрлуулсан тусгай зориулалтын зууханд шатааж устгах.

5.Цахилгаан шугам сүлжээ, тоног төхөөрөмж, аппарат, техник хэрэгсэл дараах үндсэн шаардлагыг биелүүлнэ:

а/архивын байрны цахилгаан шугам сүлжээний тавил далд хийгдсэн байх ба ил тавигдсан нөхцөлд шатдаггүй сувганд сүвлэгдсэн байх;

б/архивын барилга байгууламжийн цахилгааны хуваарилах самбарыг тусгай өрөөнд байрлуулж цахилгаан хуваарилах бүдүүвч зургийг бичиж тавьсан байхын зэрэгцээ 3-аас доошгүй зориулалтын гал хамгаалагчийг нөөцлөн бэлтгэсэн байх;

в/цахилгаан шугам сүлжээ, хуваарилах байгууламжид мэргэжлийн байгууллагаар жилд 1-ээс доошгүй удаа үзлэг шалгалт хийлгэж, дүгнэлт гаргуулсан байх;

г/архивын ажлын өрөө тасалгаа, хадгаламжийн сангийн гэрэлтүүлгүүд зориулалтын хамгаалалтын бүрхүүлтэй байна. Хадгаламжийн санд 40 вт, ажлын өрөө тасалгаанд 60 вт-ын ердийн чийдэн эсвэл өдрийн гэрэлтүүлэгтэй байх;

д/архивын барилга байгууламжийн цахилгаан шахуурга, хөдөлгүүрүүдэд гадны нөлөөллөөс тусгаарласан хаалт хамгаалалт, газардуулгатай байх;

е/гал унтраахад ашигладаг үндсэн болон нөөц насос байнгын ажиллагаатай байх;

ж/цахилгаан тоног төхөөрөмж, аппарат, техник хэрэгслийг зөвхөн мэргэжлийн ажилтан хариуцан ажиллуулдаг байх;

з/цахилгаан тоног төхөөрөмж, аппарат, техник хэрэгслийг хүчдэлээс бүрэн салгасны дараа засвар үйлчилгээ хийж байх;

и/архивын кино аппарат, хэрэгсэл нь барилгын хананаас 70 см-ээс багагүй зайд байрлагдсан байх;

к/засвар үйлчилгээнд ашиглах тослох материал, арчих даавууг зориулалтын төмөр саванд хадгалах;

л/халаах, буцалгах зориулалтын хэрэгслийг зөвхөн Архивын даргын тушаалаар зөвшөөрөгдсөн өрөөнд галын аюулгүйн шаардлагыг хангасан нөхцөлд хэрэглэх;

6.Химийн төрөл бүрийн бодис, материал дараах үндсэн шаардлагыг биелүүлнэ:

а/хялбар авалцан асах, тэсэрч дэлбэрэх, галын аюултай химийн төрөл бүрийн хуурай болон шингэн бодис материалыг зориулалтын өрөөнд галын аюулгүйн шаардлагыг хангасны үндсэн дээр хадгалах;

б/хялбар авалцан асах ацетон, спирт гэх мэт шингэнийг ажил үйлчилгээнд хэрэглэхдээ 0,5 литрээс ихгүй хэмжээгээр таглаа бүхий саванд хадгалах;

в/химийн бодис, уусмалтай савны гадна талд тэдгээрийн нэр, химийн томъёо, онгойлгох тэмдгийг бичиж наасан байх.

Гурав. Архивын үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны үүрэг, эрх

7.Галын аюулгүй байдлын тухай хуультай нийцүүлэн байгууллагын дотоод журмаа баталж мөрдөн ажилладаг байх.

8.Галын аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн шинэ техник, технологи нэвтрүүлэх болон галын дохиоллын систем, гал унтраах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг худалдан авахад шаардагдах төсөв зардлыг жил бурийн төсөв, төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлж байх.

9.Архивын техник, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн Галын аюулгүйн техникийн комиссыг томилон ажиллуулах.

10.Галын аюулгүйн техникийн комиссын ажиллах журмыг архивын үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага батлан мөрдүүлэх.

11.Архивын үйл ажиллагаа эрхэлж байгаа ажиллагсадын галын хэргийн мэдлэгийг дээшлүүлэх зааварчлагыг ажил олгогчоос урьдчилан өгдөг журмыг хэвшүүлсэн байх.

12.Галын туслах хүчний бэлэн байдал болон объектын аюулгүй байдлыг хангах.

13.Галын аюулгүй байдлыг хангуулахаар гал түймэртэй тэмцэх болон эрх бүхий бусад байгууллагаас өгсөн шаардлага, мэдэгдлийг бүрэн хэрэгжүүлж, хугацаанд нь хариу мэдэгдэх,

14.Болзошгүй галын аюул, ослын үед дуудлага өгөх, хүн, архивын сан хөмрөгийг аврах төлөвлөгөөг боловсруулахад мэргэжлийн байгууллага, хүмүүсийн тусламжийг авах.

15.Архивын барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, засвар үйлчилгээ хийх зураг төслийг Гал түймэртэй тэмцэх байгууллагаар хянуулж, зөвшөөрөл авсан байх.

Дөрөв. Гал түймэртэй тэмцэх байгүүллагын үүрэг, эрх

16.Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах,

17.Архивын үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгжид мэргэжлийн туслалцаа үзүүлэх.

18.Архивын барилга байгууламж, тоног төхөөрөмж, техник хэрэгсэлд хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд техникийн нөхцөл олгох, дүгнэлт гаргах.

19.Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, дүрмийг зөрчсөн тохиолдолд хууль тогтоомжийн дагуу хариуцлага оногдуулах, үйл ажиллагааг нь хэсэгчлэн болон бүрмөсөн зогсоох.

20.Галын аюулгүй байдлыг хангуулахтай холбогдсон заавар, журмыг боловсруулж мөрдүүлэх.

Тав. Хориглох зүйл

21.Архивыг зориулалтын бус өрөө байранд байрлуулах.

22.Анхан шатны болон давтан зааварчлага аваагүй, галын хэргийн мэдлэг олгох сургалтад хамрагдаагүй ажилтан, алба хаагчдыг ажиллуулах.

23.Архивын барилга байгууламж, хийц бүтээц, өрөө тасалгааны зохион байгуулалтыг зөвшөөрөлгүй зураг төслөөр өөрчлөх.

24.Аврах зам гарц, хаалга, хонгил, шатны талбайг хааж бөглөх, эд зүйл хураах.

25.Ажлын өрөө тасалгаа, хадгаламжийн санд нормативаас илүү хадгаламжийн нэгж байлгах, хадгалах.

26.Хадгаламжийн санд хадгаламжийн нэгжээс өөр зүйл тавих, хадгалах.

27.Хадгаламжийн нэгжийг шал, ширээ, цонхны тавиур дээр тавих.

28.Хялбар авалцан асах бодис материал, шингэнийг зөвшөөрөгдөөгүй өрөө тасалгаа, хадгаламжийн санд хадгалах, хэрэглэх.

29.Цахилгаан тоног төхөөрөмж, аппарат, техник хэрэгслийг хүчдэлээс салгаагүй үед засвар үйлчилгээ хийх.

30.Архивын байранд цахилгаан тоног төхөөрөмж түр тавьж хэрэглэх, цахилгаан шугам сүлжээг ил монтажлах, зөвшөөрөгдөөгүй газарт халаах, буцалгах хэрэгсэл ашиглах.

31.Ажиллаж байгаа аппарат, техник хэрэгслийг эзэнгүй орхих, гэмтэлтэй цахилгаан хэрэгсэл ашиглах.

32.Хөлдсөн халаах системийг ил галаар гэсгээх.

ЗЗ.Цахилгаан тоног төхөөрөмж, аппарат, техник хэрэгсэл дээр даавуу, цаас, цавуу зэрэг хялбар шатах материал тавих.

34.Ажлын өрөө тасалгаа, хадгаламжийн санд согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг ажиллуулах.

З5.Ажлын өрөө тасалгаа, хадгаламжийн санд бага насны хүүхэд байлгах.

З6.Архивын барилга байгууламжаас 50 метрээс дотогш зайд галын аюултай, тэсэрч дэлбэрэх, химийн хүчтэй бодис үйлдвэрлэдэг байгууллага, аж ахуйн нэгж, барилга байгууламж, шатахуун түгээх станц барих, айл гэр буулгах, худалдаа үйлчилгээ хийх, тээврийн хэрэгслийн зогсоол байгуулах.

37.Архивын барилга байгууламжид архивын үйл ажиллагаа эрхлэхээс бусад байгууллага, аж ахуйн нэгж байрлуулах.

38.Ажлын өрөө тасалгаа, хадгаламжийн санд тамхи татах, ил гал гаргах.

39.Гал унтраах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг зориулалтын бус ажилд хэрэглэх.

40.Энэхүү дүрмийн заалтыг зөрчсөн албан тушаалтан, байгууллагыг гал түймрийн улсын хяналтын байцаагч Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авна.