A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • НҮБ-ЫН ЭНХИЙГ САХИУЛАХ, ОЛОН УЛСЫН БУСАД АЖИЛЛАГААНД ОРОЛЦУУЛАХ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ СОНГОХ, СУРГАЖ БЭЛТГЭХ, ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЖУРАМ /БХС, ХЗДХС-ын 2011 оны 243/148 тоот тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979
Батлан хамгаалахын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2004 оны 23/24 дүгээр хамтарсан тушаалын хавсралт
 
 
НҮБ-ЫН ЭНХИЙГ САХИУЛАХ, ОЛОН УЛСЫН БУСАД АЖИЛЛАГААНД ОРОЛЦУУЛАХ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ СОНГОХ, СУРГАЖ БЭЛТГЭХ, ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЖУРАМ  /БХС, ХЗДХС-ын 2011 оны 243/148 тоот тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх эрх зүйн үндэс нь Зэвсэгт хүчний тухай, Цэрэг цагдаагийн албан хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай, Төрийн албаны тухай, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай, Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Цэргийн дүрмүүд тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн акт болон энэ журмаас бүрдэнэ.
2. Монгол Улсын цэрэг, цагдаагийн албан хаагчийг хууль тогтоомжийн хүрээнд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаа /цаашид "энхийн ажиллагаа" гэх/-нд оролцуулахаар сонгох, сургаж бэлтгэх, үүрэг гүйцэтгүүлэхтэй холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
3.Цэрэг, цагдаагийн албан хаагч нь энхийн ажиллагаанд сайн дурын үндсэн дээр оролцох хүсэлтээ илэрхийлсэн тохиолдолд түүнийг сургаж бэлтгэхээр сонгон шалгаруулалтад оруулна.
4. Ажиллагаанд оролцохоор сонгогдсон цэргийн албан хаагч нь боловсрол, мэргэжил, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн шаардлагыг хангасан байна. Шалгуур  үзүүлэлтийг НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газар /ЭСАГ/-аас тавьж буй шаардлагыг үндэслэн цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага тогтооно.
5. Гадаад хэлний мэдлэг, эрүүл мэнд, сэтгэл зүйн бэлтгэл зэрэг нь цэрэг, цагдаагийн албан хаагчийг энхийн ажиллагаанд оролцуулах нэмэлт шалгуур үзүүлэлт болно.
6. Журамд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
6.1. "Үндэсний багийн ахлагч" гэж энхийн ажиллагаанд өөрийн улсын цэргийн албан хаагчийн хувьд захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй цэрэг, цагдаагийн албан хаагчийг;
  6.2. "Энхийн ажиллагаанд оролцох шинжээч" гэж энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагааны нөхцөл байдлын өөрчлөлтийг тухай бүрт нь шинжлэн дүгнэж, өөрийн цэргийн багийн бүрэлдэхүүнийг эрсдэлээс хамгаалах үүрэгтэйгээр оролцож байгаа цэрэг, цагдаагийн албан хаагчийг;
7. Энхийн ажиллагаанд оролцож буй цэрэг, цагдаагийн албан хаагч Монгол Улсын хууль тогтоомж, цэргийн дүрэм, бусад холбогдох журмаар тогтоосон эрх, хангамж эдэлж, үүрэг, хариуцлага хүлээнэ.
 
Хоёр. Цэрэг, цагдаагийн албан хаагчийг энхийн ажиллагаанд оролцуулахаар сонгох
8. Дараах ерөнхий шаардлага хангасан цэрэг, цагдаагийн албан хаагчийг энхийн ажиллагаанд оролцуулахаар сонгоно:
8.1. энхийн ажиллагаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан;
8.2. тухайн ажиллагаа явагдах улсын хэлний анхан шатны мэдлэг эзэмшсэн;
8.3. офицер нь дипломын болон түүнээс дээш, ахлагч, гэрээт цэрэг нь бүрэн дундаас дээш боловсролтой;
8.4. төрийн албан хаагчийн ёс зүйн ерөнхий шаардлагыг хангасан;
8.5. ял шийтгэлгүй;
8.6. биеийн эрүүл мэндээр тэнцэх нь мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтээр тогтоогдсон;
8.7. гаж зуршилгүй;
8.8.ар гэрийн гачигдалгүй.
9. НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэх офицер нь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газраас тавигддаг нийтлэг шаардлагыг хангасан байна.
10. Цэрэг, цагдаагийн албан хаагч нь өөрийн алба хаадаг анги, салбартаа энхийг сахиулах ажиллагааны ерөнхий сургалтад хамрагдсан байж болно.
11. Энхийн ажиллагаанд оролцох цэрэг, цагдаагийн албан хаагч нэг бүрийг энэ журмын 8-д заасан шалгуур үзүүлэлтийг хангаж буй түвшингээр сонгон шалгаруулж, энхийн ажиллагааны өмнөх сургалтанд хамруулах асуудлыг цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага, цагдаагийн төв байгууллага хариуцан хэрэгжүүлнэ.
12. Удирдах болон тусгай мэргэжлийн албан тушаалтныг сонгож авахдаа мэргэжлийн болон гадаад хэлний бэлтгэлийг голлон анхаарна.
13. Энхийн ажиллагааны онцлогоос хамаарч оролцох бүрэлдэхүүнийг сонгохдоо насны хязгаар тогтоож болно.
14. Энхийн ажиллагаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан цэрэг, цагдаагийн албан хаагч татгалзах хүсэлтээ өөрийн шадар захирах даргаар уламжлан дараагийн шатны ахлах захирагч /дарга/-д гаргана.
15. Энхийн ажиллагаанд оролцуулахаар сонгосон цэрэг, цагдаагийн албан хаагч биеийн эрүүл мэндийн байдал /гэнэтийн осол, аваарт орох, өвчинд нэрвэгдэх гэх мэт/-аар тэнцэхгүй болсон, гэмт хэрэг, сахилгын зөрчилд холбогдсон нь тогтоогдвол түүнийг энхийн ажиллагаанд оролцох бүрэлдэхүүнээс хасч, нөхөн сонголт хийнэ.
 
16. Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд болон цагдаагийн төв байгууллага нь энхийн ажиллагааны өмнөх сургалт /команд штабын, хээрийн, хичээлийн цэгийн гэх мэт/-ын хөтөлбөр, төлөвлөгөөг олон улсын нийтлэг шаардлага, стандартад нийцүүлэн боловсруулж, түүний дагуу сургалтыг зохион байгуулж явуулна. Ажиллагааны өмнөх сургалт явуулах хугацаа 4 долоо хоногоос багагүй байна.
17. Энхийн ажиллагааны өмнөх сургалтыг Монгол Улсын Засгийн газар энхийн ажиллагаанд цэргийн баг оролцуулах тухай холбогдох шийдвэр гаргасан өдрөөс төлөвлөн зохион байгуулна.
18. Энхийн ажиллагааны ерөнхий сургалтыг цэргийн анги /байгууллага/-ийн сургалт бэлтгэлийн ерөнхий арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан энхийг сахиулах ажиллагааны сургалтын хөтөлбөрийн дагуу тухайн анги /байгууллага/-ын захирагч /дарга/ хариуцан сургуулийн жилийн туршид дотооддоо зохион байгуулж явуулна.
19. Энхийн ажиллагааны өмнөх сургалтыг тухайн ажиллагаа явагдах газар орны онцлог байдалд ойртуулах зорилгоор Зэвсэгт хүчний ангиудын сургалтын төвийг түшиглэн аюулгүйн ажиллагааны дүрмийг хатуу баримтлан явуулна.
20. Энхийн ажиллагаанд оролцох цэрэг, цагдаагийн албан хаагч нь үүрэг гүйцэтгэх хугацаа, ажиллах албан тушаал, нэгдсэн хүчний болон өөрийн үндэсний цэргийн хүчний удирдлага, хяналтын тогтолцоо, өөрийн эрх, үүрэг, хүлээх хариуцлага, ажиллагааны үеэр хүч хэрэглэх дүрэм, цэргийн хүчний эрх зүйн байдлын тухай гэрээ болон шаардлагатай бусад мэдээлэлтэй нэг бүрчлэн танилцсан байна.
21. Энхийн ажиллагаанд оролцохоор сонгогдсон, мөн үүрэг гүйцэтгэж буй цэрэг, цагдаагийн албан хаагчийн албан тушаалын цалинг харьяа анги, байгууллага нь хариуцна.
 
22. Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд болон цагдаагийн төв байгууллагын санал болгосноор энхийн ажиллагааны өмнөх сургалтанд хамрагдсан цэрэг, цагдаагийн албан хаагчийг Батлан хамгаалах болон Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд энхийн ажиллагаанд оролцуулахаар томилно.
23. Энхийн ажиллагаанд оролцож үүрэг гүйцэтгэхээр томилогдсон цэрэг, цагдаагийн албан хаагч нэг бүртэй цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага, цагдаагийн төв байгууллага гэрээ байгуулна.
24. Энхийн ажиллагаанд оролцохоор Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарсан өдрөөс эхлэн цэрэг, цагдаагийн албан хаагчийг уг ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлсэнд тооцно.
25. Энхийн ажиллагаанд оролцохоор томилогдсон цэрэг, цагдаагийн албан хаагчийг "Энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүний асрамж, хангалтын төрлийг тогтоох, олгох журам"-д заасны дагуу дүрэмт хувцас, таних тэмдэг, нэг бүрийн хэрэгслээр хангана.
26. Энхийн ажиллагаанд оролцож байгаа цэрэг, цагдаагийн үндэсний багийн ахлагч нь цолны эрэмбээр цэргийн адилтгах албан тушаалын захирагч /дарга/-ийн эрх эдэлнэ.
27. Энхийн ажиллагаанд оролцож байгаа цэрэг, цагдаагийн албан хаагчийг дараах тохиолдолд эргүүлэн татна.
27.1. энхийн ажиллагаанд оролцож үүрэг гүйцэтгэх хугацаа нь дуусгавар болсон;
27.2. энхийн ажиллагаа явагдаж буй улс оронд цэрэг-улс төрийн байдал хурцдаж, дайн, байлдаан гарах бодитой нөхцөл байдал үүссэн;
27.3. биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон;
27.4. үүрэг гүйцэтгэх хугацаандаа гэмт хэрэгт холбогдсон.
28. Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага, цагдаагийн төв байгууллагын хүний нөөцийн асуудал эрхэлсэн албан тушаалтан нь энхийн ажиллагаанд оролцон ирсэн цэрэг, цагдаагийн албан хаагчийн хувийн хэрэгт үүрэг гүйцэтгэсэн байдлын талаар тэмдэглэл хийнэ.
29. Цэргийн үндэсний багийн ахлагч болон хамтран ажилласан олон улсын цэргийн хүчний удирдлагын саналыг үндэслэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн цэрэг, цагдаагийн албан хаагчийг шагнаж, урамшуулах эсэхийг батлан хамгаалахын болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд тус тус шийдвэрлэнэ.
 
30. Энхийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа цэрэг, цагдаагийн албан хаагчдад олгох цалин, тэтгэлэг, хангалт болон цэргийн багийн ашиглалтад байгаа зэвсэг техник, өмч хөрөнгийн шимтгэл, нөхөн төлбөрийн асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж, хяналт тавихыг батлан хамгаалахын болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус хариуцана.
31. Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага, цагдаагийн төв байгууллага нь энхийн ажиллагаанд оролцож байгаа багийн үйл ажиллагаа, энхийн ажиллагааны цагийн байдлын өрнөлийн талаарх өдөр тутмын мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх, олон нийтэд хүргэх, багийн бүрэлдэхүүнийг гэр бүлийнхэнтэй нь холбох, цэргийн багийг захиргааны удирдлагаар тасралтгүй хангах зэрэг арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлнэ.
32. Энхийн ажиллагааны цагийн байдлын өөрчлөлтийг тухай бүрт нь шинжлэн дүгнэж, өөрийн цэргийн бүрэлдэхүүнийг эрсдлээс хамгаалах үүрэг бүхий хуульч, шинжээчдийг багийн бүрэлдэхүүнд оруулж болно.
33. Зохицуулах зөвлөл нь энхийн ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүний мэргэжлийн бэлтгэлийн байдал, гүйцэтгэх ажлын удирдамжийг хянах, Монгол Улсын болон олон улсын эрх зүйн зохицуулалтын талаар бие бүрэлдэхүүнд зааварчилгаа, үүрэг чиглэл өгөх үүрэг хүлээнэ.
 
 
--------оОо--------