- Нүүр
- Сайдын тушаал
- ЦОГЦОСТ ШҮҮХ ЭМНЭЛГИЙН МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЗААВАР /3-р хавсралтыг ХЗДХС, ЭМС-ын 2010 оны 189/385 тушаалаар хүчингүй болгосон /
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын
2005 оны 167/265 тоот тушаалын 3 дугаар хавсралт
ЦОГЦОСТ ШҮҮХ ЭМНЭЛГИЙН МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЗААВАР / 3-р хавсралтыг ХЗДХС, ЭМС-ын 2010 оны 189/385 тушаалаар хүчингүй болгосон /
1.1. Цогцсыг магадлан шинжлэхдээ Монгол улсад Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийх дүрэм, энэхүү зааврыг удирдлага болгоно.
1.2. Цогцост шүүх эмнэлгийн магадлан шинжилгээг шинжээч эмчийг томилон хийлгэнэ. Хэрэв шинжээч эмчгүй буюу түүнийг шинжээчээр оролцуулж болохгүй тохиолдолд эмч шинжээчээр хийлгэж болно.
1.3. Цогцсыг тусгай журналд бүртгэж хүлээн авч, хаяглан хадгалах ба хувцас, эд зүйлийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид хүлээлгэж өгнө.
1.4 Цогцост анхны шинжилгээ хийсэн шинжээч эмчийг давтан магадлан шинжилгээнд мөрдөн байцаагчийн зөвшөөрлөөр байлцуулж болно.
1.5 Шинжилгээ хийсэн шинжээч эмч, эмч шинжээч, туслах ажилтан болоншинжилгээ хийх явцад байлцсан бусад этгээдүүд, оролцогчид прокурорын зөвшөөрөлгүйгээр тогтоогдсон зүйлийг задруулахыг хориглоно.
1.6. Хэрэг учралын газар цогцсын анхны үзлэгийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн удирдлага доор шинжээч эмч түүнийг байхгүй тохиолдолд бусад мэргэжлийн эмчээр хийлгэнэ.
1.7. Энэ үед анхны байдлыг бичиж тэмдэглэн схем зураг, видео камер зэргээр бэхжүүлсний дараа цогцсыг хөдөлгөх буюу зөөвөрлөнө.
1.8. Тэмдэглэлийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хийнэ.
1.9. Шарил шинжлэхэд шинжээч томилсон тогтоолоос гадна прокурорын зөвшөөрөл авч шинжээч эмч хөндлөнгийн гэрчийг байлцуулна.
1.10. Шүүх эмнэлгийн тохиолдлоор эмгэг судлал эмнэл зүйн бага хурал хийж болох эсэхийг шинжээч томилсон этгээд шийдвэрлэнэ.
1.11. Эмч нар, резидент эмч, анагаах ухааны болон хуулийн дээд сургуулийн оюутнуудыг шинжилгээнд байлцуулж болно. Шүүх эмнэлгийн шинжилгээний явцад шинжээч эмч нь хөндлөнгийн хүмүүст дүгнэлтийн талаар тайлбар өгөхийг хориглоно.
Хоёр. Цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийх арга техник, дараалал
2.1. Цогцост шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ явуулахад баримтлах дэс дараалал:
2.1.1 .Тогтоол, өвчний түүх, бусад бичиг баримттай танилцах;
2,1.2.Шинжилгээ хийх талаар төлөвлөх;
2.1.3.Гадна үзлэг хийх;
2.1.4.Дотор эрхтэнд шинжилгээ хийх;
2.1.5.Лабораториудад материал авах;
2.1.6. Лабораториудын шинжилгээний үр дүн, цугларсан материалыг нэгтгэн шүүх эмнэлгийн эцсийн онош тавих;
2.1.7. Дүгнэлт бичих.
Гурав. Цогцсын гадна үзлэг
3.1. Цогцос зөөвөрлөх, хувцас тайлахын өмнө цогцсын өөрчлөлт, ялгадас, эд зүйлийг урьдчилж шалгана.
3.2. Хувцасыг гаднаас нь дотогш, дээрээс нь доош үзэх ба хувцасны элэгдэл, гэмтэл, бохирдолт, товч, цахилгааны байдал, халаасанд буй зүйл, бусад эд зүйлсийг байгаа байдлаар нь дүрсэлж тэмдэглүүлнэ.
3.3. Цогцосны үзлэг нь урт, нас, хүйс, галбир, мариа, байрлал, мөчдийн их биетэй харьцсан харьцааг тодорхойлохоос эхэлнэ.
З.4.Цогцсын үсний байдал, нүд аниатай эсэх, хүүхэн харааны өргөсөл, 2 талд ижил эсэх, алим ны цус дүүрэлт, хамар, ам, шүд салстын байдал, буйлны гадарга, аман дахь гадны биет, өөрчлөлтийг тэмдэглэнэ. Цогцосын сүвнүүд, түүний байдал, тэдгээрээс гарсан зүйлүүдийг шалгасны дараа дээрээс нь доош уруудуулж өвөр ба ар талыг нь тэмтэрч, хөдөлгөж, тогшиж шалгана.
3.5. Цогцсын эрт (хөрөлт, хаталт, хүүрийн толбо, хөшилт) хожуу (ялзрал, саванжилт, занданшилт, байгалийн шингэнд хадгалагдаж өөрчлөгдөх) илрэлүүдийг тогтооно.
3.6. Гэмтэл, өөрчлөлт байвал:
а/ байрлал- хэвлий, цээжний аль шугам, ар өвөр, дээр доор, дунд баруун зүүн гэх мэт;
б/ өнгө- хэрэв үндсэн өнгө бус бол ямар туяа болохыг заах буюу олон улсын өнгө тодорхойлогчийг ашиглах;
в/ хэмжээ- алслагдсан цэгүүдийн хооронд перпендукляр огтлолоор хэмжих;
г/ гадаргуу- барзгар гөлгөр, овгор, хонхорг шүүдэс бохирдолт, доторх гадны биет /өсгөдөг шилээр шалгаж болно/;
д/ зах хүрээ- орчны эдээс хэр зэрэг ялгарах, бүдэг жигд бус, сөрдгөр г.м;
е/ хэлбэр- геометрийн дүрс, нийтлэг төстэй зүйлийн хэлбэрээр.
3.7. цогцсын онцлог, нас барсан нөхцөл байдлаас үүдэн дараахь онцлогийг тусгана. Үүнд:
3.7.1.Өвчин, эмгэгийн гадаад илрэл, хаван, хууралт, цэврүү, гүвдрүү, судасны өргөсөлт г.м;
3.7.2.Эмэгтэй хүнд хөх, түүний нөсөө, товчны хэлбэр, хэмжээ, ялгадас, гадна бэлэг эрхтний байдал ялгадас, охин хальс, үтрээ хошногоны байдал, жирэмсний сорвижил, шаардлагатай бол арчдас наалдац авна;
3.7.3.ураг, нярайн цогцост, жин, урт, галбир, салиа, зунгаг, толгойн хөндлөн урт, ташуу хэмжээсүүд, үс, шар үс, гуравдагч зовхи, чих, хамрын мөгөөрсний хэлбэржилт, хавирганы завсар цээжний хэлбэр, хумснууд хурууны өндөгтэй харьцсан харьцаа, бэлгийн их ба бага уруулын байдал, төмсөг хуухнагтаа байгаа эсэх, хүйн байрлал, урт, үрэвслийн цагираг, хүйн таслагдсан үзүүрийн байдал (усанд дүрж үзэх), эхэсийн хэмжээ, жин, хэлтэнгийн тоо, цус хуралт, гэмтэл, сорви, шохойжилт;
3.7.4. хэн нь тодорхойгүй цогцост нүүрний хэлбэр, төрх, сахал, үс самналт, засалт, мэнгэ, үү, сорви, шивээс тууралт хиймэл шүд, эрхтэн, өвчин эмгэгийн гадаад илрэл зэрэг таньж болох онцлогуудыг тусгана.
Дөрөв. Дотор эрхтний шинжилгээ
4.1. Шинжээч нь шинжилгээ хийх төлөвлөгөөнийхөө дагуу аль ч хөндийнөөс эхэлж хийж болно.
4.2. Цогцсын хөндийнүүдийг нээх үед шинжилгээ хийх эмч нь байж эрхтний байрлал, гаднын биет, шингэн, эмгэг өөрчлөлтийг байран дээр нь тогтооно.
4.3. Шаардлагатай үед хийн, агаарын өөхөн бөглөөдөс, цээжний хөндийн хий, цус, шингэн илрүүлэх сорил хийнэ.
4.4. Дайвар хөндийнүүдийг нээх, мөчдийг шалгах шаардлагатай бол цогцсыг аль болох ар талаас нь шалгана.
4.5.Эрхтэн тус бүр дээр доорхи үзүүлэлтүүдийг шалгана:
4.5.1. гол судасны агууламж, өргөн, уян чанар, хатуурлын товрууны илрэл;
4.5.2. бөөрний дээрхийн хэмжээ, давхрагуудын зааг, түүний байдал;
4.5.3. бөөрнүүдийн өөхөн эд, бөөрний хэмжээ, өнгө, гадаргуу, бүтэц, цусан хангамж, тэвшинцэр, шээлэнцэр, давсагны байдал, шээсний өнгө хэмжээ;
4.5.4. улаан хоолойн агууламж, салстын өнгө, судасны өргөсөл, дагуу нугалаасын илрэл;
4.5.5.хэл, залгиур, төвөнхийн мөгөөрс, ховч ясны байдал;
4.5.6. цагаан мөгөөрсөн ба гуурсан хоолойнуудын агууламж, салст, цагираг мөгөөрсний байдал;
4.5.7. бамбай булчирхайгаас эхэлж хэвлий цээжний цуллаг эрхтнүүдэд дээрээс нь уруудуулж тогтоц, хэлбэр, хэмжээ, гадаргуу, өнгө, ирмэг, бүтэц, цусан хангамж, гадаргуу ба доторхи эмгэг, өөрчлөлт;
4.5.8. сав эрхтнүүдээс зүрхэнд титэм судасны хатуурал, сүвний нарийсалын хувь, цусан хангамжийн хэлбэр, хавхлаасуудын дэлгэсэн урт, хавхлагууд ба хөхлөг булчингийн байдал, зүрх үнхэлцэгний гадаргуу, түүний хөндийнүүд дэх агууламж, ховдлуудын зузаан;
4.5.9. ходоодноос эхлэн дээд гэдэс, цөсний хүүдий, нарийн ба бүдүүн гэдэс, мухар гэдэсний ургацгийн агууламж, салст, нугалаасын байдал;
4.5.10.голт, уушгины уг, чацархайн тунгалгийн булчирхай, судасны салаалалт;
4.5.11. багана нуруу, хавирга, эгэм, өвчүү, аарцаг ясны байдал;
4.5.12. хуйхны дотор талын өнгө, гэмтэл, өөрчлөлт, гавлын орой ба суурь яс, тархины хатуу ба зөөлөн бүрхүүлийн шинж байдал, гэмтэл, эмгэг, өөрчлөлт, тархины бөмбөлгүүд, түүний судасжилт, тархины эдүүдийн байдал, ховдлуудын агууламж, шаардлагатай бол гавлын дайвар хөндийнүүдийн агууламж.
4.6. Цогцсын эрхтэнүүдээс зохих журмын дагуу лабораторт нэмэлт шинжилгээний материал авч цогцсын хөндийнүүдийг цэвэрлэж, эрхтнүүдийг байранд нь хийн оёж, угааж цэвэрлэж хадгална.
4.7. Шаардлагатай тохиолдолд эрхтнүүдийг салгаж үзэх, угаах, жигнэх болон бусад нэмэлт шинжилгээнд явуулж болно.
4.8. Цогцсын хөндийнүүдэд түүнд үл хамаарах эрхтнүүд, гадны биет хийх, шинжилгээ дуусахаас өмнө бэхжүүлэх бодис хийх, угаахыг хориглоно.
Тав. Лабораторийн шинжилгээний материал авах
5.1.Шүүх эмнэлгийн лабораторийн шинжилгээнд батлагдсан журам, аргачлалаар шаардлагатай материалуудыг авна.
5.2. Эрдэм шинжилгээ, сургалт, эмчилгээний зорилгоор зохих журмын дагуу цогцосноос материал авч болно.
5.3. Шинжилгээний материалыг цогцсоос шинжээч өөрөө авах бөгөөд илгээлт бичгийн хамт зохих лабораторид хүргүүлнэ. Илгээлт бичигт ямар материалыг хэзээ хаанаас, ямар хэмжээтэй авсан, тогтоох асуудал, болсон хэргийн товч зэргийг бичсэн байна.
Зургаа. Шинжээчийн дүгнэлт
6.1 Цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр тогтоогдсон гэмтэл, эмгэг өөрчлөлт, лабораториудын шинжилгээний үр дүнг нэгтгэн, шаардлагатай тохиолдолд хэргийн материалтай танилцаж шинжээч дүгнэлт гаргана.
6.2 Дүгнэлт гаргахаас өмнө тухайн хэргийг шалгаж буй хуулийн ажилтны хүсэлтээр өөрт нь шинжээч урьдчилсан байдлаар бодит үндэслэл бүхий тогтоогдсон зүйлийн талаар мэдээлэл өгч болно.
6.4 Нэршлийн хэлбэр ба үхлийн шалтгааныг тогтоохдоо "өвчин, гэмтэл ба үхлийн шалтгааны олон улсын дүн бүртгэлийн ангилал"-ыг мөрдөнө.
Текст томруулах
A
A
A