A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЛБА ХААГЧ ГАЛТ ЗЭВСЭГ, НЭГ БҮРИЙН ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ, ЗЭВСЭГГҮЙГЭЭР ТУЛАЛДАХ МЭХ ХЭРЭГЛЭХ, АЛБАНЫ НОХОЙ АШИГЛАХ ЗААВАР
Бүлэг: 1979

Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын

хамтарсан 2003 оны 12/05 тоот тушаалын нэгдүгээр хавсралт

 

ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЛБА ХААГЧ ГАЛТ ЗЭВСЭГ, НЭГ БҮРИЙН ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ,

ЗЭВСЭГГҮЙГЭЭР ТУЛАЛДАХ МЭХ ХЭРЭГЛЭХ, АЛБАНЫ НОХОЙ АШИГЛАХ ЗААВАР

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ зааврын зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулж байгаа алба хаагч болон хуулийн этгээд /цаашид "харуул хамгаалалтын алба хаагч" гэх/ нь гэрээний үндсэн дээр хамгаалж байгаа эд хөрөнгө, объектыг гэмт халдлагаас хамгаалах албан үүрэг гүйцэтгэхдээ галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл /цаашид "тусгай хэрэгсэл" гэх/, зэвсэггүйгээр тулалдах мэх, /цаашид "мэх" гэх/ хэрэглэх, албаны нохой ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Харуул хамгаалалтын алба хаагч нь галт зэвсэг, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх, албаны нохой ашиглахдаа Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль, Галт зэвсгийн тухай хууль болон энэхүү зааврыг дагаж мөрдөнө.

Хоёр. Галт зэвсэг, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх, албаны нохой ашиглах үндэслэл, тавигдах шаардлага

2.1. Харуул хамгаалалтын алба хаагч зөвхөн албан үүргээ гүйцэтгэж байхдаа дор дурдсан тохиолдолд галт зэвсэг, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэж, албаны нохой ашиглаж болно:

2.1.1.Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 19.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн үед; /Ерөнхий прокурор, ХЗДХС-ын 2017 оны А/106,А-241 дүгээр тушаалаар өөрчлөлт орсон/

2.1.2. хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцсэнийг хүч хэрэглэхгүйгээр таслан зогсоох боломжгүй байсан.

2.2.Галт зэвсгийг зөвхөн энэ зааврын 2.1.1, 2.1.2-д заасан гэмт этгээдийн довтолгоо бодитой байх нөхцөлд аргагүй хамгаалалтын хүрзэнд хэрэглэх бөгөөд бусад тохиолдолд хориглоно.

2.3 Харуул хамгаалалтын зорилгоор ашиглах галт зэвсгийг цагдаагийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна.

2.4.Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд нь Галт зэвсгийн тухай хуулийн 5.1-д заасан шаардлагыг хангасан алба хаагчид гэрээний үндсэн дээр зөвхөн албан үүрэг гүйцэтгэх хугацаанд нь галт зэвсэг түр эзэмшүүлнэ.

2.5.Харуул хамгаалалтын алба хаагчтай байгуулсан галт зэвсэг эзэмшүүлэх гэрээг тухайн нутаг дэвсгэрийн Цагдаагийн байгууллагад бүртгүүлнэ.

2.6. Харуул хамгаалалтын алба хаагч нь галт зэвсэг хэрэглэхийн өмнө Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 19.3 дахь хэсэгт заасан арга хэмжээ авна; /Ерөнхий прокурор, ХЗДХС-ын 2017 оны А/106,А-241 дүгээр тушаалаар өөрчлөлт орсон/

2.7.Харуул хамгаалалтын алба хаагч нь Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 20.1 дэх хэсэгт заасан тусгай хэрэгсэл хэрэглэж болно. /Ерөнхий прокурор, ХЗДХС-ын 2017 оны А/106,А-241 дүгээр тушаалаар өөрчлөлт орсон/

2.8.Довтлогч этгээдийн үйлдлийн шинж байдалд тохируулан тусгай хэрэгслийг зөв сонгож хэрэглэнэ.

Гурав.Гав хэрэглэх

3.1.Харуул хамгаалалтын алба хаагч гавыг дараах байдлаар хэрэглэнэ:

3.1.1.хоёр гарыг биеийн урд болон ард бугуйгаар нь гавлаж холбох;

3.1.2.хоёр гарын эрхий хурууны 1 дүгээр үеийн хойгуур нь гавлаж холбох;

3.1.3.хоёр ба түүнээс дээш хүний гарыг хооронд нь гавлаж холбох;

3.1.4.Гавыг хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахааргүй, биеийн арьс, маханд шигдэхгүй холхих боломжтой байхаар тохируулж хэрэглэх;

3.1.5. гав хэрэглэсэн тохиолдолд 10 минут тутамд чангарсан эсэхийг шалгаж үзэх.

3.2. Хүйтний улиралд гав хэрэглэхдээ гар, хурууг хайрагдаж гэмтэхээс сэргийлэх арга хэмжээ авна.

Дөрөв.Хүлэг хэрэглэх

4.1.Гав байхгүй бол хүлэг хэрэглэж болно.

4.2.Хүлэг хэрэглэхдээ хоёр гарыг биеийн урд болон ард нь зөөлөн эдээр холбон тугавчилж, үзүүрийг хөврөхөөр уяж, хоёр гарын бугуйгаар нь эсхүл эрхий хуруунуудыг холбож хүлнэ.

4.3.Хүлэг хэрэглэхдээ тухайн этгээд түүнийг өөрөө тайлахгүй байх нөхцлийг хангана.

4.5.Хүлэгтэй хүнийг байнгын хяналтад байлгах бөгөөд эрүүл мэндэд нь хохирол учирч болзошгүй тохиолдолд хүлгийг суллана.

Тав.Бусад тусгай хэрэгсэл хэрэглэх

5.1.Довтлогч этгээд зэвсэг болон бусад зүйлийг зэвсгийн чанартайгаар хэрэглэхээр завдсан, эсхүл биеэр эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд резинэн ба цахилгаан бороохой, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүр, резинэн ба хуванцар сумтай бууг хэрэглэнэ.

5.2.Резинэн бороохойг хувцастай болон нүцгэн биенд чиглүүлж ороолгох маягаар цохиж хэрэглэнэ.

5.З.Цахилгаан бороохойг хүний биед хувцасны гадна талаас хүргэн долгион нэг газар 10 секундээс илүүгүй хугацаагаар үйлчилж байхаар байрлалыг сольж ажиллуулах бөгөөд түүгээр гуядаж ороолгож болохгүй.

Зургаа.Мэх хэрэглэх

6.1.Харуул хамгаалалтын алба хаагч мэхийг дараах мэхний хувилбараас сонгож хэрэглэнэ:

6.1.1.төрөл бүрийн барьцнаас чөлөөлөх;

6.1.2.урдаас, араас дан болон давхар тэвэрсэн үед чөлөөлөх;

6.1.3.урдаас, араас галт зэвсэг болон зэвсгийн чанартай бусад зүйл тулгасан үед түүнээс хамгаалж, баривчлах;

6.1.4.дээрээс, урдаас, хажуунаас, доороос болон ширвэж хутгалах гэж довтолсон үед түүнээс хамгаалах төрөл бүрийн хамгаалалт;

6.1.5.довтлогч этгээдийн үйлдлийг түр таслан зогсоох;

6.1.6.энэ зааврын 2.1.3-д заасан тохиолдолд хүний бие, эрүүл мэндэд хор аюулгүй бусад мэх.

Долоо.Албаны нохой ашиглах

7.1.Харуул хамгаалалтын алба хаагч нь үүргээ гүйцэтгэхдээ албаны нохойг ашиглаж болно.

7.2.Албаны нохойтой ажиллах алба хаагчийг цагдаагийн байгууллагын мэргэжлийн албаны хяналтын дор мэргэжлийн сургалтад хамруулж, гэрчилгээ олгох бөгөөд сургалтад хамрагдаагүй алба хаагчид албаны нохой ашиглуулахыг хориглоно.

7.3.Албаны нохойг мал эмнэлэг, ариун цэврийн үзлэгт байнга хамруулахын-зэрэгцээ гэрчилгээжүүлж, байгууллагын бүртгэлд авсан байна.

7.4.Гэрээгээр хамгаалж байгаа обьектын онцлог байдлаас хамаарч албаны нохойг гүйдэг уяатайгаар ашиглах бөгөөд сул тавьж ашиглах тохиолдолд хүний амь нас, эрүүл мэндэд хор аюул учруулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.

7.5.Албаны нохой ашиглахаас өмнө "Зогс", "Нохой тавилаа" гэж урьдчилан сануулна.

7.6.Албаны нохой ашиглаж байгаа байгууллага' нь "Анхаар, нохойтой" гэсэн анхааруулах тусгай тэмдэг тавих бөгөөд ийм тэмдэг тавиагүй болон урьдчилан сануулаагүйн улмаас бусдад хохирол учруулсан бол түүнийг нөхөн төлнө.

Найм. Галт зэвсэг, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх, албаны нохой ашиглахыг хориглох

8.1. Дараах тохиолдолд галт зэвсэг, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх, албаны нохой ашиглахыг хориглоно:

8.1.1. хүүхэд болон жирэмсэн болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүнд энэ зааврын 2.1.1, 2.1.2-д зааснаас бусад тохиолдолд;

8.1.2. довтлогч этгээдийн үйлдэл түүний санаачилгаар зогссон үед болон галт зэвсэг, тусгай хэрэгсэл, мэх, албаны нохой хэрэглэсний дараа таслан зогсоогдсон;

8.1.3.хүний толгой, цээж, хэвлий, бүсэлхий, давсаг, бөөрний тус газар резинэн бороохойгоор цохих;

8.1.4.цахилгаан бороохойг хүний нүүр, биеийн ил хэсэгт хэрэглэх;

8.1.5. энэ зааврын 2.1.1, 2.1.2-д зааснаас бусад тохиолдолд нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч, резинэн ба хуванцар сумтай буугаар 1 метрээс ойр зайд нүүр рүү нь чиглүүлэн буудах;

8.1.6. тахир дутуу, эсхүл гэмтэлтэй болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүнд тухайн гэмтлийг сэдрээж болох мэх хэрэглэх;

8.1.7.сэтгэл мэдрэлийн өвчин болон согтуурсан, мансуурсаны улмаас өөрийгөө жолоодох чадваргүй болсон хүнд тусгай хэрэгсэл хэрэглэх.

8.2. Харуул хамгаалалтын алба хаагч нь үйлчлүүлэгчийн хууль бус үйлдлийг дэмжих, түүнд татагдан оролцох, хууль бус үүргийг биелүүлэх, энэ зорилгоор галт зэвсэг, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх, албаны нохой ашиглахыг хориглоно.

Ес. Бусад зүйл

9.1.Харуул хамгаалалтын алба хаагч Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль болон энэ зааварт заасан тусгай хэрэгслээс өөр зүйлийг албан үүрэг гүйцэтгэх үедээ хэрэглэхийг хориглоно.

9.2.Галт зэвсэг, тусгай хэрэгслийг зөвхөн харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх үедээ авч явах бөгөөд зориулалтын гэр савгүй, ил авч явах болон албаны нохойг хушуувч, оосоргүйгээр дагуулж явахыг хориглоно.

9.3.Харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч болон хуулийн этгээд нь өөрт байгаа галт зэвсэг, тусгай хэрэгсэл, албаны нохойг сум, дүүргийн цагдаагийн байгууллагад бүртгүүлнэ.

9.4.Харуул хамгаалалтын алба хаагч нь галт зэвсэг, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэсэн, албаны нохой ашигласан тохиолдол бүрт тухайн цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэх бөгөөд довтлогч этгээдийг цагдаагийн байгууллагад шилжүүлж өгнө.

9.5.Харуул хамгаалалтын алба хаагч галт зэвсэг, тусгай хэрэгсэл, мэх, албаны нохой хэрэглэснээс довтлогч этгээдийн бие болон эрүүл мэндэд хохирол учруулсан бол эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээ авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд нэн даруй мэдэгдэнэ.