A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХУРААГДСАН ГАЛТ ЗЭВСГИЙГ УСТГАХ, ХУДАЛДАХ, ШИЛЖҮҮЛЭХ ЖУРАМ /Хууль зүйн сайдын 2015-А/219 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/Хууль зүйн сайдын 2015-А/219 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны

186 дугаар тушаалын хавсралт

 

 

ХУРААГДСАН ГАЛТ ЗЭВСГИЙГ УСТГАХ, ХУДАЛДАХ, ШИЛЖҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн улмаас хураагдсан галт зэвсэг, сум хэрэгслийг устгах, худалдах, шилжүүлэх үйл ажиллагааг Галт зэвсгийн тухай хууль болон энэхүү журмаар зохицуулна.

Хоёр. Галт зэвсгийг хураах

2.1.Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, гаалийн байцаагч дараах тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа галт зэвсэг, сум хэрэгсэл /цаашид “галт зэвсэг” гэх/-ийг хурааж авна.

2.1.1.Галт зэвсгийн тухай хуулийн 19.1.1-19.1.2 дахь хэсэгт заасан этгээд галт зэвсэг өмчилж байгаа нь тогтоогдсон болон 19.1.3-19.1.4 дэх хэсэгт заасан галт зэвсэг бол; /Энэ хэсгийг Хууль зүйн сайдын 2014 оны А/156 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/

2.1.2.иргэн, хуулийн этгээд хуулиар хориглосон галт зэвсэг өмчилж байгаа нь тогтоогдсон;

2.1.3.эрэн сурвалжлагдаж байгаа галт зэвсэг бол;

2.1.4.гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдэхэд ашигласан галт зэвсэг бол; /2.1.2-2.1.4 дэх хэсгийг Хууль зүйн сайдын 2014 оны А/156 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

2.1.5.галт зэвсэг өмчлөгч иргэн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд галт зэвсгийг бусдын өмчлөлд шилжүүлэх хууль зүйн үндэслэлгүй бол.

2.2.Галт зэвсгийг хураан авсан тухай тэмдэглэлийг 2 хувь үйлдэж, нэг хувийг нь иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэн өгнө.

2.3.Галт зэвсгийг хураан авснаас хойш 30 хоног дотор аймаг, нийслэл, дүүргийн цагдаагийн газар, хэлтэс /цаашид “нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага”/-т тэмдэглэлийн хамт хүлээлгэн өгнө. /Энэ хэсгийг Хууль зүйн сайдын 2014 оны А/156 дугаар тушаалаар өөрчилсөн/

2.4.Цагдаагийн ерөнхий газар хураагдсан галт зэвсгийн мэдээллийн сан байгуулан ажиллаж, баяжилт хөдөлгөөнийг хариуцна. /Энэ хэсгийг Хууль зүйн сайдын 2014 оны А/156 дугаар тушаалаар нэмсэн/

Гурав. Галт зэвсгийг хүлээн авах, хадгалах

3.1.Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага хураагдсан галт зэвсгийг хураан авсан тухай тэмдэглэлийн хамт хагас, бүтэн жилээр Цагдаагийн ерөнхий газрын харьяа нэгж, байгууллага (цаашид “харьяа нэгж, байгууллага” гэх)-д хүргүүлнэ. /Энэ хэсгийг Хууль зүйн сайдын 2014 оны А/156 дугаар тушаалаар өөрчилсөн/

3.2.Харьяа нэгж, байгууллага нь галт зэвсгийг хүлээн авахдаа төрөл, марк, гол төмөр, замгийн дугаар, үйлдвэрлэсэн он, бусад шинж байдлыг хураан авсан тэмдэглэлтэй тулган хүлээн авч, хураагдсан галт зэвсгийн нэгдсэн бүртгэлд бүртгэж, мэдээллийн 1 хувийг Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газарт ирүүлнэ. /Энэ хэсгийг Хууль зүйн сайдын 2014 оны А/156 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/

3.3.Хүлээн авсан галт зэвсгийг аюулгүй байдлын шаардлага хангахуйц тусгайлан тоноглосон өрөөнд, зориулалтын шүүгээнд хадгална.

Дөрөв. Галт зэвсгийг устгах, шилжүүлэх, худалдах тухай дүгнэлт гаргах

4.1.Хураагдсан галт зэвсэгт үзлэг шинжилгээ хийж, тэдгээрийг устгах, шилжүүлэх, худалдах тухай дүгнэлтийг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг /цаашид “ажлын хэсэг” гэх/ гаргана.

4.2.Дараах тохиолдолд галт зэвсгийг устгах тухай дүгнэлт гаргана:

4.2.1.үйлдвэрийн хэв загварыг өөрчилсөн;

4.2.2.цаашид ашиглах техникийн боломжгүй болсон;

4.2.3.аюулгүй ажиллагааны нөхцөл хангагдаагүй.

4.3.Дараах тохиолдолд галт зэвсгийг холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шилжүүлэх тухай дүгнэлт гаргана:

4.3.1.эрэн сурвалжлагдаж байгаад олдсон;

4.3.2.байлдааны зориулалттай галт зэвсгийн жагсаалтад бүртгэгдсэн;

4.3.3.зөрчил гаргагч иргэн, хуулийн этгээд зөрчлөө арилгасан.

4.4.Дараах тохиолдолд галт зэвсгийг худалдах тухай дүгнэлт гаргана:

4.4.1.сэргээн засварлан ашиглах боломжтой;

4.4.2.үйлдвэрийн хэв загварыг өөрчлөөгүй;

4.4.3.аюулгүй ажиллагааны нөхцөл хангасан.

4.5.Ажлын хэсэг нь галт зэвсгийг устгах, шилжүүлэх, худалдах тухай дүгнэлтэд галт зэвсгийн төрөл, марк, гол төмөр, замагийн дугаар, үйлдвэрлэсэн он, бусад шинж байдлыг тодорхой тусгана.

Тав. Галт зэвсгийг устгах, шилжүүлэх, худалдах

5.1.Галт зэвсгийг устгах, шилжүүлэх, худалдах үйл ажиллагааг ажлын хэсэг зохион байгуулж гүйцэтгэнэ.

5.2.Галт зэвсгийг устгах тухай дүгнэлтийн дагуу дараах ажлыг хийж гүйцэтгэнэ:

5.2.1.галт зэвсгэнд аюулгүй орчинд үзлэг хийж, устгах бэлтгэл ажлыг хангах;

5.2.2.галт зэвсгийг устгах ажлыг аюулгүй орчинд гүйцэтгэж, энэ тухай тэмдэглэл хөтлөх;

5.2.3.устгасан галт зэвсгийг хураагдсан галт зэвсгийн нэгдсэн бүртгэлээс хасуулах.

5.3.Галт зэвсгийг шилжүүлэх тухай дүгнэлтийн дагуу дараах ажлыг хийж гүйцэтгэнэ:

5.3.1.эрэн сурвалжлагдаж байсан галт зэвсгийг холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүлээлгэн өгөх;

5.3.2.байлдааны зориулалттай галт зэвсгийг зэвсэгт хүчин, бусад цэрэг, цагдаа, тагнуул, хорих байгууллагын эзэмшилд шилжүүлэн өгөх;

5.3.3.зөрчлийн учир түр хугацаагаар хураагдсан галт зэвсгийг зөрчлөө арилгасан хууль ёсны өмчлөгч иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэн өгөх.

5.4.Галт зэвсгийг худалдах тухай дүгнэлтийн дагуу дараах ажлыг хийж гүйцэтгэнэ:

5.4.1.галт зэвсгэнд аюулгүй орчинд үзлэг хийж холбогдох эрх бүхий байгууллагаар үнэ тогтоолгох; /Энэ хэсгийг Хууль зүйн сайдын 2014 оны А/156 дугаар тушаалаар өөрчилсөн/

5.4.2.галт зэвсгийг үнэлгээний хамт галт зэвсэг нийтэд худалдах төвд хүлээлгэн өгөх.

5.5.Галт зэвсгийг энэ журмын 5.2; 5.3; 5.4-д заасны дагуу устгах, шилжүүлэх, худалдахдаа тэмдэглэл үйлдэж холбогдох этгээдээр гарын үсэг зуруулж баримтжуулна.

5.6.Ажлын хэсэг нь галт зэвсгийг устгах, шилжүүлэх, худалдах үйл ажиллагааг зохион байгуулж гүйцэтгэсэн тухай дүнг Цагдаагийн ерөнхий газрын даргад илтгэх хуудсаар танилцуулна.