- Нүүр
- Сайдын тушаал
- БОД МАЛЫГ ИНДЕКСЖҮҮЛСЭН ТАМГА, ДУГААРЫН СҮЛЖЭЭНД ХАМРУУЛАХ ЖУРАМ
Хүнс, хөдөө аж ахуй, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан
2005 оны 175/193 тоот тушаалын нэгдүгээр хавсралт
БОД МАЛЫГ ИНДЕКСЖҮҮЛСЭН ТАМГА, ДУГААРЫН СҮЛЖЭЭНД ХАМРУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. "Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль"-ийн 5.1.8 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрт үржүүлж байгаа бод мал /тэмээ, адуу, үхэр, сарлаг, цаа буга/-ыг индексжүүлсэн тамга, дугаарын сүлжээнд хамруулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
Хоёр. Индексжүүлсэн тамга, дугаар түүнийг хэрэглэх:
2.1. Индексжүүлсэн тамга, дугаарын сүлжээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа тухайн жилийн төлөөс бусад бүх нас, хүйсний бод малыг хамруулна.
2.2. Индексжүүлсэн тамга, дугаарын сүлжээнд хамруулах арга хэмжээг адууг тамгалах, тэмээ, үхэр, сарлаг, цаа бугыг ээмэглэх аргаар хэрэгжүүлнэ.
2.3. Индексжүүлсэн тамга нь улайсгаж малын арьсан дээр дарахад зориулагдсан, галд тэсвэртэй төмөр материалаар хийгдсэн, тэгш өнцөгт хэлбэртэй /өндөр нь 5.0 см, өргөн нь 13 см/ байна. Хүйтэн тамга нь шингэн азотыг ашиглан тамгалах, тусгай зориулалтын багаж байна. Тамганы дардас нь хоёр крилл үсэг, хоёр оронтой араб тоо байх бөгөөд эхний хоёр үсэг нь тухайн аймгийн, дараагийн хоёр тоо нь тухайн сумын индексийг илэрхийлнэ.
2.4. Индексжүүлсэн тамганы нэг үсэг, цифрийн өндөр 5.0 см, өргөн нь 2.5 см, үсэг, тоо хоорондын зай нь 1.0 см байх бөгөөд дөрвөн оронтой тооны нийт өргөн нь 13.0 см хэмжээтэй байна.
2.5. Ээмэг нь малын биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй, хөнгөн, хугардаггүй, хөлддөггүй, нэмэх, хасах 50 градусын температурт тэсвэртэй, уян хатан 1.5 мм зузаан хуванцар материалаар хийгдсэн, өргөн нь 3.0 см, өндөр нь 4.6 см, хурц өнцгүуд нь мохоо таван талт босоо хэлбэртэй байна. Ээмэг дээр бичигдсэн нэгдүгээр эгнээний эхний хоер үсэг нь тухайн аймгийн, дараагийн хоёр тоо нь тухайн сумын индекс тоог, хоёрдугаар эгнээний 6 оронтой араб тоо нь тухайн малын хувийн дугаарыг илэрхийлнэ.
2.6. Ээмэг нь улаан, шар, ногоон өнгийн байх ба улаан өнгийн ээмгийг тэмээнд, шар өнгийн ээмгийг үхэрт, ногоон өнгийн ээмгийг сарлаг, цаа буганд тус тус хэрэглэнэ.
2.7. Ээмэгний индексийн дугаарын нэг үсэг, цифрийн өндөр 1,5 см; өргөн 0.7 см, үсэг, цифрийн хоорондын зай 0.2 см, хувийн дугаарын цифрийн өндөр 0.5 см, өргөн 0.2 см, цифр хоорондын зай нь 0 1 см хэмжээтэй байна.
2.8. Адууг индексжүүлсэн тамгаар тамгалахдаа дараах аргуудыг хэрэглэнэ:
2.8.1 Хүйтэн аргаар тамгалах /Тамгыг -196" С-ийн шингэн азотын орчинд хөргөсөн тусгай зориулалтын багажаар тамгалах арга/
2.8.2 Халуун аргаар тамгалах /Тамгыг галд улайтган хайрч тамгалах уламжлалт арга/
2.9. Индексжүүлсэн тамгыг адууны зүүн талын гуяны гуравны нэгийн дээд хэсгийг голлуулан хөндлөн байрлалаар тамгална.
2.10. Ээмгийг мал /тэмээ, үхэр, сарлаг, цаа буга/-ын зүүн талын чихний төв хэсгийг голлуулан зориулалтын бахийг ашиглан зүүнэ.
2.11. Бод малыг индексжүүлсэн тамга, дугаарын сүлжээнд хамруулах ажлыг зохион байгуулахад шаардагдах, тамга, ээмгийг үйлдвэрлэх, нийлүүлэх этгээдийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журам"-ын тухай хуулийн дагуу Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага сонгон шалгаруулах ба тамга, ээмгийг үйлдвэрлэх, нийлүүлэх, бүртгэлийн маягтыг хэвлүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрт тусган санхүүжүүлнэ.
Гурав. Малыг тамга, дугаарт хамруулах, бүртгэлд авах:
3.1. Бод малыг индексжүүлсэн тамгаар тамгалах, ээмэглэх, бүртгэлд авах ажлыг тухайн сум, дүүргийн Засаг дарга нь Мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн боловсон хүчин, материаллаг бааз бүхий иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулсны үндсэн дээр гүйцэтгүүлнэ. Тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, нийт малын тоо хүн амын нягтралаас хамааран нэг, эсвэл хэд, хэдэн иргэн, хуулийн этгээд /цаашид хариуцагч этгээд гэх/-тэй гэрээ байгуулж болно.
3.2. Гэрээнд талуудын эрх, үүргээс гадна индексжүүлсэн тамга, дугаарын сүлжээнд бод малыг бүрэн хамруулах хугацаа, хариуцах нутаг дэвсгэр, талуудын тусгах шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгана.
3.3. Хариуцагч этгээд нь индексжүүлсэн тамгаар тамгалж, ээмэглэж дугаарласан мал тус
бүрийн талаарх мэдээллийг энэ журмын гуравдугаар хавсралтаар баталсан хүснэгтийн дагуу
нэгтгэж бүртгэл хөтлөнө. Өрхүүдийн малын хөдөлгөөнтэй уялдуулан бүртгэлийг байнга шинэчилж байна.
бүрийн талаарх мэдээллийг энэ журмын гуравдугаар хавсралтаар баталсан хүснэгтийн дагуу
нэгтгэж бүртгэл хөтлөнө. Өрхүүдийн малын хөдөлгөөнтэй уялдуулан бүртгэлийг байнга шинэчилж байна.
3.4. Хариуцагч этгээд нь индексжүүлсэн тамга, дугаарын сүлжээнд хамрагдсан мал өвчнөөр болон зүй бусаар хорогдсон, аж ахуйн хэрэгцээнд зориулан нядлагдсан, худалдсан, бусдад шилжүүлсэн тохиолдол бүрт бүртгэлээс хасч, энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.
3.5. Индексжүүлсэн тамга, дугаарын сүлжээнд хамрагдсан малыг бусдад шилжүүлсэн, худалдсан тохиолдолд тухайн малыг авсан иргэн, хуулийн этгээд өөрийн харъяалах сум, дүүргийнхээ энэ ажлыг хариуцсан хариуцагч этгээдэд мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэй.
Дөрөв. Мал бүхий иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг:
4.1. Өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа төлөөс бусад бүх нас, хүйсний бод малыг индексжүүлсэн тамга, ээмэгтэй болгон бүртгэлд хамруулна. Төлийг дараа жилд нь багтаан индексжүүлсэн тамга, дугаарын сүлжээнд жил бүр хамруулна.
4.2. Малын тамга бүдгэрэх, арилах. ээмэгний дугаар гэмтэх, гээгдэх тохиолдолд тухайн сум, дүүргийн энэ ажил үйлчилгээг хариуцагч этгээдэд мэдэгдэж, нөхөн сэргээлгэх арга хэмжээ авна.
4.3. Малыг тамгалах, ээмэглэхтэй холбогдон гарах үйлчилгээний хөлс, ээмэгний үнийг хариуцагч этгээдэд төлнө. Үйлчилгээний хөлсний нормативыг Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4.1-д заасны дагуу тухайн сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
4.4. Малын шилжилт, хөдөлгөөнийг /худалдах, шилжүүлэх, бэлэглэх, өөрийн хэрэгцээнд болон зах зээлд борлуулах, өвчнөөр, зүй бусаар хорогдох/ хийснээс хойш 6 сарын дотор багтаан хариуцагч этгээдэд мэдэгдэж нэгдсэн бүртгэлд нэмэлт өөрчлөлт хийлгэнэ.
Тав. Индексжүүлсэн тамга, дугаарын ажил, үйлчилгээг хариуцагч этгээдийн эрх, үүрэг:
5.1. Сум, дүүргийнхээ жилийн эцсийн мал тооллогын материалд үндэслэн тухайн жилд шаардагдах малын тамга, ээмэгний захиалгыг аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраар уламжлуулан Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
5.2. Захиалан авсан ээмэгний үнийг малын эзнээс гаргуулан авч аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дансанд тухай бүр нь тушаана.
5.3. Сум, дүүргийн ИТХ-аас тогтоосон нормативын дагуу малыг тамгалах, ээмэглэхтэй холбогдон гарах үйлчилгээний хөлсийг малын эзнээс гаргуулна.
5.4. Индексжүүлсэн тамга, дугаарын сүлжээнд хамрагдсан малыг бүртгэлжүүлсэн ажлын мэдээ, тайланг жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор холбогдох аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлнэ.
Зургаа. Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын эрх, үүрэг:
6.1. Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь хариуцагч этгээдэд малын тамга, ээмгийг захиалгын үндсэн дээр үнээр нь олгож мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлагаар ханган, гүйцэтгэлийн мэдээ, тайланг нэгтгэн Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана.
Долоо . Хяналт, хариуцлага:
7.1. Энэ журмын хэрэгжилтийн байдалд бүх шатны мал эмнэлэг, үржлийн улсын байцаагч, цагдаагийн ажилтан хяналт тавина.
7.2. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас зарласан тендерт шалгарсан иргэн, хуулийн этгээдээс бусад иргэн, хуулийн этгээд малын тамга, ээмгийг хуулбарлан үйлдвэрлэх, худалдахыг хориглоно.
7.3. Индексжүүлсэн тамга, дугаарын хэлбэр хэмжээг дур мэдэн өөрчлөх, засварлах, хуурамчаар үйлдэхийг хориглоно.
7.4. Журмыг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол бүх шатны мал аж ахуйн үржлийн хяналтын улсын байцаагч холбогдох хуулийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэнэ
.---------оОо--------
Текст томруулах
A
A
A