- Нүүр
- Сайдын тушаал
- ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ИРГЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны
87 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ИРГЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх иргэнийг сонгон шалгаруулах /цаашид "сонгон шалгаруулалт" гэх/-д энэхүү журмыг баримтална.
1.2.Сонгон шалгаруулалтыг орон тооны бус комисс /цаашид "комисс" гэх/ зохион байгуулна.
1.3.Комисс нь дарга, нарийн бичгийн дарга, бусад гишүүдийн бүрэлдэхүүнтэй байна. Комиссын бүрэлдэхүүнийг Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
1.4.Комисс нь үйл ажиллагаагаа Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хариуцан тайлагнана.
Хоёр. Сонгон шалгаруулалт
2.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас албан ёсоор зөвшөөрөгдсөн үнэлгээний сургалтад хамрагдсан, эдийн засагч болон инженерийн дээд боловсролтой, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан иргэн сонгон шалгаруулалтад орж болно.
2.2.Комисс сонгон шалгаруулалт явуулах хугацааг жилд нэг удаа товлон зарлана.
2.3.Сонгон шалгаруулалтын шалгалтын товыг сонгон шалгаруулалт явуулахаас 21-ээс доошгүй хоногийн өмнө өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана. Зарлалд дор дурдсан зүйлийг тусгана:
2.3.1.сонгон шалгаруулалт явуулах газар, хугацаа;
2.3.2.бүртгүүлэхдээ бүрдүүлж авч ирэх бичиг баримтын жагсаалт;
2.3.3. сонгон шалгаруулалтад орох хүсэлт гаргасан иргэдийн материалыг хүлээж авах эцсийн хугацаа.
2.4.Сонгон шалгаруулалтад, оролцох хүсэлт гаргасан иргэний бичиг баримтыг хүлээн авч бүртгэх ажлыг уг шалгаруулалт эхлэхээс 7 хоногийн өмнө дуусгавар болгоно.
2.5.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргасан иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
2.5.1-сонгон шалгаруулалтын шалгалтад оролцохыг хүссэн өргөдөл /өргөдөлд эрхлэх үйлчилгээний төрөл, хугацаа, хаяг, утасны дугаарыг тодорхой тусгана/;
2.5.2.сонгон шалгаруулалтанд орох тухайн төрлийн үнэлгээний
сургалтын гэрчилгээний болон мэргэжлийн дипломын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
сургалтын гэрчилгээний болон мэргэжлийн дипломын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
2.5.3.иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
2.5.4.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
2.6. Сонгон шалгаруулалтыг дараахь чиглэл тус бүрээр явуулна:
2.6.1 .үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ; 2.6.2. тоног төхөөрөмжийн үнэлгээ; 2.6.3.бизнесийн үнэлгээ.
2.7.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргасан иргэн үнэлгээний сургалтанд хамрагдсан чиглэлийнхээ дагуу сонгон шалгаруулалтад орно.
2.8.Сонгон шалгаруулалтын шалгалтыг үнэлгээний бодлого бодох болон холбогдох хууль тогтоомж, мэргэжлийн мэдлэгийн түвшинг шалгах сорилгоор авна.
2.9.Шалгалтын материалыг хөрөнгийн үнэлгээний чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, мэргэжилтнээр гэрээний үндсэн дээр урьдчилан бэлтгүүлнэ.
2.10.Сонгон шалгаруулалтын шалгалтын материалын нууцлалыг комиссын дарга хариуцна.
2.11.Сонгон шалгаруулалтын шалгалтад 70, түүнээс дээш оноо авсан бол "тэнцсэн" гэж үзнэ.
2.12.Сонгон шалгаруулалтын явцад хяналт тавих эрх бүхий этгээдийг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно.
2.13.Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр энэ журмын 2.6-д заасан чиглэлээр олгоно.
Гурав. Комиссын үйл ажиллагаа 3.1 .Комисс нь дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
3.1.1 .сонгон шалгаруулалт явуулах газар, хугацааг товлох, зарлах;
3.1.2.сонгон шалгаруулалтын шалгалтын материалыг боловсруулах ажлыг зохион байгуулах;
3.1.3.сонгон шалгаруулалтын шалгалтын даалгаврыг гүйцэтгэх хугацааг тогтоох;
3.1 4. шалгалтын материалыг хянаж, дүгнэх;
3.1.5.комисс нь сонгон шалгаруулалттай холбогдон үүссэн маргаантай асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд санал оруулах эрхтэй.
3.2.Комиссын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх ба хуралдаан бүх гишүүдийн 2/3-оос доошгүй нь оролцсоноор хүчин төгөлдөр болно.
З.З.Хуралдаанаар асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд комиссын даргын саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Хуралдааны явцын тухай тэмдэглэл хөтөлнө.
З.4.Комисс сонгон шалгаруулалтын шалгалтын дүнг үндэслэн хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай саналыг Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж шийдвэрлүүлнэ.
З.5.Комиссын албан хэргийг комиссын нарийн бичгийн дарга хөтөлж, Хууль зүй, дотоод хэргийн яамны архивт зохих журмын дагуу архивын нэгж болгон шилжүүлнэ.
З.6.Сонгон шалгаруулалт явуулахтай холбогдон гарах зардлыг Хууль зүй, дотоод хэргийн яам болон Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын төсөвт тусгаж санхүүжүүлнэ.
Дөрөв. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих нөхцөл шаардлага
4.1.Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл авсан иргэн энэ журмын 2.1-д зааснаас гадна дараахь нөхцөл шаардлагыг хангаж ажиллана:
4.1.1 .тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхгүй байх;
4.1.2.эрх бүхий байгууллагаас хөрөнгийн үнэлгээ хийх талаар тогтоосон дүрэм, журам болон олон улсын хэмжээнд тогтсон үнэлгээний аргачлалыг дагаж мөрдөх;
4.1.3.хөрөнгийн үнэлгээ хийхдээ үнэлэгдэх объектыг газар дээр нь биетээр нь үзэж, зөв үнэлгээ тогтооход шаардагдах хэмжилт, бусад арга хэмжээг бүрэн гүйцэд хийх, хөрөнгийн хэмжээ, талбай байршлыг зөв тогтоох;
4.1.4.үнэлгээ хийхдээ зөвхөн үнэн зөв, албан ёсны, хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэн батлуулсан баримт бичгийг үндэслэх, шаардлагатай бол баримт бичгийн үнэн зөвийг магадлах;
4.1.5.үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийхдээ барилгын чанар байдалд өгсөн техникийн дүгнэлтийг үндэслэн зах зээлийн үнэ, үнэлгээнд хэрэглэх нэгжийн үнэлгээ, түүнийг өсгөх, бууруулах итгэлцүүр, элэгдлийн нормативийг баримтлах;
4.1.6.тоног төхөөрөмжийн үнэлгээ хийхдээ тоног төхөөрөмжийн чанар байдал, техник, эдийн засгийн үзүүлэлт, дүгнэлт, элэгдлийн норматив, зах зээлийн үнэ зэргийг баримтлах;
4.1.7.бизнесийн үнэлгээ хийхдээ тухайн бизнесийн өөрийн өртөг, зах зээлийн хэрэгцээ, шаардлага, ирээдүйн боломжийг тооцох;
4.1.8.эд хөрөнгийн үнэлгээг түүний үнэ цэнэ, элэгдлийн байдлыг харгалзан зах зээлийн бодит үнэлгээний шаардлагад нийцүүлэх;
4.1.9.дуусаагүй барилга байгууламжийг түүний жинхэнэ гарсан гүйцэтгэлийг үндэслэн зах зээлийн үнээр үнэлэх зарчим баримтлах;
4.1.10.Эцсийн үнэлгээ тогтоохдоо эд хөрөнгийн байдал, элэгдэл хорогдол, зах зээлийн тухайн үеийн хамгийн бодитой үнэ, ханш зэргийг харгалзах;
4.1.11.үнэлгээчин хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай тайлан бичих бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгасан байна:
-хөрөнгийн байршил, хэмжээ, зориулалт;
-тухайн хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон ашиглагч иргэний овог нэр, оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар;
-өмчлөгч, эзэмшигч болон ашиглагч нь хуулийн этгээд бол түүний оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, хууль ёсны хаяг, хуулийн этгээдийг төлөөлөн уг хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийн овог нэр, регистрийн дугаар;
-хөрөнгийг үнэлүүлэх болсон шалтгаан, зорилго;
-үнэлгээний огноо, үнэлгээний эцсийн дүн /тоогоор болон бичгээр/;
-хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн тухай баримт бичиг;
-үнэлгээний хэлбэр, аргачлалын дэлгэрэнгүй танилцуулга, тооцоо, холбогдох баримт бичгүүд;
-үнэлгээг хийсэн үнэлгээчний гарын үсэг, дардас, гэрчилгээний дугаар;
-тухайн хөрөнгийг анх барьж байгуулахад болон засвар үйлчилгээнд гарсан зардлын тооцоо, эсхүл тайлан тэнцэлд тусгагдсан үнэ.
4.1.12.хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардагдах иргэн, байгууллагын нууцад хамаарахгүй мэдээллийг гуравдагч этгээд өгөхөөс татгалзсан нь үнэлгээг бодитоор гаргахад нөлөөлсөн бол энэ талаар үнэлгээний тайланд тусгана.
4.1.13.үнэлгээчин хөрөнгийн үнэлгээ хийхдээ уг хөрөнгөтэй газар дээр нь танилцах боломжгүй байсан бол энэ тухай шалтгааныг зааж, тухайн хөрөнгийн одоогийн фото зураг, зураг төсөлтэй нарийвчлан танилцах замаар үнэлгээ хийж болно.
Тав. Бусад зүйл.
5.1.Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, түүний хугацааг сунгах асуудлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ журмын "Дөрөв"-т заасан нөхцөл шаардлагыг хэрхэн биелүүлж байгааг харгалзан "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" хуулийн холбогдох заалтыг үндэслэн шийдвэрлэнэ.
-----оОо-------
Текст томруулах
A
A
A