A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ГАЛТ ЗЭВСЭГ НИЙТЭД ХУДАЛДАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ БОЛОН ГАЛТ ЗЭВСЭГ НИЙТЭД ХУДАЛДАХ ТӨВИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ /ХЗС-ын 2015-10-26-ны А/245 тоот тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ХЗС-ын 2015-10-26-ны А/245 тоот тушаалаар хүчингүй болсон/

Хууль зүй, дотоод хэргийн сайдын

2002 оны 157 дугаар тушаалын хавсралт

 

ГАЛТ ЗЭВСЭГ НИЙТЭД ХУДАЛДАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ,

ГАЛТ ЗЭВСЭГ НИЙТЭД ХУДАЛДАХ ТӨВИЙГ СОНГОН

ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Галт зэвсэг нийтэд худалдах үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг Галт зэвсгийн тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон энэхүү журамд заасны дагуу олгоно.

1.2.Галт зэвсэг нийтэд худалдах төвийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Галт зэвсгийн тухай хууль болон энэхүү журамд заасны дагуу явуулна.

Хоёр.Галт зэвсэг, сумыг нийтэд худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох

2.1.Галт зэвсэг, сумыг нийтэд худалдах зөвшөөрлийг Галт зэвсгийн тухай хуулийн 15.2-т заасан комисс /цаашид “Комисс” гэх/-ын саналыг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайд олгоно.

2.2.Галт зэвсэг нийтэд худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 4-12 дугаар зүйлд заасан нийтлэг журмыг баримтална.

2.3.Комисс нь галт зэвсэг, сумыг нийтэд худалдаалах үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн талаарх саналаа “Галт зэвсэг, сумыг нийтэд худалдах зорилгоор улсын хилээр оруулах үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн сонгон шалгаруулалт”-ын дүнг үндэслэн гаргана.

2.4.Комисс нь энэхүү журмын 2.3-т заасан сонгон шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээдэд галт зэвсэг, сумыг нийтэд худалдах зөвшөөрөл олгуулах тухай саналаа уг сонгон шалгаруулалт дууссанаас хойш ажлын 3 хоногт багтаан хүргүүлнэ.

2.5.Хууль зүй, дотоод хэргийн сайд Комиссоос ирүүлсэн саналыг үндэслэн галт зэвсэг, сумыг нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэх ба энэ тухайгаа холбогдох хуулийн этгээдэд мэдэгдэнэ.

Гурав.Галт зэвсэг, сумыг нийтэд худалдах төвийн сонгон шалгаруулалт явуулах

3.1.Галт зэвсэг нийтэд худалдах төвийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгоно.

3.2.Сонгон шалгаруулалтыг нээлттэй хэлбэрээр явуулна.

3.3.Сонгон шалгаруулалтыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулагдсан 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй комисс эрхлэн явуулна. Комисс нь хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон цагдаа, шүүхийн шинжилгээний байгууллагын төлөөлөгчдөөс бүрдэнэ. /Энэ хэсгийг Хууль зүйн сайдынЖурамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2013 оны 3 сарын 06-ны өдрийн А/42 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/

3.4.Комисс нь үйл ажиллагаагаа хуралдааны хэлбэрээр явуулах бөгөөд тухай бүр тэмдэглэл үйлдэж, хуралдаанд оролцсон гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.

3.5.Комиссын хуралдаан нь гишүүдийн дийлэнх олонх хүрэлцэн ирснээр хүчин төгөлдөр болно. Комиссын шийдвэрийг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар гаргана.

3.6.Комисс нь сонгон шалгаруулалтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгон шалгаруулалт эхлэхээс 30 хоногийн өмнө зарлана.

3.7.Комисс нь сонгон шалгаруулалтын баримт бичгийг боловсруулна.

3.8.Сонгон шалгаруулалтын баримт бичиг дараах зүйлсийг тусгасан байвал зохино:

3.8.1.сонгон шалгаруулалтад заасан нөхцөлүүдийг хангасан байдлыг нотолсон тооцоо, үндэслэл;

3.8.2.банк, татвар, гаалийн байгууллагын тодорхойлолт;

3.8.3.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.6-д заасны дагуу аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг авсан байна;

3.8.4.галт зэвсэг ба сумыг аюулгүй хадгалах хамгаалалт бүхий агуулах байгууламжтай байхын хамт галт зэвсэг худалдах үйл ажиллагааг эрхлэх зохих шаардлага хангасан объекттой байх, эсхүл тодорхой хугацааны дотор зохион байгуулах тухай саналтай байх;

3.8.5.буудлагын зориулалтын байртай, аюулгүй байдлыг хангасан, дохиолол хамгаалалтын төхөөрөмжөөр тоноглогдсон байх;

3.8.6.сонгон шалгаруулалтад шаардвал зохих бусад материал.

3.9.Галт зэвсэг нийтэд худалдах төвийн үйл ажиллагаа явуулах эрхийг зөвхөн хуулийн этгээдэд олгох бөгөөд хуулийн этгээд нь хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл болон гааль, татварын өргүй байх, эрх бүхий аудитын байгууллагаар баталгаажсан сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан, баланстай байна.

3.9.1.Галт зэвсэг, сумыг нийтэд худалдах объект, агуулах нь дараах шаардлагыг хангасан байна:

·      Харуул хамгаалалттай, хамгаалалтын болон галын дохиоллын систем, гал унтраагч төхөөрөмж, хяналтын телекамераар тоноглогдсон байх;

·      Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй барилгын норм, дүрмийн шаардлагыг хангасан байх;

·      Галт зэвсэг, сумыг нийтэд худалдах объект нь худалдаа, үйлчилгээний танхим болон галт зэвсэг, сум хадгалах өрөөтэй байна. Худалдаа, үйлчилгээний танхим нь 250 м2-аас багагүй талбайтай байх;

·      Гадна хаалга нь 2.5 мм-ээс багагүй зузаантай төмрөөр бат бэх хийгдсэн байх; Ханан дахь цонх, агааржуулалтын хоолой болон инженерийн шугам, сүлжээний бусад нүх, онгорхой нь бат бэх төмөр сараалжин хаалттай байх;

·      Цахилгаан шугам сүлжээний холболтыг галд тэсвэртэй, сайн чанарын утсаар далд монтажлан байрлуулсан, автомат буугчтай, хамгаалалтын бүрхүүл бүхий гэрэлтүүлэг, нэгдсэн унтраалгатай байх.

/Энэ хэсгийг Хууль зүйн сайдынЖурамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2013 оны 3 сарын 06-ны өдрийн А/42 дугаар тушаалаар нэмсэн/

3.10.Хуулийн этгээд сонгон шалгаруулалтыг зарласнаас хойш ажлын 3 хоногийн дотор сонгон шалгаруулалтад оролцох эсэхээ Комисст бичгээр мэдэгдэнэ.

3.11.Сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүлээн авсан хуулийн этгээд нь сонгон шалгаруулалтад оролцох тухай санал /төсөл/-аа сонгон шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу бэлтгэж, битүүмжлэн түүнд заасан хугацаанд Комиссын хаягаар ирүүлнэ.

3.12.Комисс нь сонгон шалгаруулалтад оролцогч хуулийн этгээд /цаашид “оролцогч” гэх/-ээс ирүүлсэн сонгон шалгаруулалтын баримт бичгийн огноо, цаг хугацааг нь бүртгэн хүлээн авна.

3.13.Сонгон шалгаруулалтад 2-оос доошгүй хуулийн этгээд оролцсон тохиолдолд сонгон шалгаруулалтыг хүчинтэйд тооцно.

3.14.Тогтоосон хугацаанд саналаа ирүүлээгүй буюу зохих журмын дагуу битүүмжлээгүй санал /төсөл/-ыг Комисс хүлээж авахгүй.

3.15.Комисс нь урилгад заасан хугацаа дуусгавар болсон өдрөөс хойш ажлын 3 өдөрт багтаан сонгон шалгаруулалтад ирүүлсэн санал /төсөл/ бүхий битүүмжилсэн материалыг нээнэ. Энэ тухай оролцогчдод Комисс урьдчилан мэдэгдсэн байна.

3.16.Комисс нь оролцогчдоос битүүмжлэн ирүүлсэн санал /төсөл/-ыг гишүүдийн дийлэнх олонх болон оролцогчдын төлөөлөгчийг байлцуулан нээж материалын хуудас бүрт тэмдэглэл хийж дараах үзүүлэлтийн дагуу бүртгэнэ:

3.16.1.хуулийн этгээдийн нэр;

3.16.2.хуулийн этгээдийн хаяг;

3.16.3.ирүүлсэн баримт бичгийн хуудасны тоо;

3.16.4.бусад.

3.17.Комисст мэдэгдсэн боловч оролцогч нь энэ журмын 3.15-д заасан нээлтийн ажилд оролцоогүй бол уг ажлыг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй.

3.18.Комисс сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлт болзол, нөхцөл, шаардлагыг хангасан зөвхөн нэг хуулийн этгээдийг шалгаруулж, энэ тухай шийдвэр /дүгнэлт/ гаргана.

3.19.Шаардлагатай гэж үзвэл Комисс нь сонгон шалгаруулалтын явцад оролцогчийн талаарх тодорхой мэдээлэлтэй газар дээр нь очиж танилцах буюу албан бичиг солилцох замаар тодруулж болно. Комисс нь энэ тухай бүх оролцогчдод тухай бүрд нь мэдэгдэнэ.

3.20.Комисс нь сонгон шалгаруулалтын дүнг гаргахдаа оролцогчдыг хөрөнгийн эх үүсвэр, төлбөрийн чадвар, эрх зүйн зөрчилд холбогдож байсан эсэхийг харгалзан үзнэ.

3.21.Комисс нь сонгон шалгаруулалтад шалгарсан нэг хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгуулах тухай санал /дүгнэлт/-аа Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлж энэ тухайгаа холбогдох хуулийн этгээдэд хүргүүлнэ.

Дөрөв. Тусгай зөвшөөрөл олгох

4.1.Сонгон шалгаруулалтад тэнцсэн хуулийн этгээд тусгай зөвшөөрөл хүсэх тухай өргөдлөө Хууль зүй, дотоод хэргийн яаманд гаргах ба хүсэлтдээ дараах бичиг баримтыг хавсаргана:

4.1.1.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

4.1.2.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

4.2.Хууль зүй, дотоод хэргийн сайд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзэж, тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлыг өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 21 хоногийн дотор шийдвэрлэнэ.

Тав. Бусад зүйл

5.1.Оролцогч нь Комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо ажлын 7 хоногийн дотор Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гаргана.

5.2.Гомдлыг Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт шийдвэрлэж хариу мэдэгдэнэ.

5.3.Гомдол гаргасан хуулийн этгээд энэ журмын 4.2-т заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргана.

5.4.Галт зэвсэг, сумыг нийтэд худалдах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нь зөвхөн Төвөөр дамжуулан галт зэвсэг, сумыг нийтэд худалдан борлуулах бөгөөд үүнтэй холбоотой түрээсийн төлбөрийн хэмжээг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр тогтооно. Хэрэв талууд тохиролцож чадаагүй бол Хууль зүйн сайдтай зөвшилцсөний үндсэн дээр тогтооно. /Энэ хэсгийг Хууль зүйн сайдынЖурамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 2013 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/42 дугаар тушаалаар нэмсэн/