A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ШҮҮХ-НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МАГАДЛАГААНЫ ОРОН ТООНЫ БУС КОМИССЫН АЖИЛЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Санхүү, эдийн засгийн сайд, Хууль зүй,
 дотоод хэргийн сайдын 2002 оны
173, 155 тоот тушаалын хавсралт
 
ШҮҮХ-НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МАГАДЛАГААНЫ ОРОН ТООНЫ БУС КОМИССЫН АЖИЛЛАХ ЖУРАМ
 
                                                Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.Шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадлагааны орон тооны бус комиссын /цаашид орон тооны бус комисс гэнэ/ зорилт нь өмчийн болон татварын холбогдолтой эрүү, иргэний хэргийн талаар гарсан маргаантай асуудалд хийх шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадлагааны ажилд орон тооны бус магадлагч-нягтлан бодогч, мэргэжилтэн нарыг татан оролцуулах тэднийг мэргэжлийн удирдлагаар ханган, арга зүйн туслалцаа үзүүлж, хууль зүйн үндэстэй үнэн зөв дүгнэлт гаргуулахад оршино.
 
2.Орон тооны бус комисс нь эрүү, иргэний хууль, нягтлан бодох бүртгэлийн тухай, төсвийн тухай, татварын болон санхүү, өмчийн холбогдолтой бусад хууль тогтоомжууд, Засгийн газрын 1997 оны 177 дугаар тогтоолоор батлагдсан "Шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадлагаа хийх дүрэм", Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 167 дугаар тушаалаар батлагдсан "Шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадлагаа хийх аргачилсан заавар"-ыг удирдлага болгон ажиллана.
 
3.Орон тооны бус комисс нь хууль сахиулах байгууллагын шийдвэр, түүнд тусгагдсан асуулга, хэргийн байдлыг харгалзан шинжээчийн дүгнэлт гаргах мэргэжлийн магадлагч-нягтлан бодогч, мэргэжилтнийг томилно.
 
Хоёр. Орон тооны бус комиссын зохион байгуулалт
 
4.Санхүү, эдийн засгийн сайдын дэргэдэх комиссыг Санхүү, эдийн засгийн сайдын тушаалаар 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах бөгөөд энэ комисс нь Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын хүсэлтийн дагуу явуулах магадлагааны ажлыг удирдан зохион байгуулна.
 
5.Санхүү, эдийн засгийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүй, хяналтын газрын энэ асуудлыг хариуцсан хэлтсийн дарга Санхүү, эдийн засгийн сайдын дэргэдэх орон тооны бус комиссын дарга байна.
 
Санхүү, эдийн засгийн сайдын дэргэдэх орон тооны бус комиссын бүрэлдэхүүнд тус яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүй, хяналтын газрын энэ асуудлыг хариуцсан ажилтан /комиссын нарийн бичгийн дарга/, Төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн ажилтан, Төсвийн бодлого, зохицуулалтын газрын Орлого, татварын хэлтсийн ажилтан, Хууль зүй, дотоод хэргийн яамны ажилтан, Үндэсний татварын ерөнхий газрын ажилтан зэрэг хүмүүс орно.
 
6.Аймаг, нийслэлийн орон тооны бус комиссыг аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар    3-5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах бөгөөд уг  комисс нь аймаг, нийслэл, сум, сум дундын болон дүүргийн шүүх, прокурор, цагдаагийн газар, хэлтсийн хүсэлтийг үндэслэн хийх магадлагааны ажлыг зохион байгуулна.
 
7.Аймаг, нийслэлийн комиссын бүрэлдэхүүнд аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга /комиссын дарга/, татварын хэлтэс, газрын дарга, хуулийн ажилтан, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн /нарийн бичгийн дарга/ нар орно.
 
8.Комиссын нарийн бичгийн дарга нь орон тооны бус комиссын өдөр тутмын дотоод ажлыг зохион байгуулж, магадлагч нарт томилолт бичиж олгох, гарсан дүгнэлт материалыг хянаж хүлээн авах, гарсан шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж, магадлагааны ажлын мэдээ тайланг нэгтгэн гаргах, комиссын хурлыг зохион байгуулах зэрэг ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.
 
9.Орон тооны бус комисс нь гишүүдийн хариуцах ажлын хуваарь  гаргаж ажиллахын зэрэгцээ орон тооны болон орон тооны бус магадлагч-нягтлан бодогч нарын гаргасан дүгнэлтийг хурлаар хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгнө.
 
10.Орон тооны бус комиссын дарга, гишүүдэд урамшуулал олгоно.
 
11.Орон тооны бус комисс нь тусгай тэмдэг хэрэглэнэ.
 
                        Гурав. Орон тооны бус комиссын үүрэг, эрх
 
12. Орон тооны бус комисс нь дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ. Үүнд:
 
а/ орон тооны бус магадлагч-нягтлан бодогч, мэргэжилтэн нарыг мэргэжлийн удирдлагаар хангаж, тэдний үйл ажиллагаанд хяналт тавих;
б/хууль сахиулах байгууллагын шийдвэрийн дагуу орон тооны бус магадлагч-нягтлан бодогч, мэргэжилтэнг хэрэгт дүгнэлт гаргуулахаар томилж, магадлагааг үнэн зөв хийсэн эсэхэд хяналт тавих;
в/магадлагч нь магадлагааны дүгнэлтийг комисст ирүүлснээс хойш ажлын 3 өдрийн дотор хурлаар хэлэлцэж хянах;
г/магадлагааны дүнг үндэслэн өмч, хөрөнгө, татварын холбогдолтой ашиглал, дутагдлын хэрэг зөрчил гарч байгаа нөхцөл шалтгааныг судалж санхүү, бүртгэл тооцооны ажлыг сайжруулах, хууль тогтоомжийг мөрдөж ажиллах талаар ажил зохион байгуулах;
д/холбогдох байгууллагатай тохиролцон орон тооны бус магадлагч-нягтлан бодогч, мэргэжилтнээр хүмүүсийг сонгон авч Санхүү, эдийн засгийн сайд, аймаг, нийслэлийн Засаг даргаар батлуулан ажиллуулах ;
е/орон тооны бус магадлагч-нягтлан бодогч, мэргэжилтэнд үнэмлэх олгох, тэдний бүртгэл, судалгааг хөтлөх;
ж/шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадлагаа хийх ажлын явцад гарсан зөрчил, дутагдлыг засаж, арилгах арга хэмжээ авах;
з/орон тооны бус магадлагч-нягтлан бодогч нарт магадлагаа хийх тухай бүр томилолт бичиж, магадлагч-нягтлан бодогчийн тусгай дугаар бүхий тэмдэг олгож, магадлагааны ажил дуусмагц хураан авч хадгалж байх;
и/ магадлагааны дүгнэлтийн талаар улирал бүр Санхүү, эдийн засгийн сайдад танилцуулах;
 
13.Орон тооны бус комисс дор дурдсан эрх эдлэнэ. Үүнд:
 
а/ хууль сахиулах байгууллагаас ирүүлсэн баримт, материалууд нь магадлагаа хийх шаардлага хангаагүй байвал буцаах;
 
б/ орон тооны бус магадлагч -нягтлан бодогч, мэргэжилтэн нарын хийсэн магадлагааны дүгнэлттэй танилцаж, магадлагаа хийх заавар болон энэ журмын дагуу үнэлэлт, дүгнэлт өгөх;
 
в/ хууль сахиулах болон холбогдох бусад байгууллагаас магадлагаанд шаардагдах нэмэлт баримт, материал гаргуулах;
 
г/ магадлагаа хийхтэй холбогдсон асуудлаар зохих хүмүүсийг ирүүлж асууж лавлах, хэрэгцээтэй асуудлаар тодорхойлолт авах;
 
д/ буруу хийсэн магадлагаа буюу дүгнэлтийг хүчингүй болгож түүнийг хийсэн магадлагч-нягтлан бодогч нарт хөлс олгохгүй байх;.
 
е/магадалагч-нягтлан бодогч, мэргэжилтэн нь хувийн болон бусдын эрх ашгийн үүднээс магадлагааны ажлыг будлиантуулахыг оролдвол түүний магадлагаа хийх эрхийг хасаж өөр хүнийг томилох;
 
ж/орон тооны бус магадлагч-нягтлан бодогч, мэргэжилтний үүрэгт ажлыг идэвх зүтгэл, үр бүтээлтэй хийж байгаа хүмүүсийг шагнаж урамшуулахаар удирдах дээд байгууллагад тодорхойлолт гаргах;
 
з/магадлагч-нягтлан бодогч, мэргэжилтэн нарын ажлын дэвшилтэт арга барилыг судлан бусдад эзэмшүүлэх ажил зохиох;
 
и/магадлагч-нягтлан бодогч нарын мэдлэгийн түвшин тогтоох,  шинээр ажилд авахад сонгон шалгаруулах зорилгоор аттестатчилах шалгалт авах ажлыг 2 жил тутам зохион байгуулах;
 
к/нэг аймаг, нийслэлээс нөгөө аймагт орон тооны бус магадлагч-нягтлан бодогч нарыг сэлгүүлэн томилж ажил үүрэг гүйцэтгүүлэх асуудлыг шийдвэрлэх;
 
л/ орон тооны бус комиссын дарга, гишүүдэд энэ журмын дагуу гүйцэтгэсэн ажлынх нь үр дүнтэй холбож тухай бүр ажлын хөлс тооцож олгох.
 
 
---оОо----