- Нүүр
- Сайдын тушаал
- ӨМГӨӨЛӨГЧИЙН МЭРГЭШЛИЙН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын
2002 оны 212 дугаар тушаалын 2 дугаар хавсралт
ӨМГӨӨЛӨГЧИЙН МЭРГЭШЛИЙН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтад орж тэнцсэн хуульч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар мэргэшлийн шалгалт өгөхөд энэхүү журмыг баримтална.
1.2.Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон мэргэшлийн шалгаруулалт явуулах ажлыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгуулагдсан Мэргэшлийн хороо зохион байгуулна.
1.3. Мэргэшлийн шалгаруулалт явуулах хугацааг Хууль зүй, дотоод хэргийн сайд тогтооно.
Хоёр. Мэргэшлийн шалгаруулалт явуулах тухай нийтэд зарлах, хүсэлт гаргагчдыг бүртгэх
2.1. Мэргэшлийн шалгаруулалт явуулах тухай шалгаруулалт эхлэхээс 30-аас доошгүй хоногийн өмнө Мэргэшлийн хорооноос өдөр тутмын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.
2.2. Зарлалд мэргэшлийн шалгаруулалт явуулах газар, хугацаа бүртгүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтын талаар тусгана.
2.3. Бүртгэлийг 14 хоногт багтаан хийх бөгөөд шалгаруулалт эхлэхээс 7 хоногийн өмнө дуусгана.
2.4. Мэргэшлийн шалгаруулалтад оролцох хүсэлт гаргагч дараахь бичиг баримт бүрдүүлнэ:
2.4.1.өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн өргөдөл;
2.4.2. биеийн байцаалт /1 дүгээр маягтаар/;
2.4.3. хууль зүйн дээд боловсролын диплом болон иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатчаар гэрчлүүлсэн/;
2.4.4. хуульчийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн тухай бичиг баримт;
2.4.5. ял шийтгэлгүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
2.4.6. одоо ажиллаж байгаа, эсхүл хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллагаас олгосон ажил байдлын тодорхойлолт /шүүгч, прокурор, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан бол хугацаа, сар, өдрөөр тодорхой заасан байна/;
2.4.7. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
2.5. Мэргэшлийн шалгаруулалт явуулахтай холбогдон гарах зардлыг Хууль зүй, дотоод хэргийн яамны төсөвт тусгаж санхүүжүүлнэ.
Гурав. Мэргэшлийн хорооны эрх хэмжээ
3.1.Мэргэшлийн хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх ба бүх гишүүдийн 3/4-аас доошгүй нь оролцсоноор хуралдаан хүчин төгөлдөр болно.
3.2.Мэргэшлийн хороо асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн 3/4 –аас доошгүйн саналаар шийдвэрлэх ба хуралдааны явцын тухай тэмдэглэл хөтөлнө.
3.3. Мэргэшлийн хорооны Мэргэшлийн шалгаруулалт явуулахтай холбогдуулан дараахь эрх эдэлнэ:
3.4.1. Мэргэшлийн шалгаруулалтад оролцох хүсэлт гаргагчийн ирүүлсэн бичиг баримт зохих шаардлагыг хангаж буй эсэхийг шалгаж тогтоох;
3.4.2. бичиг баримт нь зохих шаардлага хангаагүй хүсэлт гаргагчийг мэргэшлийн шалгаруулалтад оруулахгүй байх тухай шийдвэр гаргаж хариу мэдэгдэх;
3.4.3. Мэргэшлийн шалгаруулалтын шалгалтын материалыг бэлтгэх, эсхүл онол, практикийн өндөр мэдлэгтэй, нэр хүнд бүхий эрдэмтэн, мэргэжилтэнд захиалга өгч гүйцэтгүүлэх;
3.4.4. Мэргэшлийн шалгаруулалт явуулах бэлтгэл ажлыг зохион байгуулах;
3.4.5. Мэргэшлийн шалгаруулалтыг тогтоосон хугацаанд шударга, зөв явуулах;
3.4.6. Мэргэшлийн шалгаруулалтын шалгалтын дүнг гаргаж мэдээлэх.
3.5. Шалгалтын материалын нууцлалыг Мэргэшлийн хорооны дарга хариуцна.
Дөрөв. Мэргэшлийн шалгаруулалт явуулах, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох
4.1. Мэргэшлийн шалгаруулалтын шалгалт нь сорилго болон ярилцлагаас бүрдэнэ.
4.2. Сорилгоор холбогдох хууль тогтоомж, мэргэжлийн мэдлэгийн түвшинг тодорхойлох бөгөөд нийт 100 онооноос 60 буюу түүнээс дээш оноо авсан тохиолдолд дараагийн шатны шалгалт буюу ярилцлагад орно.
4.3. Ярилцлага билетийн асуултад хариулах хэлбэрээр явагдах бөгөөд 20 хүртэлх оноотой байна.
4.4. Ярилцлагын оноог мэргэшлийн хорооны гишүүдийн өгсөн онооны арифметик дунджаар гаргана.
4.5. Сорилго болон ярилцлага нийлбэр дүнгээр 70 ба түүнээс дээш оно авсан хүнийг шалгалтад тэнцсэн гэж үзнэ.
4.6. Мэргэшлийн хороо мэргэшлийн шалгаруулалтын шалгалтын дүнг үндэслэн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгуулах тухай саналыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж шийдвэрлүүлнэ.
4.7. Мэргэшлийн хорооны санал болон тухайн хүний өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд даатгуулсан гэрчилгээний хувийг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар тусгай зөвшөөрлийг олгоно.
Тав. Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага
5.1. Мэргэшлийн шалгаруулалт тэнцэж, өмгөөлөгчийн хариуцлагын даатгалын гэрчилгээ авснаас тухайн хуульчид өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нөхцөл бүрдэнэ.
5.2. Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан хуульч Өмгөөллийн тухай хуулийн 12.3-д зааснаас гадна дор дурдсан нөхцөл шаардлагыг хангаж ажиллана:
5.2.1.ажлын байранд болон ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэхгүй, согтууруулах ундаа хэрэглээн үедээ шүүх хуралд оролцохгүй байх;
5.2.2. өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх;
5.2.3.өмгөөллийн болон эрх зүйн туслалцааны хөлс авсныхаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр харилцан тохиролцсон ажил, үүргээ гүйцэтгэхгүй орхих зэргээр өмгөөлүүлэгч үйлчлүүлэгчийг хуурч мэхэлсэн шинжтэй ямар нэгэн үйлдэл гаргахгүй байх;
5.2.4. өмгөөллийн хөлснөөс өөр шан харамж, бэлэг сэлт шаардах, өмгөөлүүлэгчээр дайлуулах, амралт зугаалгад хамт явах, машинаар үйлчлүүлэх зэрэг зохисгүй байдал гаргахгүй байх;
5.2.5.хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокурортой хууль бус холбоо тогтоох, тэднийг дайлах, машин унаагаар үйлчлэх бусад хөнгөлөлт үзүүлэх замаар хэргийн шалгалт, шийдвэрлэлтийг будлиантуулахад чиглэсэн аливаа үйлдэл гаргахгүй байх ;
5.2.6. хуульд заасан журмын дагуу эцэслэн шийдвэрлэгдээгүй, эсхүл өөрт нь холбогдолгүй хэрэг маргааны талаар ямар нэгэн дүгнэлт хийж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэхгүй байх;
5.2.7.өөрөө оролцсон хэргийн тухайд Өмгөөллийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3.6-д заасан заалтыг чанд мөрдөж ажиллах;
5.2.8.үйлчлүүлэгч, өмгөөлөгчөө чөлөөтэй сонгох эрхэд хүндэтгэлтэй хандаж, өөрийнхөө мэргэжлийн туслалцаагаар түрүү барьж үйлчлүүлэгчийг дарамт, шахалтад оруулахгүй байх;
5.2.9. МӨХ-ны гишүүний татвараа хугацаанд нь төлөх.
Зургаа. Бусад зүйл
6.1. Энэ журмын 1.1, 2.4.4 дэх заалтыг Хуульчдыг сонгон шалгаруулах журмын хууль хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
6.2. Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ журмын "Тав"-д заасан нөхцөл, шаардлагыг хэрхэн биелүүлж байгааг харгалзан "Аж ахуйн үйл ажиллагаа тусгай зөвшөөрлийн тухай" хууль, "Өмгөөллийн тухай" хуулийн холбогдох заалтыг тус тус үндэслэн шийдвэрлэнэ.
------оОо-------
Текст томруулах
A
A
A