- Нүүр
- Сайдын тушаал
- ХУДАЛДАН БОРЛОГДООГҮЙ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙГ ҮНЭ ХЯМДРУУЛАН ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ЖУРАМ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны
296 дугаар тушаалын хавсралт
ХУДАЛДАН БОРЛОГДООГҮЙ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙГ ҮНЭ ХЯМДРУУЛАН ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хоёр сарын хугацаанд худалдан борлогдоогүй хөдлөх эд хөрөнгө /цаашид "эд хөрөнгө" гэх/-ийг үнэ хямдруулан худалдан борлуулахад энэ журмыг баримтална.
1.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаас бусад эд хөрөнгийг зөвхөн үнэ хаялцуулах албадан дуудлага худалдаа /цаашид "дуудлага худалдаа" гэх/-гаар худалдана.
1.3. Эд хөрөнгийг хоёр сарын хугацаанд худалдаж чадаагүй бол энэхүү хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногийн дотор төлбөр төлөгч буюу эд хөрөнгийг өмчлөгчид энэ тухай албан ёсоор мэдэгдэнэ.
Хоёр. Дуудлага худалдаа явуулах комисс
2.1. Дуудлага худалдаа явуулах комиссын бүрэлдэхүүнийг аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын тушаалаар тухайн үед нь томилно.
2.2. Комисс дараах үйл ажиллагаа явуулна:
2.2.1. дуудлага худалдаанд оруулах хөдлөх эд хөрөнгийн жагсаалтыг батлах;
2.2.2. дуудлага худалдааны бэлтгэл ажлыг хангах, зар гаргах;
2.2.3. дуудлага худалдааг зохион байгуулах;
2.2.4. худалдаа явагдаж дууссаны дараа худалдагдсан эд хөрөнгийг шилжүүлэх, үнийг бэлнээр ба бэлэн бусаар төвлөрүүлэх зэрэг ажлыг зохион байгуулж, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх;
2.2.5. дуудлага худалдаа явуулахтай холбогдон гарсан санал, гомдолд албан ёсоор хариу өгөх;
2.2.6. дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагчид төлбөртөө тооцон авахыг санал болгож, зөвшөөрсөн тохиолдолд шилжүүлэн өгөх.
3.1. Аймаг, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч /цаашид "ахлах шийдвэр гүйцэтгэгч" гэх/ нь худалдан борлогдоогүй эд хөрөнгийн чанар байдлыг харгалзан түүний анхны үнийг 30-50%-аар бууруулах бөгөөд энэ нь дуудлага худалдаанд санал болгох анхны үнэ байна.
3.2. Ахлах шийдвэр гүйцэтгэгч нь дуудлага худалдаанд оруулах эд хөрөнгийн талаарх мэдээлэл, анхны болон хямдруулсан үнийн жагсаалт, холбогдох материалыг комисст ирүүлнэ.
3.3. Комисс дуудлага худалдаанд оруулах эд хөрөнгийн жагсаалт, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдох баримт бичигтэй танилцаж, хянасны үндсэн дээр үнэ хаялцуулах албадан дуудлага худалдаа явуулах хугацааг тогтооно.
3.4. Комисс зарыг дуудлага худалдаа явуулахаас гучаас доошгүй хоногийн өмнө гаргаж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлэх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана:
3.4.1. дуудлага худалдаа явуулах газрын хаяг;
3.4.2. эхлэх он, сар, өдөр, цаг;
3.4.3. худалдах эд хөрөнгийн нэр, зориулалт, чанар байдал зэрэг ерөнхий үзүүлэлтүүд;
3.4.4. дуудлага худалдааны анхны болон хямдруулсан үнэ;
3.4.5. дуудлага худалдаанд орох эд хөрөнгийн чанар, байдалтай урьдчилан танилцаж болох газрын хаяг, цагийн хуваарь;
3.4.6. бусад мэдээлэл.
3.5. Эдийн бус хөрөнгө, үнэт зүйлийг шинжээч болон мэргэжлийн байгууллагаар үнэлүүлнэ.
4.1. Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч, нарийн бичгийн даргын үүргийг комиссын гишүүд гүйцэтгэнэ.
4.2. Эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдааны дэг, эд хөрөнгийн чанар байдал, дуудлага худалдааны явцын талаар гаргасан санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэх талаар оролцогчдод танилцуулна.
4.3. Эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдахдаа шүүхийн шийдвэр гарсан он, сар, өдрийн дарааллыг баримтлах бөгөөд эхэлж худалдах эд хөрөнгө, түүний зориулалт, чанар, байдлыг танилцуулж, санал болгож буй анхны үнийг зарласнаар дуудлага худалдаа эхэлнэ.
4.4. Оролцогчид эд хөрөнгө нэг бүр дээр үнийг өсгөх байдлаар үнэ хаялцана.
4.5. Үнийн санал бүр дээр хөтлөгч сүүлийн үнэ хэлэхийг зарлаж, сүүлийн үнийн саналыг хүлээж авна.
4.6. Хөтлөгч сүүлийн үнэ зарлаж гурван удаа дуудсаны дараа тухайн эд хөрөнгийн дуудлага худалдаа дууссаныг зарласнаар дараагийн эд хөрөнгийн дуудлага худалдаа эхэлнэ.
4.7. Тухайн эд хөрөнгийг худалдан авсан этгээдээр төлбөрийг хийлгэх, эд хөрөнгийг шилжүүлэн өгөх ажиллагааг газар дээр нь зохион байгуулна.
4.8. Автомашин, тоног төхөөрөмж зэрэг улсын бүртгэлтэй эд хөрөнгө худалдсан бол комисс нь худалдан авагчид тодорхойлолт гаргаж өгөх бөгөөд түүнийг үндэслэн тухайн эд хөрөнгийн худалдан авагчийн нэр дээр нь шилжүүлнэ.
4.9. Дуудлага худалдааны явцын талаар нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтлөх бөгөөд түүнд эрхлэн хөтлөгч болон нарийн бичгийн дарга буюу тэмдэглэл хөтлөгч гарын үсэг зурна.
4.10. Дуудлага худалдааны явцад шүүхийн шийдвэр хүчингүй болсон, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг түдгэлзүүлсэн бол дуудлага худалдааг зогсоож, энэ тухай оролцогчдод мэдэгдэнэ.
5.1. Дуудлага худалдааны зохион байгуулалт, явц, дэгийн талаар гарсан гомдлыг комисс хүлээн авч шийдвэрлэх бөгөөд энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргана.
5.2. Гомдлыг дуудлага худалдааны явцад болон уг дуудлага худалдаа дууссан өдрөөс хойш гурван хоногийн дотор гаргаж болно.
5.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу худалдан борлуулсан эд хөрөнгийн гэмтэл, согогтой холбогдон гарсан гомдлыг комисс хүлээж авахгүй.
6.1. Дуудлага худалдаанд оролцогчдыг урьдчилан бүртгэхгүй.
6.2. Дуудлага худалдааны зардлыг төлбөр төлөгч хариуцах бөгөөд түүнийг борлогдсон эд хөрөнгийн үнийн дүнгээс суутгана.
6.3. Дуудлага худалдаатай холбогдох баримт бичиг, материалыг тухайн гүйцэтгэх баримт бичигт хавсаргаж ахлах шийдвэр гүйцэтгэгчид хүлээлгэн өгнө.
6.4. Эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулсан боловч борлогдоогүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу асуудлыг зохицуулна.
---------oOo--------
Текст томруулах
A
A
A