- Нүүр
- Сайдын тушаал
- АЛБАДАН АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛ ОНОГДУУЛСАН ШҮҮХИЙН ШИЙТГЭХ ТОГТООЛЫГ ГҮЙЦЭТГЭХЭД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны
276 дугаар тоот тушаалын хавсралт
АЛБАДАН АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛ ОНОГДУУЛСАН ШҮҮХИЙН ШИЙТГЭХ ТОГТООЛЫГ ГҮЙЦЭТГЭХЭД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Албадан ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавихад Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмыг мөрдлөг болгоно.
1.2.Албадан ажил хийлгэх ялыг ялтны ажиллаж байсан, эсхүл оршин суугаа газарт нь нийгэмд ашигтай ажил хийлгэх замаар эдлүүлж, хариуцсан шийдвэр гүйцэтгэгч тогтмол хяналт тавина.
1.3.Албадан ажил хийлгэх ялын биелэлтэд тавих хяналтыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхэлж, ял эдэлж дуусах хүртэл хугацаанд хэрэгжүүлнэ.
Хоёр. Албадан ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгжүүлэх үндэслэл
2.1.Албадан ажил хийлгэх ял эдлүүлэх үндэслэл нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол байна.
2.2.Албадан ажил хийлгэх ял оногдуулсан хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоол, гүйцэтгэх баримт бичгийг ахлах шийдвэр гүйцэтгэгч хүлээн авснаас хойш нэг хоногийн дотор бүртгэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргаж тогтоосон тойргийн дагуу шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна.
2.3.Албадан ажил хийлгэх ялын тоо бүртгэлийг орон нутагт аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба, улсын нэгдсэн бүртгэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тоо бүртгэлийн тасаг хариуцан хөтөлж, хяналт тавина.
3.1.Шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолыг хүлээн авмагц хоёр хоногийн дотор ялтан нэг бүр дээр шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг нээж, түүнд хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан гарын үсэг зуруулна.
3.2.Шийдвэр гүйцэтгэгч энэ журмын 3.1-т заасан ажиллагаа хийсний дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолыг тухайн сум, дүүргийн Засаг даргад танилцуулж, ялтныг албадан ажиллуулах байгууллага, аж ахуйн нэгжийг харилцан тохиролцож тогтооно.
3.3.Тухай ялыг эдлүүлэх байгууллага, аж ахуйн нэгжийг сонгохдоо ялтны эрүүл мэндийн байдал эзэмшсэн мэргэжил, ур чадварыг харгалзаж үзнэ.
3.4.Шийдвэр гүйцэтгэгч нь ялтныг албадан ажиллуулах байгууллагатай ялтны нэг өдөрт ажиллах ажлын цаг, гүйцэтгэх үүрэг /хөдөлмөрийн норм/, хөдөлмөрийн нөхцөл болон хөлс зэргийг урьдчилан тохиролцож гэрээ байгуулан, биелэлтэд нь хяналт тавина.
3.5.Шийдвэр гүйцэтгэгч нь ялтныг шүүхийн шийтгэх тогтоол, албадан ажил хийлгүүлэх тухай мэдэгдлийн хамт албадан ажил хийлгэхээр тогтоосон аж ахуйн нэгж, байгууллагад биечлэн хүлээлгэж өгнө.
3.6.Мэдэгдэлд ялтны овог, эцгийн нэр, нэр, оршин суугаа газрын хаяг, түүнчлэн албадан ажил хийх цаг, ялтны хөдөлмөрийн хөлснөөс зохих суутгал хийж, үлдсэнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, тасгийн дансанд гурав хоногийн дотор шилжүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай байгуулсан гэрээний нөхцөл өөрчлөгдсөн бол энэ тухай нэн даруй мэдэгдэх, ялтны хүмүүжил, ял эдлэлтийн талаархи тодорхойлолтыг мэдэгдэлд заасан хугацаанд ирүүлэх зэрэг асуудлыг тусгана.
3.7.Шийдвэр гүйцэтгэгч нь мэдэгдэлд заасан үүргийн биелэлтийг байнга хянаж, ялтны хөдөлмөрийн хөлсний суутгалд хяналтын карт хөтөлнө.
3.8.Ялтны ажлын цагийн бүртгэлийг түүний ялыг эдлүүлэх аж ахуйн нэгж, байгууллага бүртгэж, шийдвэр гүйцэтгэгч бүртгэлийг үндэслэн ялын тооцоо хийнэ.
3.9.Шийдвэр гүйцэтгэгч нь ялтны хөдөлмөрийн хөлснөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн суутгаж хохирогчид олгох, хэрэв тийнхүү суутгах төлбөр байхгүй бол гурав хоногийн дотор улсын төсвийн дансанд шилжүүлнэ.
3.10.Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт дараахь баримт бичгийг хавсаргана:
3.10.1.гүйцэтгэх баримт бичиг;
3.10.2.шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол;
3.10.3.ялтны хөдөлмөрийн хөлснөөс түүний учруулсан хохирлыг нөхөн төлүүлсэн баримт, ял эдэлсэн цагийг бүртгэсэн хяналтын карт;
3.10.4.тухайн ялыг эдлүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн засрал хүмүүжлийн тодорхойлолт;
3.10.5.ялтны шилжилт хөдөлгөөн зэрэг ял эдлэлтийн байдалтай холбоотой бусад мэдээлэл.
3.11.Албадан ажил хийх ял эдэлж байгаа этгээд нь шийдвэр гүйцэтгэлийн нэг тойргоос нөгөө тойрогт шилжин ажиллаж болно.
3.12.Ялтныг албадан ажиллуулах ажлын байр тухайн тойрогт байхгүй, эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаан байгаа бол шийдвэр гүйцэтгэгч нь ялтныг өөр тойрогт шилжүүлэн ял эдлүүлэх саналаа ахлах шийдвэр гүйцэтгэгчид танилцуулж шийдвэрлүүлнэ.
3.13.Шийдвэр гүйцэтгэгч ялтны ял эдлэлтийн байдлыг хувийн хэрэгт тогтмол тэмдэглэнэ.
3.14.Шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд тавих өдөр тутмын хяналтыг ахлах болон ерөнхий гүйцэтгэгч хэрэгжүүлнэ.
4.1.Аймаг, нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх албаны дарга нь албадан ажил хийх ял шийтгүүлсэн этгээдийг ажлын байраар хангах асуудлаар сум, дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулж ажиллана.
4.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь албадан ажил хийлгэх ял эдлүүлэхэд шаардлагатай ажлын байрыг тодорхойлох, бий болгох асуудлаар сум, дүүргийн Засаг даргад чиглэл өгч гүйцэтгэлд хяналт тавина.
5.1.Албадан ажил хийлгэх ял эдэлсэн хугацааг ялтан ажил хийж эхэлсэн цагаас эхлэн тооцож, шүүхийн шийтгэх тогтоолд заасан хугацаа дуусгавар болтол ялыг эдлүүлнэ.
5.2.Ялтан хуваарилсан газарт, оноосон ажлыг шаардлагатай төвшинд хийж гүйцэтгэсэн хугацаа болон онц байдлын улмаас нийтийн хөдөлмөрийн дайчилгаанд дайчлагдан ажилласан цагийг албадан ажил хийлгэх ял эдэлсэн хугацаанд тооцно.
5.3.Ялтан цагдан хоригдож байсан бол тийнхүү хоригдсон нэг хоногийг хорин дөрвөн цаг албадан ажил хийснээр тооцож биечлэн эдлэх ялаас хасч тооцно.
5.4.Ялтан ажлын өдөр тутам 3-12 цаг албадан ажил хийж, оногдуулсан ялыг эдэлнэ.
5.5.Ялтан ял эдлэх хугацаандаа ажиллаж байгаа байгууллага, аж ахуйн нэгжээс зохиосон олон нийтийн хурал, цуглаан, сургалт болон бусад арга хэмжээнд хамрагдсан, түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, хуурамчаар өвдсөн, бие эрхтэн, эрүүл мэнддээ санаатайгаар гэмтэл учруулсан, захиргааны журмаар баривчлагдсан, албадан саатуулагдсаны улмаас ажиллаагүй бол уг хугацааг албадан ажилласан хугацаанд оруулахгүй.
5.6.Ажиллаагүй цагийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохгүй бөгөөд дутуу ажилласан цагийг нөхөж ажиллуулна.
5.7.Ялтан шүүхийн шийтгэх тогтоолд заасан хугацаагаар албадан ажил хийж дуусмагц тухайн өдөрт нь, бусад үндэслэлээр ялаас чөлөөлөгдсөн бол ийнхүү чөлөөлөх тухай шийдвэрийг хүлээж авмагц шийдвэр гүйцэтгэгч ял эдэлж дууссан тухай тогтоол үйлдэн, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг хааж энэ тухайгаа ахлах гүйцэтгэгчид мэдэгдэнэ.
6.1.Ялтан аж ахуйн нэгж, байгууллагын дотоод журмыг ноцтой зөрчих, ажлаа дур мэдэн орхих, ажил олгогчоос тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх зэргээр ял эдлэхээс ноцтой зайлсхийвэл ажил олгогч байгууллага энэ тухай шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч зохих газарт нь шалгалт хийж, албадан ажил хийлгэх ялыг баривчлах ялаар солих тухай санал бичиж, холбогдох баримт бичгийн хамтаар шүүхэд ирүүлнэ.
6.2.Ялтан хөдөлмөрийн чадвараа байнга буюу удаан хугацаагаар алдсан бол шийдвэр гүйцэтгэгч нь Эрүүгийн хуулийн 75.3-т заасныг үндэслэн түүнийг ялаас чөлөөлүүлэх саналаа ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж байгаа прокурорт гаргана.
7.1.Албадан ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол гүйцэтгэхийг дараахь тохиолдолд хойшлуулж болно:
7.1.1.ялтан хүнд өвчнөөр өвчилсөн бол эдгэртэл нь;
7.1.2.ялтан жирэмсэлсэн бол төрөхөөс 45 хоног, төрснөөс хойш нэг жилээс илүүгүйгээр;
7.1.3.байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, эсхүл гэр бүлийнх нь хөдөлмөрийн чадвартай ганц хүн нь хүндээр өвчилсөн буюу бусад хүндэтгэх шалтгаанаар ял эдлүүлэх боломжгүй бол гурван сараас хэтрэхгүй хугацаагаар.
7.2.Шийдвэр гүйцэтгэгч энэ журмын 7.1-т заасан тохиолдолд албадан ажил хийлгэх ял эдлүүлэхийг хойшлуулах саналаа холбогдох баримтын хамтаар шүүхэд гарган шийдвэрлүүлнэ.
-----------------ооОоо----------------
Текст томруулах
A
A
A