- Нүүр
- Сайдын тушаал
- ШҮҮХ, ХЭРЭГ БҮРТГЭХ, МӨРДӨН БАЙЦААХ АЖИЛЛАГААНД ОРЧУУЛГЫН АЖИЛ ЭРХЛЭХ ИРГЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЖ, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны
165 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
ШҮҮХ, ХЭРЭГ БҮРТГЭХ, МӨРДӨН БАЙЦААХ АЖИЛЛАГААНД ОРЧУУЛГЫН АЖИЛ ЭРХЛЭХ ИРГЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЖ, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын ажил эрхлэх иргэнийг сонгон шалгаруулж тусгай зөвшөөрөл олгоход Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон энэхүү журмыг баримтална.
Хоёр. Сонгон шалгаруулалтын зөвлөл
2.2. Сонгон шалгаруулалтыг орон тооны бус зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх) зохион байгуулна.
2.3. Зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, бусад гишүүдийн бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Зөвлөлийн бүрэлдэхүүнийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
2.4. Зөвлөл нь үйл ажиллагаагаа хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хариуцан тайлагнана.
2.5. Зөвлөл нь шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын ажил эрхлэх иргэнийг сонгон шалгаруулахад дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
2.5.1. сонгон шалгаруулалтыг зохион байгуулах;
2.5.2. сонгон шалгаруулах үйл ажиллагаатай холбоотой журам, зааврыг тогтоох;
2.5.3. сонгон шалгаруулалтын даалгавар боловсруулах ажлыг зохион байгуулах;
2.5.4. сонгон шалгаруулалттай холбоотой маргааны талаар дүгнэлт гаргаж хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тавьж шийдвэрлүүлэх;
2.5.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан орчуулагч, хэлмэрчийн эрх, үүрэг, болон энэ журамд заасан тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавих;
2.5.6. орчуулагч, хэлмэрчийн үйл ажиллагааны талаарх өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох талаарх саналыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тавьж шийдвэрлүүлэх.
Гурав. Сонгон шалгаруулалт
3.1. Гадаад хэлний болон хууль зүйн нэр томъёо, хэллэгийн зохих мэдлэгтэй, орчуулгын ажлын дадлага, туршлагатай иргэн сонгон шалгаруулалтад орж болно.
3.2. Зөвлөл нь сонгон шалгаруулалтын товыг өдөр тутмын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.
3.3. Зарлалд дор дурдсан зүйлийг тусгана:
3.3.1. сонгон шалгаруулалт явуулах газар, хугацаа;
3.3.2. сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт;
3.3.3. сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргасан иргэнийг бүртгэх эцсийн хугацаа.
3.4. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргасан иргэнийг бүртгэх ажлыг сонгон шалгаруулалт эхлэхээс ажлын 5 хоногийн өмнө дуусгавар болгоно.
3.5. Хүсэлт гаргагч дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
3.5.1. сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл;
3.5.2.боловсролын диплом болон иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар.
3.6. Энэ журмын 3.5.1-д заасан өргөдөлд ямар хэлээр орчуулгын ажил эрхлэх, энэхүү журмын 3.1.-д заасан шаардлагыг хэрхэн хангаж байгаа тухай болон ажлын, гэрийн хаяг, утасны дугаарыг тодорхой тусгана.
3.7. Оролцогчоос шалгалт авах хэлбэрээр сонгон шалгаруулалтыг явуулна.
3.8. Шалгалтыг зөвлөл, эсхүл түүний томилсон комисс авна.
3.9. Шалгалт нь сорилго болон ярилцлагаас бүрдэнэ.
3.10. Сорилгод нийт авах ёстой онооны 60 буюу түүнээс дээш хувийг авсан тохиолдолд ярилцлагад оруулна.
3.11. Ярилцлагыг тодорхой асуултад хариулах хэлбэрээр явуулна.
3.12. Шалгалтад авах ёстой нийт онооны 70 буюу түүнээс дээш хувийг авсан иргэнийг сонгон шалгаруулалтад тэнцсэн гэж үзнэ.
3.13. Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэн улсын тэмдэгтийн хураамж төлнө.
3.14. Зөвлөл шалгалтанд оролцогчийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай саналыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж шийдвэрлүүлнэ.
4.1. Шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл авсан иргэн дараахь шаардлагыг хангаж ажиллана.
4.1.1.шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулагчаар оролцохдоо Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үүргийг биелүүлэх;
4.1.2.орчуулагч нь дуудсан цагт ирж орчуулахаар даалгасан үүргийг бүрэн, зөв биелүүлэх;
4.1.3.орчуулагч тухайн этгээдийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, мэдүүлэг, татгалзлал буюу оролцогчийн шаардлага, тайлбар, мэдүүлэг, татгалзал, шүүх хуралдааны болон бусад ажиллагаа, шүүхийн шийдвэрийн агуулгыг орчуулж өгөх, хэргийн материалтай танилцахад нь туслах үүрэгтэй.
5.1. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, түүний хугацааг сунгах асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан орчуулагч, хэлмэрчийн эрх, үүрэг болон энэхүү журмын "Дөрөв"-т заасан нөхцөл, шаардлагыг хэрхэн биелүүлж байгааг харгалзан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн шийдвэрлэнэ.
---------oOo-------
Текст томруулах
A
A
A