- Нүүр
- Сайдын тушаал
- БИЕ ХАМГААЛАГЧ НЭГ БҮРИЙН ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ, ЗЭВСЭГГҮЙГЭЭР ТУЛАЛДАХ МЭХ ХЭРЭГЛЭХ, АШИГЛАХ ЗААВАР
Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын
хамтарсан 2003 оны 12/05 тоот тушаалын хоёрдугаар хавсралт
БИЕ ХАМГААЛАГЧ НЭГ БҮРИЙН ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ, ЗЭВСЭГГҮЙГЭЭР
ТУЛАЛДАХ МЭХ ХЭРЭГЛЭХ, АШИГЛАХ ЗААВАР
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэ зааврын зорилго нь хувийн хамгаалалтын үйл ажиллагаа явуулж байгаа бие хамгаалагч болон хуулийн этгээд /цаашид бие хамгаалагч гэх/ нь үйлчлүүлэгчийн амь бие, эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалах үүрэг гүйцэтгэхдээ нэг бүрийн тусгай хэрэгсэл /цаашид"тусгай хэрэгсэл" гэх/, зэвсэггүйгээр тулалдах мэх /цаашид "мэх" гэх/ хэрэглэх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.Бие хамгаалагч нь тусгай хэрэгсэл, мэх хэрэглэхдээ Хувийн хамгаалалтын тухай хууль болон энэхүү зааврыг мөрдөнө.
Хоёр.Тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх, ашиглах үндэслэл, түүнд тавигдах шаардлага
2.1.Бие хамгаалагч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа дараах тохиолдолд тусгай хэрэгсэл, мэх хэрэглэж, ашиглана:
2.1.1.довтлогч этгээд хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцэж, хууль бус үйлдлээ үргэлжлүүлснийг хүч хэрэглэхээс өөр аргаар таслан зогсоох боломжгүй;
2.1.2.үйлчлүүлэгчийн болон өөрийнх нь амь бие, эрүүл мэндэд аюул учруулахаар шууд буюу бүлэглэн довтолсон.
2.2. Бие хамгаалагч нь энэ зааврын 2.1-д заасан нөхцөл байдал үүссэн үед Хувийн хамгаалалтын тухай хуулийн 12.1.1-12.1.5 дахь хэсэгт заасан тусгай хэрэгслийг хэрэглэж болно./Ерөнхий прокурор, ХЗДХС-ын 2017 оны А/106,А-241 дүгээр тушаалаар өөрчлөлт орсон/
2.3.Бие хамгаалагч нь довтлогч этгээдийн үйлдлийг таслан зогсоосны дараа гавыг дараах байдлаар хэрэглэнэ:
2.3.1.хоёр гарыг биеийн урд болон ард нь бугуйгаар нь гавлаж холбох;
2.3.2.хоёр гарын эрхий хурууны 1 дүгээр үеийн хойгуур нь гавлаж холбох;
2.3.3.хоёр ба түүнээс дээш хүний гарыг хооронд нь гавлаж холбох;
2.3.4.гавыг хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахааргүй, биеийн арьс, маханд шигдэхгүй холхих боломжтой байхаар тохируулж хэрэглэх;
2.3.5.гав хэрэглэсэн тохиолдолд 10 минут тутамд чангарсан эсэхийг шалгаж үзэх;
2.3.6.хүйтний улиралд гавыг гадаа хэрэглэхдээ гар, хурууг хайрагдаж гэмтэхээс сэргийлэх арга хэмжээ авах.
2.4.Гав хэрэглээгүй тохиолдолд хүлэг хэрэглэж болох бөгөөд дараах байдлаар хэрэглэнэ:
2.4.1.хоёр гарыг биеийн урд болон ард нь зөөлөн эдээр холбон тугавчилж, үзүүрийг хөврөхөөр уяж, хоёр гарын бугуйгаар нь юм уу, эсхүл эрхийн хуруунуудыг холбож хүлэх;
2.4.2.хүлгийг тухайн этгээд өөрөө тайлахгүй байх нөхцлийг бүрдүүлэх;
2.4.3.хүлэгтэй хүнийг байнгын хяналтад байлгах, хүлгийг 30 минутаас илүү хугацаагаар хэрэглэж болохгүй.
2.5.Довтлогч этгээд зэвсэг болон бусад зүйлийг зэвсгийн чанартайгаар хэрэглэхийг завдсан, эсхүл биеэр эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд резинэн ба цахилгаан бороохой, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүр, резинэн ба хуванцар сумтай бууг хэрэглэнэ:
2.5.1.Резинэн бороохойг хувцастай болон нүцгэн биенд чиглүүлж ороолгох маягаар цохиж хэрэглэнэ;
2.5.2.Цахилгаан бороохойг хүний биед хувцасны гадна талаас хүргэн долгион нэг газар 10 секундээс илүүгүй хугацаагаар үйлчилж байхаар байрлалыг сольж ажиллуулах бөгөөд түүгээр гуядаж ороолгож болохгүй,
2.6.Бие хамгаалагч мэх хэрэглэхдээ дараах мэхний хувилбараас сонгож хэрэглэнэ:
2.6.1.төрөл бүрийн барьцнаас чөлөөлөх;
2.6.2.урдаас, араас дан болон давхар тэвэрсэн үед чөлөөлөх;
2.6.3.урдаас, араас зэвсэг тулгасан үед түүнээс хамгаалж, баривчлах;
2.6.4.дээрээс, урдаас, хажуунаас, доороос болон ширвэж хутгалах гэж довтолсон үед түүнээс хамгаалах төрөл бүрийн хамгаалалт;
2.6.5.довтлогч этгээдийн үйлдлийг түр таслан зогсоох, хүний бие, эрүүл мэндэд хор аюулгүй бусад мэх.
Гурав. Тусгай хэрэгсэл ашиглах болон мэх хэрэглэхийг хориглох
3.1.Тусгай хэрэгсэл, зэвсэггүйгээр тулалдах мэх хэрэглэхийг дараах тохиолдолд хориглоно:
3.1.1.Хувийн хамгаалалтын тухай хуулийн 12.2 дахь хэсэгт заасан хүмүүст; /Ерөнхий прокурор, ХЗДХС-ын 2017 оны А/106,А-241 дүгээр тушаалаар өөрчлөлт орсон/
3.1.2.довтлогч этгээдийн үйлдэл түүний санаачилгаар зогссон үед болон тусгай хэрэгсэл, мэх хэрэглэсний дараа довтолгоон таслан зогсоогдсон тохиолдолд;
3.1.3.хүний толгой, цээж, хэвлий, бүсэлхий, давсаг, бөөрний тус газар резинэн бороохойгоор цохих;
3.1.4.цахилгаан бороохойг хүний нүүр, биеийн ил хэсэгт хэрэглэх;
3.1.5.энэ зааврын 2.1.2-т зааснаас бусад тохиолдолд нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүрээр 1 метрээс ойр зайд хүний нүүр рүү эгц чиглүүлэн буудах, резинэн ба хуванцар сумтай буугаар хүний толгой хэсэгт буудах;
3.1.6.илт харагдаж, мэдрэгдэж байгаа сэтгэл мэдрэлийн өвчин болон согтуурсан, мансуурсаны улмаас өөрийгөө жолоодох чадваргүй болсон хүнд хүлгийг эмчийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэх;
3.1.7.тахир дутуу, гэмтэлтэй болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүнд тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх.
3.2.Бие хамгаалагч нь үйлчлүүлэгчийн хууль бус үйлдлийг дэмжих, түүнд татагдан оролцох, хууль бус захиалгыг биелүүлэх, энэ зорилгоор тусгай хэрэгсэл, мэх хэрэглэхийг хориглоно.
Дөрөв. Бусад зүйл
4.1.Хувийн хамгаалалт эрхэлж байгаа бие хамгаалагч болон хуулийн этгээд нь өөрт байгаа тусгай хэрэгслийг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн байна.
4.2.Бие хамгаалагч нь тусгай хэрэгсэл, мэх хэрэглэсэн тохиолдол бүрийг болон тухайн гэмт хэрэг, зөрчлийн талаархи мэдээллийг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад нэн даруй заавал мэдэгдэж довтлогч этгээдийг цагдаагийн байгууллагад шилжүүлж өгнө.
4.3.Бие хамгаалагч тусгай хэрэгсэл, мэх хэрэглэснээс довтлогч этгээдийн бие болон эрүүл мэндийн байдалд гэм хор учруулсан бол эмнэлгийн анхны тусламжийг яаралтай үзүүлж холбогдох байгууллага, албан тушаалтанд нэн даруй мэдэгдэнэ.
4.4.Бие хамгаалагчид Хувийн хамгаалалтын тухай хууль, энэ зааварт заагдсан тусгай хэрэгслээс өөр зүйлийг үүрэг гүйцэтгэхдээ хэрэглэхийг болон хүлэгнээс бусад тусгай хэрэгслийг дуурайлган хийх, үйлдвэрлэх, зөвшөөрөлгүйгээр гадаадаас оруулж ирэхийг хориглоно.
4.5.Тусгай хэрэгслийг зөвхөн ажил үүргээ гүйцэтгэх үед биедээ авч явах бөгөөд. зориулалтын гэр савгүйгээр ил авч явахыг хориглоно.
Текст томруулах
A
A
A