- Нүүр
- Сайдын тушаал
- САХИЛГЫН БАЙР, ТУСГААРЛАХ ТАСАЛГААНЫ НӨХЦӨЛ ЖУРАМ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын
2002 оны 270 дугаар тушаалын хавсралт
САХИЛГЫН БАЙР, ТУСГААРЛАХ
ТАСАЛГААНЫ НӨХЦӨЛ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Хууль тогтоомж, хорих ангид тогтоосон дотоод дэглэм, журам зөрчиж, сахилгын арга хэмжээ авагдсан ялтныг тусгаарлан хорих өрөөг сахилгын байр, тэдний зүгээс гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор ялтныг 72 цаг хүртэл түр хугацаагаар шилжүүлэх өрөөг тусгаарлах тасалгаа гэнэ.
1.2.Ялтныг сахилгын байранд хорих болон тусгаарлах тасалгаанд шилжүүлэхэд энэ журмыг мөрдөнө.
Хоёр. Сахилгын байр, тусгаарлах тасалгаанд ялтныг шилжүүлэх
2.1.Ялтан хууль, хорих ангид тогтоосон дэглэм, журам зөрчсөн бол уг зөрчлийг илрүүлсэн албан хаагч түүнд сахилгын шийтгэл оногдуулах тухай тодорхойлолт бичиж, хорих ангийн даргад 24 цагийн дотор танилцуулна.
2.2.Ангийн дарга ялтны зөрчлийн тодорхойлолт, уг зөрчлийг шалган тогтоосон материалтай танилцаж үндэслэлтэй бол сахилгын байранд хорих тухай тушаал гаргана.
2.3.Ялтныг сахилгын байранд хорих тухай тушаалыг ерөнхий жижүүр буюу ахуй дэглэмийн байцаагч зөрчил гаргасан ялтанд танилцуулж, гарын үсэг зуруулах бөгөөд гарын үсэг зурахаас татгалзвал энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.
2.4.Хорих ангийн аюулгүй байдлыг хангах, ялтан гэмт хэрэг үйлдэх, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хорих ангийн жижүүрийн шийдвэрээр түүнийг 72 цаг хүртэл хугацаагаар тусгаарлах тасалгаанд түр шилжүүлж болно.
2.5.Эмч ялтны эрүүл мэндийн байдалд үзлэг хийж сахилгын байранд хорих болон тусгаарлах тасалгаанд шилжүүлэх боломжтой бол энэ тухай тэмдэглэл үйлдэх бөгөөд харуул хамгаалалтын ажилтан түүнд үзлэг, нэгжлэг хийсний дараа сахилгын байранд хорих, тусгаарлах тасалгаанд шилжүүлэх шийдвэрийг биелүүлнэ.
2.6.Үзлэг, нэгжлэгийн явцад ялтанд хориглосон эд зүйлс илэрвэл хураан авч хорих ангийн дотоод журмын 8.7-д заасан журмаар шийдвэрлэнэ.
2.7.Сахилгын байранд хорих, тусгаарлах тасалгаанд шилжүүлэх тухай тушаал, тогтоолыг зөрчлийн тодорхойлолтын хамт ялтны хувийн хэрэгт хавсаргах бөгөөд хоригдсон хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцож. энэ тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тоо бүртгэл, судалгааны тасагт мэдэгдэж бүртгүүлнэ.
2.8.Гяндан, онцгой дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа ялтныг сахилгын байр, тусгаарлах тасалгаанд ганцаарчлан хорих бөгөөд бусад дэглэмийн ялтныг нийтээр нь хорино.
2.9.Ялтныг дараах тохиолдолд сахилгын байранд хорихыг хориглоно:
2.9.1.сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гараагүй;
2.9.2.сахилгын шийтгэл эдлүүлэх боломжгүй тухай эмчийн магадлагаа гарсан.
Гурав.Сахилгын байр, тусгаарлах тасалгаанд тавигдах шаардлага
3.1.Сахилгын байр, тусгаарлах тасалгаа нь хорих ангийн харуул хамгаалалтын хяналтад байх бөгөөд хоригдож буй ялтнуудыг бусад ялтантай харьцах боломжгүйгээр тусгаарлагдсан байна.
3.2.Сахилгын байр, тусгаарлах тасалгааны хаалгыг хорих ангийн жижүүр нээж, цоожлох бөгөөд түлхүүрийг өөр дээрээ хадгална.
3.3.Сахилгын байр, тусгаарлах тасалгаа нь бетонон тааз, бетонон буюу тоосгон ханатай, бэхлэгдсэн модон шал, эсхүл бэхлэгдсэн модон ортой, давхар төмөр хаалгатай, онгойлгох хязгаарлагчтай, хяналтын шагайвартай, гадна талдаа цоожтой, цонх, гар нүүр угаах, бие засах газар нь төмөр сараалжин хамгаалалттай, агааржуулах салхивчтай, байрны дулаан хэвийн хэмжээтэй, ердийн гэрэлтүүлэгтэй байна.
3.4.Сахилгын байр, тусгаарлах тасалгааны гэрэлтүүлэг нь гадна талдаа байх бөгөөд унтраалгыг жижүүрийн өрөөнд байрлуулна.
3.5.Сахилгын байр, тусгаарлах тасалгаанд шилжсэн ялтанд хяналт тавихад дохиоллын хэрэгсэл, телекамер, албаны нохой ашиглаж болно.
Дөрөв. Сахилгын байр, тусгаарлах тасалгаанд хориглох зүйл
4.1.Сахилгын байр, тусгаарлах тасалгаанд дараахь үйлдэл гаргахыг хориглоно:
4.1.1.энэ журмын 5.7-д зааснаас бусад нөхцөлд нэвтрэх;
4.1.2.зохион байгуулалттай үзлэг, нэгжлэг хийхээс бусад тохиолдолд нэвтрэх;
4.1.3.сахилгын байр, тусгаарлах тасалгаануудын хаалгыг нэгэн зэрэг нээх;
4.1.4.ялтныг сахилгын байр, тусгаарлах тасалгаанаас дур мэдэн гаргах;
4.1.5.сахилгын шийтгэл эдэлж байгаа болон тусгаарлагдсан ялтан дуу дуулах, цонхоор ярих, шуугих, байрны дэг зөрчих.
Тав.Сахилгын байр, тусгаарлах тасалгааны нөхцөл, журам
5.1.Сахилгын байранд хоригдсон, тусгаарлах тасалгаанд шилжсэн ялтанд гудас, хөнжил, аяга халбагыг хэрэглэх үед нь тавьж олгох бөгөөд бусад үед хураан авна.
5.2.Хоригдсон ялтан тухайн улирлын хувцастай, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлд унтаж, амрах боломжтой байх бөгөөд түүнд ариун цэврийн хэрэгсэл хэрэглүүлнэ.
5.3.Харуул хамгаалалтын ажилтны хяналтын дор ялтныг өдөрт 3 удаа бие засуулж, нэг удаа нарлуулж, 7 хоногт нэг удаа усанд оруулна.
5.4.Сахилгын байр, тусгаарлах тасалгааг сард хоёроос доошгүй, гар нүүр угаах угаалтуур, бие засах суултуурыг долоо хоногт нэг удаа тус тус ариутгана.
5.5.Эрүүл ахуйн байцаагч сахилгын байр, тусгаарлах тасалгааны нөхцөлд хяналт тавьж илэрсэн зөрчил, дутагдлыг ангийн удирдлагад танилцуулж арилгуулна.
5.6.Хоригдож байгаа ялтны эрүүл мэндийн байдалд эмч өдөр бүр харуул хамгаалалтын ажилтны хяналтын дор үзлэг хийнэ.
5.7.Ангийн дарга, дэд дарга, төлөөлөгч нарын зөвшөөрлөөр сахилгын байр болон тусгаарлах тасалгаанд зөвхөн ажлын 09-18 цагт харуул хамгаалалтын ажилтны хяналтын дор прокурор, ахуй дэглэмийн байцаагч, эрүүл ахуйн байцаагч, эмч нар нэвтэрч болно.
5.8.Сахилгын шийтгэл эдэлж байгаа болон тусгаарлах байранд шилжсэн ялтанд өдөрт хоёр удаа тогтоосон хэмжээний илчлэгтэй хоолыг харуул хамгаалалтын хяналтын дор өгнө.
5.9.Сахилгын байранд хоригдож байгаа ялтан онцгой тохиолдолд ангийн даргын зөвшөөрлөөр түр хугацааны уулзалт хийх эрхтэй.
5.10.Ерөнхий жижүүр ахуйн дэглэмийн байцаагч эргэлт уулзалтаар ирсэн зүйлд үзлэг хийж жагсаалтаар хүлээн авч зөвхөн уулзалтын үед хэрэглүүлэх бөгөөд үлдсэн бусад зүйлийг гарах үед нь олгох, эсхүл эргэлтээр ирсэн хүмүүст буцаан олгох бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж ялтны хувийн хэрэгт хавсаргана.
5.11 .Халдварт өвчтэй, мансуурах донтой ялтныг тусад нь тусгаарлан хорино.
5.12.Сахилгын шийтгэл эдэлж байгаа болон тусгаарлагдсан ялтан бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаар заналхийлэх, тэднийг барьцаалах, үймээн дэгдээх, амиа хорлохоор завдах үйлдэл гаргасан бол ангийн жижүүрийн бүрэлдэхүүний хүчээр уг үйлдлийг таслан зогсоох арга хэмжээг авах бөгөөд хүч хүрэлцэхгүй бол ангийн удирдлагад нэн даруй мэдэгдэж онцгой учралын үед ажиллах төлөвлөгөөний дагуу арга хэмжээ авч таслан зогсооно.
Зургаа. Сахилгын байр, тусгаарлах тасалгаанаас ялтныг суллах
6.1.Сахилгын байр, тусгаарлах тасалгаанаас ялтныг дараахь үндэслэлээр суллана:
6.1.1.сахилгын шийтгэл эдлэх болон тусгаарлах тасалгаанд байх хугацаа дууссан;
6.1.2.ялтныг сахилгын байр, тусгаарлах тасалгаанд үндэслэлгүйгээр хорьсон тухай прокурорын шийдвэр гарсан;
6.1.3.гал түймэр, байгалийн гамшиг тохиолдсон, ялтан өвчилж эмнэлгий хойшлуулшгүй туслалцаа үзүүлэх зайлшгүй шаардлага гарсан.
6.2.Ялтныг сахилгын байранд хорих хугацаа дуусахаас өмнө эмчийн магадлагаагаар гаргасан, эсхүл энэ журмын 6.1.3-д заасан нөхцөл арилсан бол шийтгэлийг нөхөн эдлүүлнэ.
6.3.Сахилгын байранд хоригдсон ялтан шийтгэлээ эдэлснээс хойш 1 жилий-н дотор дахин зөрчил гаргаагүй, оногдсон ажлаа сайн гүйцэтгэсэн гэж үзвэл ахуй дэглэмийн байцаагчийн саналыг үндэслэн ангийн даргын тушаалаар сахилгын шийтгэлгүйд тооцож болно.
Текст томруулах
A
A
A