A

A

A

Бүлэг: 1979
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны
85 дугаар тушаалын 1-р  хавсралт
 
ИРГЭНИЙ БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН УЛСЫН ТӨВИЙН ДҮРЭМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв /цаашид "төв" гэх/ нь иргэний бүртгэл, мэдээллийн үйл ажиллагаа, хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх ажлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн.
1.2. Төвийн үйл ажиллагааны үндсэн зорилго нь Монгол Улсын иргэний бүртгэл, мэдээллийн нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх, иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспорт, иргэний гэр бүлийн байдлын баримт бичиг олгох, баримт бичиг хүчингүй болгох, иргэний бүртгэлийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, иргэний баримтын төв архив, хүн амын автоматжуулсан төв регистрийн мэдээллийн сан бүрдүүлэх, хөтлөх, хадгалах, иргэний бүртгэлийн ажилтныг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, иргэд, байгууллагад мэдээлэл, лавлагаа өгөх зэрэг төрийн үйлчилгээ үзүүлэхэд оршино.
1.3.Төв нь үйл ажиллагаандаа Үндсэн хууль, Иргэний бүртгэлийн тухай, Гэр бүлийн тухай, Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хууль, түүнчлэн холбогдох бусад хууль тогтоомжийг удирдлага болгон ажиллана.
1.4. Төв нь зохих журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Төв нь бэлгэдэлтэй байж болно.
 
Хоёр. Төвийн зохион байгуулалт, удирдлага
2.1. Иргэний бүртгэл, мэдээллийн тогтолцоо нь Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн иргэний бүртгэл, мэдээллийн алба, нэгжээс бүрдэнэ.
2.2. Төвийн удирдлага нь дарга, дэд дарга байна.
2.3. Төвийн дарга нь иргэний бүртгэл, мэдээллийн хяналтын улсын ерөнхий байцаагч, дэд дарга нь хяналтын улсын ахлах байцаагч байна.
2.4. төвийн үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын бүтэц, албан тушаалын ангилал зэрэглэл, орон тоог Хууль зүй, дотоод хэргийн сайд, төсвийг Хууль зүй, дотоод хэргийн болон Санхүү, эдийн засгийн сайд батална.
2.5. Төвийн даргын дэргэд түүнд зөвлөх  үүрэгтэй даргын зөвлөл ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүний ажиллах журмыг төвийн дарга батална.
2.6. Төвийн дарга дараахь эрх үүрэгтэй байна:
2.6.1. төвийн нэрийн өмнөөс бусад байгууллагатай харилцах;
2.6.2. Хууль зүй, дотоод хэргийн сайдыг иргэний бүртгэлийн талаархи мэдээллээр хангах;
2.6.3. иргэд, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх;
2.6.4.газрын дотоод журмыг баталж мөрдүүлэх, батлагдсан төсвийг захиран зарцуулах;
2.6.5. иргэний бичиг баримтыг хүчингүй болгох;
2.6.6.хэлтэс, тасгийн дарга болон бусад ажилтныг томилж, чөлөөлөх;
2.6.7. өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргах.
 
Гурав. Төвийн үүрэг
3.1. Төв нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан чиг үүргээс гадна дараах үүргийг хэрэгжүүлнэ:
3.1.1. Монгол Улсын иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспорт, иргэний гэр бүлийн  байдлын баримт бичиг олгох, эзэмших, хадгалах журмын хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах, тэдгээрийг хэрэгжүүлж буй алба, ажилтанг мэргэжил, арга зүйн удирдлага, зөвлөмжөөр хангах;
3.1.2. Монгол Улсын хүн амд регистрийн дугаарыг шинээр олгох, өөрчлөх, дахин олгох, хүчингүй болгох;
3.1.3. Хүн амын автоматжуулсан төв регистрийн мэдээллийн санг хөтлөх, баяжуулах асуудлын хүрээнд  иргэний баримтын төв архивыг удирдах, үйл ажиллагааг нь боловсронгуй болгох, мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулах, ашиглах ажлыг зохион байгуулах;
3.1.4.иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн дэвтэр маягт, гэрчилгээгээр орон нутгийн иргэний бүртгэл мэдээллийн алба нэгжийг хангах;
3.1.5. иргэний бүртгэл, мэдээллийн ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэх, мэргэшлийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах;
3.1.6. төв, орон нутгийн иргэний бүртгэл, мэдээллийн үйл ажиллагааг нэгтгэн дүгнэх, урамшуулах, хариуцлага тооцох ажлыг эрхлэн зохион байгуулах.
Дөрөв. Төвийн эрх
4.1. Төв нь дор дурдсан эрх эдэлнэ:
4.1.1. иргэний болон иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн холбогдолтой мэдээ, тайлан, шаардлагатай баримт бичиг, судалгааг орон нутгийн иргэний бүртгэл, мэдээллийн алба, холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах;
4.1.2. иргэний бүртгэлийн тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмын биелэлтийг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;
4.1.3. аймаг, орон нутгийн иргэний бүртгэл, мэдээллийн албаны дарга, ажилтны мэргэшлийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, тэднийг томилох, чөлөөлөхөд шаардлагатай бол санал өгөх;
4.1.4. эрхлэх хүрээний асуудлаар тус улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, байгууллагатай шууд харилцах;
4.1.5. иргэний бүртгэл, мэдээллийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлт, акт, захиргааны шийтгэлийн талаар гарсан гомдлыг хянан шийдвэрлэх;
4.1.6. иргэний бүртгэлийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх, удаа дараа баримт бичгийн зөрчил гаргасан этгээдэд үндэсний гадаад паспорт олгохыг түдгэлзүүлэх.
 
---------oOo----------