- Нүүр
- Сайдын тушаал
- ЯЛААС ЧӨЛӨӨЛӨХ ӨВЧНИЙ ЖАГСААЛТ, ХҮНД ӨВЧТЭЙ ЯЛТАНД ЭМНЭЛГИЙН БУСАД БАЙГУУЛЛАГЫН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ /ХЗС, ЭМСС-ын хамтарсан 2015-10-15-ны А/234, 415 тоот тушаалаар хүчингүй болсон/
/ХЗС, ЭМСС-ын хамтарсан 2015-10-15-ны А/234, 415 тоот тушаалаар хүчингүй болсон/
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын
2002 оны 313/316 дугаар тушаалын хавсралт
ЯЛААС ЧӨЛӨӨЛӨХ ӨВЧНИЙ ЖАГСААЛТ, ХҮНД
ӨВЧТЭЙ ЯЛТАНД ЭМНЭЛГИЙН БУСАД БАЙГУУЛЛАГЫН
ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1."Эрүүгийн байцаан шийтгэх хууль"-ийн 333 дугаар зүйл, "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль"-ийн 114.3, 134.2.3 дугаар зүйлүүдийг үндэслэн ялтныг өвчний учир ялаас чөлөөлөх, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн бусад байгууллагын туслалцаа үзүүлэхэд энэхүү журмыг баримтална.
Хоёр. Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт
2.1.Ялтан дор дурдсан өвчнөөр өвчилж, эд эрхтэний эдгэршгүй өөрчлөлтийн улмаас хүний байнгын асрамжинд орох, амьдрах чадваргүй болсон үед ялаас чөлөөлөх өвчнөөр өвдсөн гэж үзнэ:
2.1.1.Амь тэнссэн байдал
2.1.2.Цусны эсийн хорт хавдар
2.1.3.Цус төлжихгүй болсон цус багадалт
2.1.4.Уналт таталтын улмаас хүний шууд асрамж шаардагдах болсон үе
2.1.5.Чихрийн шижин өвчний хүндрэл, бусад эрхтэн тогтолцоонд гүнзгий өөрчлөлт гарах.
2.1.6.Холбогч эдийн тогтолцооны өвчний дотор эрхтнүүдэд гүнзгий өөрчлөлт гарсан хэлбэр
2.1.7.Үе барьцалдсанаас өөртөө үйлчилж чадахгүй болсон үе
2.1.8.Ухаан тэнэгрэлийн хүнд хэлбэр
2.1.9.Уналт өгдөг өвчин /эпилепси, сард таваас доошгүй удаа/
2.1.10.Шизофрени /сэтгэцийн нэгдмэл үйл задрах даамжрах явцтай/
2.1.11.Үечилсэн солиорол /ойр ойрхон дахилт өгч байгаа бол/
2.1.12.Тархи, нугас, мэдрэлийн үрэвслийн мөчдийн саа, саажилтаас өвчтөн хөндлөнгийн асрамжинд орох
2.1.13.Эмэнд тэсвэрлэг сүрьеэгийн улмаас өвчтөн хөндлөнгийн асрамжид орох
2.1.14.Гэмтэл болон өвчин эмгэгийн улмаас тархи, нугас дарагдсанаас саа, саажилт үүсч өвчтөн хөндлөнгийн асрамжинд орох.
2.1.15.Хоёр болон хэд хэдэн мөчийг дунд хэсгээс дээгүүр тайруулах мэс засал хийлгэсэн тохиолдол
2.1.16.Хоёр нүд сохрох
2.1.17.Өмөнгийн 3-4 дүгээр үе
2.1.18.Ясны идээт үрэвслийн улмаас эрүүг мэс заслаар авсан тохиолдол
2.2.гэмтэл болон өвчний улмаас үүссэн амин эрхтний үйл ажиллагааны архаг дутмагшил:
2.2.1.Тархины архаг дутмагшлын хүндрэл /тархины судасны бөглөрөл ба цус харвалтын шалтгаантай/;
2.2.2.цусны эргэлтийн архаг дутмагшлын II-III үе;
2.2.3.Амьсгалын архаг дутмагшлын II-III үе;
2.2.4.Элэгний архаг дутмагшлын II-III үе;
2.2.5.Бөөрний архаг дутмагшлийн II-III үе;
2.2.6.гэдэсний архаг дутмагшлын шувтаргын үе /нарий, бүдүүн гэдэсний архаг өвчний улмаас 21 хоногоос дээш мэдээгүй суулгаж тураалын III-IҮ зэрэгт орсон бол/;
2.2.7Олон эрхтний архаг дутмагшил
2.3.Сүрьеэ өвчний хүнд хэлбэрүүд нь сүрьеэгийн эмчилгээний эсрэг заалт бүхий өвчнүүдтэй хавсарсан тохиолдол
2.3..Элэгний архаг үрэвслийн идэвхижилтэй ээнэгшил алдагдсан үе.
2.3.2. Элэгний хатуурал
Гурав. Өвчний учир ялаас чөлөөлөх
3.1.Өвчний учир ялтныг ялаас чөлөөлөхөд дараах журмыг баримтална:
3.1.1.ялтан энэ журмын "хоёр"-т заасан өвчнөөр өвчилсөн шинж тэмдэг илэрвэл түүнийг Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлэгт /цаашид "нэгдсэн эмнэлэг" гэх/ шилжүүлнэ
3.1.2.нэгдсэн эмнэлэг энэ журмын 3.1.1-д заасны дагуу шилжиж ирсэн ялтанд нарийн мэргэжлийн шинжилгээ хийж энэ журмын "хоёр"-т заасан өвчнөөр өвчилсөн нь тогтоогдвол эмчлэгч эмч нь энэ тухай үнэн зөв баримтыг бүрдүүлж нэгдсэн эмнэлгийн дэргэдэх эмнэлэг-хөдөлмөр магадлалын комисст шилжүүлнэ. Энэ комиссыг Тогтоол гүйцэтгэх газрын даргын тушаалаар 5-аас доошгүй их эмчийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулна;
3.1.3.эмнэлэг-хөдөлмөр магадлалын комисс нь энэ журмын 3.1.2-т заасны дагуу шилжүүлсэн баримтыг дахин хянан нягталж ялтны биеийн байдлыг бүрэн бүрэлдэхүүнээрээ газар дээр нь үзэж дүнг хуралдаанаар хэлэлцэж ялтан энэ журмын "хоёр"-т заасан өвчнөөр өвчилсөн гэдэг дүгнэлтэд санал нэгтэй хүртэл энэ тухай саналаа бичгээр үйлдэж бүх гишүүд гарын үсэг зурж холбогдох баримтын хамтаар прокурорт шилжүүлнэ;
3.1.4.прокурор энэ журмын 3.1.3-т заасны дагуу шилжүүлсэн баримтыг хянан үзэж саналыг үндэслэлтэй гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийн дагуу комисс томилж дүгнэлт гаргуулна;
3.1.5.энэ журмын 3.1.4-т заасны дагуу томилогдсон комисс ял эдлүүлэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргавал прокурорын саналыг үндэслэн шүүгч ял эдлэхээс чөлөөлөх тухай захирамж гаргана.
3.2.Өвчний учир ялаас чөлөөлөх журам нь бие эрхтэндээ санаатайгаар гэмтэл учруулсан ялтанд хамаарахгүй / Энэ хэсгийг ХЗДХСайд, ЭМСайдын хамтарсан 2005 оны 58/100 дугаар тушаалаар өөрчилсөн/
Дөрөв. Хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн бусад байгууллагын тусламж үзүүлэх
4.1.Хорих ангийн эмч болон төрөлжсөн мэргэжлийн эмчийн дүгнэлт гарч хорих ангийн удирдлага зөвшөөрсөн тохиолдолд хүнд өвчтэй ялтанд клиникийн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, бүсийн оношлогоо, эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлэг дараах тусламж үйлчилгээ үзүүлнэ.
4.1.1.36 дугаар маягтыг үндэслэн тухайн эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх;
4.1.2.анги дээр нь очиж төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх;
4.1.3.яаралтай хойшлуулшгүй тусламж үйлчилгээ;
4.1.4.ялтан нас барсан тохиолдолд задлан шинжилгээ хийх
4.2.Ялтныг хэвтүүлэн эмчлэх дундаж ор хоногийг тухайн эмнэлгийн эмчилгээний чанарын хяналтын комисс өвчний явцаас хамааран тогтоож, хорих байгууллагын захиргаанд мэдэгдэнэ.
4.3.Ялтны хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох асуудлыг нэгдсэн эмнэлэг болон тухайн хорих анги оршин байгаа аймгийн нэгдсэн эмнэлгийн эмнэлэг-хөдөлмөр магадлалын комисс шийдвэрлэнэ.
4.4.Нэгдсэн эмнэлэг, Сүрьеэгийн эмнэлэг, Амгалан, Баянзүрх, Ганц худаг /Тоосго/, Таширын ам, Авдрант, Мааньт, Дарьт, Зүүн хараа дахь хорих ангиудад ялтан нас барвал шүүх эмнэлгийн төв, Багануур, Мөнгөнморьт дахь хорих ангиудад ялтан нас барвал Багануур дүүргийн шүүх эмнэлэг бусад хорих ангиудад ялтан нас барвал тухайн орон нутгийн шүүх эмнэлгийн шинжээч задлан шинжилгээ хийж дүгнэлт гаргана.
Тав. Ялтанд эмнэлгийн бусад байгууллагын тусламж үзүүлэхэд хорих ангийн хүлээх үүрэг
5.1.Хүнд өвчтэй ялтан энэ журмын 4.1-д заасны дагуу клиникийн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, орон нутгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд хорих анги дараах үүрэг хүлээнэ:
5.1.1.ялтан шинээр гэмт хэрэг үйлдэх, оргохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, харуул хамгаалалтыг зохион байгуулах;
5.1.2.ялтан зөрчил гаргавал түүнийг нэн яаралтай эмнэлгээс гарган авч энэ тухай ялтны хувийн хэрэгт тэмдэглэл хийх;
5.1.3.ялтан эмнэлгээс гарахад 36Б дугаар маягтыг дэлгэрэнгүй бичүүлж авах;
5.1.4.ялтны эрүүл мэндийн даатгалын дэвтрийн бүрдлийг хангаж, хураамжийг хариуцах.
Зургаа. Бусад зүйл
6.1.Хүнд, онц хүнд гэмт хэрэгт шийтгүүлсэн болон чанга, түүнээс дээш дэглэмд ял эдэлж байгаа ялтныг клиникийн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, орон нутгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлж эмчлэхийг хориглоно.
Энэ хэсгийг Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2013 оны 01 сарын 15-ны өдрийн А/05/10 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон.
6.2.Хорих байгууллага, клиникийн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, орон нутгийн нэгдсэн эмнэлгийн байгууллагууд нь энэ талаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхдээ жил бүр хамтран ажиллах гэрээ байгуулж биелэлтийг хангаж ажиллана.
6.3.Ялтан эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох асуудлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 337 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэнэ.
Текст томруулах
A
A
A