- Нүүр
- Сайдын тушаал
- ШҮҮХ СЭТГЭЦ, ЭМГЭГ СУДЛАЛЫН МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАР
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын
2005 оны 167/265 тоот тушаалын 4 дүгээр хавсралт
Нэг. Ерөнхий зүйл
1.1. ШСЭС-ын магадлан шинжилгээг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх прокурорын байгууллагын /цаашид хууль, хяналтын байгууллага гэх/ тогтоол, захирамж, магадлал, шаардлага, хүсэлт, шийдвэрээр нийслэлд Сэтгэцийн эмгэг наркологийн төвийн захирал, орон нутагт аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн тушаалаар орон тооны бус сэтгэцийн нарийн мэргэжлийн 3- аас доошгүй шинжээч эмч хариуцан хийнэ. ШСЭС - ын магадлан шинжилгээ явуулах үйл ажиллагаандаа шаардлагатай гэж үзвэл бусад нарийн мэргэжлийн эмч нараас татан оролцуулах саналыг хууль хяналтын байгууллагад тавина.
1.2. ШСЭС-ын магадлан шинжилгээг явуулах комиссын шинжээч эмч нар нь Монгол улсын Эрүүгийн ба Эрүүгийн байцаан шийтгэх, Иргэний ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудын зохих заалтууд, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам болон бусад байгууллагуудаас гаргасан холбогдох тогтоол, тушаал, дүрэм журам болон энэхүү зааврыг удирдлага болгон ажиллана.
1.3. ШСЭС-ын магадлан шинжилгээгээр дараахь асуудлуудад дүгнэлт гаргана:
1.3.1. эрүүгийн болон Иргэний хэргийг байцаан шийтгэх ажиллагааны явцад яллагдагч, шүүгдэгч, нэхэмжлэгч, хариуцагч нар нь сэтгэцийн өвчтэй байж болзошгүй тохиолдолд тэдэнд сэтгэцийн үзлэг, шинжилгээ хийж өвчтэй бол үйлдсэн хэргээ хариуцах болон иргэний эрх, үүрэг хүлээх, үнэн зөв мэдээлэл өгөх, хэрэг хариуцах чадвартай эсэхийг;
1.3.2. гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд эрүүл байсан боловч таслан шийдвэрлэх тогтоол гарахын өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилсөн болон урьд нь сэтгэцийн өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй гэж тогтоогдсон этгээдэд эмнэлгийн талаар албадлагын ямар нэг арга хэмжээ авах шаардлагатай эсэхийг;
1.3.3. ял эдэлж байх үедээ сэтгэцийн өвчнөөр өвчилсөн ялтанд эмнэлгийн талаар албадлагын ямар нэг арга хэмжээ авах, хорих байгууллагад ял эдэлж чадах эсэхийг тогтоох.
1.4. ШСЭС-ын магадлан шинжилгээний дүгнэлт нь сэтгэцийн үзлэг шинжилгээний дүн материал, урьд нь эмчлүүлж, шинжлүүлж байсан эмнэлгийн баримт бичиг зэргийг үндэслэсэн байна.
1.5. Комисс, шинжээч нар нь ШСЭС-ын магадлан шинжилгээний дүгнэлт, тэмдэглэлийг үйлдэж, дүгнэлтийг хууль хяналтын байгууллагад, тэмдэглэлийг тухайн эмнэлгийн байгууллагын архивт өгнө. Дүгнэлт, тэмдэглэлд комиссын дарга, гишүүд шинжээчийн овог нэр, эрдмийн цол, зэрэг, албан тушаал зэргийг тодорхой бичиж бүгд гарын үсгээ зурсан байна. Хэрэв дүгнэлт гаргах талаар комиссын гишүүд санал зөрөлдвөл тус тусдаа саналаа бичиж гарын үсгээ зурна.
1.6. Хууль хяналтын байгууллага тухайн ШСЭС-ын магадлан шинжилгээний дүгнэлтийг үндэслэлгүй буюу эргэлзээтэй гэж үзвэл дахин өөр бүрэлдэхүүнтэй комиссыг шинээр томилж давтан магадлан шинжилгээг хийлгэж, дүгнэлт гаргуулна.
Давтан магадлан шинжилгээний дүгнэлт өмнөх дүгнэлттэй зөрсөн тохиолдолд эцсийн шийдвэр гаргуулахаар гурав дахь комисс болон онцгой тохиолдолд ШСЭС-ын тусгай магадлан шинжилгээ хийлгэхээр хууль, хяналтын байгууллагаас Эрүүл мэндийн яаманд хандвал Эрүүл мэндийн сайдын тушаалаар мэргэжлийн зөвлөлийн гишүүдийг томилж болно.
1.7. ШСЭС-ын магадлан шинжилгээний дүгнэлт гаргуулах хууль хяналтын байгууллага нь шинжээч нарт магадлуулагчийн эрүүгийн ба иргэний хэргийн хавтаст хэрэг, урьд нь эмнэлэгт эмчлүүлж байсан өвчний түүх, бусад баримт материалыг бүрдүүлж өгнө.
1.8. Эмнэлгийн байгууллагууд нь магадлуулагчийн өвчний түүх, бусад шаардлагатай баримт материалыг хууль хяналтын байгууллагад саадгүй гаргаж өгөх ба нарийн мэргэжлийн эмчийн үзлэг шинжилгээг шуурхай явуулах үүрэг хүлээнэ.
1.9. Хууль хяналтын байгууллага тухайн ШСЭС-ын магадлан шинжилгээний дүгнэлтийг тодорхойгүй бүрэн биш гэж үзэж нэмэлт дүгнэлт хийлгэх шаардлага тавьсан тохиолдолд комисс буюу шинжээч асуудлыг хүлээн авч нэмэлт дүгнэлт тайлбар гаргаж өгнө.
1.10. Магадлуулагчийн сэтгэцийн байдлыг тогтооход төвөгтэй тохиолдолд эмгэг сэтгэц судлалын шинжилгээ хийлгэх буюу эмнэлэгт хэвтүүлэн ажиглалт хийж дүгнэлт гаргаж болно.
Хоёр.ШСЭС-ын магадлан шинжилгээ хийх орон тооны бус комиссын эрх үүрэг
2.1-ШСЭС-ын магадлан шинжилгээ хийх орон тооны бус комисст сэтгэц-наркологийн нарийн мэргэжил эзэмшээд, 2-оос доошгүй жил мэргэжлээрээ ажилласан эмч нар байх бөгөөд дараахь тусгай үүргүүдийг хүлээнэ.
2.1.1.ШСЭС-ЫН магадлагаа хийлгэх талаар хууль хяналтын байгууллагын тогтоол, захирамжид дурдсан асуулт нэг бүрт тодорхой хариулт өгнө;
2.1.2. ШСЭС-ын магадлагаа хийх үед уг хэрэгт ач холбогдол бүхий зүйлийг шинээр тогтоосон бол энэ талаар хууль хяналтын байгууллагаас асуулт тавиагүй байсан ч дүгнэлтэнд зориуд тусгана.
Гурав. ШСЭС-ын магадлан шинжилгээний хэлбэрүүд
3.1. Амбулаториор хийх ШСЭС-ын магадлан шинжилгээ:
3.1.1.ШСЭС-ын магадлан шинжилгээг амбулаторийн хэлбэрээр нийслэлд Сэтгэцийн эмгэг наркалогийн төвийн ба орон нутагт аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдрэл- сэтгэцийн орон тооны бус сэтгэцийн мэргэжлийн эмч нар хийнэ;
3.1.2.амбулаторийн комисс нь магадлан шинжилгээнд шаардлагатай хэргийн материал, эмнэлгийн баримт, магадлан шинжилгээ хийлгэх тогтоол, магадлал, захирамж бүхий шинжлүүлэгчдийг хүлээн авч шинжилгээ хийн, дүгнэлтийг 3-7 хоногийн дотор гаргаж өгнө;
3.1.3.ШСЭС-ын магадлан шинжилгээний комисс шинжлүүлэгчийн сэтгэцийн байдлыг амбулаториор тогтоох боломжгүй, цаашид клиникийн ажиглалт хийх шаардлагатай гэж үзвэл стационарт хэвтүүлэн магадлан шинжилгээ хийнэ.
3.2. Стационараар хийх ШСЭС-ын магадлан шинжилгээ:
3.2.1. стационараар магадлагаа хийлгэгчийн сэтгэцийн байдлыг харгалзан СЭКЭ-ийн ердийн болон албадан эмчилгээний тасагт, орон нутагт аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдрэл-сэтгэцийн тасагт хэвтүүлж онош тогтоон дүгнэлт гаргана. Хэрэв магадлуулагч нь сэтгэцийн байдлаараа нийгэмд онц аюултай, оргох, дахин гэмт хэрэг үйлдэж болохоор байвал аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдрэл-сэтгэцийн эмгэгийн тасагт хэвтүүлэхдээ харуул хамгаалалттай магадлагаа хийнэ. Харуул хамгаалалтыг магадлан шинжилгээ хийлгэхээр томилсон байгууллага хариуцна;
3.2.2. стационараар магадлагаа хийлгэгчийн акт дүгнэлтийг 30 хоногийн дотор гаргаж өгөх ба тодорхой шалтгаанаар заасан хугацаанд акт дүгнэлт гаргах боломжгүй болбол комиссоос хугацаа сунгуулах асуудлыг магадлагаа томилсон хууль хяналтын байгууллагад бичгээр тавьж шийдвэрлүүлнэ;
3.2.3. стационарт хэвтэж ШСЭС-ын магадлагаа хийлгэгч нь оргох оролдлого хийх. тасгийн дотоод дүрмийг зөрчих зэрэгт магадлан шинжилгээ хийлгэхээр томилсон байгууллагад нь мэдэгдэж, буцаах арга хэмжээг эмнэлэг авна. Тасгийн дотоод дүрэм, журмыг зөрчсөн тухай дүгнэлтэд тодорхой бичнэ.
3.3. Шүүх хурал дээр болон мөрдөн байцаагчийн дэргэд хийх ШСЭС-ын магадлагаа:
3.3.1. шүүх хурал дээр ШСЭС-ын магадлагааг нэг шинжээч буюу комиссын бүрэлдэхүүнтэйгээр шүүгчийн дуудлагаар хийнэ. Шинжээч шүүхийн шинэчилсэн байцаалтанд сууж сэтгэцийн үзлэг хийж дүгнэлтийг бичгээр гаргаж шүүх хурал дээр уншиж сонсгох ба дүгнэлттэй холбогдсон шүүгчийн асуултанд хариулт тайлбар өгнө;
3.3.2. шинжээч шүүх хурал дээр шүүгдэгчийн сэтгэцийн талаар дүгнэлт гаргаж чадахгүй бол ШСЭС-ын магадлагааг амбулатори, стационарын нөхцөлд дүгнэлт гаргуулах санал тавина;
3.3.3. мөрдөн байцаагч хэрэг бүртгэгчийн дэргэд хийх ШСЭС-ын магадлагааг нэг шинжээч эсвэл комиссын бүрэлдэхүүнтэй хийнэ, Шинжээч нь магадлуулагчийн хавтаст хэрэгтэй танилцаж сэтгэцийн үзлэг хийж дүгнэлтээ гаргах ба дүгнэлт гаргах боломжгүй бол амбулатори, стационарын нөхцөлд дүгнэлт гаргуулах санал тавина.
3.4. Ялтанд хийх ШСЭС-ын магадлагаа:
3.4,1.ялтан ял эдэлж буй хугацаандаа хэрэг үйлдсэн, сэтгэцийн өвчнөөр өвчилсөн байж болзошгүй тохиолдолд энэхүү зааврын 3.1.3 дахь заалтыг баримтлан ШСЭС магадлагааг явуулна.
3.5. Эчнээ ба нас барсны дараа хийх ШСЭС-ын магадлагаа:
3.5.1. магадлуулагч нь магадлагаанд ирэх боломжгүй онцгой тохиолдолд ШСЭС-ын магадлагааг эчнээгээр хэргийн материал, эмнэлгийн баримтуудыг үндэслэн хийнэ;
3.5.2. нас барсны дараахь ШСЭС-ын магадлагааг хавтаст хэргийн материал, эмнэлгийн баримтыг үндэслэн хийнэ;
3.5.3. эчнээ ба нас барсны дараахь ШСЭС-ын магадлан шинжилгээг комиссын бүрэлдэхүүнтэй хийнэ;
3.5.4. эчнээ ба нас барсны дараахь ШСЭС-ын магадлагааг хийхэд хавтаст хэрэгт магадлуулагчийн сэтгэцийн талаар материал дутагдалтай байвал шинжээч нь нэмэгдэл материал шаардах ба эсхүл дүгнэлт гаргахаас татгалзаж болно.
Дөрөв. Иргэний хэрэгт хийх ШСЭС-ын магадлан шинжилгээ
4.1.Иргэний хэрэгт дараахь чиглэлээр ШСЭС-ын магадлагаа хийж, дүгнэлт гаргана:
4.1.1. Хэлцэл хийх, бэлэглэл, гэрээслэл, өв залгамжлах эрх үүсэх, гэр бүл болох, гэр бүл салах зэрэг иргэний хэрэгт нэхэмжлэгч хариуцагч нь сэтгэцийн өвчтэй байвал иргэний эрх эдэлж үүрэг хүлээх чадвартай эсэхийг тогтооно;
4.1.2. Хэрэв иргэний эрх эдэлж үүрэг хүлээх чадваргүй гэж тогтоогдсон иргэний сэтгэцийн өвчин нь эдгэрэх буюу мэдэгдэхүйц сайжирвал иргэний эрх эдэлж, үүрэг хүлээх чадвартай болсон эсэх тухай дүгнэлт гаргана.
Тав. ШСЭС-ын магадлан шинжилгээний зардал
5.1. ШСЭС-ын магадлан шинжилгээ хийсэн төв, орон нутгийн комиссын бичиг хэргийн зардлыг, түшиглэсэн эрүүл мэндийн байгууллага хариуцах бөгөөд ШСЭС-ын төв комисс нь Сэтгэцийн эмгэг наркологийн төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын магадлан шинжилгээ гэсэн хэвлэмэл нүүр, тэмдэг хэрэглэнэ. Харин аймаг, орон нутагт түшиглэсэн байгууллагынхаа хэвлэмэл нүүр, тэмдгийг хэрэглэнэ.
5.2. ШСЭО-ын магадлагаа хийсэн комиссын дарга, гишүүд, тусгайлан томилсон шинжээч нарт ажлын хөлсийг тогтоогдсон тарифаар магадлуулагчаас төлбөрт үйлчилгээний журмаар гаргуулан олгоно.
5.3. Аймаг, орон нутгийн хууль хяналтын байгууллагын дуудлагаар төвөөс шинжээч явж магадлан шинжилгээ хийсэн тохиолдолд томилолтын бүх зардал, ажлын хөлсийг тухайн аймгийн хууль хяналтын байгууллага хариуцна.
-------оОо-------
Текст томруулах
A
A
A