- Нүүр
- Сайдын тушаал
- ЦАГДАН ХОРИХ БАЙРНЫ ДОТООД ЖУРАМ
ЗӨВШӨӨРӨВ: МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ М.АЛТАНХУЯГ
|
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН 2005.01.28-НЫ 14 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАВ.
|
ЦАГДАН ХОРИХ БАЙРНЫ ДОТООД ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Нийслэлийн цагдан хорих төв, баривчлах байр, аймгуудын цагдан хорих, баривчлах байр / цаашид "цагдан хорих байр" гэх /-нд энэ журмыг мөрдөнө.
1.2.Цагдан хорих байрны өдөр тутмын үйл ажиллагаанд Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт болон энэхүү журмыг мөрдлөг болгоно.
1.3.Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд заасанчлан баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд хууль дээдлэх, хүнлэг ёс, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх зарчмыг баримтлана.
Хоёр. Цагдан хоригдох этгээдийг хүлээн авах, цагдан хорих өрөөнд байрлуулах
2.1.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч /цаашид "цагдан хоригдсон этгээд" гэх /-ийг цагдан хорих байранд хүлээн авах үүргийг цагдан хорих байрны хариуцлагатай жижүүр хариуцан гүйцэтгэнэ.
2.2.Цагдан хорих байранд хоригдох этгээдийг 0800 – 2200 цагийн хооронд хүлээн авна. Хойшлуулшгүй тохиолдолд аймаг, Нийслэлд цагдан хорих байрны дарга болон харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга нарт танилцуулсаны үндсэн дээр 2200 цагаас хойшхи хугацаанд хүлээн авч болно.
2.3.Цагдан хорих байрны хариуцлагатай жижүүр нь энэ журмын 2.1-т заасан үүргийг гүйцэтгэхдээ дор дурдсан журмыг баримтлана:
2.3.1.баривчлах, цагдан хорих шийдвэрт заагдсан этгээд мөн эсэхийг хүргэж ирсэн албан тушаалтныг байлцуулан баримт бичигтэй нь тулган магадлах;
2.3.2.баривчлах, цагдан хорих тогтоолын бүрдэл /зөвшөөрсөн прокурор, батламжилсан шүүгчийн гарын үсэг, байгууллагын тамга, тэмдэг, байгаа эсэх зэрэг /-ийг шалгах;
2.3.3.цагдан хоригдсон этгээд мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг болон түүний биеийн өндөр, жинг тогтоох;
2.3.4.биед нь ил байгаа гэмтэл, шарх сорви, содон шинж тэмдгийг тогтоох;
2.3.5.цагдан хоригдсон этгээдийн биед болон эд зүйлд нь үзлэг хийх;
2.3.6.хувийн хэрэг нээх;
2.3.7.цагдан хоригдсон этгээдэд цагдан хорих байрны дотоод журам, цагийн хуваарь, эрх үүргийг танилцуулж тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулах;
2.3.8.цагдан хоригдохоор ирсэн этгээд нэг бүрт эмчийн үзлэг хийлгүүлэх;
2.4.Энэ зүйлийн 2.3.4, 2.3.5-д заасан үзлэгийг цагдан хоригдсон этгээдтэй ижил хүйсний ажилтнаар гүйцэтгүүлнэ.
2.5.Цагдан хоригдсон этгээдийн хувийн хэргийг цагдан хорих байрны тоо бүртгэлийн ажилтан хөтлөнө.
2.6.Цагдан хоригдсон этгээдийг жижүүрийн туслах цагдан хорих өрөөнд нь харгалзан хүргэж, байршлыг заан өгч, хучлага, дэвсгэр олгоно.
2.7.Хэрэв цагдан хоригдох этгээд нь гадаадын харъяат буюу харъяалалгүй хүн бол тухайн хүний харьяалах улсын хэл дээр болон англи хэлд хөрвүүлсэн цагдан хорих байрны дотоод журам, цагийн хуваарь болон бусад шаардагдах баримт бичгийг танилцуулна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дээрх баримт бичгийн орчуулгыг хийх, цагдан хорих байруудад тараах үүргийг хүлээнэ. Тогтоол гүйцэтгэх газраас Гадаад харилцааны яаманд уг этгээдийн тухай мэдээллийг бичгээр явуулна.
2.8.Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилж цагдан хорих тохиолдолд прокурорын зөвшөөрөл, шүүхийн шийдвэрийг үндэслэн хүлээн авна.
2.9.Цагдан хоригдсон этгээдийг цагдан хорих өрөөнд хуваарилах асуудлыг харуул хамгаалалт хариуцсан дэд даргын гаргасан хуваарийг үндэслэн цагдан хорих байрны дарга нар шийдвэрлэнэ. Цагдан хорих байрны дарга гэдэгт аймагт албаны дарга, Нийслэлд цагдан хорих төвийн даргыг хамааруулна.
2.10.Шаардлагатай тохиолдолд шинээр цагдан хоригдсон этгээдийг эхний 5 хоногт тусгайлсан өрөөнд байлгаж, сэтгэл санааг нь тайвшруулах, орчинд нь дасгах арга хэмжээ авна.
Гурав. Цагдан хоригдсон этгээдэд хориглох зүйл
3.1.Цагдан хоригдсон этгээд дараах төрлийн эд зүйлийг биедээ байлгах буюу цагдан хорих өрөөнд авч орохыг хориглоно:
3.1.1.өөрийн эрүүл мэнд болон бие эрхтэндээ хохирол, гэмтэл учруулах буюу бусдын эсрэг зэвсгийн чанартай ашиглаж болох эд зүйл;
3.1.2.энэ журмаар зөвшөөрсөн хэмжээнээс илүү хүнсний бүтээгдэхүүн;
3.1.3.согтууруулах, мансууруулах төрлийн бүх зүйл;
3.1.4.амархан муудаж, амт чанараа алддаг хүнсний бүтээгдэхүүн /лаазалсан болон даршилсан хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махан бүтээгдэхүүн буюу өндөг, гурил эсгэгч гэх мэт/;
3.1.5.Монгол улсын болон бусад орны мөнгөн тэмдэгт;
3.1.6.эмчийн зөвшөөрснөөс бусад төрлийн эм, эмийн бүтээгдэхүүн;
3.1.7.гар утас болон бусад холбооны тоног төхөөрөмж, эд анги;
3.1.8. аллага, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан зурагт хуудас, ном, сонин, хэвлэл, диск, хуурцаг.
4.1.Цагдан хоригдсон этгээдэд өдөрт 2 удаа халуун хоол, цай, нэг удаа цай, гурилан бүтээгдэхүүн өгөх бөгөөд нэг хоригдогчид ногдох хоногийн хоолны илчлэг нь 3400 килокалориос багагүй, цай1-1,5 литр, хоол 0,5 литр байна.
4.2.Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 30.1, 31.1 дэх заалтуудыг үндэслэн жирэмсэн эмэгтэй, насанд хүрээгүй этгээдэд өгөх хоолны илчлэгийг батлагдсан нормативын дагуу нэмэгдүүлж болно.
4.3.Цагдан хоригдсон этгээдэд өгч буй хоолны илчлэгийг цагдан хорих байрны захиргаа сард нэг удаа мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулан хариуг албан ёсоор авч цагдан хорих байрны санхүүд баримтжуулан хадгална.
4.4.Хоолны амт, чанарыг жижүүрийн эмч өдөр тутам шалгаж, хоолны дээж авч тэмдэглэл хөтөлнө.
4.5.Цагдан хорих байрны хамгаалалтын ажилтан хоол, цайг биечлэн олгох ба цагдан хоригдсон этгээд бүр хооллож буй эсэхэд байнгын хяналт тавина.
5.1.Цагдан хоригдсон этгээдийг хүлээн авахдаа энэ журмын 2.4, 2.3.5-д заасны дагуу бие болон хувцас, эд зүйлд нь үзлэг хийж хориотой зүйлийг хураан авч, тэмдэглэл үйлдэн түүнийг хүргэж ирсэн албан тушаалтанд, эсхүл ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөх бөгөөд тийм боломжгүй тохиолдолд зориулалтын саванд хадгалж суллагдах үед буцаан олгоно.
5.2.Цагдан хоригдсон этгээд шүүх хурал, мөрдөн байцаалт болон эргэлтээр цагдан хорих байрнаас гарах, орох үед түүний бие болон хувцас, эд зүйлд нь заавал үзлэг хийх бөгөөд түүнийг гүйцэтгэхдээ энэ журмын 2.4- д заасан журмыг баримтлана.
5.3.Цагдан хорих өрөөнд нэгжлэг,цагдан хоригдсон этгээдийн биед үзлэгийг цагдан хорих байрны хамгаалалтын ажилтнууд өдөр тутам хийж, илэрсэн хориотой эд зүйлийг тэмдэглэл хөтлөн хураан авч цагдан хорих байрны даргын батласан журмын дагуу шийдвэрлэнэ.
6.1.Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 19.2 дахь заалтын дагуу эрх бүхий албан тушаалтны албан ёсны зөвшөөрлийг үндэслэн 7 хоногт 2 удаа 1000 – 1700 цагийн хооронд эргэлт, уулзалтыг зохион байгуулах бөгөөд цагийн хуваарийг цагдан хорих байрны захиргаа батлана.
6.2.Цагдан хоригдсон этгээдтэй нэг удаагийн уулзалтаар дөрвөөс илүүгүй хүнийг уулзуулах бөгөөд уулзалтыг 30 минутаас илүүгүй хугацаагаар харуул хамгаалалтын ажилтны байнгын хяналтанд явуулах ба уулзалтаар хувцас солиулах, хүнсний бүтээгдэхүүн, бусад зүйл дамжуулахыг хориглоно.
6.3.Цагдан хоригдсон этгээд нь эргэлтээр улирлын байдалд зохицсон 1 ээлжийн хувцас, шүдний оо, сойз, саван, алчуур болон бусад зайлшгүй шаардлагатай ариун цэврийн хэрэглэл, ахуйн цаас, эрүүл ахуйн шаардлага хангасан 4 кг хүртлэх гурилан бүтээгдэхүүн, эмчийн зөвшөөрсөн эмийг авч улмаар цагдан хорих өрөөнд байлгаж болно. Эрүүл ахуйн шаардлага хангасан хоол, цайг энэ журмын 4.1-д заасан хэмжээнд авч болно. Эргэлт уулзалтын өрөөг жижүүрийн байнгын хяналтанд байхаар зохион байгуулна.
6.4.Эрх бүхий албан тушаалтнаас цагдан хоригдсон этгээдэд эргэлт оруулах зөвшөөрөлд бичигдсэн хүний иргэний баримт бичгийг тоо бүртгэлийн ажилтан нягтлан үзэж, цагдан хоригдсон этгээдийн найз нөхөд, төрөл садангийн хүн болох нь хувийн хэрэгт бүртгэгдсэн эсэх тухай лавлагааг цагдан хорих байрны даргад гаргаж өгнө. Хувийн хэрэгт бүртгэгдээгүй бол баримт бичгийг үндэслэн хувийн хэрэгт нь бичилт хийж энэ тухай лавлагаанд дурдаж өгнө.
6.5.Цагдан хорих байрны хариуцлагатай жижүүр эргэлт, уулзалтыг хуульд заасан журмын дагуу зохион байгуулах ба цагдан хорих байрны дарга, хамгаалалтын офицер, хариуцсан төлөөлөгч нар хяналт тавина. Харуул хамгаалалтын ажилтан эргэлтээр авч ирсэн зүйлийг бүртгэлд авч, дугаарласан хуудсанд эргэлтээр ирсэн хүмүүсээр эд зүйлийг нэг бүрчлэн 2 хувь бичүүлж цагдан хоригдсон этгээдэд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулан улмаар уг бичгийг эргэлтээр ирсэн хүнд 1 хувийг буцаан олгоно.
6.6.Харуул хамгаалалтын ажилтан нь эргэлтийн эд зүйлийг цагдан хоригдсон этгээдэд хүлээлгэн өгч хуудсанд тэмдэглүүлэн энэ тухай эргэлтээр ирсэн хүмүүст танилцуулсаны дараа тоо бүртгэлийн ажилтанд эргэлт оруулахыг зөвшөөрсөн бичгийн хамт өгч хувийн хэрэгт хавсаргана.
6.7.Уулзалт, эргэлтийн нэгдсэн бүртгэлийг цагдан хорих байрны тоо бүртгэлийн ажилтан хөтөлнө.
6.8.Уулзалтын явцад зөрчил илэрвэл цагдан хоригдсон этгээд болон уулзалтаар ирсэн хүний бие болон эд зүйлд хамгаалалтын ажилтан үзлэг хийж болно.Үзлэг хийхдээ энэ журмын 2.4-д заасан заалтыг баримтлана.
6.9.Энэ журмаар хориглосон хүнсний болон бусад эд зүйл, эсхүл гэмт хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулах буюу гэмт хэрэг үйлдэхэд түлхэц болох мэдээлэл дамжуулахыг оролдсон тохиолдолд уулзалтыг нэн даруй зогсоож баримтжуулна.
6.10.Сахилгын хорих байранд урьдчилан хоригдсон этгээдийн эргэлт, уулзалтыг хасахыг хориглоно.
7.1.Цагдан хоригдсон этгээдэд ирсэн болон түүний явуулсан захидал, цахилгааныг хамгаалалтын ажилтнаар дамжуулан цагдан хорих байрны захиргаанд хүргүүлнэ.
7.2.Цагдан хорих байрны захиргаа захидал, цахилгааныг хянан үзэж Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 21.2-т заасан нөхцөл байдал илрээгүй бол тэдгээрийг дурдсан нэр, хаяг бүхий этгээдэд өгөх буюу холбооны салбарт хүргүүлж, үйлчилгээний төлбөрийг цагдан хоригдсон этгээдийн нэрийн дансан дахь мөнгөнөөс суутгана.
8.1.Цагдан хоригдсон этгээд нь энэ журмын 3.1.8-д зааснаас бусад ном, сонин, сэтгүүлийг дотоод цагийн хуваарийн дагуу ашиглаж болно.
8.2.Цагдан хоригдсон этгээд өдөр тутмын, нийтийн захиалгын сонин, сэтгүүл, ном захиалсан бол цагдан хорих байрны захиргаа хэвлэлийн захиалгад оруулах, ном, сонин, сэтгүүл худалдан авч өгөх ажлыг зохион байгуулж төлбөрийг цагдан хоригдсон этгээдийн нэрийн дансан дахь мөнгөнөөс суутган тооцно.
9.1.Цагдан хоригдсон этгээд нь шашны зан үйл үйлдэх тухай хүсэлтээ амаар болон бичгээр гаргаж хамгаалалтын ажилтанаар дамжуулан цагдан хорих байрны захиргаанд хүргүүлэх бөгөөд уг хүсэлт нь цагдан хорих байрны дотоод журам зөрчихөөргүй бол цагдан хорих байрны дарга шашны зан үйл үйлдэх зөвшөөрлийг бичгээр олгоно.
9.2. Шашны зан үйлийг цагдан хорих байранд үйлдэнэ.
10.1.Цагдан хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэхдээ "Цагдан хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эмнэлгийн байгууллагад эмчлэх, цагдан хорих байранд эмнэлгийн ажилтан ирж үйлчлэх журам"-ыг мөрдөнө.
10.2.Цагдан хорих байрны захиргаа нийгмийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх зорилгоор хортон шавьжийн устгал, ариутгалыг мэргэжлийн байгууллагаар улиралд нэгээс доошгүй удаа хийлгэнэ.
10.3.Хоригдогчид өөрсдөө хариуцаж өдөрт 2-оос доошгүй удаа өрөөгөө цэвэрлэнэ.
10.4.Цагдан хоригдсон этгээдийг 14 хоногт нэг удаа халуун усанд оруулж, дотуур хувцсыг нь солиулна.
10.5.Цагдан хоригдсон этгээдийн өөрийнх нь хүсэлтээр буюу ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага илт хангахгүй байгаа тохиолдолд толгойн үсийг нь авч болно.
10.6.Цагдан хоригдсон этгээдийн гудас, хучлагыг 14 хоногт хоёроос доошгүй удаа салхинд гаргана.
10.7.Цагдан хорих байрны захиргаанаас цагдан хоригдсон этгээдийн хоол хүнс, ундны ус, ахуй хангамжийн үйлчилгээнд тогтмол хяналт тавьж холбогдох хууль тогтоомж , стандартыг биелүүлэх арга хэмжээ авна.
11.1.Цагдан хорих байрны даргын баталсан хуваарийн дагуу насанд хүрсэн хоригдогчийг 7 хоногт 2 удаа тус бүр 30 минутаас багагүй хугацаагаар салхилуулж хамгаалалтын ажилтнууд хяналт тавина.
11.2.Цагдан хоригдсон этгээдийг салхилуулахдаа тусгай талбайд өрөө тус бүрээр нь гаргана.
11.3.Цагдан хоригдсон эмэгтэйчүүдийг 7 хоногт 4 удаа тус бүр 30 минутаас багагүй хугацаагаар салхилуулна.
11.4. Хэт халуун, хэт хүйтэн зэрэг цаг агаарын хүндрэлтэй үед салхилуулах эсэхийг урьдчилан хорих байрны захиргаа шийдвэрлэнэ.
11.5.Салхинд гараагүй цагдан хоригдсон этгээдийн тухай хариуцлагатай жижүүр тэмдэглэл хөтөлнө.
12.1.Цагдан хоригдсон этгээдийг мөрдөн байцаах, шүүх хуралдааны ажиллагаанд эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас бичгээр ирүүлсэн баримтыг үндэслэн оролцуулах ба тэдгээрийг хуяглан хүргэх, буцаан авчрах, харуул хамгаалалтын ажиллагааг цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.
12.2.Энэ журмын 12.1-д заасан үндэслэлээр цагдан хоригдсон этгээдийг гаргах үед зохих албан тушаалтанд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулах бөгөөд ирмэгц ирсэн он, сар, өдөр, цаг минутыг жижүүрийн туслах бүртгэлд бүртгэж тэмдэглэл хөтлөх бөгөөд тухайн этгээдийн биед болон хувцас, эд зүйлд үзлэг, нэгжлэг хийж зөрчил илэрвэл баримтжуулан засах арга хэмжээ авч хариуцлагатай жижүүрт мэдэгдэнэ.
13.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор түүний орлогч, тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга, шүүх прокурорын удирдлага, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга нар, зохих зөвшөөрлийн дагуу яваа Монгол Улсад суугаа гадаад улсын элчин сайд, түүний консул, Олон улсын байгууллагын төлөөлөгч зэрэг албан тушаалтнуудыг хорих байрны ажил байдалтай танилцахаар цагдан хорих өрөө буюу байранд орох үед цагдан хорих байрны дарга тэдний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна.
13.2.Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан цагдан хорих байранд нэвтрэх хүмүүсийн аюулгүй байдлыг цагдан хорих байрны хариуцлагатай жижүүр болон хамгаалалтын ажилтнууд хариуцана.
14.1.Цагдан хорих байрны захиргаанаас дараах төрлийн төлбөрт үйлчилгээг цагдан хоригдсон этгээдэд үзүүлж болно:
14.1.2. хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдаалах;
14.1.3. ариун цэвэр, ахуйн хэрэглээний зүйлс худалдаалах;
14.1.4. ном, сонин, сэтгүүл худалдаалах;
14.1.5. үсчин, гоо сайхан ажиллуулах;
14.1.6. зай хураагуураар ажилладаг зурагт, хөгжим, радио ашиглуулах .
14.2.Цагдан хорих байрны захиргаа нь цагдан хоригдсон этгээдийн нэрийн дансанд тушаасан мөнгөнөөс төлбөртэй үйлчилгээний зардлыг суутгах бөгөөд үлдэгдлийг тухайн этгээд цагдан хорих байрнаас суллагдах, эсхүл өөр цагдан хорих байранд шилжих тохиолдолд түүнд буцаан олгож тэмдэглэл үйлдэнэ.
14.3.Төлбөртэй үйлчилгээний журмыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга батална.
15.1.Цагдан хоригдсон этгээдийг зайлшгүй шаардлагын улмаас цагдан хорих нэг байрнаас нөгөөд шилжүүлэх тохиолдолд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын холбогдох албан бичиг, прокурорын зөвшөөрлийг үндэслэн шийдвэрлэнэ.
15.2.Цагдан хоригдсон этгээд нь даалтанд гарах, өөр цагдан хорих байранд шилжихдээ цагдан хорих өрөөн дэх эдэлж хэрэглэж байсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээлгэж өгөх үүрэгтэй.
15.3.Шинжээч цагдан хоригдсон этгээдийн зургийг авахаар цагдан хорих байранд нэвтрэх тохиолдолд цагдан хорих байрны даргад мэдэгдсэн байна.
15.4.Цагдан хорих байрны харуул хамгаалалт, аюулгүй байдалд телекамерын болон дохиоллын төхөөрөмж, албаны нохой ашиглаж болно.
15.5.Телекамерын хяналтыг цагдан хорих байранд холбогдох ажилтан хариуцан гүйцэтгэх ба цагдан хоригдсон этгээдүүдийн хөдөлгөөнийг нэг бүрчлэн хянаж энэ тухай тэмдэглэл хөтөлнө.
15.6.Телекамерын хяналтын тэмдэглэлтэй прокурор, цагдан хорих байрны дарга, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга нар танилцах эрхтэй.
15.7.Цагдан хоригдсон этгээдэд боловсрол, хүмүүжлийн болон мэргэжлийн дадал эзэмшүүлэх сургалт зохион явуулж болно.
15.8.Цагдан хорих байранд хэрэг зөрчил гарвал тухайн нутаг дэвсгэрийн Цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.
15.9.Цагдан хорих байранд үймээн гарах, гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргатай зөвшилцсөний үндсэн дээр Цагдаагийн ерөнхий газрын даргын шийдвэрээр Дотоодын цэргийн хамгаалалтыг хүч нэмэгдүүлэн томилж болно.
15.10.Аймгууд дахь цагдан хорих байранд үймээн гарсан тохиолдолд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, цагдаагийн газар, хэлтсийн дарга нар гэмт үйл ажиллагааг таслан зогсоох, хамгаалалтын хүчийг нэмэгдүүлэх ажиллагааг хамтран зохион байгуулна.
------------oOo---------
Текст томруулах
A
A
A